Найз нөхөрлөл, гэр бүл, амраг хайрын гээд ямар ч харилцаа амаргүй нь тодорхой. Хүмүүсийн хувьд хамгийн их бүдэрч, дахин дахин алддаг харилцаа мэдээж хайр дурлалын харилцаа. Бид ямар зүйлсийг хүлээн зөвшөөрч, ямар зүйлсийг үргэлжлэх боломжийг өгснөөр харилцаандаа алддагийг бүрэн ойлгодог билүү? Энэ 12 эрх нь энгийн ба харилцааны анхдагч өгөгдөл эрхүүд гэдгийг санахад илүүдэхгүй.

Хэрэгцээгээ илэрхийлэх эрх

Дотны харилцаа гэдэг өөрийн ба хосынхоо хэрэгцээг тэнцвэржүүлэх хэрэгтэй болдог орон зай. Өөрийн хэрэгцээг хэлж илэрхийлэх, харин таны хос таныг сонсох, ойлгох, хэрхэн дэмжлэг үзүүлэх дээр ярилцах нь хамгийн эрүүл. Хэчнээн таны илэрхийлсэн хэрэгцээг бүрэн хангаж, танд дэмжлэг үзүүлэх чадваргүй байлаа ч ядаж тэр хэрэгцээг сонсох чухал. “Үүнийг яриад, олон сонголтыг авч үзсэний үндсэн дээр би үүнийг чиний төлөө хийж чадна гэж бодохгүй байна”, “Чамайг дэмжихийн тулд энерги зарцуулмааргүй байна” хоёрын хооронд газар тэнгэрийн ялгаа бий.

Аваа өгөөтэй байх эрх

Нэг нь нөгөөгөө дэмжих шаардлага хосуудад үүсдэг нь тун ойлгомжтой. Хүнд стресстэй ажлын өдрийн дараа юу, хэдэн хоног өвдөхөд нь үү, эсвэл архаг өвчин, сэтгэл гутралыг олон жил даван туулахад нь уу, хосыгоо дэмжих нь харилцааны л нэг хэсэг. Хосдоо дэмжлэг үзүүлдэг үе байхад хос тань ч бас танд дэмжлэг үзүүлэх ёстой. Гэтэл зөвхөн нэг нь дэмжлэг үзүүлж, нөгөө нь үүнийг ёстой зүйл хэмээн хүлээн авч, дэмжлэг хэрэгтэй үед нь дэмждэггүй бол шударга бус учир дэмжлэг хэрэгтэй үед хэрхэн яаж дэмжих ёстойг нэг  нь хэлж өгөх, нөгөө нь сурах ёстой.

Мэдрэмжээ ярих эрх

Таны мэдрэмж бол таны л дотоод сэтгэл учир таны л хариуцах зүйл, таны хосынх ч мөн адил. Гэхдээ эдгээр мэдрэмжийг хостойгоо ярьж, сэтгэлээ уудлаж чадахгүй бол харилцаа яах бол? Таны мэдрэмж рационал, логикгүй байсан ч түүнийгээ илэрхийлэх, уур буримдлаар бус, нинжин сэтгэлээр тэр мэдрэмжүүдийн талаар ярих орон зай харилцаанд байх ёстой. Монголын нөхцөлд мэдрэмжээ хосууд тэр бүр яриад байдаггүй ч ингэж сурах нь тун чухал. Харин мэдрэмжээ илэрхийллээ гэхэд хосоосоо юу хүлээж байгаагаа ойлголцсон байх нь чухал. Мэдрэмжээ ярьж буй хүн шийдэл хүсч байна уу, хамт бодохыг хүсч байна уу эсвэл зүгээр л сонсох чих хүсч байна уу? Халамжтай хос мэдрэмжээ илэрхийлж буй хосдоо энэ үед юу хэрэгтэйг нь өөрөөс нь асууж, сэтгэлийг нь засахыг хүсдэг байх ёстой.

