БАРУУН АФРИК, ЁРУУБА, ДАХООМИ
Дахооми үлгэр домгийн бүтээгч бурхан Мааву-Лийза нь сарны бурхан Лийза, нарны бурхан Маава ихрийг нэгтгэснээс үүссэн гэдэг. Нэгдсэн хэлбэрээрээ тэр интерсекс эсвэл трансжендэр хэмээн харагддаг. Аль аль хүйсийн шинж тэмдгийг агуулсан өөр нэг бурхан нь Лийза, Маава хоёрыг төрүүлсэн их эх Нанаа Бүлүүкү ба тэрээр ертөнцийг бүтээсэн гэж үзэгддэг.
Гаана Улсын акан омгийнхон од гарагсыг хүнээр төлөөлүүлсэн бурхадын пантеонтой. Тэдний зарим нь трансжендэр, эсвэл аль аль хүйсийн шинж тэмдгийг агуулсан байдаг байв. Үүнд Бархасбадийн төлөөлөл Абраао, Будын төлөөлөл Аку, сарны төлөөлөл Авоо багтдаг.
Ёрууба болон Африкийн бөөгийн уламжлалд сахиусанд биеэ эзэмдүүлэх нь шашны зан үйлийн нэг хэсэг байдаг. Ихэвчлэн эмэгтэйчүүд сахиусанд биеэ өгдөг ч эрчүүд ч мөн энэхүү зан үйлийг үйлддэг байсан ба зан үйлийг үйлдэж буй хүний хүйсээс үл хамаарч тухайн сахиусын сүйт бүсгүйд тооцогддог байжээ. Сахиусанд эзэмдүүлж буй үйл явцыг бэлгийн шинж чанартай хэмээн тайлбарладаг байв.
ЗИМБААБВЭ
Зимбаабвэгийн шоона ард түмэн Мваари хэмээн эр, эм шинж бүхий бүтээгч бурхныг шүтдэг ба тэр бурхан хааяа эм, хааяа эр байдлаар өөрийгөө хувааж харагддагт итгэдэг.
ЕГИПЕТ
Ижил хүйсийн бэлгийн чиг баримжаатай бурхадын талаар тэмдэглэгдсэн зүйл их ховор байдаг ба бичгээр ч, зургаар ч үүнийг харуулсан нь мөн ховор ч Газар дундын тэнгисийн орчим нутгуудад зонхилдог байсан “хийж буй” нь эрх мэдэл, хүч чадлын илрэл ба “хийлгэж буй” нь ичгүүртэй зүйл хэмээн үзэгддэг байсан байх магадлалтай. Үүнийг тэнгэрийн бурхан Хоорус, нагац ах, цөлийн сүйтгэгч бурхан Сээтийн хоорондох эрх мэдлийн төлөөх тэмцлээр харуулсан байдаг. Сээт Хоорусаас дээр гэдгээ батлахын тулд Хоорусыг магтаж, бөгсийг нь таалж, түүнийг эзэмдэхийг оролддог ч өөрийн эрхгүй тавихад нь Хоорус түүний үрийн шингэнийг авч, үрийн шингэнийг нь голд урсгадаг. Хоорусын ээж Ийзис хүүгийнхээ үрийн шингэнийг Сээтийн дуртай хоол болох салаатны навчин дээр түрхэн Сээтэд идүүлнэ. Ингээд Сээт, Хоорус хоёр хэн нь хэнийгээ ялсан буюу эзэмдсэн тухай бурхадаар шүүлгэхэд Сээт Хоорусын үрийн шингэнийг шингээсэн учир ялагдсан гэж бурхад үздэг. Зарим домогт Сээт, Хоорусын бэлгийн хавьтал нь харилцан зөвшилцсөн байсан хэмээн тэмдэглэгдсэн байдаг ба Сээт Хоорусын үрийн шингэнийг шингээснээр Тоот бурхны хавирган саран чимгийг үүсгэсэн ч гэж үздэг. Эртний Египетийн домгийн хувилбаруудад Сээт, Хоорусын ижил хүйсийн хавьтлыг сөргөөр дүрсэлж байгаагүй ба сүүл үед ийм өнгө аястай болсон байдаг. Нийл мөрний эрэгтэй бурхан Хапиг дүрслэхдээ эмэгтэй хүний том хөхтэй дурсэлдэг нь үржил шимийг илтгэдэг. Талмуудын уран зохиолд эртний Египет бэлгийн мөн чанарын хувьд маш нээлттэй байсныг тэмдэглэдэг ба эмэгтэйчүүд олон нөхөртэй байх нь энгийн үзэгдэл, лесбиян зан үйлийг “египет зан үйл” хэмээн үзэж нэрлэдэг байсныг ч тэмдэглэсэн байдаг.
Эх сурвалж: Wikipedia
Орчуулгын эх сурвалж: ЛГБТ Төв