ЛГБТИ эрх чөлөөний хөдөлгөөн дэлхий нийтэд хүний эрхийн хөдөлгөөн утгаараа нөлөөлснийг, энэ хөдөлгөөн АНУ-д 1960-1970-аад онд өрнөсөн иргэний эрхийн хөдөлгөөнүүдтэй салшггүй холбоотойг бид мэднэ. Харин энэ болгоныг дэлхийд таниулсан үйл явдал нь Стоунуоллын бослого байсан ба үүнийг манлайлан хөдөлгөсөн хүмүүс хэн хэн байсны талаар бид тэр бүр санадаггүй. “ЛГБТИ эрхийн хөдөлгөөний түүх” булангаараа бид дэлхийн өнцөг булан бүрт ЛГБТИ эрхийн хөдөлгөөнд үнэмлэхүй нэмэр болсон хүмүүсийн тухай нийтлэж байх болно. Эхний хүнээр бид ЛГБТИ хүмүүс, эмэгтэйчүүд, тэр дундаа транс эмэгтэйчүүдийн эрхийн төлөө дуу хоолойгоо чангаас чанга өргөж байсан Силвия Ривээрагийн тухай нийтэл ба түүнтэй 1989 онд хийсэн ярилцлагыг Making the Gay History: Podcast вэбсайтаас орчуулан хүргэж байна. Сонирхуулахад 2016 оны Бахархлын сарын үеэр Обаама ерөнхийлөгч Стоунуолл Инныг үндэсний түүхэн газар болгосон билээ.

Силвия Ривээра амьд байсан бол өөрийгөө билэг тэмдэг болсныг мэдээд баярлах байсан байх. Тэрээр ЛГБТК хүмүүсийн төлөө, эрх тэгш байдлын төлөө бас цагдаа нарын дарамтын эсрэг тэмцэж байсан нэгэн өөрийгөө яг л адил хүн байсан гэдгийг мэдүүлэхийг хүсэх байсан биз. Рэй Ривээра нэртэй хүүхэд 1951 онд Бронкст төрсөн аж. 11 жилийн дараа өөрийгөө эмэгтэйлэг гэж тодорхойлдог Рэй 42 дугаар гудамжинд голоо зогоохын тулд олон төрлийн ажил хийдэг байжээ. Силвия 17 настай байхдаа Стоунуолл Инн бааранд 1969 оны 6 сарын 28-нд түүх бүтээлцсэн ба 51 насандаа нас бартлаа ЛГБТК хүмүүсийн тэгш эрхийн төлөө тэмцэж, хар тамхины асуудал ба гэр оронгүй байдлаасаа ихээхэн зовдог бас тэмцдэг нэгэн байсан юм. Силвиягийн талаар илүү их мэдээлэл авахыг хүсэж байгаа бол 1973 онд Кристофер Стрийт Эрх чөлөөний алхалтыг Вашингтон Паркд хийж байсан видеог нь үзнэ үү. Тухайн алхалтын үед лесбиян феминистүүд түүнийг өмссөн хувцаснаас болж ялгаварлан гадуурхаж байна гээд эсэргүүцсэн ч тэрээр алхалтаа хийжээ.

 

 

Силвия ба түүний найз Маарша П. Жонсон хоёрын тухай киног Дэвид Франс, Рейна Госсет, Саша Ворцел нар хийж байгаа юм байна. 2015 оны NBC-гийн нийтлэл болох “Мартагдсан латин зам гаргагч” дээр Раул Рэес Силвиягийн амьдралын тухай ба түүний ЛГБТИ хүмүүсийн иргэний эрхийн хөдөлгөөнд яаж нөлөөлсөн тухай бичсэн байдаг. Түүний гаргасан ганц алдаа нь Стоунуоллд болсон үйл явдлыг ЛГБТИ хүмүүсийн иргэний хөдөлгөөний эхлэл хэмээн тэмдэглэсэн байдаг. Үнэндээ 1969 он гэхэд ЛГБТИ хөдөлгөөн эхлээд бараг 20 гаруй жил болж байсан юм.

Хэрвээ та Стоунуолл хөдөлгөөний тухай илүүг мэдэхийг хүсвэл Дэвид Картэрийн Стоунуоллын тухай бичсэн ном, мөн Эрик Маркусын Нью-Йорк Постод Стоунуоллын 40 жилийн ойд зориулж бичсэн түүхийг уншаарай. Түүнээс гадна PBS-ийн “Америк туршлага” хөтөлбөрийн 2010 онд гаргасан Стоунуолл бослогод оролцогсдыг батгаасан баримтат кино байгааг үзээрэй.

Эрик: Рэй Ривээратай хийсэн ярилцлага, 12 сарын 9, 1989 он, өдрийн 4 цаг. Рэй Ривээрагийн гэр, Тэрритаун, Нью-Йорк. Ярилцагч нь Эрик Маркус. Кассет 1, тал 1.