Бэлгийн таашаал авах эрх

Бэлгийн харилцаанд байдаг л бол хосоосоо таашаал ба ханамж өгөх зүйлсийг хүсэх эрх бий. Та хүссэн ч нөгөө хүний хязгаар гэж үздэг зүйлээс хэтэрсэн зүйл хүсч байвал биелүүлэхээс татгалзах эрх түүнд бий. Гэхдээ илэрхийлэх, аль алинд нь таалагдах шийдэл олохыг хүсэх эрх танд бий. Зарим хосууд зөвхөн нэгнийхээ бэлгийн таашаалын төлөө амьдардаг мэт байдаг ч аль аль хосын хувьд бэлгийн хэрэгцээ нь бодит зүйл.

Бэлгийн харилцааны хязгаарыг тогтоох эрх

Ямар ч харилцаанд хосуудад “Би өнөөдөр секс хиймээргүй байна”-аас эхлээд “Би огт секс хиймээргүй байна” гэх эрх бий. Хэр удаан хамт байснаас үл шалтгаалан, тэр таны төлөө юу хийснээс үл шалтгаалан энэ эрх хосын алинд ч бий. Биед чинь хэрхэн, яаж хүрэхийг та л тогтооно. Хязгаар тогтоочихоод байхад хос чинь гоморхож, хэрэлдэж, хязгаарыг чинь зөрчих гэж хүчлэж байвал харилцаагаа өөрчлөх, эсвэл дуусгах цаг нь. Бэлгийн харилцааны хязгаарыг тогтоох нь харилцан яриа, зөвшилцөл дээр үндэслэх ёстой.

Бэлгийн аюулгүй байдлаа шийдэх эрх

Бэлгийн хувьд эрсдэлт зүйлсийн талаар та шударга асуулт тавих, хариулт авах эрхтэй. Үүнд таны хосын бусад хүмүүстэй хийж буй бэлгийн хавьтал, таны хосын бэлгийн замаар дамжих халдвар, эсвэл сүүлд хэзээ шинжилгээнд хамрагдсан гэх мэт багтана. Хэзээ харилцаа үнэнч болох, шинжилгээнд хамрагдах давтамж гэх мэт зүйлсийн талаар хүмүүс өөр өөр ойлголттой учир сайн ярилцаарай. Нэгэнт ярилцаад, бэлгийн эрүүл мэндийнхээ талаар ойлголцсон бол нөхцөл байдал өөрчлөгдөхөд таны хос танд хэлэх ёстой. Таны хос бэлгийн эрүүл мэнд эсвэл бусад хамтрагчдынхаа талаарх мэдээллийг нууцлах эрх нь түүнд бий ч үүнээс болж секс хийхгүй гэсэн шийдвэрийг тань хүндэтгэх ёстой.

Дотны харилцаанаасаа гадна өөр сонирхол, харилцаатай байх эрх

Харилцаанд орлоо гээд амьдрал чинь бүхэлдээ өөрчлөгдөхгүй. Хэнд хэрхэн цагаа зориулж байгаа нь мэдээж өөрчлөгдөх ч найз нөхөрлөлүүд, гэр бүлийнхэн, хобби, сонирхол, хийдэг зүйлс өөрчлөгдөхгүй. Найз нөхөдтэйгээ уулзахад уурлаж гомддог, эсвэл сонирхол хоббиг чинь үгүйсгэж, доромжилдог бол таны хосод суралцах зүйл их байна. Эсвэл энэ нь яван явсаар хүчирхийлэлд ч хүргэх харилцаа болох боломжтой.

Хамааралтай зүйлс дээр зөвлөлдөх эрх

Хамт амьдардаг, бие биедээ үнэнч, санхүүгийн хувьд бүгдээ хуваалцдаг хосуудын хувьд томоохон шийдвэрүүдийг хамт гаргах ёстой. Жишээ нь хосын нэг нь ажлаасаа гармаар байсан ч хосын амьжиргаанд шууд нөлөөлөх учир энэ талаар хостойгоо заавал ярилцах ёстой. Харин бүх зүйлээрээ арай нэгдээгүй хосуудын хувьд бие даасан шийдвэрүүд гаргах эрх нь нээлттэй.

