Хүмүүс дурлалаа, дурлахаа болилоо гэж ярьдаг ч үүнийг бодитоор тодорхойлох нарийн хэмжигдэхүүн байдаггүй. Хүн бүр хайр дурлалыг өөр өөрөөр тайлбарладаг нь асуудлыг улам л хүндрүүлдэг. Зарим хүмүүс хайрыг амгалан тайван хамт байх гэж тодорхойлдог бол зарим нь хүсэл тачаал, тэмүүлэл байгаа бол хайр дурлал гэж тодорхойлдог. Зарим нь хайрыг дотно байдал, тачаал болон үнэнч байдал байгаа эсэхээр хэмждэг. Бүхэлдээ хосыг эзэмдсэн, харилцан хайр дээр тогтсон харилцаанууд зарим зүйлээрээ адил байдаг нь судалгаагаар тогтоогджээ. Дурлаж хайрласны 6 үндсэн шинжийг судлаачдын үүднээс гаргаж ирснийг үзье.
Энэ хүнтэй та яг өөрийнхөөрөө байж чаддаг.
Жинхэнэ “би”-гээ харуулах нь насан туршид үргэлжлэх хайрыг олохын нэг хэсэг. Шударгаар өөрсдийнхөө юу мэдэрч байгаагаа ярилцаж чаддаг, түүнийг эн тэргүүнд тавьдаг хосууд бие биеэсээ ямарваа зүйл нуудаг хосуудаас гүн гүнзгий холбогдож, илүү сэтгэл ханамжийг мэдэрдэг учир илүү урт удаан харилцаатай байж чаддаг гэнэ (Lopez & Rice, 2006).
Та хоёр зөвхөн бие биеэ л хардаг.
Дурласан хүмүүс бие биедээ л анхаарал тавьдаг. Харилцаа хэр бат бөх байгааг хосууд бие биедээ анхаарч байгаагаар нь л зөвхөн хэмжих боломжтой гэнэ. Хэрэв хосын нэг харилцаа үүсгэж болохуйц бусад хүмүүст хосоосоо илүү анхаардаг бол тухайн хүн харилцаандаа сэтгэл ханамжгүй учир үнэнч биш, харилцаандаа хөрөнгө оруулалт хийхийг хүсэхгүй байгаагийн илрэл учир салах магадлал тун өндөр гэнэ (Miller, 1997, Rusbult, 1980).
Бэлгийн харилцаа таныг “гэрэлтүүлдэг”.
Дурласан хүмүүсийн хувьд секс гэдэг сексээс илүү. Бэлгийн харилцааны явц нь сексээс илүү хосуудын холбоог зузаалдаг учир харилцаанд чухал үүрэгтэй гэнэ (Debrot et al., 2017).
Хосынхоо амьдралыг илүү амар болгохын төлөө та гүйж чаддаг.
Хүсэл тачаал чухал байлгүй яахав, гэхдээ хосынхоо сайн сайхны төлөө гэх сэтгэл ч чухал. Бие биеийнхээ сайн сайхныг дэмжсэн хайр халамжийг өгч, авч чаддаг хосууд илүү энэрэнгүй хайрыг мэдэрдэг гэнэ (Fehr, Harasymchuk, & Sprecher, 2014). Энэ нь өөрөө дурлал биш боловч богино хугацааны шохоорхол ба хайрыг ялгах хамгийн том ялгаа гэнэ.
Хосынхоо төлөө та эмзэг байдалд орохоос ичдэггүй.
Өнгөрсөн ба өнгөрсөнд болсон хэцүү хүнд зүйлсийг ярилгүй өнгөрч болох боловч өөрийн эмзэг байдлыг харуулах нь сэтгэл ханамжтай харилцааны үндсэн хэсгийн нэг гэнэ (Lopez & Rice, 2006). Хайр дурлал нь хосоосоо ичилгүй өөрийгөө нээх итгэлцэл ба аюулгүй байдлыг үүсгэж чаддаг.
Хостойгоо цагийг өнгөрөөх нь танд үнэхээр таалагддаг.
Та хосдоо татагддаг ч яг хамт цагийг өнгөрөөх дээр ямар вэ? Таалах гэдэг хүсэл тачаалаас өөр зүйл ч урт хугацааны харилцаанд цагийг хамтдаа өнгөрөөхийг хүсэхийн анхдагч зүйл нь тэр хүн танд таалагддаг байх.
Сэтгэл зүй судлаачид хайр дурлал гэдэг зүйлийг тодорхойлох тэр үл баригдам зүйлийг хайсаар байдаг ч сэтгэл зүйн ч, танин мэдэхүйн ч хүчин зүйлс хайр дурлалд чухал үүрэг гүйцэтгэдгийг тогтоожээ. Өөрөөр хэлвэл таалах, дурлахын хажуугаар хамт байх, үнэнч байх шийдвэр гаргах нь урт настай хайр сэтгэл олсон үгүйг тодорхойлох хүчин зүйлс болдог аж.
Эх сурвалж: Psychology Today
Орчуулгын эх сурвалж: ЛГБТ Төв