Esquire сэтгүүлээс бүх цаг үеийн шилдэг 50 ЛГБТ киног жагсаасныг хоёр таслан орчуулан хүргэж байна.

Кино урлаг бидэнд хэрхэн амьдрахыг харуулдаг. Ёс суртахуун, ёс зүйн хэм хэмжээнээс гадна бусадтай хэрхэн харилцах, яаж дурлах, яаж хайрлах талаар бидэнд харуулдаг. Өөрсдийгөө ба бусдыг хэрхэн харахыг бидэнд заадаг. Кино урлаг күийр хүмүүсийг хэрхэн дүрсэлснийг харуулсан байдал үүний тод жишээ. Бидэн шиг хүмүүсийг хэвшмэл ойлголт төдийхөн болгосныг авч үзвэл үнэндээ зарим күийр хүмүүс өөрсдийн бодит байдал, оршихуйгаа л камерын өмнө илэрхийлсэн илэрхийллүүд нь тэр. Кино урлаг күийр хүмүүсийг эсрэг баатар, хохирогч, эерэг баатар, хог шаар хэмээн мөн дүрсэлсэн байсан нь ЛГБТ хүмүүсийн тухай эрт хийгдсэн ихэнх кино бидний гараар биш, стрэйт хүмүүсээр бүтээгдсэнтэй холбоотой биз.

Кино урлаг хүн төрөлхтөн дотроо ялгаатай байдлуудаа хэрхэн ойлгож, хүлээн зөвшөөрч амьдрах талаар заадаг утгаараа олон күийр кино энэ үүргээ сайн гүйцэтгэсэн ч, олон нь чадаагүй. Маргиналчлагдсан олон нийтийн тухай кино хийнэ гэдэг ярвигтай асуудал, кино бүтээгчид өөрсдөө ЛГБТ байсан ч. “Хийвэл буруудна, хийгээгүй ч буруудна гэдгийн үлгэр ялангуяа ЛГБТ кинон дээр тод харагддаг. Күийр дүрүүд стрэйт ертөнцийн нэг хэсэг болох гэж хичээгээд байгаа юм шиг байна уу? Эсвэл тэд хэт күийр дүрийг бүтээгээд байна уу? ЛГБТ олон нийтийн дотоод ялгаатай бүх байдлыг гаргаж ирж чадаж уу? Ихэнх күийр кино эдгээрийг чаддаггүй нь хүлээн зөвшөөрүүштэй зүйл, учир нь стрэйт киноны дүр бүр стрэйт эрэгтэй, эсвэл стрэйт эмэгтэйн оршихуйг бүхэлд нь төлөөлж чаддаггүй.

Бахархлын сарыг тохиолдуулан күийр хүмүүсийн тухай шилдэг 50 уран сайхны киноны жагсаалтыг та бүхэнд хүргэж байна. Эдгээр кино күийр оршихуйн бүх нарийн ширийнийг харуулах гэж хичээсэн ба бэлгийн чиг баримжаа, эсвэл хүйсийн баримжааны үргэлжлэл дээр хаана байгаагаас үл шалтгаалан бид ганцаар бишийг харуулсан кинонууд юм.

50. THE HUNGER (1983)

Найруулагч: Тоони Скоотт (Tony Scott)

Хос Дэйвид Бөүийгээ бага багаар хөгширч, үхэж эхлэхэд нь түүнээс залхаж буй вампирын дүрийг Каатрин Дэнёөв бүтээжээ. Бөүийг хаях нь бараг боломжгүй зүйл гэж харагдаж байтал түүнийг орлох амрагаар Бөүийгээс дутахааргүй дур булаам Сюүзан Сараандон сонгогдсоныг үзэгчид мэднэ.

49. CRUISING (1990)

Найруулагч: Уилльям Фрийдкин (William Friedkin)

Гей эрчүүдийг алж буй цуврал алуурчныг олохын тулд Ал Пачийно Нью-Йорк хотын садомазохист нийгэмд нууцаар орно. Олон талаасаа асуудалтай кино ч өөрийн гэсэн культыг бий болгож чадсан, ХДХВ-ын өмнөх гей бэлгийн мөн чанарыг бүрэн харуулсан кино гэдгээрээ алдартай. 

