Ижил хүйсийн харилцаан дахь хүчирхийллийн талаар ЛГБТИ хүмүүс тэр бүр ярих дургүй. Найз нөхөд нь хүчирхийлэлтэй харилцаанд байлаа гэхэд тэдэнд шаардлагатай сэтгэл зүйн болон нийгмийн дэмжлэгийг өгч чаддаггүй учир хүчирхийлэлд буй ЛГБТИ хүн эргээд хүчирхийлэлтэй харилцаагаа сонгох нь бодит байдал. Гэр бүл, дотны хамтрагчийн хүчирхийлэл бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаанаас үл шалтгаалах мэт боловч ижил хүйсийн харилцаанууд нийгмээс ирэх ялгаварлан гадуурхалт, хувь хүмүүсийн дотоод гомофоби, цөөнхийн стрессээс үүдэн стрэйт харилцаануудаас илүү хүчирхийлэлтэй байдаг гэсэн магадлалыг Ноортвээстэрн Их сургуулийн Анагаахын сургуулийнхан гэр бүл, дотны хамтрагчийн хүчирхийлэлтэй холбоотой судалгаанууд дээр үндэслэн тогтоожээ. ЛГБТИ хосуудын 25%-75% нь хүчирхийлэлтэй хосын харилцаанд байдаг гэсэн тоог дээрх судалгаа гаргаж ирж байгаа ч ижил хүйсийн хосын хүчирхийллийг тэр бүр цагдаа болон нийгмийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудад мэдэгддэггүй учир энэ талаар бүрэн дүр зургийг гаргах боломжгүй ба ижил хүйсийн харилцаан дахь хүчирхийлэл энэ тооноос илүү өндөр байх магадлалтай гэжээ. Монголын хувьд шинэ Эрүүгийн хуулиар гэр бүлийн хүчирхийлэл нь эрүүгийн гэмт хэрэгт тооцогдох болсон хэдий ч ихэнх ЛГБТИ хүмүүсийн нуугдмал байдал гэр бүлийн хүчирхийллийн талаар нийгмийн үйлчилгээ авах хүслийг нь үгүй болгодог нь бас л нэг бодит байдал. Ямартаа ч гэр бүлийн хүчирхийлэл гэдэг байж болшгүй зүйл ба хайраар эхэлсэн харилцаа ийм байдалд орохыг бид хүлээн зөвшөөрөх ёсгүй утгаараа ижил хүйсийн дотны хамтрагчийн хүчирхийллийн талаар мэдлэг мэдээлэллийг өгөх цаг нь. Юу дотны хамтрагчийн хүчирхийлэл болдог, ижил хүйсийн ба эсрэг хүйсийн харилцаан дахь хүчирхийллийн ижил ба ялгаатай талуудын тухай 2003 оны Аризооны Түсоон хотын ЛГБТ Төвийн брошураас 2004 онд орчуулсныг та бүхэнд хүргэж байна.
Гэр бүлийн хүчирхийлэл гэдэг нь хүчирхийлэлд өртөж буй хүнийг сайн таних хүмүүс нь буюу хамтран амьдрагч хос, хамаатан садан, гэр бүлийн гишүүн гэх мэт хүмүүс үг хэл, сэтгэл зүйгээр дарамтлах (доромжлох, буруутгах, орилох, заналхийлэх, сүрдүүлэх) болоод биеэр хүчирхийлэх (түлхэх, зуурах, юмаар шидэх, цохих, зодох, боох, багалзуурдах, дэвсэх) үргэлжилсэн чанартай зан үйлийг хэлнэ. Гэр бүлийн хүчирхийллийн гол зорилго нь дотны хосоо хянах, тэр хяналтаа үргэлжүүлэхэд оршино.
ТАШАА ОЙЛГОЛТ
- ЛГБТИ харилцаан дахь хүчирхийлэлд хоёр тал ижил оролцдог.
- ЛГБТИ гэр бүлийн хүчирхийлэл нь бэлгийн зан үйл буюу садомазохизмын нэг хэлбэр. Хохирогч болсон хүмүүст хүчирхийлэл нь таалагддаг ба үүнийг хүлээн зөвшөөрдөг.
- Гэр бүлд хүчирхийлэл явагдаж буй тохиолдолд тэр гэр бүлийн бүх гишүүд холбоотой учир хүчирхийллийг зогсоохын тулд бүгд өөрчлөгдөх ёстой.
- Хүчирхийллийн түвшинг хохирогч болсон хүмүүс хэтрүүлж ярьдаг. Тийм хэцүү л байсан бол тэд харилцаагаа таслах байсан.
