Анний Тритт зурагчин бодит, үнэн зүйлийг харуулахыг хүсээд трансжендэр хүүхэд, залуучуудын хөрөг авч эхэлжээ. Refinery29 вэбсайтад өгсөн ярилцлагадаа тэрээр “Хүмүүс жинхэнэ “би”-гээрээ байхдаа илүү аз жаргалтай байж, бид ч тэднээс их урам зориг олж авдаг” гэжээ. Тэрээр зургийн аппаратын өмнө өөрөөрөө байхаас айдаггүй хүмүүсийн зургийг авахыг хүсээд шууд л хүүхдүүдийн тухай бодсон аж. Тритт инээнгээ “5 настай хүүхдийг өөрийнх нь дургүй байгаа зүйлийг хийлгэх гээд оролдоод үзээрэй, бүтэшгүй” хэмээн хүүрнэлээ. Тритт залуу транс хүмүүст дэмжлэг, туслалцаа үзүүлдэг “Хүйсийн спектрум” байгууллагын Хойд Каролайны салбар дээр анхныхаа транс залуучуудтай уулзсан байдаг. Түүнээс хойш АНУ болон бусад улсаас транс хүүхдүүдийн ээж аав түүнтэй холбогдож, транс өсвөр үеийнхэн, залуучууд ч мөн өөрсдөө холбогдож эхэлжээ.
Хүмүүсийн зургийг авахын зэрэгцээ Тритт тэдний түүхийг бүрэн гаргах дээр хамт ажилладаг. Тритт эхлээд транс хүмүүстэй утсаар ярьж, эсвэл тэдэнд цахим шуудан явуулж, дараа нь биечлэн уулзсаны дараа л бүх зүйлийг баримтжуулж эхэлдэг аж. Ийн уулзсаны дараа тэрээр транс хүмүүст, эсвэл транс хүүхдүүд өөрсдөө хэт жоохон бол эцэг эхэд нь ганцаар үедээ хариулах асуултууд өгдөг. Хүмүүс транс хүмүүсийн тухай маш олон зүйлийг үндэслэлгүй бодож байдгийг эдгээр түүх өөрчлөнө гэж Тритт найдаж байгаа юм. Транс хүмүүсийн тухай ойлголтуудыг зүгшрүүлэхийн тулд хүмүүст илүү мэдээлэл өгөх ёстой гэж тэр итгэдэг.
“Хүмүүс ихэнхдээ мэдэхгүй зүйлээсээ айж, мэдэхгүй зүйлээ шүүж, буруушаадаг. Зөв мэдээлэлтэй болоод хүмүүс ойлгож эхэлдэг” гэж тэр хэлээд “Үзэгдэнэ, харагдана гэдэг нь энэ болгон сөрөг зүйлсийг өөрчилдөг” гэлээ.
Дашрамд сонирхуулахад Анний Төв болон Зүүн Азийн бүс нутгийн транс хүмүүсийн нөхцөл байдлыг сайжруулах зорилгоор 2018 онд Монголд ирж, транс хүүхэд, залуучууд болон насанд хүрэгсэдтэй ярилцах, зургийг нь авах хүсэлтэй байгаагаа ЛГБТ Төвд илэрхийлээд байгаа учир та транс хүн эсвэл транс хүүхэдтэй бол ЛГБТ Төвтэй холбогдоно уу.
Райлий Алексис, 20 настай, хүйсгүй, Хойд Швейцари
Дараахийг Райлий Алексис бичсэн.
Төрсөн хүйсээсээ өөр гэдгээ хэдтэйдээ анх ойлгосон бэ? Яаж ойлгосноо мэдэх үү?
Олон жил болсон. Нэг л биш мэдрэмжтэй насаараа явсан, нэг л болохгүй байгаа мэт. Онлайн маш олон жил нухацтай хайсны эцэст хүйсийн хувьд күийр, хүйсийн ялгаатай хүмүүсийн онлайн хүй олныг олсноор л бүх мэдээллийг олж авсан. Намайг ойлгож, хүлээж авсан орон зай байсан. Өөрийгөө дүрслэх, тайлбарлах үгтэй болсон минь гайхалтай байсан, надад маш их эрч хүч өгсөн.
Өөрийн хүйсээ анх хэдэн насандаа хэн нэгэнд илэрхийлсэн бэ? Тэгэхэд ямар мэдрэмж төрсөн?
Гайхалтай күийр найз нөхөд, хүмүүстэй анх танилцсанаас хойш л миний хүйс бодитоор мэдрэгдэж эхэлсэн дээ. Миний хүйсийг хүлээн зөвшөөрдөг хүмүүстэй хамт байх нь надад сэтгэлийн их дэм болсон. Хүйсийн баримжаа, хүйсийн илэрхийллээ илүү нухацтай, тухтай, эрчтэй бодож, судлаж эхэлсэн. Би одоо хүртэл өөрийгөө нээсээр байгаа хүн. Бид хэн бэ, юуг хүсч байгаагаа байнга л эрэлхийлдэг учир үүнийг хүмүүс ойлгох байх. Бүх насаараа л энэ замыг бид туулдаг ба ингэснээр өөрийгөө илүү ойлгож, өөрийнхөө тухай жил жилээр илүү ойлголттой болдог.
Хүйстэй чинь холбоотой, эсвэл хүйсийн шилжилттэй чинь холбоотой ямар асуудлууд тулгарч байсан бэ?
Сэтгэл гутрал, хүйсийн тавгүйцэлтэйгээ ганцаараа тулна, тэдгээрийг давна гэдэг их хүнд. Дээр нь хүмүүс гадаа гудамжинд эсвэл нийтийн тээврээр зорчиход гөлрөнө, үг хэлээр доромжилно, бүр бэлгийн хүчирхийлэл ч үйлдэнэ. Гэхдээ хамгийн хүнд нь өөрөө өөрийгөө тодорхойлох эрх мэдэл нь байхгүй байгаа байдал гэж бодож байна. Биеэ өөрчлөхийн тулд эмчийн зөвшөөрөл хэрэгтэй. Бичиг баримтаа өөрчлөх, даавар орлуулах эмчилгээнд орох нь маш их хугацаа, энерги, мөнгө шаарддаг, маш их хүлээгддэг зүйлс. Хэн нэгэн танихгүй хүн чиний биеийг захирах илүү эрхтэй юм шиг санагддаг. Би өөрийн амьдрал, биеийн тухай шийдвэрийг олон эмчийн зөвшөөрөлгүй гаргаад явахыг хүсч байна.
Өөр хуваалцмаар зүйл байна уу?
Эцэст нь бүх залуу транс, интерсекс, хүйсийн ялгаатай хүмүүст хэлмээр байгаа зүйл маань: чи жинхэнэ, чиний амьдрал хэрэгтэй. Чи сайхан, чи чухал. Өөр хэн ч, юу ч гэсэн хэзээ ч бүү хүлээж ав.
Эллий, 6 настай, транс охин, Вашингтон ДС, АНУ
Дараахийг Эллийгийн эцэг эх бичсэн.
4 нас хүрэхээсээ ч өмнө Эллий өөрийгөө охин гэдгийг бидэнд янз янзаар л хэлдэг байсан. Хамгийн тодорхой зүйл нь “Би сэтгэлдээ, оюундаа охин” гэдэг байсан нь. Өөрийгөө эмэгтэй хүүхдээр зураад, тоглохдоо байнга өөрийгөө охин гэдэг байсан. “Би эмэгтэй Пауэр Рэйнжер, би Гайхамшигт эмэгтэй, би Эмэгтэй хүн аалз, би Бэт охин” гээд л.