Силвия: Стоунуолл нь драг күийний баар байгаагүй юм. Хүн болгон л байсан гэж ярьдаг болохор би хүмүүстэй маргалдаж эхэлдэг. Тэд “Өө, үгүй ээ, драг күийний баар байсан бас өнгөт арьстай хүмүүсийн баар байсан” гэдэг. Үгүй ээ, Вашингтон талбайн баар чинь драг күийнүүдийн баар байсан юм. Яг үнэндээ цөөхөн драг күийнүүд л Стоунуолл руу очдог байсан бас тэнд зөвхөн таньдаг хүмүүсээ л оруулдаг баар байсан.

Бид дөнгөж Вашингтоноос ирчээд байсан цаг, миний анхны амраг ба би. Бид хуурамч чек хийгээд л бас өөр юу юу ч хийдэг байсан юм. Тэгээд л Стоунуолл руу явья гэсэн юм. Тэнд очиж хүссэнээрээ хөгжилдье, өөрсдийнхөөрөө байцгаая гэсэн. Миний Стоунуолл орсон гайтай анхны удаа байхгүй юу.

Би бүхэлдээ драг күийний хувцсаа өмсөөгүй байсан, аяатайхан эмэгтэй хослол л өмссөн байсан. Трапецан өмд тэр үед гарчихсан байсан. Би гэртээ маш гоё хувцас өөртөө хийснээ өмсөөд, үсээ задласан байсан. Маш их нүүрний будаг, маш их үс.

Эрик: Та бааран дотор ууж байсан уу эсвэл зүгээр зогсож байсан уу?

Силвия: Би ууж байсан. Цагдаа нар орж ирсэн. Мөнгө авдгаараа мөнгө авах гэж орж ирсэн. Тэд нар орж ирнэ, баарыг хаана. Яг явсных нь дараа мафи хаалганы түгжээг зүсээд орно, тэдэнд шинэ кассны машин, илүү мөнгө, илүү их архи ч байдаг байсан. Бидний амьдрал тэр үед яг л тийм байсан. Бид нар тэгэж л амьдрах хэрэгтэй байсан. Тэр өдрийг хүртэл.

Үйлчлүүлэгчиддээ байсан уу, цагдаа нарт байсан уу. Зүгээр л (хуруугаа дуугаргав), бүх юм тэр өдөр таарсан бас болсон.

Бүгд л яагаад ингээд байж байх ёстой юм бэ гэж бодсон. Бааранд байсан хүмүүс, Стоунуоллд байсан хүмүүс өөрсдөө олон төрлийн хөдөлгөөнүүдэд оролцдог хүмүүс байсан, тэгээд л ямар нэг юм хийе гэсэн. Бид  хийх болно гэсэн. Бид нарыг аятайхан гадагш гаргахад Шэридан паркийн эсрэг талд зогсож байхдаа бүгд бие бие рүүгээ хараад л. Яагаад бид энэ бүгдийг тэвчих ёстой гэж? Бүх никель, пэнни, куартер зоосуудаа шидэж эхэлсэн.

Эрик: Яагаад? Яагаад тэгсэн юм бэ?

Силвия: Төлбөр. Бидний тэдэнд өгсөн төлбөр байсан юм.

Эрик: Аан… Аан за за за.

Силвия: Бидний төлбөр байсан.

Эрик: Энэ нь хариу өгөх билэг тэмдэг байсан юм байна.

Силвия: Тийм ээ. “Та нар мөнгөө авсан биз дээ…”

Эрик: “Дээр нь бас май” гэж үү?

Силвия: Дээр нь бас май гэж. Тэнд байна гэдэг… үнэхээр үзэсгэлэнтэй байсан.

Эрик: Сэтгэл догдлом байсан уу?

Силвия: Маш гайхалтай байсан. Бид нээрээ ингэж байна гэхэд, бид тэмцэж байна гэхэд. Бид тэдний нервээр тоглож байсан. Цагдаа нар өөрсдөө шоконд орсон. Пайн гэх байцаагч үнэхээр айсан. Тэгээд ч түүнд нэмэлт хүч байгаагүй. Тэр мэдэж байсан…. Гей олон нийт түүнд тэр үед яаж хариу барихыг тэр огт гадарлаа ч үгүй байсан.

Эрик: Таны бодлоор хүмүүсийн тийм үйлдэл гаргасан нь маш удаан уурласных байсан уу?

Силвия: Хүмүүс маш удаан тэвчсэн бас уурласан. Тэгээд ч хэр удаан өөрсдийгөө нууж амьдрах юм бэ?

Би аль хэдийн өөрийгөө нуухаа больсон байсан.

Тэр үед яг байгаагаараа байх нь юунаас ч айх айдсыг арилгадаг байсан.

Тэр үед хүмүүс эмэгтэйлэг залуу эсвэл эршүүд эмэгтэйчүүдийг дандаа гайхаж хардаг байсан. Бид зүгээр л хүссэнээрээ байдаг байсан бас хэнээр ч доромжлуулдаггүй байсан. Бидэнд алдах зүйл юу ч байгаагүй. Харин өөрсдийгөө нууж амьдардаг байснууд нь дажгүй ажилтай эсвэл гэр бүлтэй хүмүүс байсан байх.