48. THE OPPOSITE OF SEX (1998)

Найруулагч: Доон Рүүз (Don Roos)

1990-ээд оны зөв үг хэллэгийн бүх хэм хэмжээг эвдсэн Рүүзийн инээдмийн энэ кино нь үзүүштэй. Кристийна Риччи байнга хараал хэлдэг, жирэмсэн, гэрээсээ зугтаж, ах дээрээ очоод, түүний найз залуутай хамт зугтдаг бүсгүйн дүрийг бүтээжээ. Мэдээж ах нь тэр хоёрын араас явах ба ам нь хэзээ ч хуурайгүй, амьдралд нугачигдсан найз Лийса Күүдровтойгоо Америкийг хөндлөн гулд туулна. 

47. VIVA (2015)

Найруулагч: Паадди Брээтнак (Paddy Breathnach)

Кубын “хувирагчид нэртэй драг күийнүүдийн амьдралыг гайхалтай гаргасан энэ түүх нь драг уран бүтээлч болохыг мөрөөддөг хүү, саяхан шоронгоос суллагдсан ба хүүгээ хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй байгаа эцгийн тухай түүх. Кино нь Хаваан хотын элэгдэж хуучирсан ч сэтгэл булаам байдлыг харуулсан чадварлаг зураг авалттай, гайхалтай саундтрак бүхий кино юм.

46. DESERT HEARTS (1985)

Найруулагч:  Доонна Дайч (Donna Deitch)

1980-аад оны лесбиян бүр үзсэн энэхүү кино нь их сургуулийн англи хэлний багш, залуухан уран барималч хоёр Неваадагийн ферм дээр учирч, бие биедээ дурладаг хайрын түүх. Тухайн цаг үед ижил хүйсийн хайр дурлалын талаар хийгддэг байсан бусад киноноос тэс өөр нь хоёр бүсгүйн хайр дурлалыг эерэг, хүндэтгэлтэй байдлаар харуулсан байдал юм.

Найруулагч: Дааррэн Штайн (Darren Stein)

Найруулагч: Вон Кар-ваай (Wong Kar-wai)

Хонконг Их Британий засаг захиргааны нэгж байхаа больж, буцаж Хятадын нэг хэсэг болоход ЛГБТ хүмүүсийн амьдралд шууд сөргөөр нөлөөлж эхлэхэд Аргентин руу нүүсэн хоёр гей залуугийн амьдралын тухай киногоороо Вон Кар-ваай 1997 оны Каанны кино наадмаас Шилдэг найруулагчийн шагналыг авсан билээ.     

42. KEEP THE LIGHTS ON (2012)

Найруулагч: Айраа Саакс (Ira Sachs)

Найруулагчийн амьдралын түүхэд үндэслэсэн энэ кино нь Ээрикийн амьдрал, түүнээс дүү, өмгөөлөгч найз залуу Поол хоёрын харилцааны тухай. Секс хийж танилцсан хосын харилцаа Поолын секс болон хар тамхинд донтсон байдлаар дэлбэрч, хяналтаас гарч байгааг энэхүү кино харуулна. 

41. THE WATERMELON WOMAN (1996)

Найруулагч: Шээрил Данье (Cheryl Dunye)

Африк-Америк лесбиян 1930-аад оны нэр нь тэмдэглэгдээгүй хар арьстан жүжигчин эмэгтэйг хайж буй тухай энэхүү кинонд найруулагч Данье өөрөө тогложээ. Эрэл хайгуулаа хийх явцдаа тэрээр хайр дурлалтай учирч, салж, мөн жинхэнэ Камийль Паальятай (АНУ-ын күийр соёл судлал, феминист онолчдын нэг) уулзана.  

40. THE KIDS ARE ALRIGHT (2010)

Найруулагч: Лийса Колодээнко (Lisa Cholodenko)

Жүлианн Моор, Аннэтт Бээнинг нар өсвөр насны хоёр хүүхэдтэй лесбиян хос ба хүүхдүүд нь үрийн шингэний донороо хайж эхлэхэд амьдрал нь өөрчлөгдөнө. Донор Маарк Рааффоло амьдралд нь орж ирснээр хосын ч, хүүхдүүдийн ч ээжүүдтэйгээ харилцах харилцаанд хямрал үүснэ. 

