“Бэлгийн чиг баримжаа” нь эсрэг, ижил эсвэл нэгээс илүү хүйсийн хүмүүст сэтгэл, хайр дурлал, бэлгийн хувьд татагдах болоод тэдэнтэй дотно ба бэлгийн харилцаа үүсгэх хүн бүрийн гүн гүнзгий мөн чанар, чадвар юм. Бэлгийн чиг баримжаа биологийн үндэстэй буюу төрөлхийн, эпигенетик үндэстэй болох нь батлагдсан.
Бэлгийн чиг баримжаа эсрэг хүйсийн, ижил хүйсийн, мөн аль ч хүйст чиглэсэн гэсэн гурван төрөл байдаг. Эсрэг хүйсийн хүмүүст чиглэсэн бэлгийн чиг баримжаатай хүмүүсийг гетеросексуал буюу стрэйт гэдэг. Ижил хүйсийн хүмүүст чиглэсэн бэлгийн чиг баримжаатай эрэгтэйчүүдийг гей, эмэгтэйчүүдийг лесбиян гэдэг. Аль аль хүйсийн хүмүүст чиглэсэн бэлгийн чиг баримжаатай хүмүүсийг бисексуал гэдэг.
Нэр томьёоны тайлбар унших
“Хүйсийн баримжаа, илэрхийлэл” гэдэг нь хүн бүр хувь хүнийхээ үүднээс өөрийн хүйсээ төрөхөд өгөгдсөн хүйстэйгээ адилаар эсвэл өөрөөр гүн гүнзгий мэдрэх мэдрэмж ба өөрийн биеийн тухай мэдрэмж (үүнд чөлөөт сонголтонд үндэслэсэн биеийнхээ үзэгдэх байдлыг эм, хагалгаа болон бусад байдлаар өөрчлөх өөрчлөлт багтана), хувцаслалт, үг яриа, биеийн хөдөлгөөн гэх мэт хүйсийн бусад илэрхийллийг багтаадаг.
Өөрийн хүйсийг төрсөн хүйстэйгээ ижлээр мэдрэх хүйсийн баримжаатай хүмүүсийг сизжендэр гэдэг. Харин өөрийн хүйсийг төрсөн хүйсээсээ өөрөөр буюу эсрэгээр мэдрэх хүйсийн баримжаатай хүмүүсийг трансжендэр гэдэг. Трансжендэр байдлын тухай эндээс дэлгэрэнгүй уншина уу.
Нэр томьёоны тайлбар унших
Бэлгийн чиг баримжаа бол төрөлхийн зүйл ба бэлгийн зан үйлээр илэрхийлэгдэж ч болно, үгүй ч байж болно. Бэлгийн чиг баримжаа төрөлхийн байдаг ба өөрчлөгдөх боломжгүй. Ихэнхдээ бэлгийн бойжилтын насанд илэрдэг. Гадны нөлөөнөөс (жишээ нь хүнд уруу татагдаж, эсвэл шохоорхож, сонирхсноос болж) бэлгийн чиг баримжаа өөрчлөгддөггүй. Хүний бэлгийн чиг баримжааг төрөлхийн ба олон талт мөн чанар хэмээн хүлээн зөвшөөрч, Америкийн сэтгэц, эмгэг судлалын холбоо 1973 онд ижил хүйсийн бэлгийн чиг баримжааг сэтгэцийн өвчний ангиллаас албан ёсоор хасаж, үүний дараа 1974 онд Америкийн сэтгэл зүйчдийн холбоо ижил хүйсийн бэлгийн чиг баримжааг хүний төрөлхийн ба салгаж болшгүй мөн чанар хэмээн үзэж сэтгэцийн өвчин биш гэдгийг мөн зарлажээ. Олон улсын түвшинд 1990 оны 5-р сарын 17-ны өдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-аас ижил хүйсийн бэлгийн чиг баримжааг хүний төрөлхийн ба салгаж болшгүй мөн чанар хэмээн хүлээн зөвшөөрч, сэтгэцийн өвчнөөс албан ёсоор хассанаа зарласан байна.
Бисексуал бэлгийн чиг баримжаатай хүмүүсийн амьдралыг хараад бэлгийн чиг баримжаа бол өөрчлөгддөг гэх үлгэр домог нэлээд тархмал учир бисексуал бэлгийн чиг баримжааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг эндээс уншина уу.
Хүйсийн баримжаа нь хүн өөрийн хүйс, биеэ мэдрэх гүн гүнзгий, төрөлхийн мэдрэмж учир хүүхэд маш бага наснаасаа үүнийгээ мэдэрч, илэрхийлж байдаг. Хүйсийн баримжаа ихэнхдээ хүүхдийн бага насанд илрэх ч транс байдал илрэх тодорхой насыг заах боломжгүй. Хүйсээ төрсөн хүйстэйгээ ижил хэмээн мэдэрдэг, түүгээрээ нийгэмшдэг хүнийг сизжендэр гэдэг бол хүйсээ төрсөн хүйсээсээ өөрөөр, эсрэгээр мэдэрдэг, түүгээрээ нийгэмшдэг хүнийг трансжендэр гэдэг. Даавар болон мэс заслын аргаар шилжилтэд орсон хүнийг транссексуал гэнэ. Транс хүүхэд, залуучуудын тухай эндээс дэлгэрэнгүй уншина уу.
