Болзох гэдэг амаргүй. Танилцлаа, яриа өрнүүллээ, кофе (эсвэл пиво, дарс) уулаа. Чиний хувьд амжилттай болсон гэж бодох ч тэр эргүүлж чам руу мессеж бичсэнгүй. Анхны болзоо дараа дараагийн болзоо болсонгүй. Юун дээр алдсан юм бол?

Чи түүнд сонирхолтой санагдсангүй: хэрэв болзоон дээрээ түүнээс “Чи хаана ажилладаг вэ?”, “Улаанбаатарт амьдраад удаж байна уу?”, “Ээж аав чинь аль нутгийнх вэ?” гэсэн асуулт л тавьсан бол тэр чамайг уйтгарын далай гэж бодсон байх нь тодорхой. Тиймдээ ч дахин уулзахыг хүсэхгүй байх магадлалтай. Өөрийнхөө хувь хүн гэдгийг харуулах нарийн нандин дурсамжаасаа хуваалцах, анх согтсон паянгаа ярих, нийгмийн асуудал, улстөр, ЛГБТИ эрхийн нөхцөл байдал гээд нухацтай зүйл ярьснаар өөрийн гэсэн үзэл бодолтой хүн гэдгээ чи түүнд таниулна.

Болзоогоо тодорхойгүй байдалтай төгсгөсөн учир түүнийг сонирхсон гэж тэр бодсонгүй: болзооныхоо төгсгөлд “Тэгэж байгаад уулзья” гэж цаг хугацаа, үйлдлийг тодорхойгүй орхисноос тэр чамд таалагдсан л бол “Ирэх долоо хоногт уулзах завтай бол хэлээрэй, дахин уулзахыг хүсч байна” гэх хэлэх нь илүү зохимжтой. Хэрэв чи түүнд таалагдаагүй бол ийн завыг нь асуух нь түүнд “Өө зав үнэхээр муу байгаа” гэж бултах боломжийг олгодог. Туршаад үзээрэй. Харин тэр хүн чамд үнэхээр таалагдсан бол орой нь, эсвэл маргааш нь цагийг өнгөрөөх сайхан байсан, танилцсандаа баяртай байна гэж хэлээд үзээрэй. Хэрэв тэр чамд талтай бол дараа болзохын тулд үүнийг л хүлээж байсан байх вий.

Болзсон өдрөө ор луу бүү шурга: ихэнх хүн анх болзсон өдрөө оронд хамт орсон бол дахин чам руу залгахгүй байх магадлал өндөр учир тэр үнэхээр чамд таалагдсан бол үйл явдал илүү өрнөж, бие биеэ танихыг хүлээсэн нь дээр. Мэдээж хүн бүр өөр учир өөр өөрөөр орны асуудалд хандахыг бүү мартаарай. “Яасан ч яахав, өнөөдөр л ор луу шургах чухал” гэвэл харилцан зөвшилцсөн, аюулгүй, хамгаалалт бүхий бэлгийн хавьтал чамайг ч, түүнийг ч хамгаалахыг бүү мартаарай.

Ингээд та хоёр байнга болзож эхэллээ. Чи бага багаар түүнд татагдсаар байгаагаа мэдэрнэ. Харин тэр яаж байгаа бол? Дараахь зүйлсийг хийж байвал тэр ч чамд үнэхээр татагддаг байх бий вий.

#Өөрөө эхлэж мессеж бичдэг: хэрэв чи л бүх яриаг эхлүүлдэг бол тэр чиний тухай боддог, үгүй нь тодорхойгүй. Харин чиний зүгээс сануулах шаардлагагүйгээр чам руу мессеж бичдэг бол тэр чамайг бодоостой.

#Мессеж дотроо эможи ашигладаг: энэ цаг эринд эможи ашигладаггүй хүмүүс цөөн. Хэрэв чиний байнгын ирмэлт, инээмсэглэл, зүрх эможид нэг ч хариу эможи ирэхгүй бол тэр чамд дурлаагүй л болов уу.

#Мессеж бичихгүй, чам руу залгадаг: чамайг илүү мэдэхийг, танихыг хүсдэг, чиний хоолойг сонсохыг хүсч байгаа нь бас нэг сайн дохио.

#Та хоёрын дараагийн болзоог төлөвлөдөг: тэр чамайг үнэхээр сонирхоогүй бол тэр чигээрээ алга болж болно. Гэтэл дараагийн болзоон дээрээ юу хийхээ төлөвлөж байна гэдэг үнэхээр чамд татагддагийнх.

#Чамайг асуултаар булдаг: чиний тухай илүү ихийг мэдэхийг хүсдэг учир ийн чиний бүх зүйл түүнд сонирхолтой байгаа.

#Чамайг гэртээ урьсан: тэр чамд татагдаагүй бол яах гэж гэрээ зааж өгөх билээ.

#Хонооч гэж урьсан: гэрт нь очоод, кино үзээд, хоол идээд, такси дуудахын оронд “Хоноод яв гэж байвал чи түүнд үнэхээр таалагддаг.

#Өдөр чамтай холбогддог: шөнө 3 цагт “Сэрүүн байна уу?” гэдэг мессеж л чамд явуулдаг бол чамайг юу гэж харж байгаа нь тодорхой. Харин өдрийн цагаар чамтай холбогдож, өдрийн чинь тухай асууж, өөрийнхөө өдрийн талаар хуваалцаж байвал чи түүнд таалагддаг.

#Чамайг найзууддаа танилцуулсан: найзуудтайгаа танилцуулна гэдэг юмс нэлээд нухацтай болж байгаагийн шинж.

#Болзоонууд кинотеатраас өөр газарт болдог: болзох бүрт кино л үздэг бол чамайг илүү танихыг хүсэхгүй байгаа, үггүйгээр “Далд ор” гэсэн мессежийг өгч байгаа нь тэр. Харин ярилцах боломжтой өөр газруудад болзоо явагдвал юмс нэлээд урагшилж буйн тэмдэг.

#Чамд бүтэлгүйтсэн явдлаа ярьсан: тэр бүр хүмүүс эвгүй байдалд орсноо нээлттэй ярьдаггүй ба үнэхээр итгэж, нээлттэй байхыг хүссэн хүнтэйгээ л үүнийгээ ярьдаг.

#Өөр хүмүүстэй болзохыг хүсч байгаа эсэх талаар шударгаар чамтай ярилцсан: харилцааны тухай ямар нэг хэмжээгээр ингэж ярьж байгаа нь ирээдүйд үргэлжлэлийг хүсч байгаа учир тэр.

#Чамд ямар нэг зүйл худалдаж авч өгсөн: үнэтэй бэлэг сэлтээр чамайг булахдаа биш, жижигхэн бэлэг ч түүний чамд цаг, мөнгөө зориулахад бэлэн байгаа сэтгэлийг харуулна.

#Хамт аялахыг урьсан: солиотой биш л бол таалагддаггүй хүнтэйгээ хүн аялалд гарахыг хэзээ ч хүсэхгүй. Тиймээс хамт аялья гэсэн бол томоос том дохио шүү.