- Хүчирхийлэл ба дарамтын хариуцлагыг хүчирхийлэгчид тохдог.
- Архидалт, стресс, биеэ барих чадвар дутсанаас гэр бүлийн хүчирхийлэл үүсдэг.
- ЛГБТИ хүмүүсийн гэр бүлийн хүчирхийлэл ихэнхдээ бааранд цагаа өнгөрөөдөг хүмүүсийн дунд эсвэл ядуу хүмүүсийн дунд тохиолддог.
БОДИТ БАЙДАЛ
- Ижил хүйсийн харилцаанд харилцан хүчирхийлэл ховор тохиолддог. Аль нэг хосын зүгээс хяналт ба давамгайллын хүчирхийллийн тойргийг үүсгэсэн байдаг. Ихэнх хохирогч өөрсдийгөө хамгаалахын тулд хариу зодолддог.
- Гэр бүлийн хүчирхийлэл бол бэлгийн зан үйл биш. Садомазохист харилцаанд зан үйлийн хязгаарын тухай ямар нэгэн хэлцэл, зөвшилцөл байдаг. Гэр бүлийн хүчирхийлэлд ийм зөвшилцөл байдаггүй. Гэр бүлийн хүчирхийлэл гэдэг нь хохирогч болсон хүний хүсэлгүйгээр өртөж буй хүчирхийлэл.
- Зөвхөн хүчирхийлэгч өөрөө тусламж эрснээр хүчирхийллийг зогсоох ба зогсоох хариуцлагыг өөрөө үүрэх ёстой. Хүчирхийлэл нь зан үйлийн сонголт. Ихэнх хохирогч болсон хүмүүс хүчирхийллийг зогсоож магад хэмээн өөрсдийн зан үйлийг өөрчилдөг. Энэ нь үр дүнд хүргэдэггүй.
- Үнэн хэрэгтээ ихэнх хохирогч болсон хүмүүс өөрийгөө буруутгадаг ба ичсэнээсээ болж хүчирхийллийг багасгаж ярьдаг. Хүчирхийлэгч хосоо орхихыг оролдох нь хохирогчийн хувьд цаашдын заналхийлэл ба сүрдүүлэгт өртөх нөхцлийг үүсгэдэг ба ийн явснаараа бие махбодын хүнд гэмтэл авах, бүр цаашлаад амиа алдахад ч хүргэж болдог. Гэр бүлийн хүчирхийлэл нь илүү аюулгүй, амгалан тайван амьдралын төлөө хохирогч орон гэр, найз нөхөд, гэр бүл, эдийн засгийн аюулгүй байдал, эд хогшил, зарим тохиолдолд оршин сууж буй хотоо хүртэл орхиход хүргэдэг ганц гэмт хэрэг юм.
- Ихэнх хүмүүс өөрсдөө ч мэдэлгүй гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болсон хүнд бурууг тохдог. Тэд хүчирхийлэгч яагаад зан үйлээ үргэлжлүүж буй талаар, эсвэл ЛГБТИ олон нийт үүнийг нь яагаад хүлээн зөвшөөрч буй талаар дүн шинжилгээ хийлгүй ихэнхдээ хохирогчийг хүчирхийллийг зогсоож, хүчирхийлэгчийг орхиж явахгүй байгаа талаар дүн шинжилгээ хийхийг шаарддаг.
- Хүчирхийлэгчид өөрсдийн зан үйлийн хариуцлагыг өөрөөсөө бусад зүйл рүү тохохыг оролддогийн нэг жишээ нь архидалт. Архи уухаа болих нь хүчирхийллийг зогсоодоггүй. Архидалт ба хүчирхийллийг салангад авч үзэх ёстой. Стресстэй хүн бүр бие ба сэтгэл санаагаар хүчирхийлдэггүй. Хүчирхийлэгч ажил дээрээ даргыгаа эсвэл хамтран ажиллагсдыгаа хүчирхийлдэггүй. Ихэнх хүчирхийлэгч зөвхөн хамтран амьдрагч эсвэл хүүхдүүддээ ийм зан үйл гаргадаг. Гэр бүлийн хүчирхийллийн хохирогсдыг гэрт нь зоддог ба хүчирхийлэгч хохирогчийн ил бус газар цохиж зоддог.
- Гэр бүлийн хүчирхийлэл нь хэнийг ч ялгадаггүй үзэгдэл. Гэр бүлийн хүчирхийлэгч ба хохирогч нь нийгэм эдийн засгийн бүх бүлгээс гаралтай байдаг ба бүх түвшний боловсролтой байдаг.