39. THE CHILDREN’S HOUR (1961)

Найруулагч: Уилльям Уайлэр (William Wyler)

Оодрий Хэпбөөрн, Шёөрли Маклэйн нар охидын сургуулийн ахлах багш нар ба тэднийг лесбиян харилцаатай хэмээн нэгэн охин гүжирдэнэ. Үнэндээ хоёр эмэгтэйн хооронд лесбиян харилцаа байхгүй ч энэ гүтгэлгээс үүдэн хоёр эмэгтэйн найз нөхөрлөл ганхаж, нийгмийн байр суурь нь ч хүндхэн болоход нэг нь өөрийнхөө хэн гэдгийг дэлгэхээс өөр аргагүй болно. 

38. PERSONAL BEST (1982)

Найруулагч: Рообэрт Таун (Robert Towne)

Маариэл Хээмингүэй гол дүрд нь тоглосон энэ кино АНУ-ын Олимпын багийн залуу, бисексуал, 5 төрлийн спортын тамирчны тухай. Тэрээр Олимпод оролцох эрхийн төлөө бэлтгэх хугацаандаа лесбиян дасгалжуулагч, бодитоор Олимпийн бартаат замын гүйлтийн тамирчин Патрийс Дооннэллитэй хувийн харилцаа үүсгэнэ.

37. MA VIE EN ROSE (1997)

Найруулагч: Алэйн Бөрлинэр (Alain Berliner)

7 настай транс охины тухай энэхүү Бельги кино нь ямарваа хүчирхийлэл, секс, элдэв гаж үг агуулаагүй ч 1997 онд R буюу 17 наснаас доош насныхан насанд хүрэгчтэй хамт үзэх ангилалд багтаж, ангилагдсан нь киноны сэдвээс болсон хэмээн олны шүүмжлэлийг хүртсэн. Энэхүү кино нь транс хүүхдүүдийн хүүхэд насан дахь асуудлуудыг мэдрэмж, хайраар дүүрэн байдлаар гаргасан гайхалтай кино юм. 

36. MY OWN PRIVATE IDAHO (1991)

Найруулагч: Гас Ван Саант (Gus Van Sant)

Гас Ван Саант Шекспийрийн “IV Хээнри хаан зохиолд хагас сэдэвлэсэн энэ киногоороо шинэ күийр кино урлагийн урсгалыг мэйнстрийм кино урлагт танилцуулсан билээ. Рийвэр Фийникс залуу, унтдаг өвчтэй, хар тамхи зардаг гей залуугийн дүрийг бүтээсэн ба түүний бүтээгүй хайр, найз, мөн хар тамхи зардаг залуугийн дүрийг Кианү Рийвз бүтээжээ.

35. MAURICE (1987)

Найруулагч: Жеймз Айвори (James Ivory)

“Чи намайг зүгээр үлдээчих хүн шиг сэтгэл гаргасан бол би амьдралаа хагас унтаа өнгөрөөх байсныг чи мэдэхгүй гэж үү? Merchant Ivory студийн тансаг зураглал, төвд нь гей залуус. Энэхүү кино нь өөрөө сэтгэл уяраам, үзэсгэлэнтэй биш байсан ч Хьюү Граантын үснээс л болж энэхүү жагсаалтад орох ёстой кинонуудын нэг. 

34. HEAVENLY CREATURES (1994)

Найруулагч: Пийтэр Жааксон (Peter Jackson)

Кэйт Уинслетт, Мээлани Лийнски нарын тоглосон Шинэ Зелаандын сургуулийн хоёр охины төсөөллийн ертөнц нь тэдэнд бодит байдлаас зугтах гарц болдгийг найруулагч Пийтэр Жааксон чадварлаг харуулсан. Хоёр охин хамгийн аймшигт аллагыг төлөвлөж хэрэгжүүлсэн үнэн түүх хосын харилцаа хэр их хүнд, аюултай болсныг харуулдаг. 

33. GO FISH (1994)

Найруулагч: Рөүз Троош (Rose Troche)

“Явж загасчил кино нь зөөлөн жанрын лесбиян кинонуудаас огт өөр. Хар цагаан зураглалтай, хотын лесбиян эмэгтэйчүүдийн амьдралыг харуулсан энэхүү кино нь маш бага төсвөөр бүтжээ. Гүинивээр Тёөрнэр хамтран сценарийг нь бичиж, тухайн үед найз охин нь байсан Рөүз Троошийн найруулсан энэ кино нь 1990-ээд оны инди лесбиян киноны шилдэг нь байсан юм. 

32. MAKING LOVE (1982)

Найруулагч: Аартур Хиллэр (Arthur Hiller)

Ижил хүйсийн харилцааг киноны гол харилцаа болгосон анхны томоохон студийн хийсэн энэ кино нь Клэйр эхнэртэй ч өөрийн ижил хүйсийн бэлгийн чиг баримжааг эрэлхийлж буй Заакийн тухай юм. Төгс кино биш ч тухайн үедээ л маш их эрсдлийг үл хайхран бүтээсэн энэ кино нь ХДХВ-ын өмнөх тэр бүр баримтжаагүй Лос-Аанжелесийн гей амьдралыг харуулна.

31. THE WEDDING BANQUET (1993)

Найруулагч: Аанг Лий (Ang Lee)

Күийр киноны шинэ түүхийг нээсэн Brokeback Mountain киноныхоо өмнө найруулагч Аанг Лий энэхүү Нью-Йоркт хостойгоо амьдардаг Тайвааны цагаач гей залуугийн тухай инээдмийн киногоо хийжээ. Ногоон карттай болгож өгөхийн тулд нэг хятад эмэгтэйтэй гэрлэх төлөвлөгөө зохиосон нь ээж аавынх нь чихэнд хүрч, хүүгээ гэрлэж байна хэмээн тэд томоохон хүлээн авалт зохион байгуулна. 

30. THE TALENTED MR. RIPLEY (1999)

Найруулагч: Аантони Мингээлла (Anthony Minghella)

1950-иад оны Италид Матт Дэймоны эсрэг талын баатар Жүүд Лоогийн хүрч боломгүй ч, сэтгэл татам Дийки Грийнлифт дурлаж, түүний дүрээр амьдарна. Рийплий мангас нь тодорхой ч, киноны үйл явдлыг үзэх бид өөрийн эрхгүй түүнийг амжилтад хүрээсэй гэж хүснэ. 

29. CHASING AMY (1997)

Найруулагч: Кээвин Смит (Kevin Smith)

Туйлд нь хүртэл дотор муухайруулж чадсан эхний хоёр инээдмийн киноныхоо дараа Смит хайр дурлалын инээдмийн кино хийж хүчээ үзжээ. Гэхдээ энэ байдаг л нэг хайр дурлалын инээдмийн кино биш: зурагт номын зохиолч Бээн Аафлекийн дүр өөр нэг зохиолчид дурлах ба энэ нь бүх талаар бүтэх дурлал мэт боловч дурлалт бүсгүй нь өөр эмэгтэйчүүдэд татагддагийг олж мэднэ.  

28. BEGINNERS (2010)

Найруулагч: Майк Мийллз (Mike Mills)

Мийлзийн 2010 оны кино нь дөнгөж өөрийгөө гей гэдгээ илэрхийлсэн аавынхаа амьдралын эцсийн жилд нь харилцаагаа шинээр үүсгэж буй Лос-Аанжелесийн уугуулын тухай кино. 

27. BOUND (1996)

Найруулагч: Лаана ба Лилли Вачоовски (Lana Wachowski & Lilly Wachowski)

Женнифэр Тийлли, Жийна Гёөршөн нар энэхүү сэкси түүхээр дэлгэцийг авалзуулна. Коорки Вайолеттай дурлалын харилцаа үүсгэж, мөнгө угаагч найз залуугаас нь 2 сая доллар дээрэмдэх төлөвлөгөө боловсруулна. Вачоовски эгч дүүсийн энэхүү анхны кино нь хил хязгаарыг эвдсэн, гайхалтай кино хийх авьяасыг нь бүрэн харуулжээ. 

26. BUT I’M A CHEERLEADER (1999) 

Найруулагч: Жейми Баббит (Jamie Babbit)

Цагаан хоолтон болж, фоок рок сонирхох Мээганыг ээж аав нь лесбиян гэж бодоод, ижил хүйсийн бэлгийн чиг баримжааг нь эмчлүүлэх зорилгоор зуны амралтанд явуулна. Бэлгийн чиг баримжааг өөрчлөх эмчилгээ гэдэг тоглоом хийх сэдэв биш ч Жейми Баббитын сатир гомофоби гэдэг зүйлийг ямар хэлбэрээр илэрдгийг тодорхой гаргасан ба киноны төгсгөл ч аз жаргалтай. Нэмж хэлэхэд энэхүү кинонд РүүПоол тоглосон шүү.  

Үргэлжлэлийг унших.

Эх сурвалж: Esquire

Орчуулгын эх сурвалж: ЛГБТ Төв