Лесбиян эмэгтэйчүүд сэтгэл зүйн маш өвөрмөц асуудлуудтай нүүр тулгардаг. Учир нь тэд дийлэнх хүмүүсээс хавьгүй их сэтгэл зүйн асуудал бүхий маргинал бүлэг буюу ЛГБТ олон нийтийн нэг хэсэг юм. Хэрэв та лесбиян эмэгтэйчүүдийн сэтгэл дотор бага ч болов аялахыг хүсвэл доорх нийтлэлд анхаарлаа хандуулан лесбиян эмэгтэйчүүдийн сэтгэл зүйн онцлог, асуудал, үзэгдэл болон тэдгээрийн шалтгааныг тайлбарласныг сонирхоно уу.
Лесбиян эмэгтэйчүүд бусад ЛГБТ хүмүүстэй харьцуулахад өөрсдийгөө ангилах болон нэрлэх тал дээр хавьгүй илүү дарамт мэдэрч, тавгүй мэдрэмж авдаг гэж судлаачид тогтоосон байдаг. Эдгээр дарамт нь ихэвчлэн стрэйт ба гей залуучууд, бусад лесбиянуудаас ирдэг гэж үзсэн байна. Лесбиян олон нийтийн хэрэглэдэг зарим нэршил, ангиллаас дурдвал: фэмм (femme) нь эмэгтэйлэг хувцаслаж, биеэ авч явдаг лесбиян эмэгтэйчүүд; aльфа (alpha) өөртөө итгэлтэй, тодорхой хэмжээнд ихэмсэг, ихэвчлэн гоё сайхан биетэй; бүүч (butch) эршүүд, спортлог лесбиян эмэгтэйчүүд. Гэвч энэ мэтчилэн нэршил, ангиллыг бүх лесбиян эмэгтэйчүүд хэрэглэдэг гэсэн үг биш. Зарим нь эдгээр нэр томьёог үзэн ядах, эсэргүүцэх нь ч бий. Бүүч лесбиян эмэгтэйчүүд өөрсдийн ангиллаар илүү бахархах, цаашлаад өөрсдийгөө илүү чөлөөтэй илэрхийлэх нь бий. Ингээд л сэдэв ээдрээтнэ. Яагаад гэхээр өөрийгөө бүүч гэж илэрхийлэх күийр буюу бэлгийн цөөнх эмэгтэйчүүд цөөнгүй бий. Түүнчлэн зарим стрэйт эмэгтэйчүүд ч ил нэршлийг ашиглан өөрийгөө илэрхийлэх нь цөөнгүй. Лесбиян гэх үг нь ч өөрөө их маргаантай: лесбиян гэх нь зөв үү? Лесбиян эмэгтэй гэх нь зөв үү? Эсвэл ердөө гей эмэгтэй юу? Нийтлэгч миний бие өөрийн үзэл бодлоо цухас хавчуулахад аливаа зүйлс болон үзэгдлийг бид нэрлэж, шошго үүсгэх тусам тэр зүйл бусад зүйлээс илүү ялгаатай мэдрэмж үүсгэдэг, харин хүн төрөлхтөн ялгаатай зүйл бүрийг дээр, эсвэл доор хэмээн ангилах хандлагатай. Үнэндээ дээрх нэршил болон ангилал нь лесбиян эмэгтэйчүүдэд стресс үүсгэх нэгэн хүчин зүйл болдог бөгөөд тэдэнд нийгмээс тусгаарлагдсан мэт мэдрэмж төрүүлж, түүнтэйгээ насан туршдаа тэмцэхэд хүргэдэг. Иймд та лесбиян эмэгтэйчүүдтэй харилцахдаа хэлэх үгэндээ бодолтой, хүндэтгэлтэй хандах нь тэдний сэтгэл зүйн байдалд эергээр нөлөөлөхийг бүү мартаарай.