4 нас хагастайдаа нэг өглөө Эллий эрэгтэй дотоож өмсөхгүй гэж үхтлээ уурласных нь дараа бүх хувцсыг нь шинээр авч өгсөн. Дараахан нь түүнийг Эллий гэж нэрлэж эхлээд, нийгмийн шилжилтийг нь гүйцээсэн дээ. Тэгэхэд л охин маань жинхэнээрээ төрсөн. Илүү аз жаргалтай болж, өөрөөрөө байдаг болсон. Нэрээ өөрөө сонгосон ба “Туяарах гэрэл” гэсэн утгатай.
Жей (зүүн гар талд), түүний ихэр, 5 настай, Төв Англи, Их Британи
Дараахийг Жейгийн ээж бичсэн.
Хүүхэд чинь хүйсээ хэрхэн танд илэрхийлсэн бэ? Тэр дурсамжаа хуваалцаач?
Бараг 4 нас хагастай байхдаа Жей нэг өдөр “Ээж, та хүмүүст намайг “Энэ охин, энэ эмэгтэй” гэж хэлэхээ болиоч гэж хэлээд өг, тэгэх үү? Тэгэж дуудахаар нь надад үнэхээр гунигтай байдаг” гэсэн. Бидний хувьд жинхэнээсээ эхлэл цэг байсан. Түүнийг дэмжээд, өөрийгөө мэдэрч буй төлөөний үгээр түүнийг дуудах ёстой гэсэн шийдвэрийг гаргах ёстой болсон. Тэр хүртэл Жей эршүүд охин л байсан, эрэгтэй хувцас өмсөхийг хүсдэг охин л байсан. Тухайн үед Жей нэрээ өөрчлөх талаар ямар нэг зүйл хэлээгүй учир дараагийн хэдэн сард нь түүнийг төрөхөд нэрлэсэн эмэгтэй нэрээр нь дуудангаа эрэгтэй төлөөний үгээр дуудах жоохон эвгүй л байсан. Төлөөний үгээ солиход л Жей тэнгэрт тултал баярлаж байсан. Лили гэдэг нэртэй хүү байгаа учир Лили бол эрэгтэй ч хүүхдийн нэр байж болох юм биш үү гэж бид түүнд хэлсэн ч Жей эрэгтэй нэртэй болно гээд Жоон аав шигээ Жей болно гэж шийдсэн.
Төрсөн хүйс биш, жинхэнэ өөрийгөө мэдэрдэг хүйсээрээ амьдрахад хүүхэд чинь ямар мэдрэмжтэй байсан бол?
Эрэгтэй нэрээр нь дуудаад, эрэгтэй төлөөний үгээр түүнтэй харьцахад Жей маш жаргалтай байдаг гэж хэлдэг. Урт үстэй болохоор нь заримдаа хүмүүс түүнийг буруу хүйсээр дуудахад тэр гуньдаг ч ихэнхдээ хүмүүсийг залруулаад л хийж байгаагаа үргэлжлүүлдэг. Түүний хувьд чухал хүмүүс түүнийг эрэгтэйгээр нь харж байгааг хараад тэр их баярладаг, түүнийг эрэгтэй хүүхдийг эрхлүүлдэг үгээр эрхлүүлэхээр тэнгэрт тултал баярладаг. Бидний амьдралд байдаг бүх хүн түүнийг хүү гэдгийг мэддэг үү гэж хааяа надаас асуудаг, “Тийм ээ” гэхэд түүний баярлаж байгааг би хардаг.
Хүмүүс хэр ойлгож, дэмжсэн бэ?
Бараг л бүх хүн дэмжсэн, сайн ойлгохгүй байгаагаа илэрхийлсэн ч бүрэн дэмжинэ гэсэн хүмүүсийг оролцуулаад. Дэмжлэг байхгүй гэж мэдрэгдэж байсан орон зай бол манай сүм. Тэднийг энэ талаар сургаж, илүү мэдлэг олгохыг бид хүссэн. Гэвч биднийг сонсож, хүлээж авч байгаа гэж мэдрэгдээгүй. Сүмийн удирдлагад бид шаардлага тавьсан, Жейг маань бүрэн дэмжиж хүлээж авахгүй бол бид сүмийг орхино гэж. Тэгээгүй учир сүүлдээ өөр сүм рүү шилжсэн. Манай шинэ сүмийнхэн Жейгийн нэрийг хайр, хүлээн зөвшөөрлөөр хүлээж авсан.
Танай хүүхдийн талаар хүмүүс юу мэдээсэй гэж хүсч байна вэ?
Миний хүүхэд бол хүн, түүний оршин тогтнохуй, өөрийгөө тодорхойлохуй нь жинхэнэ гэдгийг мэдээсэй гэж хүсч байна. Үл мэдэх нь транс хүмүүсийг доромжилж, тэдэнтэй зүй бусаар харьцаж болно гэсэн үг бишийг мэдээсэй. Жей бол хүү, түүний дуртай өнгө нь улбар шар, хүн аалзад дуртайг нь мэдээсэй гэж Жей хүсч байна.
Өөр хуваалцмаар зүйл байна уу?
Одоогийн байдлаар Жей хүйсийн тавгүйцэл мэдрээгүйд нь бид азтай. 5 эсвэл 6 настай хүүхдүүд биедээ гутарч, тавгүйцдэг тухай сонсч байсан учир тэднийг, тэдний гэр орныхныг бодохоор хүнд байдаг. Ихэнх охид үтрээтэй, ихэнх хөвгүүд боожгойтой ч зарим боожгойтой охид, зарим үтрээтэй хөвгүүд байдаг тухай бид Жейтэй ярилцсан. Одоохондоо Жей үтрээтэй хүү байх дээр асуудалгүй байгаа, харин бэлгийн бойжилт нь эхлэхээр түүнд бид туслах боломжтой байна хэмээн найддаг.
Лиа*, 4 настай, транс охин, Баруун хойд Каролайна, АНУ
Дараахийг Лиагийн эцэг эх Брий, Брандон* нар бичсэн. * Нэрсийг өөрчилсөн.
Хүүхэд чинь жинхэнэ хүйсээ хэзээ илэрхийлсэн бэ? Тэгэхэд юу бодогдсон?
Брий: “Томоохон дохио нь горшок хэрэглэж эхлэх үе байсан. Горшоконд бие засуулах гэж олон сар бүтэлгүйтсэний дараа асуудал нь бидний түүнд өмсгөсөн дотуур хувсанд байгааг бид ойлгож эхэлсэн. “Гүнжийн дотоож өмсөнө” гэдэг байсан. Тэгээд гүнжийн тор, цэцэг навчтай дотоож авч өгснөөс хойш хэдхэн хоногийн дотор горшок хэрэглэж сурсан. 3 хүрэхээсээ өмнөхөн юм байна. Бас тэрээр эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн төлөөний нэрийг байнга хольж сольдог байсан. Эмэгтэй багш нараа “тэр эрэгтэй” гэж дуудна. “Р багш чинь эмэгтэй учир түүнийг “тэр эмэгтэй” гэж дуудах хэрэгтэй” гэж би түүнд заахыг оролдоход Лиа “Би ч гэсэн охин, намайг ч гэсэн “тэр эмэгтэй” гэж бай” гэсэн. Тэгээд л түүнийг 3 нас 1 сартайд нь нэрийг нь сольж, нийгмийн шилжилтийг нь хийсэндээ.”
Танай хүүхэд хүйсээ хэрхэн илэрхийлдэг вэ?
