
25. PARIAH (2011)
Найруулагч: Дий Рийз (Dee Rees)
Дий Рийз найруулагчийн анхны бүтээл нь өөрийнхөө бэлгийн мөн чанарыг хүлээн зөвшөөрч, түүнийгээ илэрхийлэхийг сурч буй, ийн илэрхийлснээрээ гэр орныхон, найз нөхдийнхөө “мэдэхгүй байвал тухтай” орон зайг эвдэж буй Брүүклины өсвөр насны охин Алайкын тухай кино юм.
24. MYSTERIOUS SKIN (2005)
Найруулагч: Грээгг Арааки (Gregg Araki)
Араакигийн авьяас чадвар гялалзсан энэхүү кинонд Жоозэф Гоордон-Лээвитт, Брэйди Коорбэт нар тогложээ. Хүүхэд насандаа дасгалжуулагчдаа өөр өөр байдлаар бэлгийн хувьд хүчирхийлүүлснийг том болсон хойноо хоёр хүү үүнтэйгээ хэрхэн амьдарч буйг харуулсан энэ кино үзэхэд нэлээд хүнд ч, яагаад ч юм сэтгэл дулаацуулдаг.
23. DOG DAY AFTERNOON (1975)
Найруулагч: Сийдни Люмээт (Sidney Lumet)
8-р сарын шатам халуун өдөр Аал Пачийногийн дүр Санни Брүүклины банк дээрэмдэхийг оролдох ч дээрэм хүссэнээр нь өрнөхгүй. Тэр дороо хэвлэлийн баатар болох Санни дээрэмдсэн мөнгөө хайртынхаа хүйсийн шилжилтийн хагалгаанд зориулах байсныг мэдээд бид өөрийн эрхгүй уярна. Энэ кино бодит түүхэд үндэслэсэн.
22. MY BEAUTIFUL LAUNDRETTE (1985)
Найруулагч: Стийвэн Фриэрз (Stephen Frears)
Британий пакистан залуу ба гудамжны фашист хулигаан болсон түүний хуучин амраг хоёр эргэн нийлж, угаалгын газар нээнэ. Тээтчэрийн үеийн цагаачдын эсрэг давалгаа, нийгмийн материаллаг зүйлсийг дээдлэх хэм хэмжээтэй баатрууд нүүр тулна.
21. BEFORE NIGHT FALLS (2000)
Найруулагч: Жүүлиан Шнаабэл (Julian Schnabel)
Кубын гей яруу найрагч Рэйнаалдо Арээнасын дурдатгалд үндэслэсэн энэхүү кино нь Кастрогийн Куб болон Рэйганы Америкийн гомофоби, хэрцгийллийг дэлхийд таниулснаас гадна Хавиеэр Бардээмийг дэлхийд танилцуулсан билээ.
20. HIGH ART (1998)
Найруулагч: Лийса Колодээнко (Lisa Cholodenko)
Лийса Колодээнкогийн анхны кино нь цагаасаа эрт чөлөөнд гарсан зурагчин, эргэж ажлаа хийх онгодыг нь хөглөх залуу эмэгтэйн түүх. Кинонд бодит амьдралдаа лесбиян ээжтэй Аалли Шийдий, түүний амрагаар авьяаслаг Радхаа Мийчэлл нар тогложээ.
19. ALL ABOUT MY MOTHER (1999)
Найруулагч: Пээдро Альмодоваар (Pedro Almodóvar)
Альмодоваарын кинонууд хайр татам гажиг дүрүүдээр дүүрэн ба Оскар хүртсэн энэ кино үүний хамгийн сайн жишээг үзэгчдэд барьдаг. Хүүгээ нас барсны дараа Мануээла Лоола нэртэй амьдрах болсон түүний эцгийг олох эрэлд мордоно. Лоолагийн хүүхдээр саяхан жирэмсэлсэн залуухан гэлэнмаа (Пэнээлопэ Крүүз) ч зам зуур нэгдэнэ.
18. A SINGLE MAN (2009)
Найруулагч: Том Фоорд (Tom Ford)
Крийстофэр Ийшэрвүүдийн олон жилийн хань нь нас барсны дараа амьдралд эргэн ирж буй англи хэлний багшийн тухай зохиолыг кинонд хөрвүүлсэн нь Том Фоордын найруулсан анхны кино юм. Фоорд л учир гайхалтай стийллэг зураглал, найруулгаараа Коолин Фёөрт, Жүлианн Моор нарын авьяасыг бүрэн гаргаж чадсан аж.
