2014 оноос эхлэн ЛГБТ Төв нь “Эрхийн төлөө урлаг бодлогыг боловсруулж,  дүрслэх урлаг, кино урлаг, мөн үгэн урлагийг сонирхогч залуу уран бүтээлчдийг дэмжих бодлого баримтлан ажиллаж байгаа билээ. Үүний хүрээнд ЛГБТ Төвд хөрөнгө босгох зорилгоор “Амьдрал, эрх чөлөө, хайрын магтуу нэртэй тив тивийн шилдэг 45 ЛГБТ яруу найрагчийн 200 жилийн хооронд бүтээгдсэн 105 нүүр бүхий түүврийг 2017 оны 7-р сарын сүүлээр хэвлэлтээс гаргахад бэлэн болоод байна. Үгэн урлагийг сонирхдог хүмүүст тухайн антологид багтсан шүлгүүдээс толилуулж байгаа ба хэвлэлтээс гарахад нь ЛГБТ Төвийн үйл ажиллагааг дэмжин худалдаж аваарай. Шүлгүүдийн орчуулгыг ЛГБТ Төвийн үүсгэн байгуулагчдын нэг, УЗ-ийн гишүүн Н. Анараа 2014 оноос 2017 оны хооронд хийж, яруу найрагч Г. Лхагвадулам, орчуулагч Л. Адьяасүрэн нар редакторлосон билээ. Энэхүү түүвэрт багтсан шүлгүүдээс гаднах зарим шүлгүүдийг түүний блогоос олж унших боломжтой. Н. Анараа энэхүү орчуулгын яруу найргийн түүврээс гадна 2017 оны “Тэгш эрх, бахархлын өдрүүд-д зориулан “Breakfast Poetry for Anorexics буюу “Би Бүдүүн Синдромтнуудын Өглөөний Яруу Найраг 1997-2017 шүлгийнхээ түүврийг мөн хэвлэлтэд өгөхөөр бэлтгэж байна.

 

КҮИЙР

Франк Бидаарт

Үүний л тухай өөртөө худал хэлвэл

Үүрд бүхний тухай худал хэлнэ.

Бүх хүн бүгдийг мэддэг л тул

Бүгдэд худал хэлж болно.

Тэрийг л тэд хүсэж байгаа.

Өөртөө худал хэлвэл гэвч

Өөрийгөө алдана.

Чи үгүй болж, тэдэнд хувирна.

 

*

 

Өсвөр нас нь 40, 50-иад оны Америк байсан

Хүүхэд бүрийн хувьд

Хамгийн чухал, анхдагч ба үүрд үзэгдэл нь

Хүмүүст өөрийгөө хэлэх.

Эсвэл хэлэхгүй байх.

Эсвэл хэлэхгүй байх.

Эсвэл хэлэхгүй байх.

 

*

 

Өөрийгөө хусаж арилгах

Өөдгүй, яршигтай санаашралууд.

 

*

 

Эцэг эх маань талийснаас хойш

Тун удалгүй би

Гей гэдгээ хэлж эхэлсэн.

Үнэн оршихуйгаа батлах

Үндсэн үгүүлэл минь.

Ээждээ хэлж чадсан сан бол

Өөрийгөө л буруутгах байсан биз.

 

Гэрэл рүү

Түлхэгдэн гарсан тэр хаалга минь

Өрөөлийг бус,

Өөрийгөө жигших жигшилт, айдас байсан.

 

*

 

Айдас минь, баярлалаа!

Амьдралын тухай томчуудын

Хөнгөхөн мөрөөдлүүд үнэндээ л

Айдсын тухай огт бишийг би эрт ухаарсан.

Хурьцал гэж үүнийг л надад сургахын тулд

Дахин дахин намайг шаах хутга.

 

 

НЭГЭН УРЛАГ

Элизабэт Бишоп

Алдах урлагийг төгс эзэмших хэцүү биш:

Алдагдах хүслийг олон зүйл агуулдаг учир

Алдах нь ч аюул биш.

 

Өдөр бүр нэг зүйлээ алд. Үүдний түлхүүрээ

Сандран хайж, бүтэн цаг алдахтайгаа эвлэр.

Алдах урлагийг төгс эзэмших хэцүү биш.

 

Алдахаа тэгээд ахиул, асар хурдан үйлд:

Аялах газар орон, нэр ус, аялахыг хүссэнээ ч.

Алийг нь ч алдсан аюул биш.

 

Ээжийн минь ганц дурсгал болсон цагийг би алдсан.

