Дэлхийн ихэнх орнуудад 6-р сараас 10-р сарын хооронд улс тус бүрт өөр өөр саруудад явагддаг ЛГБТИ Бахархлын улирал эхэлснийг тохиолдуулан Billboard-оос амжилттай яваа уран бүтээлчдээс ЛГБТИК олон нийтэд чин сэтгэлийн үгээ илэрхийлэх боломжийг олгожээ. Үүний дагуу нээлттэй гей дуучин Адам Лаамбэрт сэтгэлийн үгээ ЛГБТИК хүмүүст илгээсэн байна. (Монгол дахь “Тэгш эрх, бахархлын өдрүүд”-ийн талаар унших.)

Би Холливүүдийн тайз, клабуудад л ижлээ олсон доо. Адилхан хүмүүсээ олсондоо хөөрч баярлаж байснаа санадаг. Шугамын гадна өөрсдийн дүрмээр амьдардаг, ижил үзэл бодолтой харь гаригийнхантайгаа тэгэж нэг уулзсансан. Бид бие биеэрээ бахадсан, бие биеэ дэмжсэн. Миний амьдрал, карьерыг бүхэлд нь өөрчлөх тэмцээнд 27 настайдаа өрсөлдсөн. American Idol миний хувьд гайхамшигтай зүйл байсан, миний мөрөөдлийн биелэл байсан.

Тэгээд гэнэт күийр алдартан байх гэдгийн хариуцлага, ачаа үүрэхэд хүнд болсон. ЛГБТК олон нийтийнхээ итгэлийг алдахгүй байх, өөрсдийн амьдралын туршлагаас чадлаараа нээлттэй, шударга хуваалцах хариуцлагыг үүрч байгаагаа мэдэрсэн. Харамсалтай нь 2009 онд бид одооных шиг бүрэн нээлттэй, нийгмээр хүлээн зөвшөөрөгдсөн байсангүй. Зарим фэнүүдийн хувьд би тэдний амьдралд хамаатай анхны күийр хүн байсан гээд төсөөл л дөө, энэ чинь өөрөө их том ачаа шүү! Давах ёстой сорилт, хоёр нүүрт хэм хэмжээ, ялгаварлан гадуурхалт бүрийг туулах ёстой болсон. Даахгүй нохой булуу хураачихав уу даа гэж өөртөө эргэлзэж байсан ч мөчүүд бий. Угийн илжиг шиг зөрүүдээс гадна ер нь яаж урагш алхсан гээч? Энэ олон жил таньж мэддэг болсон солиотой мөрөөдөгсдийн л ач.

Та нар бүгдээрээ миний жинхэнэ онгод. Намайг бодит байдалтай холбож, талархал гэдгийг сануулж байсан тусламжийн утсууд. ЛГБТК хөгжимчид, бүжигчид, драг күийнүүд, баарны одууд, клабын хүүхдүүд, дий жейүд, дизайнерууд, жүжигчид, стилистууд, гоо зүйн багууд… ТА НАР миний циркийн гэр бүл. Та нартайгаа тэр олон жил шөнийн тоглоомын талбай дээр тоглосон минь яагаад, хэрхэн сонгосон замаа үргэлжлүүлэх шалтгаан байсан: күийр гэр бүлийнхээ нэр хүндийг баталгаажуулахын л тулд.

8 жилийн өндөрлөгөөс харахад ЛГБТК олон маань үнэхээр их замыг туулж. Урлагийнхан, энгийн хүмүүс эргэлт буцалтгүй, хүлцэл өчилгүй өөрсдийн хэн гэдгээ зарлахыг би харж байна. Яг одоогийн саад бэрхшээлийг үл тооцон бидний туулсан зам урт, хүрсэн үр дүн их. Миний жинхэнэ фэнүүд яг адил зарчимтай учир харь гаригийн солиотнуудыг “Тавтай морил” гэсээр. Онгодыг минь хөглөж, аяллыг минь дэмжсэн ТА НАРТАА баярлалаа, та нарынхаа итгэлийг алдахгүй, хариу барьсаар байх болно.

 

 

Эх сурвалж: Billboard

Орчуулгын эх сурвалж: ЛГБТ Төв