Дэлхийн ихэнх орнуудад 6-р сараас 10-р сарын хооронд улс тус бүрт өөр өөр саруудад явагддаг ЛГБТИ Бахархлын улирал эхэлснийг тохиолдуулан Billboard-оос амжилттай яваа уран бүтээлчдээс ЛГБТИК олон нийтэд чин сэтгэлийн үгээ илэрхийлэх боломжийг олгожээ. Үүний дагуу нээлттэй гей дуучин Дааррэн Хэйз сэтгэлийн үгээ ЛГБТИК хүмүүст илгээсэн байна. (Монгол дахь “Тэгш эрх, бахархлын өдрүүд”-ийн талаар унших.)

Өөрийгөө хайрлаж сурах, амьдралдаа аз жаргалтай байж сурах минь өөрийнхөө хэн гэдгээс ичих ичгүүрийг устгахаас эхэлсэн. Гей залуучуудыг “гей тахал” тарааж байна гэж ялгаварлан гадуурхдаг үед би ухаан орж, хүн болсон. Амьдралаа залахад надад үлгэр болох хүн, гарын авлага байгаагүй. Өнөөдөр нээлттэй ЛГБТК байх нь боломжтой төдийгүй, баярлаж бахархах боломжтой болсон энэ дэлхий ертөнцийг бий болгохын төлөө мятрашгүй тэмцсэн өмнөх үеийнхэндээ би үнэхээр талархдаг.

Туулах зам үргэлжилсээр байгаа ч Бахархал гэдэг нь нийгэмдээ үзэгдэх, өөрөөрөө байх эрх чөлөөг тэмдэглэх боломж, цаг гэдгийг ойлгох нь чухал. Би өөрийгөө байнга хайрлаж байгаагүй ч, өнөөдөр би өөрийгөө хайрладаг. Миний ичгүүр арилсан. Түүнийгээ харуулах шилдэг арга нь нээлттэй, дуугаа өргөхөөс айлгүй амьдрах.

 

 

Эх сурвалж: Billboard

Орчуулгын эх сурвалж: ЛГБТ Төв