ЭНЭТХЭГ
Энэтхэгийн домгуудад бурхад өөр өөр үед өөр хүйстэйгээр хүмүүст үзэгддэг, эсвэл эр, эмийн аль аль шинжийг агуулсан гэх маш олон жишээ байдаг. Бурхан биш бодгалууд ч бурхадын ивээл, хараалаар эсвэл жам ёсоор төрөл дахин олохдоо хүйс нь өөрчлөгддөг хэмээн бичигдсэн байдаг. Бурхадын ижил хүйсийн хавьталд орж буй олон дүрслэл хиндү шашны сүмүүдэд байсаар байдаг ба хамгийн алдартай нь Мумбайн ойрх Ажаанта ба Элоора ба Кажураахо сүм агуйнуудад бий. Хиндүизмын пантеоны дээд бурхадын нэг Шийва, эхнэр Паарватитайгаа нэгдсэн Ардханишваара буюу интерсекс байдлаар дүрслэгддэгээс эхлэн хүйсээ байнга өөрчилж, эмэгтэй бурхан Мохийнигийн дүрд хувилан Шийватай хавьталд орж, хүүхдийг нь гаргасан Вишнүү, Вишнүүгийн нэг дүр болох Кришна мөн л Мохийнигийн дүрд хувилж, Аравантай гэрлэж байсан, Махаабхараатын нэг баатар болох эмэгтэй хүйстэн төрсөн ч якшастай хүйсээ солилцон эрэгтэй болсон транс эр Шикхаанди, Свааха эхнэртэй, мөн сарны эрэгтэй бурхан Сома нөхөртэй байсан галын бурхан Аагни, Дарь эх сарны бурхан Чаандратай араар тавьсныг хараасан хараалаар эр ч биш, эм ч биш төрсөн Будха Грааха (Буд гараг), энэ ертөнцийн өнгөц хуурмагт өөрийгөө хууртахгүй хэмээн бардамнагч цөөрөмд унаж, ой ухаанаа алдахаас гадна нь хүйс нь солигдож, насаараа хааны эхнэр амьдарсны дараа нөхрийгөө нас барахад л төрсөн хүйс ба ой ухаанаа олж авсан мэргэн Нараада, Ганга мөрнийг дэлхий дээр авчирсан гэгддэг, хоёр эмэгтэйгээс төрсөн Бхагираата хаан гэх мэт маш олон бурхад бий.
ХЯТАД
Хятадын үлгэр домог нь ижил хүйсийн харилцаануудаар дүүрэн байдаг нь хятадууд ижил хүйсийн хайр дурлал, харилцааг бүрэн хүлээн зөвшөөрдөг байсныг харуулдаг ба тэр нь даоизм, конфуцианизм, сүүлд буддизмтай холбоотой байсан. Даоизмаас өмнө хятадуудын ихэнх нь бөө мөргөлтэй, ихэнх бөө нь удган байжээ. Гей хайр дурлалыг домогт өмнөд зүгээс гаралтай гэж үздэг байснаас хааяа ийм хайр дурлалыг “өмнөдийн салхи” гэдэг байв. Хятадын үлгэр домгийн олон сахиус, бурхад гей, бисексуал эсвэл транс байсныг судлаачид бичиж үлдээснээс заримдаа эмэгтэйгээр, заримдаа эрэгтэйгээр дүрслэгддэг, хувцсыг нь хараад хүйсийг нь таах боломжгүй даоизмын үндсэн найман бурханы нэг Лан Цайхө, МЭӨ 2200-2101 онуудад амьдарч байсан Агуу Юу хаан, Чоу Ван, Шан Гү, Гүн, Тү Эр Шэн. Эдгээрээс гей эрчүүдийн бурхан нь хэмээгддэг, нэр нь “туулай бурхан” Тү Эр Шэн юм. Түүнийг шүтэх сүмийг Тайваны Ёнхээ хотод нэгэн даоист гей лам байгуулсан байдаг. Ардын аман зохиолд ч амьтадын сахиусууд ижил хүйсийн хамтрагч, ялангуяа залуу эрчүүдийг сонгодог тухай гардаг ба зөвхөн луу л насны хувьд хөгшин эрчүүдийг эргүүлж, тэдэнтэй бэлгийн хавьталд ордог тухай гардаг аж. Уран зохиолд ижил хүйсийн хайр дурлал “хагас идсэн тоор”, “хайчилсан ханцуйн хайр” хэмээх нэрээр алдаршсан байдаг.
ЯПОН
Японы ардын аман зохиол болон үлгэр домгоор ижил хүйсийн хайрыг дэлхийд Шинүү Но Хафуури, түүний амраг Амаа Но Хафуури нар танилцуулсан гэдэг. Хос нарны бурхан Аматэраасугийн зарц байсан ба Шинүүг нас барахад Амаа гутралаа дийлэлгүй амиа хорлосон ба хосыг нэг булшинд оршуулжээ. Өөр нэгэн ижил хүйсийн домог нь нарны бурхан Аматэраасутай холбоотой. Тэрээр ах Сууса Но О-той маргалдаад, агуйд бүгэхэд дэлхийн наргүй болсон ба агуйгаас нь гаргахаар бүжиг, хошин шогийн бурхан Амээ Но Үзүүмэ хөх, үтрээгээ харуулсан задгай, тачаалт бүжиг бүжиглэхэд Аматэраасу агуйгаасаа цухуйдаг ба транс бурхан Иший Коори Доомэ шидэт толь өмнө нь барихад бүжиг ба өөрийн тусгалдаа автсан Аматэраасу агуйг битүүлж байгааг анзаардаггүй аж. Шинтоогийн бурхад амьдралын бүхий л зүйлийг амсдаг ба “шудоо” буюу ижил хүйсийн хавьталд ч мөн ордог хэмээн үзэгддэг. Хагас хүн, хагас могой, эмэгтэй эсвэл транс дүрээр дүрслэгддэг Ширабиёоши, аж үйлдвэр болон төрөлтийг ивээдэг транс уулын сахиус Ооямакүй, өөр өөр хүйсээр дүрслэгддэг газар тариалан, будааны бурхан Инаари, дүрээ хүслээрээ өөрчилдөг, эрчүүдтэй бэлгийн хавьталд орохын тулд эмэгтэй болж хувирдаг үнэгэн Кицүнээ гэх мэт бурхад бий.
ФИЛИППИН
Колоничлолоос өмнөх Филиппинд үхлийн бурхан Сидапааг ижил хүйсийн хайрын үндсэн төлөөлөл хэмээн үздэг байв. Түүнийг дүрслэхдээ бадриун, царайлгаар дүрсэлдэг ба сарны бурхан хүү Булааны төлөө дайны бурхан Макандук, далайн түрлэгийн эмэгтэй бурхантай тулалдсан гэдэг. Ганцаардсан үхлийн бурхан сарны бурхан хүүгийн үзэсгэлэнд дурлаад лусын дагинас, шувуудыг Булааныг уяртал дуулж, гэрэлт цохнуудад болзох газрыг гэрэлтүүлэн Булаанд дохио бол хэмээн гал өгсөн гэдэг. Хос ханилан жаргасан ба Антийк мужийн Мажаас уулын дотор тэврэлдэн унтдаг хэмээн хүүрнэдэг аж.
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ. Тун удахгүй Европ, Мезоамерик, Номхон далайн орнуудын ЛГБТИ хүмүүстэй холбоотой үлгэр домгийг орчуулан хүргэх болно.
Эх сурвалж: Wikipedia
Орчуулгын эх сурвалж: ЛГБТ Төв