Би эмэгтэйлэг байх заяатай төрсөн. Эмээ гэртээ ирээд л намайг эмэгтэй хувцас өмссөн байхыг хардаг байсан. Мэдээж би зодуулдаг байсан. “Бид ингэдэггүй. Чи банди нарын нэг. Би чамайг механик болгомоор байна”. Би: “Үгүй ээ, би үсчин болмоор байна” гэдэг байсан. “Би үүнийг хиймээр байна. Би бас энэ хувцсыг өмсмөөр байна” гэнэ.

Би 1951 оны 7 дугаар сарын 2-нд шөнийн 2 цаг 30 минутад Линкольн эмнэлгийн машины зогсоол дээр төрсөн. Хөгшин хатан хүлээж чадаагүй. Би: “Би гудамжинд төрөхөд бэлэн боллоо” гэсэн биз. Манай эмээ дандаа энэ талаар дандаа ярьдаг байсан юм. Би урдаас нь “Тийм ээ, одоо та намайг яагаад гудамжны буланд зогсдогийг мэдлээ” гэнэ.

Эрик: Тийм үү?

Силвия: Тийм.

Эрик: Тэгэхлээр та….

Силвия: Би бэлэн байсан гэсэн үг. Би дандаа эмээгээ санадаг юм. Яагаад гэвэл ээж маань намайг 3 настай байхад нас барсан. Эмээ маань намайг өсгөсөн. Намайг гэрээ орхих хүртэл эмээ маань өсгөсөн юм.

Эрик: Та гэрээсээ 10 настайдаа явжээ.

Силвия: Тийм ээ. Би гэрээсээ 10 нас хагастайдаа явсан. Бараг л 11 настайдаа.

Яагаад тийм эрт гэрээсээ явсан гэхээр эмээ маань нэг өдөр нүдэндээ нулимстай ирээд: “Тэд нар чамайг Пато гэж дуудаж байна” гэсэн. Энэ нь испаниар “гомо” гэсэн утгатай үг. Эмээд минь маш хүнд туссан байсан. Бас эмээ минь намайг ямар хүн гэдгийг мэдэж байсан. Тэр мэдэж байсан.

Би эмээгээ маш их хүндэлдэг байсан болохоор түүнийг зовж шаналаасай гэж хүсээгүй. Миний зовох ч яахав. Би түүнийг зовоохоос айж байсан юм.

Эрик: Та яаж гудамжинд амь зогоодог байв?

Силвия: Гудамжны хүүхэн болсон. Гудамжинд зогсоод л мөнгө олно доо.

Эрик: Тийм багадаа.

Силвия: Тэр үед мөнгө олоход амар байдаг байсан.

Би хэдэн удаа эмээгийнхээ тусламжтайгаар шоронгоос гарч ч явлаа. Миний эмээ тийм л байсан. Тэр дандаа ирдэг, намайг гаргаж авдаг байсан. Ирээд л “Энэ чинь миний ач хүү, түүнийг авч явна” гээд л.

Эрик: Таныг яагаад хорьдог байсан бэ?

Силвия: Биеэ үнэлсэн л гэнэ, эсвэл сэлгүүцсэн л гэнэ. Том хэргээр хэзээ ч барьж байгаагүй. Хэрвээ чи 42 дугаар гудамжинд алхаж байвал, тэгээд гомо юм шиг харагдах төдийд л шууд саатуулагдана.

Эрик: Тэгэхээр та хэд хэдэн удаа шоронд орж байжээ.

Силвия: Өө, би маш олон удаа орж байсан. Олон нийт дандаа драг күийнүүдээсээ ичдэг байсан.

Эрик: Яагаад гэж та бодож байна?

Силвия: Яагаад гэж миний бодох нь асуудал биш, угаасаа ичдэг.

Эрик: За, та яаж мэдэж байгаа юм бэ?

Силвия: Стрэйт бэлгийн чиг баримжаатай олон нийт харахдаа “Гомо нар нэг бол драг хувцас өмсөнө эсвэл хэтэрхий эмэгтэйлэг байна” гэдэг. Гэтэл хүн байгаагаараа л байх ёстой. Яг л цагаандуу африк эмэгтэйг эсвэл эрэгтэйг цагаан арьстан гэж хэлээд байдаг шиг. Би өөрийнхөө байгаа байдлаас өөрөөр огт хэлүүлмээргүй байна.

Эрик: Угаасаа таныг стрэйт эрэгтэй гэж хэн ч андуурахгүй.

Силвия: Тийм ээ, хэн ч андуурахааргүй.

Эрик: Энэ насанд л лав биш.

Силвия: Энэ насанд л биш. Би өөрийнхөөрөө байх дуртай. Энэ нь хөгжилтэй… Силвия байх хөгжилтэй. Энэ тоглоомыг тоглох нь хөгжилтэй.

 

Ярилцлагын эх сурвалж: Making the Gay History: Podcast

Орчуулгын эх сурвалж: ЛГБТ Төв. Ашиглаж, өөрийн вэбсайтдаа дахин нийтлэхийг хүсвэл ЛГБТ Төвийн нэрийг дурьдаж, англи хэл дээрх эх сурвалж болон орчуулгын эх сурвалжийн холбоостой хамт нийтлэнэ үү.