ЭРТНИЙ ГРЕК, РООМ
Грекийн үлгэр домогт эрчүүдийн хоорондох хайр дурлал маш ихээр багтсан байдаг. Эдгээр домгууд нь барууны дүрслэх урлаг болоод хөгжимд (жишээ нь Мооцартын анхны дуурийн жүжиг нь 1767 онд бичигдсэн “Аполло ба Гиацинт” байсан) нэн чухал нөлөөлсөн гэж үздэг ба анхдагч домгийн баатруудын тухай дахин дахин өөр өөр хэлбэрээр бичин, тэднийг бэлгэ тэмдэг болгосон байдаг. Харамсалтай нь эмэгтэйчүүдийн хоорондох хайр дурлал зөвхөн нэг домгоос бусад сонгодог домгуудад төдийлэн байдаггүй. Помоона эмэгтэй бурханг үржил шимийн олон эр бурхад уяраах гэж оролдсон ч зөвхөн ахимаг насны эмэгтэйн дүрд хувилж ирсэн бурханд л зөвшөөрсөн гэдэг. Хайрын бурхан Афодита ба түүний дагалдагч бурхад Ээрос, Химээрос, Поотос нар гей хайрын ивээгчид байсан хэмээн үзэгддэг. Ээрос бурхан өөрөө ч Гераакл, мөн эр амрагуудад үзэсгэлэн гоо, үнэнч байдал, хүч чадал, уран үгийг хайрлагч Гермээстэй цуг ижил хүйсийн хайр дурлалын олон түүхтэй. Эртний Грекийн яруу найрагч Сапфо Афродитаг лесбиянуудын ивээгч хэмээн дурдсан байдаг. Оовидын “Метаморфозис” туульд Ийфисийн хүйс солигддог.
Эртний Грек, Роомын энгийн бэлгийн мөн чанар нь бисексуал байдал байсан хэмээн хэлж болохуйц. Өсвөр наснаасаа хөвгүүд нас биед хүрсэн эрийн дагуул болж, эрдэм урлагт суралцахын хажуугаар мөн бэлгийн харилцаатай болдог байсан ба 25 нас хүрээд эхнэр авч, залуу хөвгүүдийг сургах ээлж нь ирдэг байжээ. Эмэгтэйчүүдийн хоорондох хайр дурлалын талаар Сапфогийн шүлгүүдийн хэсгээс гадна ямарваа түүхэн мэдээ тэмдэглэгдэж үлдээгүй нь эдгээр нийгмүүд гүнзгий эцгийн эрхт ёс бүхий, эмэгтэйчүүдийн орон зайг гэр орноор л хязгаарласан нийгмүүд байсантай холбоотой биз.
Грек, Роомын домгийн хайр дурлалт хосууд:
Ахиллес ба Патроклус
Ахиллес ба Тройлус
Агамненоон ба Аржийннус
Агатайидас ба Фалаантус
Амэйниас ба Нарциссус
Аполло ба Гиацинт
Аполло ба Хименайос
Крийзиппус ба Лайус
Даафнис ба Паан
Дионийсус ба Аампелус
Дионийсус ба Прозиймнус
Юряалус ба Нийзус
Гераакл ба Абдээрус
Гераакл ба Хайлас
Гераакл ба Йолаус
Гермээс ба Кроокус
Иаант ба Ийфис
Посейдоон ба Пээлопс
Полиайдос ба Глаукус
Орфей ба Тракиан
Орфей ба Калэйз
Аполло ба Кипариссус
Зевс ба Калисто
Зевс ба Ганимээд
СКАНДИНААВ
Эртний норвеги хэл дээрх туулиуд гей, лесбиян харилцаануудын талаар дурдаагүй байдаг ба ЛГБТИ хүмүүсийн талаар ч дэлгэрэнгүй байдаггүй ч жишээ нь Оодин бурхныг эрчүүдийн хувьд шившигтэй, зөвхөн эмэгтэйчүүд хийх ёстойд тооцогддог “сэйдр” шидэт ёслолыг үйлддэг байсан хэмээн ардын аман зохиолд гардаг. Магад “сэйдр” нь бэлгийн хувьд пассив байх зан үйл байсан байхыг үгүйсгэшгүй. Скандинаавын ардын аман зохиолд пассив буюу эр хүний шинж чанар дутсан хэмээн хэлүүлж, тиймээс удирдагч, дайчин байж чадахгүй гэж хэлүүлсэн эрчүүд өшөө авч буй тухай хэд хэдэн түүх бий. Тийм хэдий ч Скандинаавын үржил шимийн Фрэйр бурхан гей лам нарын дунд шүтэгддэг байсныг 12-р зууны түүхч Сааксо Граммаатикус “Гээста Даноорум”-д бичиж үлдээжээ. Нэмээд зарим Скандинаав бурхад хүслээрээ хүйсээ сольж чаддаг байсанд зальт Лооки багтдаг. Лооки байнга эмэгтэй хүний дүрд хувилдаг байсан ба нэг удаа гүүд хувиран, Свадилфаари азаргатай хавьтаж, унага төрүүлсэн гэдэг. Лооки бисексуал бурхан байсан байхыг үгүйсгэшгүй.
КЕЛЬТ
Кельт үлгэр домогт гей, лесбиян харилцаануудын талаарх шууд бичвэр үлдээгүй байдаг ч христын шашнаас өмнөх кельт омгууд эртний грек, роомчуудын нэгэн адил эрчүүдийн хоорондох ижил хүйсийн харилцааг хүлээн зөвшөөрдөг байсан гэдэг. Пийтэр Чичээри “Кельт бэлгийн мөн чанар: эрх мэдэл, хэм хэмжээ ба хүсэл тачаал” номондоо нөхөн үржлийн шинж чанаргүй домгууд буюу ижил хүйсийн хайр дурлалын тухай үлгэр домгийг христын шашны нөлөөгөөр хориглосон тухай бичсэн байдаг. Кучулэйнн ба Фэрдиадх нэг гэрт өссөн цусан бус ах дүүс байсан ба бэлгийн харилцаанд байсан хэмээн орчин цагийн уран зохиол судлаачид үздэг. Бие биетэйгээ тулалдах шаардлага гарахад Фэрдиадх дэр нийлүүлснээ дурддаг ч гурван хоногийн дараа Кучулэйнн Фэрдиадхын хошногыг сэлмээр сүлбэж алдаг. Уэйльзийн үлгэр домогт Гуидионах ах Гилфаэтвийд Маат хааны зарц Гөэвинг хүчиндэхэд тусласныг хаан мэдээд ах дүү хоёрыг даахинд баригдсан амьтад болгон шийтгэсэн ба жил бүр өөр амьтан болохдоо үржиж, үр төлөө Маат хаанд явуулах ёстой байжээ.
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ. Тун удахгүй Африк, Мезоамерик, Номхон далайн орнуудын ЛГБТИ хүмүүстэй холбоотой үлгэр домгийг орчуулан хүргэх болно.
Эх сурвалж: Wikipedia
Орчуулгын эх сурвалж: ЛГБТ Төв