Дэлхийн ихэнх орнуудад 6-р сараас 10-р сарын хооронд улс тус бүрт өөр өөр саруудад явагддаг ЛГБТИ Бахархлын улирал эхэлснийг тохиолдуулан Billboard-оос амжилттай яваа уран бүтээлчдээс ЛГБТИК олон нийтэд чин сэтгэлийн үгээ илэрхийлэх боломжийг олгожээ. Үүний дагуу ЛГБТИК эрхийг дэмжигч Гаарбиж хамтлагийн дуучин Шёрлий Мансон өөрийн сэтгэлийн үгээ ЛГБТИК хүмүүст илгээсэн байна. (Монгол дахь “Тэгш эрх, бахархлын өдрүүд”-ийн талаар унших.)
ЛГБТК олон нийтийн үнэт гишүүдэд: 1970-аад оны Шотландад өсч байхдаа та нарын ийм хүчирхэг, ийм бахархалтай амьдрахын төлөөсийг би огт ойлгодоггүй байсан. Их амархан мэт харагддаг байсан ч ийн амьдрахад агуу тэнхээ, зүрх зориг шаардагддаг байсныг би одоо ойлгож байгаа. 2017 он болчихоод байхад ч хөл толгой нь эргэсэн энэ ертөнцөд та нар өөрсдийн эрхийн төлөө тэмцэх шаардлагатай хэвээр байгаад би дэндүү их бухимддаг.
Анх та нарыг анзаарч харсан минь 10 настайдаа байлаа. Саарал, шаргал өнгө давамгалайсан ертөнцөд та нар шаазгайн үүрэн дэх очир эрдэнэ мэт гялалзахад би ангайсан. Та нар гоц байсандаа сэвхтэй, улаан үст хүүхдийн шүтээн нь болсон. Өөрийнхөө хэн ба юу хүсч буй тухай үнэнээ хэлж байсанд би та нарыг шүтсэн. Уламжлалт хүйсийн хэм хэмжээнд баригдах хэрэггүй, хүн бүр тэгш эрхтэйг та нар надад харуулсан. Би өөрөөрөө байж болохыг харуулсан.
Хүн байх талаар надад зааж өгсөнд баярлалаа. Бид бүгд маш өөр өөр ч бас их адилыг зааж өгсөнд баярлалаа. Бид бүгд эрх чөлөөтэй амьдрахыг хүсдэг, хайрлах, хайрлуулах эрх чөлөөтэй амьдрахыг хүсдэгийг зааж өгсөнд баярлалаа.
2017 онд хүйс нь зөвхөн хоёр туйлт бус, хүйс нь үнэндээ хязгаарлагч нийгмийн бүтээл болохыг хүмүүс бага багаар ойлгож эхэлжээ. Хүмүүсийн хандлага ч өөрчлөгдөж байна. Амаа хамхиж мэддэггүй заримыг үл тооцвол нийгэмд ахиц дэвшил гарсаар. Эрт орой хэзээ нэгэн цагт бид мунхаг, хоёр нүүрт байдлыг ялан дийлэхийг би мэддэг, энэ талаар надад ямар ч эргэлзээ байдаггүй. Тиймээс та бүхэнд 2017 оны бахархлын баярын мэндийг чин сэтгэлээсээ хүргэе. Анхдагч байсан та бүхэндээ сэтгэлийн гүнээсээ баярладгаа илэрхийлэн, саяхан насан эцэслэсэн Гилбэрт Бэйкер [дэлхий даяар ашигладаг ЛГБТИ бахархлын далбааг бүтээгч]-ийн дурсгалд зориулан хайрт ээж минь намайг хүүхэд байхад дуулж өгдөг байсан дууны хэдэн мөрийг та бүхэнд зориулья. Нүдээ анихад одоо хүртэл энэ аялгуу чихэнд минь байдаг: Би солонгыг дуулж чадна. Чи ч бас чадна. Нүдээрээ сонсож, харах бүгдээ дуул. Солонгыг дуул, надтай хамт дуул.
Эх сурвалж: Billboard
Орчуулгын эх сурвалж: ЛГБТ Төв