17. HEDWIG AND THE ANGRY INCH (2001)
Найруулагч: Жоон Каамэрон Мийчэлл (John Cameron Mitchell)
Жоон Каамэрон Мийчэллийн трансжендэр рок хатан Хээдвигийн тухай мюзикл нь олон жил Броодүэйд амжилттай яваа ба үүнээс өмнөх кино нь Хээдвигийн бага насны түүхийг нарийн өгүүлсэн. Энэхүү гайхалтай рок мюзикл жанртаа л цөөхөн толгой цохидог кинонуудын нэг.
16. PRIDE (2014)
Найруулагч: Маатью Уоорчас (Matthew Warchus)
Тээтчэрийн үеийн Лондоны хэсэг ЛГБТ эрхийн идэвхтэн Уэйльзийн ажил хаялт зарласан уурхайчидтай нэгдэж, тэднийг дэмжинэ. Алтан бөмбөрцөгт нэр дэвшсэн сценари дарлагдаж, адлагдсан хүмүүс яагаад нэгдэх ёстойг дахин бидэнд сануулна.
15. JEFFREY (1995)
Найруулагч: Крийстофэр Аашлий (Christopher Ashley)
Поол Раадникийн захын Броодүэйн жүжгийг кино болгосон нь 1990-ээд оны эхээс дунд хүртэлх Нью-Йоркийн гей амьдрал, болзоо гэх мэтийг арай хуучинсагаар харуулсан гэж зарим хүмүүс үздэг. Гэвч киноны авууштай тал нь ХДХВ-ын ид хямралын үед хүмүүс хайр дурлалыг хайсаар байгааг, баяр хөөрийг олж буйг тухайн үеийн бусад кино гаргаж чадаагүй байдлаар гаргасан юм.
14. LONGTIME COMPANION (1989)
Найруулагч: Ноорман Рэнээ (Norman René)
“Нью-Йорк Таймз” ХДХВ-г “гей хорт хавдар” гэж нэрлэсэн гарчиг бүхий нийтлэл нийтлэсэн өдрөөс эхлэн ХДХВ-ын хямралын эхэн үед амьдарч буй хэсэг гей залуусын амьдралыг харуулах энэ кино харуусал, үхэл тодорхой болсон үеийн хошигнол, найзуудтайгаа үүсгэдэг гэр бүлийн тухай гүн гүнзгий бодрол юм.
13. SUNDAY BLOODY SUNDAY (1971)
Найруулагч: Жоон Шлээсинжэр (John Schlesinger)
Саяхан гэрлэлтээ цуцлуусан эмэгтэй ба хижээл насны гей эр хоёрт нийтлэг зүйл юу байж болох вэ? Аль аль нь сэтгэл булаам, стийллэг зураачтай амрагийн холбоотой ба аль аль нь нөгөө амраг байдгийг мөн мэддэг явдал. Шлээсинжэрийн алдарт кино нь уйтгарт амьдралаасаа салж, хазааргүй залуу насаа эргүүлж олохыг оролдож буй хоёр хүний түүх юм.
12. THE COLOR PURPLE (1985)
Найруулагч: Стийвэн Спийлбэрг (Steven Spielberg)
Вүүпи Гөүлдбэргийн анхны кино болох энэ кинонд тэрээр 20-р зууны эхээр амьдарч буй Африк-Америк бүсгүй Сийлийгийн дүрийг бүтээдэг ба бүсгүй хүчирхийллээс салахын төлөө тэмцэх явцдаа санаандгүй хайр дурлалтай учирч буй түүх юм.
11. TANGERINE (2015)
Найруулагч: Шоон Бэйкэр (Sean Baker)
Саанта Мооника өргөн чөлөөний албан бус улаан дэнлүүний хэсгийн дагуу iPhone-уудаар авсан энэхүү кино нь хоёр трансжендэр биеэ үнэлэгч эмэгтэйн амьдрал, тэдний нэгт үхтлээ дурласан таксины жолоочийн адал явдлыг нэгэн зулсарын оройн үйл явдлаар харуулна. Найруулагч Шоон Бэйкэр анх удаа кинонд тоглосон жүжигчдээ нарийн боовны кафед олсон ба киноны ихэнх зураг авалтыг ч мөн тэнд хийжээ.
