Дэлхийн ихэнх орнуудад 6-р сараас 10-р сарын хооронд улс тус бүрт өөр өөр саруудад явагддаг ЛГБТИ Бахархлын улирал эхэлснийг тохиолдуулан Billboard-оос амжилттай яваа уран бүтээлчдээс ЛГБТИК олон нийтэд чин сэтгэлийн үгээ илэрхийлэх боломжийг олгожээ. Үүний дагуу ЛГБТИК эрхийг дэмжигч Кристина Агилера өөрийн сэтгэлийн үгээ ЛГБТИК хүмүүст илгээсэн байна. (Монгол дахь “Тэгш эрх, бахархлын өдрүүд”-ийн талаар унших.)
Бахархлын сар эхэлж буйг тохиолдуулан уран бүтээлчийн хувьд, хувь хүний хувьд ЛГБТК олон нийт надад ямар чухал гэдгийг энэхүү захидлаар дамжуулан та бүхэнд илгээж байна. Энгийн захидал бичих нь миний төсөөлж байснаас хавь илүү хүнд санагдсан, учир нь би өөрөөсөө ийнхүү асууж байлаа “Зүрх сэтгэлд минь байгаа энэ гайхалтай мэдрэмжийг би яаж үгээр илэрхийлэх вэ? Би энэ бүхнийг үгээр илэрхийлж чадахгүй нь.” Энэ олон нийт, эдгээр онцгой хүмүүсээс бүрдсэн гэр бүл миний хувьд маш үнэ цэнэтэй. Та бүгдийн төлөөх өөрийн хайрыг илэрхийлэн бичих гэж би чадан ядан хичээлээ.
Карьераа эхэлж байх үед өөрийгөө хэн гэдгийг, хаана байх ёстой гэдэг талаараа эргэлзэх үе цөөнгүй байлаа. Маш олон нийгмийн тулган шаардалт, дүрэм журмууд надад үргэлж юу хийх, ямар байхыг минь заадаг байсан. Чангаар орилоод өөрийн төгс төгөлдөр поп одынхоо дүрээс үсрээд гарчихмаар, бүр дахин тэр дүрд тохируулах гэж өөрийгөө хүчлэхгүй баймаар байсан тэр жилүүдэд миний хажууд намайг дэмжиж ойлгодог цөөхөн бүлэг хүмүүс байсан, одоо ч байгаа. Миний бяцхан гей ертөнцийг бүжигчид, бүжиг дэглээч нар болон бусад гайхалтай хүмүүс дүүргэж өгсөн бөгөөд одоо ч тэд энэ дэлхий дээрх миний хамгийн сайн найзууд хэвээрээ байна.
Карьерын маань дараагийн үеүдэд би өөрийн зовлон шаналал болон тэмцлийн талаар хөгжим бүтээж эхэлсэн ба тэр үед фэнүүд маань надад өөрийн түүхийг илгээдэг байсан ба энэ нь надад үргэлж дээш тэмүүлэх эрч хүч өгдөг байлаа. Тэдгээр хүмүүс нь миний ЛГБТК фэнүүд байсан ба тэд миний хажууд, миний талд өдөр бүр надтай хамт байсан юм. Миний тэмцэгчид, миний баатрууд, дуртай зүйлээ хийх шалтгаан минь тэд юм.
ЛГБТК олон нийтийн хувьд ямар ч зүйл хэзээ ч амар байгаагүй. Хувь хүн нэг бүрийн өдөр тутмын тэмцлээс авахуулаад өргөн хүрээний улстөрийн болон соёлын түвшин дэх тэмцэл бол төсөөлөхийн ч аргагүй зүйл. Гэсэн хэдий ч хайр дүүрэн зүрхээр та бүхэн тэмцсээр, урагшилсаар, шударга бусыг ялсаар, шинэ гарцыг бий болгосоор л.
Өөрийн сорвины хажууханд миний царайг шивүүлсэн байсан нэг фэнтэйгээ уулзсанаа санаж байна. Түүнээс яагаад ийм шивээс хийлгэсэн талаар асуухад тэр гей байснаасаа болж бусдад дээрэлхүүлж, бүр хутгалуулснаасаа болж тийм сорвитой болсон түүхээ надтай хуваалцсан юм. Миний ачаар, миний хөгжмийн ачаар тэр хүн тэмцэгч болж, хөл дээрээ боссон гэсэн юм. Тэр хутгалуулсан ч гэсэн амьд үлдэж чадсан ба харин тэрхүү шивээс нь түүний хувьд хүмүүс биднийг гэмтээж чадах ч бид унахгүй, бид хүсэл мөрөөдлөө алдахгүй, бууж өгөхгүй, харин ч бид хэнээс ч айхгүйгээр улам зоригтой өөрсдийн эдлэх ёстой эрхийн төлөө бүгд нэгдэн тэмцэх болно гэдгийг өдөр бүр сануулах сэрүүлэг нь болсон юм. Энэ 6-р сар, миний хувьд бол өдөр бүр та бүхэн намайг үргэлж урагш түлхэх дуу хоолой, шударга бус зүйлийг даван туулж, онцгой байдлаараа бахархах төлөөлөл минь юм шүү. Онцгой байх нь биднийг бусдаас өөр гэсэн үг биш, харин ч энэ биднийг илүү гайхамшигтай болгодог юм.
Чин сэтгэлээсээ бүх тэмцэгчиддээ хэлэхэд “Та нартаа хайртай шүү.”
Casper Xtina
Гайхалтай. Баярлалаа. Тэмцэгч (Fighter) гэдэг нь түүний фэнүүдийг нэрлэдэг шүү. Маш сайн орчуулжээ. Амжилт! Бас сайт чинь таалагдлаа.
admin
Баярлалаа, Каспер аа, орж гарч байгаарай.
Casper Xtina
Тэгнээ. Сонирхолтой мэдээнүүд оруулж байгаа та бүхэнд баярлалаа.