Бэлгийн цөөнх ямар ч орны хүн амын 10% гэсэн олон улсын нийтлэг жишиг тоо байдаг. Нийгэм бүрт өөр өөр тоо гардаг нь тухайн оронд хүний эрхийг хэр хэмжээнд хамгаалсан, ЛГБТИ хүмүүс хэр нээлттэй амьдрах боломжтой вэ гэсэн асуудалтай шууд хамаатай. Жишээ нь 2000 оны АНУ-ын хүн амын тооллогын үеэр анх удаа хүмүүсийн бэлгийн чиг баримжааг асуулгад багтаасан байдаг ба 2010 онд дахин багтааснаар тооллогын үр дүнд газар зүйн байршил үл хамааран ЛГБТИ хүмүүс бүх нийгэм, эдийн засаг, соёл, үндэстний гаралтай байдаг гэдгийг баталгаажуулсан байдаг.
ЛГБТ+И: И нь интерсекс гэдэг үгийн товчлол ба бэлгийн шинж тэмдгийн хувьд аль аль хүйст хамаарах шинж тэмдэгтэй учир аль нэг хүйст шууд хамааруулах боломжгүй генийн хувьд өөр, бэлгийн хөгжлийн хувьд ялгаатай хүмүүсийг хэлдэг. Хэчнээн интерсекс хүмүүс ямар ч бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаатай байж болдог утгаар шууд сонгодог бэлгийн цөөнхөд хамаардаггүй ч интерсекс хүмүүсийг нялхад нь аль нэг хүйст хамааруулах эргэж засах боломжгүй мэс заслууд хийдгээс олон төрлийн асуудал үүсэх нь элбэг байдаг. Интерсекс хүмүүс хүн амын 1-2%-ийг эзлэдэг.
ЛГБТИ+К: К нь күийр буюу бэлгийн чиг баримжаа, эсвэл хүйсийн баримжаа, илэрхийллээрээ цөөнх хүмүүсийг нийтэд нь нэрлэх, ерөнхий нэр. Бэлгийн чиг баримжааны хувьд стрэйт биш, хүйсийн баримжааны хувьд сизжендэр биш бүх хүмүүс энэ үгийг хэрэглэх боломжтой.
Хүн болгон өөрийн насанд тохирсон мэдээллийг эрэлхийлэх, хүртэх, дамжуулах, түүнчлэн үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй байдаг нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний болон улс төрийн эрхийн пакт болон бусад Монгол Улсын нэгдэж орсон олон улсын эрх зүйн хэм хэмжээгээр баталгаажсан байдаг. Нийгэмд байсаар байгаа буруу, ташаа ойлголтыг үнэн, бодит мэдээллээр л зүгшрүүлэх учир ЛГБТИ эрхийн тухай, ЛГБТИ хүмүүсийн өмнө тулгарч буй бэрхшээлүүд, бодит байдлыг ярих ёстой болдог. Мэдээлэл өгснөөр хүнийг уруу татна гэсэн ойлголт үүсэхгүй, учир нь бэлгийн чиг баримжаа төрөлхийн, өөрчлөгддөггүй зүйл. Харин мэдээлэлгүй байдлын хор уршиг нь маш олон зүйл дээр илэрдэг. Жишээ нь: ЛГБТИ өсвөр насныхан гэр орныхондоо бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаагаа илэрхийллээ гэхэд гэр орныхны зүгээс төрөл бүрийн хүчирхийлэл амсаж байгаа нь нийгэмд бэлгийн цөөнхийн талаар мэдээлэл, ойлголт тун бага байгаатай шууд холбоотой.
ЛГБТИ гэдгээрээ бахархах нь байтугай, нээлттэй амьдарч буй хүмүүс цөөхөн байсаар байна. Гэтэл хүн бүр эрхээ эдлэх нөхцөл бололцоогоор нь хангах үүргийг төр хүлээдэг ч хүн бүр хүний эрхийг хүндэтгэх үүргийг мөн хүлээдэг. Хүн бүр тэгш эрхтэйг ойлгуулах, ЛГБТИ хүмүүс Монголын хүн амын түүхэн хэсэг байсан, байсаар байх болно гэдгийг ойлгуулахад иймэрхүү олон нийтийн хүний эрхийн боловсролыг сайжруулахад чиглэсэн үйл ажиллагаа маш чухал. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс уншина уу.
1980-аад оны эхээр барууны орнуудад хурдацтайгаар тархаж байх үед гей болон бисексуал залуучуудын дунд нэлээд ажиглагдсан учир тухайн үед “гей хар тахал” гэсэн буруу нэршилтэй байсан ч сүүлдээ ямарваа эрсдэлт бэлгийн зан үйлээс болж ямар ч насны, ямар ч хүйсийн, ямар ч бэлгийн чиг баримжаатай хүмүүст халдаж болох халдвар гэдэг нь тогтоогдсон ба сүүлийн жилүүдийн судалгаагаар хөгжиж буй орнуудад эсрэг хүйсийн бэлгийн чиг баримжаатай эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн дунд нэлээд их тархаж байгаа өвчин. Монголын хувьд гей залуучууд байнга сайн дурын зөвлөгөө, шинжилгээнд хамрагдаж буй утгаараа гей залуучуудын дунд илүү тархсан мэт харагдаж байгаа нь үнэн. ЛГБТИ эрүүл мэндийн тухай дэлгэрэнгүй эндээс, харин ХДХВ-ын тухай эндээс уншина уу.