10. PARTING GLANCES (1986)
Найруулагч: Билл Шөрвүүд (Bill Sherwood)
1980-аад оны дунд үеийн Манхээттэний гей амьдралын нэг зүсэм болох энэ кино нь Стийв Бүшээмигийн анхны томоохон дүр бүтээсэн кино байсан ба ХДХВ-ын хямралыг шударга, сенсаацгүй, хошигносон байдлаар гаргажээ. Энэ киноноос мартагдсан богемийн Нью-Йоркийн уур амьсгал, Рэйганы үеийн Файр арал, Дрюү Кээрригийн шоуны өмнөх Кэйти Кинний нарыг харуулна.
9. THE ADVENTURES OF PRISCILLA, QUEEN OF THE DESERT (1994)
Найруулагч: Стийван Ээлиотт (Stephan Elliott)
Хоёр драг күийн, нэг трансжендэр эмэгтэй Австралийн хөдөөгөөр Приссийлла нэртэй аварга ягаан автобусаар Аалис Спрингз хот руу драг үзүүлбэр үзүүлэхээр аялна. Адал явдал дүүрэн аяллын үеэр гурав бие биеийнхээ, хувийн амьдралуудынхаа талаар илүү сайн мэдэж, гүн дотносно.
8. BLUE IS THE WARMEST COLOR (2013)
Найруулагч: Абдэллатийф Кээшиш (Abdellatif Kechiche)
Хуял тачаал дүүрэн лесбиян секс харуулсан утгаараа кино нь NC-17 ангиллыг авсан ч киноны гол санаа нь залуу нас, урлаг, хайр ба харуусал, өөрийн мөн чанарыг олохын төлөө сэтгэл хөдлөм эрэл хайгуулын тухай юм.
7. BOYS DON’T CRY (1999)
Найруулагч: Киймбэрли Пийрс (Kimberly Peirce)
Нийгэмд хүйсийн талаар яриаг эхлүүлсэн кино аль вэ гэвэл энэ л киног нэрлүүштэй. Небраскийн транс залуу Брандон Тийнагийн энэхүү бодит түүх транс асуудлыг хөндсөн утгаараа NC-17 ангиллыг авсан ч сүүлдээ R ангилалд буусан.
6. THE BIRDCAGE (1996)
Найруулагч: Майк Нийколз (Mike Nichols)
La Cage aux Folles-г Америкийн үзэгчдэд зориулан дахин хийсэн энэхүү кинонд хэт консерватив улстөрчийн охинтой гэрлэх тухайгаа хоёр аавдаа мэдэгдэж буй залуу, хоёр аав нь хүүгээ дэмжиж, худууддаа таалагдахын төлөө хэрхэн хөглөж буй тухай инээдмийн кино билээ.
5. BROKEBACK MOUNTAIN (2005)
Найруулагч: Аанг Лий (Ang Lee)
Анний Прүүлийн хоёрхон хуудас богино өгүүллэгийг гайхалтай олон жилийн түүх болгож харуулсан энэ кино элдэв хачир, гоёлгүй цаг цагийн шилдэг гей хайрын түүх юм.
4. CAROL (2015)
Найруулагч: Тоодд Хэйнз (Todd Haynes)
Патрийша Хайсмитын культ зохиолыг Тоодд Хэйнз дэлгэцийн тансаг түүхээр амилуулжээ. Тэрийз нэртэй дэлгүүрийн худалдагч залуу бүсгүй Каарол нэртэй эгчмэд бүсгүйд татагдана. Аялалд гарах хоёр бие биендээ татагдсан дурлалаа биетээр амтлах ба энэ нь Кааролын гэрлэлтийг дуусгаж, Тэрийзийн нууц байсан тачаалыг илчилнэ.
3. MOONLIGHT (2016)
Найруулагч: Баарри Жээнкинз (Barry Jenkins)
Энэ жагсаалтын Оскарын шилдэг кино хүртсэн ганц кино. Өөрөө өөрийгөө олох, өөрийн бэлгийн мөн чанарыг хүлээн зөвшөөрөх, эр хүн байх мөн чанарыг өөртөө тодорхойлох гэх мэт нарийн зүйлсийг чадварлаг гаргасан энэхүү кино 2016 онд амтай бүрийг шуугиулж чадсан билээ.
2. PHILADELPHIA (1993)
Найруулагч: Жоонатан Дээмм (Jonathan Demme)
Том Хаанксын анхны Оскар авсан энэ кино нь ДОХ-тойгоосоо болж ажлаасаа халагдаж буй амжилттай явсан өмгөөлөгчийн тухай түүх. ХДХВ-ын хямрал гей хүмүүсийн амьдралд хэрхэн нөлөөлснийг, гей мөн ХДХВ-тэй бол хэрхэн ялгаварлан гадуурхалт явагддаг байсныг харуулсан том студийн анхны кино.