АВСТРАЛИЙН АБОРИГЕН ҮЛГЭР ДОМОГ

Австралийн уугуул иргэд болох аборигенчууд бөө мөргөлтэй ба олон бурхадтай. Солонгон могой бурхан Үнгүд нь трансжендэр, андрогийн шинж чанартай хэмээн үзэгддэг. Бөө нар боссон эрхтнээ Үнгүдтэй холбодог ба зарим бөө шашны зан үйлээр энэ бурхныг төлөөлөн бэлэг эрхтнийхээ доор хөндлөн зүсэлт хийдэг. Ангамүүнгги нь өөр нэг трансжендэр, солонгон могойн бурхан ба түүнийг “амьдрал бэлэглэгч” хэмээн шүтдэг. Австралийн бусад үлгэр домогт цэнхэр арьстай, утааны өнгөн үстэй, зэрлэг, чөтгөр эмэгтэйчүүд болох Лабарийнжагийн тухай мөн өгүүлдэг. Тэд эрчүүдийг хайр дурлал, сексийн хувьд сонирхдоггүй ба тэднийг хүчээр эзэмдсэн эр үтрээн дэх хар шидээс нь болж үхдэг гэж үздэг. Лабарийнжануудыг хааяа интерсекс байдлаар буюу эр ч, эм ч бэлэг эрхтэнтэй төсөөлж, зурдаг байв. Бөөгийн зан үйлээр тэднийг эмэгтэй хувцас өмссөн эрчүүдээр төлөөлүүлэн бүжиглүүлдэг.

ПОЛИНЕЗИ: ХАВААЙ, МАОРИ

Полинезийн шашнууд маш олон бурхадтай ба эдгээрийн ихэнх нь эр ч, эм ч хосуудаа “айкаанэ” буюу амраг хайрт хэмээн дууддаг, ихэнх нь бисексуал байсныг дүрсэлдэг. Хаваайн үлгэр домгийн Вахинэоомо эмэгтэй бурхныг Хииака, Хопооэ эмэгтэй бурхадтай дотны харилцаатайгаар дүрсэлдэг. Хииака Пээлэ дүүгийнхээ нөхөртэй амрагаа араар нь тавьсан хэмээн сэжиглэгдэхэд галт уулын эмэгтэй бурхан Пээлэ Хииакагийн хайрт амраг Хопооэг лавд живүүлж алдаг. Хииака Паупалааэ, мөн Пээлэгийн дагагч Омээо гэх мэт эмэгтэй бурхадтай хайр дурлалын харилцаатай байсан гэдэг. Лохиаау ханхүү амьд ахуйдаа Пээлэ болон эрэгтэй бурхан Паоатай амрагийн холбоотой байсан хэмээн өгүүлдэг. Полинезийн бусад ЛГБТ бурхадад Паала-Мао, Күүмүү-Каахи хэмээх гей хос, бисексуал эмэгтэй бурхан Хаакауиланаани ордог байв. Хаакауиланаани газар эхийг бүтээсэн Паапа эмэгтэй бурхан, түүний нөхөр Вакээатай амрагууд байсан хэмээн өгүүлдэг аж. Бурхан бус ЛГБТ хүмүүс ч Полинезийн домгуудад байдаг ба үүнд Пакаа бөө ба түүний амраг, омгийн ахлагч Кийавэ-Нүй-А-үүми, эхнэртэй ч, гахай бурхан Камапуаатай амрагууд байсан алдарт загасчин Нихоолеки гэх мэт хүмүүс гардаг. Камапуаа хайрын бурхан Лоноикиавэавэлоохаг Пээлэгийн эрэгтэй ах Хийакалууна, Хийакалаало нарыг урхидуулахаар явуулсан байдаг. Камапуаагийн бусад эрэгтэй амрагуудын нэг нь зэрэглээ, тэнгисийн бисексуал бурхан Лималооа байв.

НОМХОН ДАЛАЙН АРЛУУД: СЭЛЭЭБЭС, ВАНУААТУ, БОРНЭЭО, ФИЛИППИН

Гуравдагч хүйс буюу хүйсийн хувьд аль аль шинж тэмдгийг агуулсан бурхадын төлөөлөл Номхон далайн арлуудын үлгэр домогт маш их гардаг. Христийн шашнаас өмнөх Филиппины өмнөд хэсгийн арлуудад Батхаала (Эр, эм нэг дор), Мальяари (Хүчирхэг бурхан) гэх мэт трансжендэр бурхадыг шүтдэг байжээ.

Вануаатугийн наамба омгийнхон хөгшин эр, залуу эр хоёрын хоорондох ижил хүйсийн “дубут” нэртэй харилцааг хүлээн зөвшөөрдөг байсан ба үүнийг тэнгэрээс зарлигдсан хэмээн үздэг байжээ.

Борнээогийн нгаажу даяак омгийнхон Махаатала-Жаата нэртэй андрогийн, трансжендэр бурхныг шүтдэг байв. Энэ бурхны эр дүр нь Махаатала нэртэйгээр газар дээрх бүгдийг зохицуулдаг бол эм дүр нь Жаата нэртэйгээр газар доорхыг далайгаас зохицуулдаг ба бурхны хоёр дүр газар дэлхийд солонгоор харагддаг гэж үзэгддэг байв.

Номхон далайн омгуудын эдгээр бурхадтай холбогддог бөө нар ч өөрсдөө ихэнхдээ трансжендэр байдаг.

 

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ. Тун удахгүй Мезоамерик, Ойрх Дорнодын ЛГБТИ хүмүүстэй холбоотой үлгэр домгийг орчуулан хүргэх болно.

 

Эх сурвалж: Wikipedia

Орчуулгын эх сурвалж: ЛГБТ Төв