Стийв Уинтэр, удахгүй гэрлэх түүний сүйт залуу Тоом Грэй хоёр асексуал гей хосынхоо гурван жилийн харилцааны талаар ярилцлага өгчээ. Хос 7-р сарын сүүлээр гэрлэх ба асексуал ч бусад л хос шигт нь хүмүүс гайхдагийг ярьлаа. “Үнэндээ бид хоёр сексээс бусдаар хосууд юу хийдэг, тэр бүгдийг л хийдэг. Тэврэлдэнэ, хүрэлцэнэ, хайр дурлалаа илэрхийлнэ гээд л.”

Тоом HuffPost-д “Найзуудаа секс хийхийг нь хараад зогсдоггүй л биз дээ? Тэгэхээр асексуал хос бусад хосоос өөр харагдахгүй нь тодорхой биш үү? Гэртээ хүмүүс яадаг, яадаггүй нь харилцааг тодорхойлдоггүй” гэжээ.

Асексуал хүмүүс хэр их байдаг нь тодорхойгүй. 2004 оны судалгаагаар дэлхийн хүн амын 1% нь асексуал байх магадлалтай гэсэн байдаг ч үүнээс ч илүү асексуал хүмүүс байдаг гэж хүмүүс үздэг. Асексуал байдлын талаар тэр бүр мэдээлэл байдаггүй учир хүмүүст хэллээ ч хүмүүс юу гэдгийг мэддэггүй учир асексуал хүмүүс өөрсдийгөө илэрхийлэхэд хүнд байдаг.

Стийв асексуал байдлын тухай 5 жилийн өмнө л нэг хүний Гейдар профайл дээрээс энэ үгийг олж харснаар мэдэжээ. Стийвэн Ллойд Стийвд асексуал байдын тухай бүгдийг тайлбарлаж, AVEN гэх мэт мэдээллийн эх сурвалжийг зааж өгсөн байна. “Найзууд шигээ зүйл мэдэрдэггүй учир би өөрийгөө нэг л болохгүй, болохоо больсон хүн мэт бодож эхэлсэн тэр харанхуй үед би өөрийгөө нээсэн нь тун азтай” гэж Стийв ярьж байна. Сэтгэл зүй ба бэлгийн мөн чанарын асуудлаар магистраа хийхээр төлөвлөж буй Тоом мөн л асексуал байдлын талаар тэр үед мэдсэн ба өөртэйгээ адил хүмүүсийг AVEN-с олжээ.

“Эргээд харахад би угаасаа л гей бас асексуал байсан ч зарим хүндхэн зүйлийг туулж байж л үүнийгээ бүрэн ойлгосон” хэмээн Тоом ярьж байна. Хосын аль аль нь нийгмээс хүлээгддэг зүйлсийг өмнөх харилцаанууддаа хийхийг оролдож байсан ба сексийн талаар үнэнээсээ мэдэрдэг зүйлсийг нээлттэй ярих боломж олддоггүй байсан хэмээн ярьж байна. Өөрийгөө гей гэдгийг мэдсээр байтал нийгмээс эрэгтэй л хүн бол эмэгтэй хүнтэй болзох ёстой гэсэн хүлээлтийг биелүүлэхийн тулд гей мөртлөө стрэйт эмэгтэйтэй болзохтой адил гэж Тоом үүнийг тайлбарлаж байна. “Секс хаа сайгүй л байдаг. Бүх телевизийн шоу, дэлгүүрийн цонх, сэтгүүл, зар сурталчилгаа гээд л. Нийгмийн хэм хэмжээ хэнтэй, хэрхэн, хэдэн удаа бид секс хийх ёстойг тулгадаг. Гэтэл нэргүй судалгаагаар хүртэл хүмүүс сексийн амьдралынхаа талаар худал ярьдаг нь тогтоогдсон.”

Стийвийн хувьд асексуал байх нь ямар нэг дарамтыг мэдрэхгүй байна гэсэн үг. “Асексуал байх нь өөр зүйлд сатааралгүй нөгөө хүнтэйгээ бүхэлдээ хамт байж, түүнийг бүхэлд нь хүн утгаар мэдэрч, бүх зан авир, сонирхолтой зүйлсийг нь мэдэхэд л анхаарч, түүнд уусч болно гэсэн үг” гэж тэрээр ярьлаа.

Хос хоёул гей ба асексуал гэж өөрдсийгөө тодорхойлдог. Гэтэл нийгэм эдгээр зүйлсийг тусдаа зүйл хэмээн ойлгодоггүй нь асуудал хэмээн ярьж байна. Тоом “Хайр дурлал гэдэг заавал секстэй холбоогүй зүйл. Асексуал хүмүүсийн хувьд бид “Хайр дурлалгүй секс хийж болдог л юм чинь, яагаад сексгүй хайрлаж дурлаж болохгүй гэж” гэж бид үздэг” гэхэд Стийв “Хэн нэгний оршихуйн мөн чанарыг тухайн хүн юунд юмаа шургуулмаар байгаа, эсвэл шургуулуулмаар байгаагаар тодорхойлох ёсгүй гэж би боддог. Хүн оршихуй чинь үүнээс илүү өргөн ойлголт биз дээ” гэж нэмлээ.

Асексуал байдлын талаар маш олон худал мэдэлээл, үлгэр домог байдаг. Хүмүүс асексуал байдлыг бэлгийн тэвчилт гэж ойлгодог. “Бэлгийн тэвчилт гэдэг бол сонголт. Асексуал байдал нь гей байх, стрэйт байх, транс байхтай адил биологийн өгөгдөл. Ингээд л төрчихсөн гэсэн үг” гэж Стийв хэлэхэд Тоом асексуал хүмүүсийг ямар нэг байдлаар хүчирхийлэлд өртсөндөө, эсвэл өөрийн бэлгийн мөн чанарыг дарангуйлдагтаа ийм байдаг гэж үздэг буруу ойлголтыг халах ёстойг хэлэв. Зарим хүмүүс асексуал хүмүүс байдаггүй гэж үздэгийг аль аль нь няцаахдаа “Би хэн гэж өөрийгөө тодорхойлохыг надад заах эрхийг чамд хэн өгсөн бэ? Хэн нэгний бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа, амьдралын хэв маягийг үгүйсгэх эрх надад байхгүй. Ингэх эрхтэй гэж үздэг хүмүүсийг хараад миний ой гутдаг. Энэ бол тэдний тухай биш, энэ тэдний асуудал биш.”

Хос 2015 оноос эхлэн YouTube дээр Ням гараг бүр Pieces of Ace амьд подкаст хийж эхэлжээ. Бусад асексуал хүмүүстэйгээ уулзах боломжгүй хүмүүст энэ суваг гайхалтай дэмжлэг болдог талаар тэр хоёр ярьлаа. “Асексуал хүмүүс өмнөх өмнөхөөсөө илүү дэлхий даяар холбогдсон. Үүнээс цааш нөхцөл байдал илүү л сайжирна. Хоёр асексуал хүн сексгүйгээр гэрлэж болдгийг хараад хүмүүст итгэл найдвар төрнө хэмээн бид хоёр итгэж байна” хэмээн хос ярьлаа.

BBC-ийн асексуал байдлын талаар хийсэн богино видеог дороос үзнэ үү.

Эх сурвалж: PinkNews

Орчуулгын эх сурвалж: ЛГБТ Төв