Ээ, бас сүүлийн, түүнээс өмнө хайрлан дассан

Гурван ч гэр алга. Алдаж сурах хэцүү биш.

 

Хоёр ч хот, хонгор хүмүүсээ би алдсан. Бүр цаашилвал

Хоёр гол, хосгүй нэгэн тивээ би алдсан.

Саналаа гээд аюул болоогүй ээ.

 

Чамайг (даажигнах хоолой, хайрлам нэг хөдөлгөөн)

Алдахдаа ч би худал хэлэхгүй: илэрхий нь

Алдах урлагийг төгс эзэмших хэцүү биш ч

(Бич!) аюул мэт, аюул мэт харагдах нь бий.

 

ЗАРИМ ӨДӨР

Жеймз Болдуин

1.

Зарим өдөр зовнил,

Зарим өдөр баяр,

Зарим өдөр чамайг

Залхаан хилэгнүүлдэг.

Зарим өдөр,

Зарим өдөр юу ирж буйг хараад

Бодсоноос илүү гэрэлтдэг.

 

2.

Зарим өдөр

“Өө, би лав хэзээ ч…!” гэхэд

Зарим өдөр чи

Бурхныг магтан дуулдаг.

Зарим өдөр чи

Бурхныг зүхчихээд дараа нь

Тэр л худалтайгаа тэмцдэг.

Зарим өдөр ноцолдоостой,

Тэгээд бас гингэнээстэй.

Харин зарим нь

Хохимой яс ч үлдээлгүй яваастай.

Зарим өдөр гав ганцаарханаа

Тийчлээстэй.

 

3.

Эгч минь, юу хэлж буйгаа би мэдэхгүй,

Залбирахгүй л бол бусад ч мэддэггүй.

Хайр л цор ганц хариулт гэдгийг,

Олсон дээр дэнжигнэгч л зөвхөн бүжигчинг би мэднэ.

 

Амраг олсноосоо унах өнөөдөр

Агуу залбирвал л тэр тогтоно.

Хэн ч үл таних бурхан биш,

Бид л бие биеэ тэвэрнэ.

Унан буй мөнх бус тэр бидний ахан дүү.

 

4.

Зарим өдөр явдаг,

Зарим өдөр гашууддаг,

Зарим өдөрт чи бараг л үл итгэдэг.

Зарим өдөр чамд итгэдэг,

Зарим нь ч үгүй,

Зарим өдөр чамд итгэхэд

Харин чи үгүй.

Зарим өдөр шаналал,

Зарим өдөр галзуурал,

Зарим өдөр чамайг харин

Санаснаас чинь ч илүү баярлуулдаг.

Зарим өдөр, зарим өдөр харин

Гэрэлтэхийн дээдийн

Гэрчүүд болдог.

 

ГЭРЭЛ ГЭГЭЭГ ОЛОХОД

Аллен Гинзберг

Гэрэл гэгээг олоход, хөвгүүн минь, гэрэл гэгээг олоход

Чи ясаа нээнэ, өсөж өндийнө, мөргөж сөгдөнө, бүгдийг мэднэ.

Гэрэл гэгээг олоход, хөвгүүн минь, гэрэл гэгээг олоход

Чи дуулна, хайлна, хайрлана, бурхан тэнгэрийг магтана.

Гэрэл гэгээг олоход, хөвгүүн минь, гэрэл гэгээг олоход

Чи гиншинэ, уйлна, өөрийгөө зовоочихоод санаа алдана.

Гэрэл гэгээг олоход, хөвгүүн минь, гэрэл гэгээг олоход

Чи унтана, зөвхөн чамд л утга нь тайлагдах зүүд үзнэ.

Гэрэл гэгээг олоход, хөвгүүн минь, гэрэл гэгээг олоход

Чи ирнэ, явна, нааш цааш холхино,

Чамд хамаагүйд ингэж шанална гэж үү гээд

Тачаадан гунихарсан сэтгэлээ барьж үл дийлнэ,

Ээрч муурна, худал хэлнэ, “Яагаад” гэж хүн бүрээс асууна,

Ханиана, хошуугаа унжуулна, хөлийн хуруугаа өвтгөчихөөд

Үсэрнэ, орилно, найз нөхдөө очиж мөргөнө,

Бачууран уйлснаа үгүйсгэн “Нүд минь хуурай” гэнэ,

Бүжнэ, дэвхцэнэ, боссон боовоо харуулна,

Хайрлана, гашуудна, тэгээд нэг л өдөр,

Нэг л өдөр исгэрэнгээ чи инээмсэглэж,

Нэгэнтээ ингэж бүтээгдсэндээ итгэнэ,

Үнэнхүү бахархлаар багтан ядан

Үерлэсэн гол мэт тайзнаа архиран номлоно.