Лесбиян хүмүүс ба харилцаануудыг ярихад ЛГБТ хүмүүс ч тэр бүр ярьдаггүй ч, ярих ёстой нэг сэдэв нь хосын хүчирхийлэл. Тэр тусмаа лесбиян хос гэхээр хүмүүс хүчирхийлэл гэдэг үгийг огт боддоггүй. Лесбиян хосын хоорондох хүчирхийлэл эсрэг хүйсийн, эсвэл ижил хүйсийн бусад хосуудынхаас хавьгүй бага гэж хүмүүс нийтлэгээр боддог нь нийгэмд тогтсон хэвшмэл ойлголтоор эрэгтэйчүүдийг л хүчирхийлэгч гэж ойлгодогтой холбоотой. Энэ бол маш том эндүүрэл. Судалгаагаар стрэйт хосуудын 35%, ижил хүйсийн хосуудын 26% нь хосын, гэр бүлийн харилцаа нь хүчирхийлэлтэй гэж мэдээллэсэн бол лесбиян хосуудын 44% нь хамтрагчаасаа ямар нэгэн байдлаар хүчирхийлэлд өртсөн гэсэн нь бодит байдал хүмүүсийн бодлоос эсрэг байдгийг харуулдаг. Хүчирхийлэл лесбиян хосуудын хувьд ийм өндөр хувьтай байгаагийн шалтгаан олон хүчин зүйлтэй холбоотой байдгийг Монголын нөхцөлд нарийн судлаагүй ч, гадаадын судалгаагаар эн тэргүүнд нийгмээс ирж буй ижил хүйсийн хосын харилцааг үгүйсгэх үгүйсгэл, гомофоби, зарим тохиолдолд хувь хүмүүсийн онцлог буюу тэдний итгэл үнэмшлээс улбаатай буюу хосын аль нэгний дотоод гомофоби буюу өөрөө өөрийгөө лесбиян хэмээн хүлээн зөвшөөрдөггүйгээс үүсдэг гэж судлаачид үздэг. Гадаадад хамтрагч нь хүчирхийлэл үйлдсэн тохиолдолд цагдаад эсвэл ЛГБТ эрхийн байгууллагуудад хандахад тэр бүр асуудлыг чухалчилж авч үзэхгүй байх тохиолдол элбэг. Харин ЛГБТ Төв нь ижил хүйсийн хосын ба гэр бүлийн хүчирхийллийн асуудлаар анхан шатны зөвлөгөөг тусламжийн утсаараа 2015 оноос хойш өгч байна. Хүчирхийлэлтэй харилцаан дахь хосын асуудлыг эрх зүйн үүднээс гадна сэтгэл зүйн үүднээс авч үзэх, хост дэмжлэг үзүүлэх шаардлага байдаг ба хосын аль алинд сэтгэл зүйн мэргэжлийн зөвлөгөө хэрэгтэй байдаг.
Судлаачийн хувиар Монгол дахь лесбиян хосуудын харилцааг ажиглахад хүчирхийлэл маш их байдаг бөгөөд хамтрагчаа хардах, үл ойлголцох зэрэг байдлаас үүдэн нэгнийгээ хайр найргүй зодох, элдэв үгээр доромжлохыг олон харж байв. Өөрийн орон дахь ЛГБТ олон нийтийн нөхцөл байдалтай холбон энэхүү харгис байдлын шалтгааныг таамаглавал лесбиян хосууд ихэвчлэн гей баранд танилцаж, тэнд хамтдаа цагийг өнгөрөөдөг ба архины хэрэглээ нь маш өндөр. Архи өөрөө депрессант буюу хүний стрессийн даавар кортизолыг ихээр ялгаруулахаас гадна эндорфин, допамин зэрэг аз жаргалын дааврын ялгаралтыг багасгадаг онцлогтой. Түүнчлэн манай орон дахь ЛГБТ олон нийтийн ил амьдрадаг хүмүүсийн тоо хүрээ, ялангуяа лесбиян эмэгтэйчүүдийнх тун бага тул хов жив, хосдоо үнэнч биш байх байдал өндөр байдаг зэрэг хүчин зүйл ч дээрх харгислал үүсэхэд нөлөөлдөг байх талтай.
Нийтлэлийг бэлтгэсэн сэтгэл судлаач Ц. Ганзул