Брандон: “Охин маань өөрийгөө охин гэдгээ байнга, итгэл үнэмшилтэйгээр хэлсээр байдаг нь хамгийн хүчтэй илэрхийлэл. Хүүхэд маань хэвшмэл эмэгтэй байдлаар хүйсээ илэрхийлдэггүй нь бас нэг сонирхолтой зүйл. Эмэгтэй хувцас өмсч, үсээ ургуулж, охидтой найзладаг ч хөвгүүдтэй ч бас бас тоглодог ба хөвгүүдийн тоглоомоор ч тоглох нь бий. Галт тэрэг, ачааны машиныг хүүхэлдэйнээс илүүд үздэг. Гэхдээ транс биш охид ч ийм тоглоомоор тоглодог, харамсалтай нь нийгэмд зарим зан үйлийг хүйсээр ангилах ёстой гэсэн хэт хатуу дохиолол ажилласаар байгаа.”
Хүйсийнхээ хувьд танай хүүхэд ямар бэрхшээлүүдтэй учирч байсан бэ?
Аль аль нь: “Бидний уулзаж үзээгүй, транс байдлыг дэмждэггүй, бүр аюултай хүмүүс олон байдгийг бид мэднэ. Түүний транс байдлыг бид танихгүй хүмүүст илчилдэггүй, өөрөө том болоод хэзээ, хэрхэн илэрхийлэхээ сонгог гэж бид боддог. Удахгүй цэцэрлэг, зуслан гэх мэт бид минут бүрт хажууд нь байхгүй нөхцөл байдлууд ирнэ гэхээс бид хальширдаг. Түүнээс арай гайгүй ч илүү хүнд асуудлууд бас хамт үүснэ: жишээ нь сургуульд бүртгүүлэхдээ түүний бичиг баримт дах хүйсээс өөрөөр амьдардаг Лиаг багш нар нь хэрхэн хүлээж авах бол, зөв төлөөний үг тэднээр хэрхэн хэрэглүүлэх вэ, санамсаргүй түүний транс байдлыг багш, захиргааных нь бусад хүүхдүүдэд мэдэгдчихвий гээд л олон асуудал байна.
Хүүхдийнхээ хүсэл мөрөөдлөөс хуваалцах уу?
Брий: “Би Лиагаас ээж болохыг хүсч байна уу гэж асуусан. Лиа хүсэхгүй байна, хүүхэд хэвээр баймаар байна гэж хариулсан. Лиа том болоод яах вэ гэдэг асуултаас байнга зугтдаг. Байдаг л охин бишээ мэддэг учир энэ тухай бодохыг хүсдэггүй юм болов уу гэж би гайхдаг. Тэр маань дөнгөж дөрөвхөн настай шүү дээ.”
Өөр нэмэх зүйл байна уу?
Брандон: “Бид транс асуудлыг одооных шигээ бүрэн, сайн ойлгодоггүй үе байсан. Цаашид үүнээс ч илүү ойлгодог болно. Нээлттэй орон зайд амьдарсаар ирсэн ч бид охиныхоо асуудалтай тулгарахаас өмнө транс асуудал дээр дэмжлэг үзүүлье гэж хичээдэггүй байсан. Энэ асуудлаар хүмүүст эвгүй мэдрэмж байдгийг би ойлгодог ч хүмүүс транс хүмүүстэй уулзаад үзэхэд л бүгдийг ойлгох болно гэж найддаг.”
Гленн*, 14 настай, транс эрэгтэй, Төв Мэрилэнд, АНУ
Дараахийг Гленн* бичсэн. * Нэрсийг өөрчилсөн.
Хэдэн настайдаа өөрийн жинхэнэ хүйсийг мэдсэн бэ? Яаж өөртөө итгэсэн бэ?
Хэдхэн сарын өмнө л бүрэн ойлгосон доо. Үнэндээ одоо ч бүгдийг 100% ойлгосон гэж хэлэхгүй. Гэхдээ анх өөрийн хүйсийн тухай өөртөө асуулт тавьсан минь 6 настайдаа байсан.
Өөрийн жинхэнэ хүйсийг яаж анх илэрхийлсэн бэ? Тэр мэдрэмжээсээ бидэнтэй хуваалцах уу?
Охидын дотоож биш, хөвгүүдийн дотоож өмсмөөр байгаагаа ээждээ хэлж, өөрийгөө илэрхийлэхэд ээж надад хүн аалзтай дотоож авч өгсөн. Бас Бямба гараг бүрийн өглөөний хүүхэлдэйн кино үзэж байхдаа саак залуучуудыг хараад “Хөөх, тэд яг над шиг юм” гэж боддог байсан.
Төрсөн хүйсээсээ өөрөөр, жинхэнэ хүйсээрээ амьдарч эхлэхэд ямар мэдрэмж төрж байсан бэ?
Үнэхээр өөрөөрөө байгаа мэдрэмж төрдөг. Өгөгдсөн бүрхүүл маань үүрдийнх гэж бодож байсан ч үгүй байсан. Усан сэлэлтийн маань багш нарын нэгний хэлснээр би өөрийнхөө хэн гэдгийг мэднэ.
Таньдаг хүмүүс чинь чамайг дэмждэг үү?
Тийм ээ, анх хамгийн сайн найздаа хэлэхэд намайг шууд л Гленн гэж дуудаж эхэлсэн. Өөр нэг найздаа хэлэхэд миний нэр таалагдаж байна гээд бусад хүмүүсийн хажууд намайг Гленн гэж дууддаг болоод хүмүүсийг ч зүгшрүүлж эхэлсэн.
Хүмүүс чиний тухай юу мэдээсэй гэж хүсч байна? Юу чинь онцгой вэ?
Нийгмээс өгөгдсөн нийгмийн хүйсийн үүрэг рольд би багтдаггүйгээ мэднэ. Жишээ нь би нэлээд урт үстэй. Бас хумсаа будах дуртай. Батгаа дарахын тулд нүүрээ ч буддаг гэх мэт. Би уйлдаг. Юм оёж, ээжтэйгээ Прожект Рануэй үздэг. Миний онцгой зүйл бол нийгмийн эр хүйсийн үүрэг рольд бүрэн багтдаггүй ч энэ бол энгийн л зүйл.
Хуваалцмаар өөр зүйл байна уу?
Би Эллий нохойдоо хайртай. Тэр маань надад маш их тусладаг. Гэр орныхон маань зарим сэдвээр бие биетэйгээ нээлттэй ярьдаг ба энэ нь хааяа эмзэг байдалд хүргэдэг. Бидний дунд үүсдэг тавгүйцлийг Эллий намжаадаг. Бас тоогүй өдөр байсан бол Эллийгээ хэзээ ч тэвэрч болдог.
Транс байдлыг ойлгоход хүмүүст юу туслах вэ? Транс байхын хамгийн хэцүү зүйл юу вэ?
Бид оршдгийг мэдүүлэх нь транс байдлыг, транс байхын хүнд бэрхийг ойлгуулахад үнэхээр нэмэр болно. Хэвлэл мэдээллээр транс хүмүүсийн төлөөллийг тэр бүр гаргаад байдаггүй. Нэртэй транс хүмүүс байгаа нь мэдээж биднийг ойлгоход сайнаар нөлөөлж байгаа ч бидний өмнө тулгардаг бүх төрлийн асуудлыг нээлттэй ярих энгийн л транс хүмүүс хэрэгтэй байдаг. Транс байхын хамгийн том даваа нь хүмүүс чиний транс байдлыг чинь мэдчээд чамайг хүлээн зөвшөөрөх, үгүй дээр байнга санаа зовдог явдал. Миний хувьд би өөрийгөө Гленн гэж танилцуулдаг ч хүмүүс намайг ихэнхдээ эршүүд лесбиян л гэж хүлээж авдаг. Хэн нэгнийг зүгшрүүлэхдээ тэр хүн миний өөдөөс транс байх нь гэм нүгэл, эсвэл бид зөвхөн анхаарлын төвд байх гэж ядсандаа ингэж байна, эсвэл биднийг сэтгэцийн эмгэгтэй учир эмчлүүлэх хэрэгтэй гэж над руу 10 минут уурлаж хашгичих болов уу гэдгээс дандаа айдаг.