СТРЭЙТ БА ИЖИЛ ХҮЙСИЙН ХАРИЛЦААН ДАХЬ ХҮЧИРХИЙЛЛИЙН ИЖИЛ БА ЯЛГААТАЙ ТАЛУУД
ЛГБТИ олон нийтийн хамгийн нууцладаг зүйлийн нэг нь гэр бүлийн хүчирхийллийн асуудал байсаар ирсэн. ЛГБТИ харилцаан дахь хүчирхийлэл нь зарим талаараа стрэйт харилцаан дахь хүчирхийлэлтэй ижил ч олон талаараа ялгаатай.
Ижил тал
- Хүчирхийлэл нь бие махбодын, бэлгийн, сэтгэл зүйн, сэтгэл санааны эсвэл үг хэлийн байж болдог.
- Хүчирхийллийн зорилго нь хосоо хянах, хяналтыг гартаа авах ба түүнийгээ үргэлжлүүлэхэд оршдог.
- Хүчинд автсан хүн айдас, ганцаардал, хүчгүй болсноо мэдэрдэг.
- Хүчирхийлэл нь байнга болдоггүй ба ихэнхдээ тойрог хэлбэрээр давтагддаг.
- Харгислалын нэгэн хэлбэр нь санаандгүй үед дайралт хийх үзэгдэл.
- Хохирогч нь юуг ч зөв хийж чадахгүй мэт өөрийгөө боддог.
- Гэр бүлийн хүчирхийлэл нь амь насанд аюултайгаар төгсөж болдог.
- Хүчирхийлэл нь харилцааны асуудал ба харилцан үйлдэгддэг гэсэн ташаа ойлголт байдаг.
- Хүчирхийлэгчид гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдод зориулсан үйл ажиллагаа явуулдаг ажил эрхэлж болох ба гэрийнхээ хүчирхийллийн уур амьсгалыг үүгээр далдалж болдог.
- Нийгмийн анги давхарга, шашин шүтлэг, боловсрол, мэргэжил гэх мэт байр суурь нь дотны харилцаанд хүчирхийлэл үүсэх, эс үүсэх талаар үзүүлэлт болж чаддаггүй.
- Гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болсон хүмүүст санхүүгийн дэмжлэг хэрэгтэй байдаг.
- Хүчирхийлэгчид бусдын хүчийг үгүй болгосноор өөрсдийгөө хүчирхэгжүүлэх эрхтэй гэж боддог.
- Хүчирхийллийн шууд хохирогч болсон үгүй нь хамаагүйгээр хүчирхийллийн уур амьсгал тухайн гэрт өсөж буй хүүхдүүдэд маш хүнд цохилт болдог.
- Архидан согтуурах болон бусад мансууруулах бодист донтох нь гэр бүлийн хүчирхийллийг илүү аюултай, хор хөнөөлтэй болгодог.
Ялгаатай тал
- Хүчирхийлэлд өртсөн лесбиян, гей хүмүүсийн хувьд дэмжлэг хайх ба авах нь илүү хэцүү байдаг.
- ЛГБТИ хүн байх нийгмийн ганцаардал дээр гэр бүлийн хүчирхийллээс үүдэх ганцаардал нэмэгддэг. ЛГБТИ хүмүүс гэр бүлийн хүчирхийллийн талаар ярьдаггүй нь хохирогч ба хүчирхийлэгчийг илүү тусгаарлагдмал байдалд оруулдаг.
- Гэр бүлийн хүчирхийллийн талаар үйлчилгээ авах нь ЛГБТИ хүмүүсийн хувьд ЛГБТИ гэдгээрээ илчлэгдэх аюул агуулдаг.
- Гэр бүлийн хүчирхийллийн хор уршгийг найзууд ба дэмжлэг үзүүлэх үйлчилгээнийхэн багасгаж ярьдаг.
- Лесбиян, бисексуал, транс эмэгтэйчүүдийн олон нийт “лесбиян утопи” буюу эмэгтэйчүүд эмэгтэйчүүддээ аюул үүсгэдэггүй гэсэн үзлийг эвдэхийг хүсдэггүй.
- Хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн хөдөлгөөн нь эмэгтэйчүүд эрэгтэйчүүд шиг хүчирхийлэл үйлдэж, аюул учруулдаг талаар ярихыг хүсдэггүй.
- Хоёр эрэгтэй хүний зодооныг эрх тэгш зодоон гэж үздэг.
- Гей, бисексуал, транс эрчүүд өөрийн олон нийт дотроо хохирогч болсныгоо үгүйсгэдэг.
- ЛГБТИ хүмүүс хорогдох байр, нийгмийн үйлчилгээний агентлагуудад хандсан ч их болгоомжилдог. Учир нь үйлчилгээ үзүүлэгсэд ЛГБТИ хүмүүсийн нөхцөл байдлыг ойлгохгүй үгүйсгэх, цаашлаад ЛГБТИ байдлаар нь доромжлох эрсдэл байдаг.
- Гэр бүлийн хүчирхийлэл үүссэн тохиолдолд ЛГБТИ хосуудын хувьд хүүхдүүдээ гуравдагч этгээдэд алдах эрсдэл илүү байдаг.
- ЛГБТИ харилцаан дахь гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болсон хүмүүс нь санхүүгийн хувьд бие даасан байдаг ба ихэнхдээ хүүхэдгүй учир хүүхдийн асуудал үүсдэггүй.
ХЭН НЭГЭН ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТӨЖ БАЙНА ГЭЖ СЭЖИГЛЭВЭЛ ТА ЯАХ ЁСТОЙ ВЭ?
Хүчирхийлэлд өртөж буй хүнтэй ярьж эхлэх нь хамгийн хүнд байдаг. Хянагч хамтрагч нь хохирогчид бүх бурууг өгдөг ба ийм тохиолдолд хохирогчийн үйлдэл, үүх түүх, хувийн амьдралынх нь тухай асуух нь тухайн хүнийг буруутгаж байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг учир тэр хүн сэтгэлээ нээхгүй. Хүчирхийллийн хохирогч болсон ихэнх хүмүүст бага насных нь тухай асуулт тавих тохиромжгүй байдаг. Учир нь иймэрхүү асуултыг хохирогч өөрийг нь буруутгах үйлдэл гэж үздэг. Хүчирхийллийн хохирогчтой хийх анхны яриа амаргүй боловч тун чухал. Энэ яриаг хүчирхийлэл байна хэмээн сэрдсэн хүн эхлэх ёстой. Мөн энэхүү яриаг үр дүнтэй болгох нөхцөл буюу нууцыг хадгалах боломжтой орчин, хангалттай ярилцах цаг гаргах ёстой.
Нүдэн дээр илт харагдаж буй зүйлээс эхлэх нь зөв. “Чи нэг л аз жаргалгүй, баяр хөөргүй байх шиг харагдаад байх юм. Энэ тухай ярьмаар байна уу? Би ярихыг чинь сонсмоор байна. Би өөр хүнд хэлэхгүй.”
Тэр хүн таны саналыг хүлээж авахгүй байсан ч таны үг түүнд дэмжлэг олдоно гэсэн итгэлийг төрүүлнэ. Хэрэв энэ маягаар яриа үүсгэж чадаагүй, эсвэл тухайн хүн ярьмаар байгаа ч юунаас эхлэхээ мэдэхгүй байвал дараахь асуултууд тус болно. Эдгээр асуулт нь тухайн хүн харилцааныхаа тухай юу мэдэрдэг ба хос нь юу хийдэг тухай яриаг эхлүүлэхэд хэрэгтэй. Нэг, хоёр, эсвэл гуравдугаар асуултаас эхлэж болно. Тэр хүн илүү нээлттэй болох тусам ес, арав, арваннэгдүгээр асуултыг тавьж болох юм.
- Чиний хувьд гэртээ байх ямар байдаг вэ?
- Та хоёр санал нийлэхгүй эсвэл маргаан үүсэхэд юу болдог вэ?
- Өөрийнхөөр нь байхгүй бол хос чинь ямар зан гаргадаг вэ?
- Хосоосоо айдаг уу? Хос чинь чамайг сүрдүүлдэг үү?
- Хос чинь чиний хийх дуртай юмыг хийлгэхгүй, эсвэл уулзмаар байгаа хүмүүстэй чинь уулзуулахгүй тохиолдол байдаг уу?
- Хос чинь чамайг мөрдөж мөшгөдөг үү?
- Хос чинь чамаас цагаа хэрхэн өнгөрүүлсөн талаар тайлагнахыг шаарддаг уу?
- Хос чинь хартай, өмчирхүү, шаардагч, шүүмжлэгч үү?
- Хос чинь чамайг доош нь хийж, үгээр доромжилж, чамруу хашгирч, ямарваа байдлаар чамайг шийтгэдэг үү?
- Хос чинь чамайг түлхэж, эсвэл цохидог уу?
- Хос чинь чамайг хүсээгүй үед секс хийхийг шаарддаг уу?
- Хос чинь чамаас дургүй бэлгийн үйлдэл хийхийг шаарддаг уу?
ЯАГААД ТҮҮНТЭЙ ХАМТ БАЙСААР БАЙГААГ, ТҮҮН ДЭЭР ЭРГЭЖ ОЧДОГИЙГ НЬ ОЙЛГОХГҮЙ БАЙНА
Айдас: Хүчирхийлэлд өртсөн хүн хүчирхийлэгчийг орхиж явснаар бие махбодын хүнд гэмтэл авах, эсвэл амь насаа алдахаас айдаг. Хүчирхийлэгч хосынхоо гарт амиа алдсан хохирогсод ихэнх нь салсан буюу салалтын явцдаа байсан байдаг.
Өөрийгөө доогуур үнэлэх: Хүчирхийлэлд өртсөн хүн амраг, эх/эцэг, хүний хувьд өөрийгөө үнэлэхгүй болж, хүчирхийлэл байх ёстой зүйл гэж бодож эхэлдэг. Хүчирхийлэгч хяналтаараа энэ мэдрэмжийг даамжруулдаг.
Эдийн засгийн хараат байдал: Бие даан амьдарч чадах, эс чадах талаараа хохирогч ямар бодолтой байгаа нь эцсийн дүндээ түүний эдийн засгийн байдлаас шалтгаална. Бие даан амьдрах бололцоогүй нөхцөлд хэчнээн амьдралыг эергээр үзэх үзэлтэй байсан ч төдийлэн нэмэргүй.
Өөрийгөө буруутгах: Хүчирхийлэлд автсан хохирогч ихэнхдээ хүчирхийллийн бурууг өөртөө өгдөг ба хүчирхийлэгчийг санамсаргүй байдлаар өдөөхгүй байхыг хичээдэг.
Өөрчлөгдөх амлалтууд: Хүчирхийлэгч хосынхоо “Би хэзээ ч дахиж ингэхгүй” гэсэн амлалтанд итгэдэг. Ихэнхдээ хохирогч нь хүчирхийлэгчид хайртай байдаг ба тэр харилцаагаа үргэлжлүүлэхийг хүсч байдаг.
Сэтгэл зүйн хараат байдал: Хүчирхийллийн хохирогч нь бие даан шийдвэр гаргах, эсвэл өөрийнхөө төлөө хариуцлага хүлээх чадваргүй байж болох юм. Энэ тохиолдолд хүчирхийлэгч хяналтыг алдахгүй байх зорилгоор хараат харилцааг улам даамжруулдаг.
Галзуурахаас айх айдас: Хүчирхийлэгч хохирогчид “Чи галзуу” гэж хэлдэг байж болно. Хохирогч хараат байдлаасаа үүдэн үүнийг хүлээн зөвшөөрдөг. Хохирогч гадаад ертөнцтэй зохицож амьдрах талаараа итгэлгүй байдаг. Энэ нь галзуурахаас айх айдсыг улам гүнзгийрүүлдэг.
Ганцаардал: Ихэнхдээ хохирогч нь цөөн найз нөхөдтэй, дэмжлэггүй байдаг. Ганцаардах тусам хохирогч нь хүний хувьд, амьдралын сонголтын хувьд хүчирхийлэгчээс хараат байдалд ордог.
Дэмжлэг байхгүй байдал: Эргэн тойрныхон нь хохирогчид “Овоо босгоогүй бол шаазгай юун дээр суухав” гэсэн мэдрэмжийг төрүүлдэг. Хохирогч хүчирхийлэгч рүү буцаж очсон тохиолдолд найзууд нь түүнийг дэмжихээ больдог. Гэр бүлийнхэн ба найзууд нь хүчирхийлэгчийг сайн хүн гэж тооцдог ба хохирогчид итгэхгүй эсвэл өөрөө овоо босгосон гэж үздэг.
Очих газаргүй байх: Хохирогч ихэндээ өөрийн эрхээ, ЛГБТИ олон нийтийн дэмжлэгийн эх сурвалжийг мэдэхгүй байна.
Сурсан зан: Хосын аль нэг нь давуу үүрэг ролийг гүйцэтгэдэг гэсэн нийгмийн хандлага зонхилдгоос хүчирхийлэлд өртсөн хүмүүс хүчирхийллийг дотны харилцааны энгийн хэсэг гэж үзэж эхэлдэг. Хохирогч нь төрсөн гэртээ хүчирхийлэлд өртдөг байсан түүхтэй байх боломж илүү.
Илчлэгдэхээс айх айдас: ