“Гей гэдгээ хүлээн зөвшөөрөх нь хангалтгүй. Бид мөн гей амьдралыг бий болгох ёстой.”

1926 оны 10-р сарын 15-нд Францын Пуатье хотод нэртэй мэс засалчийн гэрт төрсөн Мишээль Фукоо нь 20-р зуунаас хойш бүх нийгмийн шинжлэх ухаанд, ялангуяа ЛГБТИ эрхийн хөдөлгөөний гүн ухаан, күийр, жендэр, феминизм судлалд гүн гүнзгий нөлөөлсөн пост-модернизмын гүн ухааныг үүсгэсэн сэтгэгч, социологич, гүн ухаантан байсан юм. Тэрээр сэтгэцийн эрүүл мэнд, шоронгийн тогтолцоо болон хүний бэлгийн мөн чанарын тухай бичсэн бүтээлүүдээрээ дэлхий даяар алдартай. Улстөрийн хувьд тэрээр зүүний талыг баримтлагч байсан ба 1950-иад оны эхээр Францын коммунист намд харьяалалтай байсан ч гишүүд нь еврей болон гей хүмүүст ханддаг сөрөг хандлагаас нь болж намыг орхисон байдаг. Тэрээр Францын өөр нэг алдарт зохиолч, мөн социалист үзэлт Жан Жөнээтэй найзууд байсан ба социалист урлагийн хөдөлгөөнийг хамтдаа өрнүүлж байсан.

Фукоо сэтгэл зүй болон гүн ухаанаар мэргэшин төгсөхдөө гоц эрдмийн авьяастайгаа харуулжээ. 1960 онд тэрээр Клэрмоон-Фэраар Их сургуулийн Гүн ухааны тэнхимийн эрхлэгч болсон ба 1961 онд нийгмийн шинжлэх ухаанд цоо шинэ хуудас ба эринг нээсэн “Солиорол ба иргэншил” шастирыг бичсэн юм. Докторынхоо зэргийг тэндээ дүүргэх үедээ өөрийн оюутан Даниэль Дюфээртэй танилцан, 25 жил ханилсан байдаг. Дюфээр цэрэгт татагдан, Тунист алба хаахаар явахад Фукоо түүнийг даган Тунис руу нүүж, 1965 оноос Тунисын Их сургуульд багшилсан. Тэндээ хоёр дахь шастир “Юмс үзэгдлийн зүй тогтол”-оо 1966 онд гүйцээсэн нь Францад бэстсэллер болсон юм.

1970 онд Фукоо 1530 онд байгуулагдсан, нэн хүндэт эрдэм шинжилгээ, сургалтын байгууллага болох Францын Коллежд Үзэл санааны тогтолцооны түүхийн профессороор томилогдсон. 1975 онд тэрээр хамгийн нөлөө бүхий алдарт “Дэг журам ба гэсгээл: шорон үүссэн нь” бүтээлээ хэвлүүлсэн ба шоронд сууж буй хүмүүсийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх индэр Хоригдогсдын мэдээллийн бүлгийг байгуулжээ.

1970-аад оны дундуур Фукоо Бээркли дэх Калифоорний Их сургуульд багшилсан юм. Тэрээр эрх чөлөөт Сан-Францискод, ялангуяа гей саунуудад дурласан гэдэг. “Бэлгийн мөн чанараа илэрхийлэх нь улстөрийн хувьд чухал гэж би боддог… өөрийн нүүр, өнгөрсөн, оршихуйдаа баригдахаа больдог учир ялангуяа саун шиг газруудаар дамжуулж илэрхийлэх боломж байх ёстой” хэмээн Фукоо тэмдэглэн үлдээжээ.

Тэрээр бэлгийн мөн чанарын тухай зургаан боть зохиол төлөвлөж байсан ч эхний гурвыг л дуусган, нас барахаасаа өмнө хэвлүүлсэн байдаг. Эхний боть нь дөнгөж хүчээ авч эхэлсэн ЛГБТИ эрхийн төлөөх дэлхийн гей болон күийр ухамсар бүрэлдэхэд тун чухал үүрэг гүйцэтгэсэн. 1984 онд 58 настайдаа Фукоо ДОХ-ын хүндрэлээр нас барсан ч түүний бүтээлүүд дэлхийн сэтгэлгээний сорт тооцогдсоор байх болно.

Эх сурвалж: LGBT History Month, Wikipedia

Орчуулгын эх сурвалж: ЛГБТ Төв