Хүндлүүлэх эрх

Хостойгоо байнга санал нэгдэхгүй байж болно, эсвэл хосын тань хийдэг зүйлс таныг бухимдуулдаг ч байж болно, гэхдээ харилцан хүндлэлтэй харилцаанд хос тань таныг өвтгөх зүйлс хэлж, эсвэл таныг дуурайж дуугарах, үйл хөдлөл хийх гэх мэтээр гоочлох ёсгүй. Олон нийтийн орон зайд танаас ичдэг мэт биеэ авч явах ёсгүй. Тэгш эрхтэй, насанд хүрсэн хүн мэт тантай харьцах ёстой. Таныг тоглоомоор явуулж байсан ч энэ нь танд эвгүй санагдвал үүнийг чинь хүндэтгэх ёстой. Заримдаа нэг нь нөгөөдөө бүх зүйлийг заах гэх нь стресстэй байвал түүний тус хэрэггүйг илэрхийлэхэд хос тань таныг сонсдог байх ёстой.

Өсөх, өөрчлөгдөх эрх

Хэн ч дөчтэйдөө хорин настай шигээ үлддэггүй. Урт хугацааны эрүүл харилцаа, харилцаанд байгаа хүмүүстэй хамт өөрчлөгдөж, хэрэггүй зүйлс хаягдаж, шинэ зүйлсээр баяжиж байдаг. Зарим тохиолдолд нэг нь өөрчлөгдөх нь нөгөөд таалагдахгүй тохиолдол ч гарах боломжтой. Хосын нэг бэлгийн чиг баримжаагаа бүрэн нээх, эсвэл хүйсийн илэрхийллээ өөрчлөх, шашнаа солих гэх мэт нь харилцаанд маш чухлаар нөлөөлдөг. Магад ийм тохиолдолд харилцаа үргэлжлэх боломжгүй ч байдал үүснэ. Энэ тохиолдолд нөгөө хос гомдох, уурлах, гуних, ойлгохгүй байх нь энгийн л зүйл ч хосыгоо буруутгаж, хуучнаараа үлд хэмээн хүчлэх ёсгүй.

Өөрийн гэртээ аюулгүй байдлыг мэдрэх эрх

Гэр орон гэдэг хамгийн аюулгүй орон зай. Хос тань таныг гэртээ яах бол гэдгээс та айж явах ёсгүй. Таныг хүчирхийлээгүй ч юм авч шиддэг, хана цохьдог, эсвэл хүчирхийлнэ гэж заналхийлдэг бол та айх нь тодорхой. Хамт амьдардаггүй бол таны хос хэзээ танайд ирэх, ирэхгүйг та тогтоох эрхтэй. Битгий ирээрэй гэхэд гэрт чинь ирэх, өөрт нь байдаг түлхүүрээр зөвшөөрөлгүй орж ирэх гэх мэт нь хязгаарыг давж буй үйлдлүүд. Нэгэнт хязгааруудыг ярилцсан тохиолдолд тэдгээрийг хүндэтгэх ёстой.

Аз жаргалгүй харилцааг дуусгах эрх

Ихэнх харилцаа дэгэн догонтой л байдаг учир зөрчлийг хэрхэн шийдэх, харилцан зөвшилцөлд хэрхэн хүрэх, хэрхэн хэзээ уян хатан байх гэх мэт дээр ярилцах ёстой. Гэхдээ таны дотны харилцаа таныг аз жаргалтай байлгадаггүй бол харилцаагаа дуусгах эрх танд бүрэн нээлттэй. “Би аз жаргалгүй байна” гэдэг нь хангалттай шалтгаан. Та хоёрын амьдрал гүн гүнзгий хүүхдүүдээр эсвэл таны хос танаас санхүүгийн хараат байдлаар шалтгаалан холбоотой бол харилцааг дуусгах үе тодорхой цаг хугацааг авах ба ямар нэг байдлаар харилцаа үргэлжлэх ч хайр дурлалын эсвэл бэлгийн хувьд дуусгахаар шийдэх нь таны л эрх.