Нүд ирмэх зуур, эсвээс нэн удаан… тэрийг чи ч мэдэхгүй,

Өөрөө өөрийгөө бүрэн нээнэ,

Гэрэл гэгээг олоход, хөвгүүн минь, гэрэл гэгээг олоход.

 

214

Ээмили Дикинсон

Сувдаар бүрсэн хундгаар

Хэзээ ч дараагүй дарсыг би амтлав.

Райны эрэг дээрх торхууд ч

Ийм дарсгүй ээ!

 

Молте-блюгийн дэн буудлуудын

Мөнх зуны өдрүүдэд ховсдуулсан би

Агаараар мансуурагч,

Шүүдрээр самуурагч билүү?

 

Согтуу зөгийг Фоксглавын

Хаалгаар тонилгосон ч,

Эрвээхий уруулаа хүргэхээ больсон ч

Илүү амталсаар байх болно, би!

 

Бяцхан cогтуурагч нар налахыг л харах гээд

Цочсон сахиусан тэнгэрүүд

Цасан малгайгаа унаган эргэнэ,

Цонх руугаа гэгээнтнүүд гүйлдэнэ.

 

ТРАНСЖЕНДЭР БАЙХ НЬ (хэсгээс)

Лий Мокообэ

***

Миний оршихуйг хошин шог болгосон сонингийн гарчиг,

Энэ биед амьдрахын хэрцгийлэл тэгш эрхийн төлөөх

Тайлбар тэмдэг болох цагт “Брюс Женнер” хэмээн

Амтай бүгд яриастай.

Хүн гэж биднийг гэвч хэн ч боддоггүй.

Мах цуснаас илүү бид сүүдэр гэх учир,

Хүйсийн минь илэрхийлэл тоглоом гэх хүмүүсийн айдас учир,

Гаж байхын л тулд бид оршдог гэх учир,

Зөвшөөрөөгүй байхад нь тэднийг зовоосон гэх учир,

Тэдний нүд, гарыг баярлуулах зоог байх ёстой гэх учир,

Күийр байдлыг минь идэж ханаад

Таалаагүй бүгдээ бөөлжиж гаргах учир

Намайг бусад араг ястайгаа хамт шүүгээндээ буцааж хийхэд

Би шилдэг үзмэр болно.

Булшны чулуун дээр нэрийг нь хүртэл буруу сийлж,

Үгээр авслах хэр амарханыг одоо харав уу?

 

ШҮЛЭГ

Франк О’Хаара

Үл ялиг зөөхийрсэн сүүтэй кофе уунгаа

Үл наашлах мэт үл хүрэхүй рүү утас цохисоор.

“Аав минь, хоног өдөр ялгалгүй

Архидмаар байна.” Шинэ найзын яруу найраг,

Аргагүй бүгдийг мэдрэх бусдын гарт атгагдсан

Амьдрал минь, тэдний ба миний үл чадахуйнууд.

Аливаа үл чадашгүй гээч нь байгаагүй

Анхны хайр амьсгал хураасан тул

Энэ хайр мөн үү?

 

ӨНӨӨ ШӨНӨ ШҮЛЭГ НАЙРАГ ХАНГАЛТГҮЙ

Адриенн Рийч

Шинэ сарны аньсагыг удаан ширтэн

Хөл нүцгэн

Алхахыг чинь би харсан.

 

Хар үснээсээ өөр өмсгөлгүй

Зүүдэндээ дийлдэн

Нойрсохыг чинь,

Нойрсох орон зайгаас өөр

Хаа нэгтээ

Унтаагүй, унтдаггүй зүйлсийг

Чагнахыг чинь дараа нь харсан.

 

Өнөө шөнө

Шүлэг найраг

Хангалтгүй,

 

Байгааг тайлбарлах

Өгүүлбэр зүйн чадалгүй:

 

Үйл үг онгоцыг жолоодох.

Тэмдэг үйл үг үйлдлийг өөрчлөх.

 

Үйл үг нэр үгийг хоолоор шахах нь

Сэдвийг живүүлэх.

Нэр үг хахаж цацах.