Лиллий, 12 настай, транс охин, Хойд төв Каролайна, АНУ
Дараахийг Лиллийгийн аав бичсэн.
Танай хүүхэд хэдэн настайдаа жинхэнэ хүйсээ мэдсэн гэж та боддог вэ?
Гурван настайгаасаа л охин хүүхэд шиг байж, өөрийгөө охин гэж харуулдаг байсан (уламжлалт охидын тоглоомоор тоглох, охидын хувцас өмсөх, охидын дурладаг өнгөнүүдэд дурлах, гүнжүүдэд дурлах гээд л). Ахлах ангийнхны тавьсан “Үнсгэлжин”-г бид хоёр үзэж байсан юм, тэгэд тоглолт тарсан мөчөөс Лиллий маань Үнсгэлжингээр өвчилсөн. Тэгэхэд 4 настай байсан юм байна. Лиллий өөрийгөө яг хэн гэдгээ мэддэг байсан ч миний хувьд түүнийг нь бүрэн хүлээж авах, зөвшөөртөл хэдэн жил болсон. Түүнийг дагаад, түүнийг сонсоод, түүний юунд дуртайг, юуны талаар сэтгэл хөдлөлтэй байгааг нь л ажих хангалттай байсан. 8 настайдаа Лиллий ээждээ өөрийгөө охин гэдгээ хэлсэн. Харин миний хувьд тэр үргэлж л охин байсан.
Танай хүүхэд өөрийн жинхэнэ хүйсээр амьдарч эхлэхэд ямар мэдрэмжтэй байсан гэж бодож байна?
Лиллий гэр орондоо л эмэгтэйгээрээ байдаг байсан ч нийтийн орон зайд ч өөрөөрөө байх эхлэл цэг нь сургуулийн зураг авахуулах өдөр, 4-р ангидаа байсан. Хичээлийн жилийн эхэнд хөвгүүнээрээ хичээлдээ явж эхэлсэн ч, харваас аз жаргалгүй, өөрчлөлтөө харуулахыг хүсч байгаа нь илт байсан. Зургаа авахуулах өдрийн өмнөх өглөө нь ээждээ эмэгтэйгээрээ сургуульдаа явна гэсэн, учир нь зурган дээр жинхэнэ өөрөөрөө баймаар байна гэсэн. Лиллий мэдээж айж байсан ч өөрөөрөө байх зориг гаргасан.
Танай хүүхдийн талаар хүмүүс юу мэдээсэй гэж хүсч байна вэ? Танай хүүхдийн юу онцгой вэ?
Лиллийд онцгой зүйл олон. Лиллий ухаалаг, ажигч, сониуч, үг хэл нь маш хөгжсөн. Хошин шогийн мэдрэмж үнэхээр сайтай. Бүжиглэх дуртай, дуулах дуртай, бас дуулж бүжиглэхдээ ч сайн. Дэлгүүр хэсэх, будаг шунх, өндөр өсгийт гээд л загварын бүх зүйлд дурладаг. Бэйонсэ, Ариана Грандэ, Тэйлор Свифтад хайртай. Лиллий iPad дээрээ видео хийдэг. Тэр бүтээлч, бас хааяа их бодлогошронгуй. Лиллий аль аль хүйсийг ойлгодог гэдгээ хэлж байсан, үнэхээр ч түүний нөхцөл ийм. Тэвчээртэй байх, зоригтой байх дээр надад ихийг заасан. Лиллий юмыг их гүн мэдэрдэг. Түүнийг үгүйсгэхээргүй “би”-тэй хүн.
Өөр хуваалцмаар зүйл байна уу?
Лиллийгийн транс байдлыг ойлгож, хүлээж авах дээр би ганцаараа ойлгохоос илүү хурдан ойлгож, хүлээж авахад минь эхнэр маань тусласан. Сэтгэл зүрхээ нээлттэй байлгахад бүх гэр бүл нэг гишүүн нь ямар сонголт хийж байгаагаас үл хамааран бие биеэ дэмжиж, хайрлаж чаддаг. Лиллийгийн ах, эгч хоёр түүнийг бүрэн хүлээн зөвшөөрч, хязгааргүй хайрладаг. Тэдэнд ч айдас, асуулт байсан ба эдгээртэй нүүр тулан, ойлгохыг хүссэндээ энэ цэгт одоо хүрсэн. Бид бие биедээ бэлэг болдог гэдгээ цаг нь болтол харж, ойлгодоггүй.
Транс байдлыг ойлгоход хүмүүст юу туслах вэ?
Зүгээр л транс хүнтэй танилцаад түүнийг таних цаг өөртөө өг.
Жэйк*, 8 настай, транс хүү, Төв Иллиной, АНУ
Дараахийг Жэйкийн эцэг эх бичсэн. * Нэрсийг өөрчилсөн.
Танай хүүхэд жинхэнэ хүйсээ та нарт яаж илэрхийлсэн бэ? Тэр мэдрэмжээсээ бидэнтэй хуваалцах уу?
6 нас орчмоосоо хүү маань хүйсийн асуудлаар мэргэшсэн сэтгэлзүйчтэй уулздаг болсон байсан ба эрэгтэйгээрээ амьдардаг байсан (богино үстэй, хөвгүүдийн хувцас өмсдөг). Тэр үеэс л хүмүүс түүнийг хүү гэж андуурахад засдгийг болиоч ээ гэж биднээс хүссэн. Би түүнийг шилжилтэд орохыг хүсдгийг нь мэдэж байсан ч өөрөө нөхөр бид хоёр дээр ирээд “Би ингэмээр байна” гэж хэлэхийг нь хүлээсэн. Гэтэл тэр тэгээгүй, 2-р ангидаа багш, эцэг эхийн хурал болтол хүлээсэн. Хурлын үеэр чимээгүй сууж сууж, багш нь түүнээс нэмэх зүйл байгаа эсэхийг асуухад “Би эрэгтэй хүүхдийн нэртэй болмоор байна, бас хүмүүс намайг эрэгтэй төлөөний үгээр дуудаж байгаасай гэж хүсч байна” гэсэн. Энэ болгон миний хувьд том цочрол байсан ч нөгөө бодлын огт гайхаагүй.
Яаж үүнд итгэж болно гэж мэдсэн бэ?
Би итгэхийг хүсээгүй. Би транс байдлын тухай ямар ч ойлголтгүй байсан, юу байдаг, ямар амьдралын туршлага байдаг гээд л, бас ямар гайхалтай хувь заяа байдаг тухай огт ойлголтгүй байсан. Миний хувьд дэлхий ертөнц маань сүйрсэн учир түүнд эсэргүүцэл ч үзүүлээгүй, бас өөгшүүлээгүй. Надад маш их айдас байсан, Жэйк маань ч бас айдастай байсан байх. Ийм том амьдралын алхамаас айх нь энгийн л зүйл, гэхдээ айлаа гээд бид зогсоогүй.