Үйл үг өөртөө   гэмшсэн ч      үйлдсээр

 

Өгүүлбэрийг одоо бүтээгээдэх

 

БҮСГҮЙД ДУУЛАХ ДУУН

Анн Сэкстон

Хөврөх бороо номлогч лам шиг л

Хөх цонхыг эцэсгүй эрээнтүүлсэн

Хөх, жижигхэн ташааны өдөр

Бид солиотой мэт, эрүүл мэт

Бие биеэ эдлэсэн. Тэврэлдэн хэвтэхэд

Гэмгүй мэт борооны дуслууд ялаа шиг

Гэрэлтэх нүд, уруул, жижигхэн ташаан дээр буусан.

 

“Ээ, бороошоод сэрүүхэн байна” гэж чи хэлсэн.

Эрхэмсэг чи минь, цэцэгт чи минь

Энгүй бурхны магтаалыг энэ л хөл, гаранд өргөсөн.

Үндэсний бүтээгдэхүүн ба хүч чадал, чи!

Хун минь, айдас минь, хайрт ноосон сарнай минь,

Биеийг минь нухахад чинь би талх шиг л хөөх

Бидэн хоёрын энэ орыг нотариатаар батлуулья.

 

ГЭР АМЬ

Карл Филиппс

Өглөө жорлонд, хэлдгээр чинь хүндрэнгээ,

Өргөрөг, уртраг бүрийг судлаад,

Намайг эндээс дагуулж явмаар байгаа

Маями, Франкония, Канкун гэх мэт

Хотуудын нэрийг орилоход чинь би

 

“Тэр надад хайртай юу, үгүй юу?” гэх мэт

Тэнэг бодлуудаас өөр юм бодож чаддаггүй нь

Миний буруу юу? Үгүй л болов уу.

Зарим өглөө тэвэрт чинь сэрэхдээ

Энэ л гар, энэ л хуруунуудад би

 

Өөрийгөө ахин дахин өгснөө санадгаас ялгаагүй.

Өөр биш, энэ л хуруу, энэ л гаруудтай

Өтлөнө гэсэн үг үү гэж би үл итгэн боддог.

Өчигдөр кафед хоёул суухад магад ганцаараа,

Чамаас хол үхэх вий гэж бодсоноо санасан.

 

Хайртаасаа хол, тэр л кафе шиг газар ганцаар суухад

Зүрх минь хэт их кофе, тамхиндаа дэлссээр хаагдвал

Зарсхийм хүйтэн чулуун ширээг дэрлэн хэвтэхэд

Заяа төөргийг зөгнөх мэт сэнс л дээр минь эргэнэ дээ.

 

Хагас хүссэн тавилангийн нэг хэсэг нь тэр.

Харин ч муу үхэл биш дэг. Хэлье гээд дандаа л

Мартдаг, эсвэл больдог, эсвэл байнга хэлдэг

Мянган зүйлсийн нэг нь л гэж би бодсон.

 

Өглөө бүр нэг янзаар, хэт чангаар хайртайгаа

Үгүүлдэггүй шиг л. Усаа таттал чинь хүлээгээд

Усны урсгал байшингаар таран доош түрэх

Үерийн чимээ болоход хайртайгаа би шивнэдэг.

 

Удахгүй шатаар чи бууж ирнэ.

Удалгүй бүх ертөнц минь,

Хүсдэг бүгд – чи минь – бууж ирнэ.

 

ТАСДАЖ ЧАДДАГ САН БОЛ

Федэрийко Гарсия Лоорка

Сарыг ууж,

Сагалхай мөчрүүдэд

Нуугдан унтахаар

Нойрмог одод гарах

Харанхуйд нэрийг чинь

Би хэлдэг. Тэгэхэд

Хүсэл, хөгжим асгарсаар

Хүйтэн хоосон л үлдэхэд

Мөнх, үхмэл хугацааг л

Галзуу цаг дуулдаг.

 

Энэ л шөнө

Нэрийг чинь хэлэхэд

Нэр чинь хол,

Нэхээд ч хүршгүй.

Бүх оддоос хол,

Бүр тийм хол, бас

Бүдэг зүсрэх

Борооноос ч уйтай.

 

Тэгэхэд хайрласан шигээ

Дахин чамайг хайрлах уу?

Зүрх минь ямар гэмтэй гэж?

Манан сарнихад

Магад өөр хүсэл ирэх үү?

Амарлингуй бас ариун байх уу?

Сарыг л дэлбээ дэлбээгээр нь

Тасдаж чаддаг сан бол!

 

Орчуулгын зохиогчийн эрх © Н. Анараа, ЛГБТ Төв, 2017 он

Дахин нийтлэхийг хүсвэл зөвшөөрлийг ЛГБТ Төвөөс авна уу.