Жинхэнэ хүйсээсээ өөрөөр, төрсөн хүйсээрээ амьдарч байхдаа танай хүүхэд ямар мэдрэмжтэй байсан бол?
Жэйк “охин” гэж дуудуулахдаа гунигтай байдгаа байнга хэлдэг байсан. Хөвгүүд түүнийг охин гээд хамт тоглоогүй гээд сургуулиасаа уйлсаар ирдэг байсан нь элбэг. Эсвэл багш нар хүүхдүүдийг охид, хөвгүүдээр ялгахад түүнийг хөвгүүдтэй явахад “Чи буруу талд байна” гээд охидуудтай нийлүүлсэн гээд уйлсаар ирдэг байсан.
Хүүхдийн чинь хүйстэй холбоотой та нарт ямар бэрхшээл үүсч байсан бэ?
Бид түүнийг сургуулиас нь гаргаад гэрээр нь хичээл заахыг сонгосон. Тэр магад хүйсийн шилжилттэйгээ холбоотой маш их түгшдэг байсан, эсвэл тооны хичээлээс болоод ч юм уу. Ямартаа ч тэр стрессээс хол байх ёстойг би мэдэж байсан. Жилийн дараа л гэхэд тэр түгшиж, санаа зовохоо больсон. Бид бас амьдардаг байсан хотоосоо нүүсэн. Жэйк маань 2-р ангийнхаа дундуур, жижиг хотод шилжилтэд орсон учир хүн бүр үүнийг мэддэг байсан. Тэр бусад хөвгүүд шиг л байхыг хүссэн ч түүнийг байнга буруу хүйсээр, буруу нэрээр дуудаж байсан. Харин одоо бид бүгд аз жаргалтай байгаа.
Танай хүүхдийн талаар хүмүүс юу мэдээсэй гэж хүсч байна вэ? Танай хүүхдийн юу онцгой вэ?
Тэр их күүл, үнэхээр. Жэйк Покэмон, Дэлбэлэгч тоглоомонд дуртай, бас тэнэг онигоо зохиох дуртай. Жэйк маань их өр нимгэн, зөөлөн бас өглөгч. Хүмүүст туслаж, хүчгүй, өөрийгөө хамгаалж чадахгүй нэгнийг хамгаалах ёстой гэж итгэдэг, тэрийг нь би үнэхээр хайрладаг. Түүний хүйс нь түүнийг тодорхойлохгүй, тэр ч, би ч үүнийг зөвшөөрөхгүй.
Хүүхдийнхээ хүсэл мөрөөдлөөс хуваалцаач?
Жэйк өөр шигээ хүүхдүүдэд, эцэг эх нь дэмждэггүй хүүхдүүдэд туслахыг хүсдэг. Өөрийнхөө жинхэнэ хүйсийг илэрхийлэхийг эцэг эх нь зөвшөөрдөггүй хүүхдүүдийн тухай сонсоод Жэйк маань их гуньдаг.
Транс байдлыг ойлгоход хүмүүст юу туслах вэ?
Манай найз Ханна Симпсоны хэлсэн зүйрлэл надад их таалагддаг. Тэрээр транс байдлыг аль гар нь давамгайлсан байдалтай зүйрлэдэг. Хүн яаж өөрийгөө баруун эсвэл солгой гэж мэддэг вэ? Хэн ч хэлж өгөхгүй шүү дээ, чи зүгээр л мэддэг. Буруу гартаа юм барьвал буруу байгааг мэддэг. Хүйс ч тийм. Транс хүн жинхэнэ хүйсээсээ өөрөөр дэлхий ертөнцөд амьдрахдаа үүнийгээ мэддэг. Зүгээр л мэддэг. Харин шилжилтэд ороод, жинхэнэ өөрөөрөө амьдрахад харандааг зөв гараараа барьж эхлэхтэй адил. Зөв, байх ёстой, жам ёсных юм байна гэж мэдрэгддэг.
Хэйлий, 14 настай, Ливэрпүүль, Их Британи
Дараахийг Хэйлий бичсэн.
Хэдэн настайдаа өөрийнхөө жинхэнэ хүйсийг мэдсэн бэ?
Би 6 настайдаа өөрийгөө мэдсэн, түүнээс хойш бүх л зүйл дээр өөр байж, өөрөөр биеэ авч явж, охидын хувцас, нүүрний будаг гэх мэтийг сонирхож эхэлсэн. Хэн нэгэнд яаж хэлэхээ мэдээгүй, жоохон байсан учир.
Яаж өөрийгөө илэрхийлсэн бэ? Тэр мэдрэмжээсээ бидэнтэй хуваалцах уу?
Ээжийнхээ хажууд суугаад эмэгтэй хүүхэд болмоор байгаагаа хэлсэн. Бид хоёр энэ талаар ярьсан ч намайг арай жоохон байна гээд том болтол хүлээх болсон. Том болоод энэ мэдрэмж хэвээр байвал түүнд хэлээрэй гэж ээж хэлсэн. Би 11 нас хүртлээ 5 жил хүлээгээд дахин түүнд хэлсэн. Тэгээд л шилжилтээ 13 настайгаасаа эхэлсэн.
Төрсөн хүйсээсээ өөрөөр, жинхэнэ хүйсээрээ амьдрах нь ямар байна?
Эмэгтэйгээрээ амьдарч эхлэхэд өөрийгөө жинхэнээрээ, байх ёстойгоороо илэрхийлж болох эрх чөлөөтэй болсон. Бусдын хувьд би үргэлж л Хэйлий гэж охин байсан. Тэд хааяа намайг эмэгтэй биетэй төрөөгүйг мартдаг нь надад үнэхээр сайхан байдаг учир нь намайг Хэйлий гэж охин төрсөн гэдгээр хүлээж аваасай гэж би хүсдэг.
Хүсэл мөрөөдлөөсөө хуваалцах уу?
Миний хүсэл мөрөөдөл будсынхтай л адил биз дээ. Ажилтай болох, сайхан гэр, машинтай болох, энэ болгоныг надтай хуваалцах гайхалтай хүнтэй учирах, хоёр хүүхэдтэй болох, тэр хоёр маань гайхамшигтай хүмүүс болж өсөх, манай үеийнхний бусдыг шүүхээс хол хүмүүс болох тухай мөрөөддөг.
Транс байдлыг ойлгоход хүмүүст юу туслах вэ?
Транс байх нь ямар нэг сонголт гэж боддог хүмүүс үнэхээр буруу боддог. Ийм хэцүү замналыг хүн яагаад сонгоно гэж. Гэхдээ ийм хэцүү учир л, хүсээгүй биедээ төрсөн ч, хүмүүс бидний үгүйсгэсэн ч, бид маш хүчтэйдээ энэ болгоныг давдаг. Хүмүүсийн ярьж хэлж байгаагаас илүү асуудлыг бид даван туулдаг учир тэдний үг бидэнд хэрэггүй.
Транс байхын хамгийн хүнд зүйл нь юу вэ?
Хамгийн хүнд нь чиний хүрэхийг хүсч буй цэг буюу чиний хүсч буй хүйсэнд төрсөн хүмүүсийг аз жаргалтай байгааг хараад “Би яагаад ингэж төрж болоогүй юм бол” гэж дотроо бодох.
Кура*, 13 настай, Хойд Калифорни, АНУ
Дараахийг Кура эцэг эхтэйгээ хамт бичсэн. *Нэрсийг өөрчилсөн.
Кура, чи өөрийнхөө жинхэнэ хүйсийг хэзээ анх ойлгосон бэ?
Би дандаа л мэддэг байсан. Ямар нэгэн шийдвэр гаргаагүй. Би хэзээд охин л байсан. Би охин уу, хүү юу гэж хэзээ ч гайхширч байгаагүй.
Хүүхдийнхээ жинхэнэ хүйсийг хэзээ ойлгосон бэ? Хэдэн настайдаа үүнийгээ илэрхийлсэн бэ?
2 настай үеэс нь л Курагийн хүйс гүн гүнзгий байдлаар илэрч байгаа нь бидэнд тодорхой харагддаг байсан. Гэрээр дүүрэн Барбий, давжаа морины чихмэл, ванны онгоцоор дүүрэн түүний дуртай төрөл бүрийн лусын дагинас байдаг байсан. Унтахдаа зөвхөн урт унтлагын хувцас л өмсөнө, эрэгтэй дүүдээ Диснейн гүнжүүдийг олон цагаар үзүүлнэ гээд л.
Сургуулийн өмнөх насны сурган хүмүүжүүлэгчид болон эцэг эхчүүд жоохон хүүхдүүд хүйсийн хувьд туршилт хийдэг гэдгийг бидэнд хэлж байсан. Тухайн үед сургуульд ч явж эхлээгүй аз жаргалтай, идэвхтэй охиноо бид тэнцвэртэй байдлаар дэмжихийг оролдсон ч үнэндээ Кура туршилт хийгээгүйг бид мэдэрч байсан. Тэр үеэс л бид хүйсийн баримжааны талаар мэдээлэл хайж эхэлсэн ба манай нутагт амьдардаг транс хүүхдүүдтэй гэр бүлүүдийг олж, бие биеэ дэмжих хөдөлгөөн эхлүүлж байсан хүмүүстэй нэгдсэн нь завшаантай хэрэг болсон. Тэдгээр гэр бүлүүдтэй танилцахад бидэнд маш олон зүйл тодорхой болсон.
Танай хүүхэд төрсөн хүйсээсээ өөр, жинхэнэ хүйсээрээ амьдарч эхлэх нь түүнд ямар байсан гэж боддог вэ?
Кураг бага байхад түүний гадаад төрх, нэр болон өөрийгөө харж буй өнцөг нь нэг цэгт очихгүй байгаа дээр Кура байнга стрессдэгийг бид мэддэг байсан. Нэр, шошго өгөхгүйг хичээж, түүнийг шинэ нөхцөл бүрт хамгаалахыг оролдож, ямар нэг орон зайд очихоосоо өмнө томчууд руу залгаж, юу харагдах талаар тайлбарладаг байсан. Шинэ найзуудтай болоод тоглоход нь ч хамт байж, төрөл бүрийн асуултуудад хариулдаг байсан. Түүнийг хорвоо дэлхий хэрхэх дээр бид одоо ч болгоомжилдог ч одоо эмэгтэй хүүхдээрээ, эмэгтэй хувцсаа өмсөөд, эмэгтэй төлөөний үгээ хэрэглээд, эмэгтэй нэрээрээ амьдарч байгаа нь нэг цэгт хүрсэн учир хэт их санаа зовох маань хамаагүй гайгүй болсон.
Таньдаг хүмүүс хэр ойлгож, дэмжсэн бэ?
Эхний жилүүдэд манай зарим найз, хамаатнууд Курагийн хүйсийн баримжааг жинхэнэ гэдэгт нь эргэлздэг байсан гэж таамаглаж байна. 9-10 хүртэл нь хамгийн дотны найзууд хүртэл Курагийн хүйсийн баримжааг бид нээлттэй, идэвхтэй, ил тодоор хүлээн зөвшөөрч, тунхаглан зарладгийг үгүйсгэдэг байсан байх. Тэдний үл итгэх, шүүмжлэх нь сайн санаа, айдас хоёроос үүсдэг байсан биз. Магад Кураг эсвэл биднийг бүү зовоосой гэж боддогоос л үгүйсгэж, дэмждэггүй байсан байх.
Таны хүүхдийн хүйсээс болж та нарт эсвэл таны хүүхдэд ямар бэрхшээл үүсч байсан бэ?
Кура: “ХЭТ ОЛОН НОВШИЙН СОРИЛ!!!”
Эцэг эх: “Эцэг эх байхын хамгийн том бэрхшээл нь хүүхдийнхээ эрхийн төлөө дуугардаг хүн хүссэн хүсээгүй болох ёстой байдал. Хүмүүсийн дунд орох нөхцөл бүрийг урьдчилан төлөвлөх, бодох шаардлагатай болдог. Жоохон хүүхдийг хүмүүсийн зүгээс шүүмжлэлгүй өөрөөрөө байхыг нь дэмжинэ гэдэг шинэ нөхцөл байдал аюулгүй эсэх талаар шийдэх, аюултай бол аюулыг багасгах, аюулгүй болгох дээр ажиллана гэсэн үг байдаг.”
Хүүхдийнхээ хүсэл мөрөөдлөөс хуваалцах уу?
Кура: “Эстрогены эмчилгээгээ эхлүүлж, бүрэн охин болох, тэгээд алдартай уран бүтээлч болох.”
Эцэг эх: “Курагийн хувьд бидний хүсэл мөрөөдөл маань түүний том болох ертөнц өмнөх ертөнцөөс өөр байгаасай л гэдэг хүсэл. Хүйсийн баримжаанаасаа болж Кура минь нэг мөч ч айдас бүү мэдрээсэй, ялгаварлан гадуурхалт, дээрэлхэлт, хүчирхийлэлд бүү өртөөсэй. Сэтгэл зүрх нь шархалвал хүйсийн баримжаанаас нь битгий болсон байгаасай. Кура бас зөв байгаасай, түүний орох эмнэлгийн журмын хүйсийн шилжилт нь амжилтанд хүрч, бие сэтгэлийн зовлонгоосоо ангижирч, өөрийнхөө хүсч буй, хүлээж буй биеэ олоосой.”
Транс байдлыг ойлгоход хүмүүст юу туслах вэ?
Кура: “Юу мэдэрч буйгаа хүн сонгодоггүй. Энэ тухай боддог ч үгүй. Байгаагаараа л байдаг.”
Никоол* (баруун гар талд), түүний ихэр Ханна*, 8 настай, хүйс өргөн, Хойд Калифорни, АНУ
Дараахийг Никоолийн эцэг эх бичсэн. *Нэрсийг өөрчилсөн.
Хүүхэд чинь хэдэн настайдаа анх жинхэнэ хүйсээ мэдэрсэн бэ?
Ихрүүд байнга янз бүрийн хувцас өмсдөг байсан. Ханна сүйт бүсгүй болж хувцаслахад Никоол сүйт залуу нь болж хувцаслана. Гүнжийн хувцаснаас гадна эрэгтэйнх нь бүх хувцас бидэнд байдаг байсан. Никоолийн Халлоуинээр өмсдөг хувцас нь барилгын ажилчин, Франкэнштэйн, цагдаа, Батман, шэрифф, ковбой гэх мэт байсан. Никоолийн хувьд эмэгтэй хүүхдийн зүйлгүй байх нь түүнд таалагддаг байсныг бид анзаарсан. Ихрүүдэд төрсөн өдрөөр нь ижилхэн зүйлс авч өгөхөд Никоол боловсноор талархаад, ихэртээ хандан “Энийг ав ав” гэдэг байсан.
Хүүхэд чинь одоо хүйсээ хэрхэн илэрхийлдэг вэ?
Тэрээр өөрийгөө одоо ч эмэгтэй гэдэг. Учир нь их шударга ба бэлэг эрхтэнийхээ талаар худал ярьж чадахгүй гэдэг. Хэчнээн Никоолийн зүрх, тархи нь бие эрхтэнтэй нь зөрдөг ч тэрээр бүх зүйлийг шууд утгаар нь хүлээж авч, тодорхой боддог учир өөрийнхөө бие эрхтэнийг үгүйсгэж чаддаггүй юм.
Нэг өдөр хүүхдүүд “Хатагтай Даутфаяр” киног үзэж байхад нь зарим хүн өөрийнхөө төрсөн хүйсээс өөр хувцас өмсдөг гэж би хэлсэн юм. Тэгэхэд Ханна эсрэг хүйсийн хүн болох эм ууж болдог гэхэд Николь жинхэнээсээ анхаарсан. Никоол Ханнад итгэхгүй, надаас үнэн эсэхийг асуусан. Тэгэхэд нь хүмүүс үнэхээр дааврын эмчилгээ хийлгэж, илүү эр, эсвэл эм төрхтэй болдог гэж түүнд хэлсэн. Никоол үсэрч ирээд “Би тэгэхийг хүсч байна” гэсэн.
Таньдаг хүмүүс хэр ойлгож, дэмжсэн бэ?
Бидний амьдралд байдаг ихэнх хүмүүс Никоолийг хайрладаг. Түүний хамт тоглодог хүмүүсийн 99% нь хөвгүүд. Никоол ангидаа охидтой боловсон байдаг ч хамт тоглодоггүй. Никоолийг юу өмсч байна, хэрхэн тоглож байна гэж хөвгүүд гайхширдаггүй, түүнтэй спорт, дайн, эсвэл бусад тоглоом тоглохдоо адилхан эрх тэгш гэж хардаг.
Никоолийг том болох тусам нь түүнийг дэмжих эцэг эх, сургуулийн ажилтнуудыг би идэвхтэйгээр хайсаар байгаа. Транс асуудлын талаар, хүйсийн хувьд өргөн асуудлуудыг би хүмүүст ярьж, энэ талаар нөлөөлөхийг оролддог. Зарим хүмүүс угийн л нээлттэй сэтгэхүйтэй. Зарим хүмүүс шууд л өөрсдөө эсвэл найзууд нь бага насандаа эршүүд байсан тухайгаа яриад, хэсэг хугацааны дараа бүх зүйл зүгээр болно гэдэг. Тийм хүмүүст би Никоол том болоод энэ болгоноо өөрчлөх ёстой гэж боддоггүйгээ илэрхийлээд, Никоол өөрийнхөөрөө байна, харин би тэр болгоныг зөвхөн ажиглана гэдгээ л хэлдэг.
Таны хүүхэд өөрийнхөө эсвэл таны хүйсийн хувьд ямар нэг бэрхшээлтэй тулгарсан уу?
Одоог хүртэл бидэнд тийм их бэрхшээл тулгарсангүй ч бэлгийн бойжилтынх нь үед өөрчлөгдөх байх.
Хүүхдүүдийг хүйсээр нь биш, өөр зүйлээр нь жишээлбэл хуваах ч юм уу гэх мэтийн асуудлаар сургуулийнх нь багш нартай ярьсан л даа. Никоол харваас таагүй байгаа бүлэгт түүнийг хүчээр байлгах нь эвгүйг тэд харж ойлгосон.
Хүүхдийн чинь талаар хүмүүс юу мэдээсэй гэж хүсч байна? Таны хүүхдийн онцгой зүйл юу вэ?
Никоол бол супер гайхалтай хүн. Бодсон зүйлдээ заавал хүрдэг, миний мэдэх хүмүүсээс магад хамгийн хичээнгүй, ажилсаг нь. Тэрээр амьдралыг эерэг байдлаар харж, бусдад туслаж, хүмүүстэй шударга байж, хүмүүсийг халамжлахыг хүсдэг.
Хүүхдийнхээ хүсэл мөрөөдлөөс хуваалцах уу?
Ирээдүйд ирж болох амьдралынхаа хүнд үед ч өөрийнхөө эерэг хандлагаа хадгалаасай гэж би хүсдэг. Николь хэн гэдгээрээ аз жаргалтай хэвээр байгаасай л гэж эцсийн дүндээ хүсдэг дээ.
Ноа, 15 настай, Герман
Дараахийг Ноа бичсэн.
Хэдэн настайдаа өөрийнхөө жинхэнэ хүйсийг ойлгосон бэ? Яаж өөртөө итгэсэн бэ?
Нэг жилийн өмнө л ямар нэг зүйл үнэхээр буруу байгааг би ойлгосон. Миний хувьд бэлгийн бойжилт, сургууль гээд л бүх зүйлээс шалтгаалан их толгой эргэм үе тохиосон. Миний амьдралд өмнө нь ч асуудал, бэрхшээл байсан ба энэ асуудал өөрөө алга болох байх гэж бодсон. Гэхдээ 2015 оны 11-р сараас хүйсийн тавгүйцэл маань эхэлсэн. Бие маань дэндүү тавгүй мэдрэмж өгч эхэлсэн учир зүгээр л нэг тийм үе биш байж магад гэж бодож эхэлсэн. Би эмэгтэй хүн гэж өөрийгөө мэдэрдэггүй, эмэгтэй бишээ ойлгохын тулд олон удаагийн оролдлого хийсэн.
Хүмүүст хэрхэн хэлсэн бэ? Тэр мэдрэмжээсээ хуваалцах уу?
Нэлээд дээрээс өөрийгөө бисексуал гэж, дараа нь лесбиян (тэр үед пансексуал гэдэг ойлголт надад байгаагүй) гэж хүмүүст хэлсэн, дараа нь эмэгтэйгээс эрэгтэй лүү хүйс шилжиж буй транс эрэгтэй гэдгээ хэлсэн. Инстаграм дах өөрийн тухай мэдээллийг шинэчилж, эрэгтэй нэртэй болсон. Зарим хүмүүс үүнийг харсан байсан учир би ангийнхандаа бүгдийг тайлбарласан мессеж бичсэн. Германд транс асуудалтай эсвэл ижил хүйсийн бэлгийн чиг баримжаатай холбоотой зүйл бэлгийн боловсролын хөтөлбөрт байдаггүй учир сургууль дээр намайг хүүхдүүд янз бүрээр доромжилж хашгирна, хажуугаар нь зөрөхөд газар луу нулимана, гэхдээ яг нүүр лүү хараад доромжилж байгаагүй.
Жинхэнэ хүйсээрээ амьдрах ямар байна?
Энэ мэдрэмж бол үнэхээр гайхалтай. Би тайлбарлаж чадахгүй нь. Дэлгүүр орж юм авахад хүмүүс чамайг “Залуу минь” гэхэд газар дээрх хамгийн сайхан бэлэгнээс сайхан санагдаж, аз жаргалтай болдог.
Таньдаг хүмүүс чинь хэр дэмжиж байна?
Би гэр орныхондоо бүрэн өөрийгөө илэрхийлээгүй, учир нь ихэнх нь ойлгохгүй, эсвэл хүлээж авахгүй юм шиг санагддаг. Ээж маань миний төрсөн хүйсийн төлөөний үг болон өгсөн нэрээрээ намайг одоо хүртэл дууддаг. Надад муухай байдаг. Хааяа л миний эрэгтэй нэрээр дууддаг. Тэгэхээр би маш их баярладаг. Сахал маань ургасан ч, үсээ засуулсан ч, боовтой болсон ч би түүний охин нь байсаар байх болно гэж аав надад хэлсэн. Тэр үе ирсэн ч “Миний охин” гэж намайг дуудах байх гэж бодож байна.
Хүйсийнхээ талаар ямар бэрхшээлтэй тулгарч байсан бэ?
Юм авна гэдэг асуудал байдаг. Эрэгтэй жорлонд орвол зодуулдаг, эмэгтэй жорлонд орохоор надруу эмэгтэйчүүд орилдог. Германд аль аль хүйсийн хүмүүс ордог жорлон байхгүй л дээ.
Шилжилтэд орно гэдэг амар биш. Ялангуяа ээж аав чинь дэмжихгүй бол. Өөрийнхөө биеийг өөрчлөгдөж байгааг харах ч амаргүй. Миний хөх томроод, даруулга маань дарж чадахаа больсон (ядаж байхад цээжний даруулга үнэхээр үнэтэй! Герман луу захихад шуудангийн үнэ нь л 25€ болдог). Гэхдээ би бууж өгөхгүй ээ.
Чиний тухай хүмүүс юу мэдээсэй гэж хүсч байна? Чиний юу онцгой вэ?
Байнгын сэтгэл гутрал, өөрийгөө зүсэх, амиа хорлох тухай бодох, тоглоомонд донтох гэх мэтийг би давсан, энд байсаар, өөрийнхөө төлөө тэмцсээр л байна. Хүмүүс миний мэдрэмжийг үгүйсгэдэг байсан, гэхдээ хүн өөрөөрөө байж, хүсэл мөрөөдлөө дагах ёстой.
Хүсэл мөрөөдлөөсөө хуваалцах уу?
Тестостерон гэдэг ганц хүсэлтэй. Эм биетэй учир бэлгийн бойжилт миний биеийг хэрхэн өөрчилж байгааг харах их хүнд байгаа. Гэтэл бэлгийн бойжилтыг зогсоох эмчилгээг би зөвхөн эцэг эхийн зөвшөөрөлтэй хийлгэж болно. Том болохоороо би бүх ЛГБТК залуучуудад туслахыг хүсч байна. Яаж гэдгээ мэдэхгүй байгаа ч хүсч байгаа учир үүнийг хийх л болно.
Жастин*, 8 настай, транс хүү, Хойд Калифорни, АНУ
Дараахийг Жастины эцэг эх бичсэн. *Нэрсийг өөрчилсөн.
Хүүхэд чинь хэдэн настайдаа анх жинхэнэ хүйсээ хэн нэгэнд илэрхийлсэн бэ? Тэгэхэд нь ямар мэдрэмж төрсөн бэ?
Аав: “Хүү маань 7 настай байсан. Би эмээгийнхээ оршуулганд орохоор Филадельфид байж байлаа, тэгсэн эхнэрээс Жэймий хүү болохыг хүсдэг, нэрээ Жастин болгож өөрчилсөн гэсэн мессеж ирсэн. Жэймийгийн байсхийгээд л хийдэг ээлжит тоглоом шоглоом нь гэж би бодсон. Цаг хугацаа өнгөрлөө, олон сар ч өнгөрлөө, гэтэл яг үүгээрээ л байна. Миний бодит байдал орвонгоороо эргэсэн дээ.”
Ээж: “Яг тэр өдөр багш руу нь цахим шуудан явуулж, эрэгтэй төлөөний үг хэрэглэнэ, Жастин нэртэй болсон гэдгийг хэлээч гэж надаас гуйсан. Би хүсэлтийг нь биелүүлсэн. Тэр итгэлтэй байсан, би ч дотроо бас итгэлтэй байсан. Хүүхэд чинь иймэрхүү өөрөөр амьдарч чадахгүйгээ, дүр эсгэн амьдрахыг хүсэхгүй байгаагаа хэлэхэд үүнийг жинхэнэ гэж хүлээж авахаас өөр аргагүй байдаг. Би Жастинд “Юу ч болсон чамайг хайрласаар байх болно” гэж хэлсэн.”
Жинхэнэ хүйсээрээ амьдарч эхлэх нь танай хүүхдэд ямар мэдрэмж төрүүлсэн бол?
Аав: “Хүү маань тэр болгоноо ойлгох гээд л явж байгаа байх. Гэхдээ их жаргалтай харагддаг. Хүүгээрээ илүү өөрөөрөө байгаа юм шиг харагддаг.”
Ээж: “Жастин Жастин болсноосоо хойш тэврүүлдэг болсон. Шилжилтээсээ өмнө түүнд хүрэхийг ч бараг зөвшөөрдөггүй байсан. Хүүгээрээ илүү аз жаргалтай байгаа юм уу даа гэж боддог.”
Таньдаг хүмүүс хэр ойлгож, дэмжсэн бэ?
Аав: “Ихэнхдээ дэмжсэн. Гэр орныхон, эцэг эх, дотны найз нөхдөөс бусдад нь би хэлээгүй байгаа. Эцэг эх маань хуучинсаг хүмүүс учир ойлгоогүй л байна.”
Ээж: “Хааяа хүмүүс надаас асуух байхдаа гэсэн асуултыг асуудаг. ‘Хүүхэд чинь ийм жоохон байж яаж өөрийгөө мэдэх юм бэ?’ гэж. Жастины эмээ нь энэ болгоныг тоглоом мэт хүлээж аваад, дагана л гэсэн. Тэгэхээр нь үүнийг тоглоом бишийг би хэлсэн. Эмээ нь дандаа буруу төлөөний үгээр түүнийг дуудсаар байсан учир Жастиныг хүндлэж, хүсч буй нэр, төлөөний үгээр түүнийг дуудтал түүнд манай хаалга хаалттай гэж би хэлсэн.”
Транс байдлаасаа болж танай хүүхэд ямар асуудал, бэрхшээл туулсан бэ?
Аав: “Хүмүүс хэрхэн хандахаа мэддэггүй. Жастины хуучин сургуулийнхан, жишээ нь. Багш нар нь, захирал нь шилжилтийн үед дэмжиж, туслаагүй. Арай илүү ихийг уул нь хийж чадах байсан, жоохон л хичээхэд болох байсан. Гэвч ингээгүй учир Жастины хувьд бүх зүйл нурахад тэд зүгээр харсаар л байсан.”
Хүүхдийн чинь юу онцгой вэ?
Аав: “Тэр энэ дэлхийд орилсоор төрсөн. Одоо ч орилдог. Галын бөмбөлөг л гэсэн үг. Бүхэлдээ нэл энерги. Энергиэ зураг, бүжиг, дуу хөгжим, гимнастик, таэквондо, скэйтбординг гээд л хүссэн зүйлдээ төвлөрүүлэхэд тэр гайхалтай үр дүнд хүрдэг.”
Нэммээр зүйл байна уу?
Аав: “Би энэ болгоныг сонгоогүй. Гэхдээ би эцэг нь учир түүний төлөө байсаар байна. Хааяа би айдаг, ирээдүйд нь санаа зовдог. Жастиныг аз жаргалтай байгаасай гэж хүсдэг. Түүнийг хүмүүс хүлээн зөвшөөрөөсэй гэж хүсдэг. Найзуудтай байгаасай, хүсвэл юунд ч хүрч болоход итгээсэй гэж хүсдэг. Бас түүнд хүмүүс хайртайг мэдээсэй гэж хүсдэг.”
Эх сурвалж: Refinery29
Орчуулгын эх сурвалж: ЛГБТ Төв. Ашиглаж, өөрийн вэбсайтдаа дахин нийтлэхийг хүсвэл ЛГБТ Төвийн нэрийг дурьдаж, англи хэл дээрх эх сурвалж болон орчуулгын эх сурвалжийн холбоостой хамт нийтлэнэ үү.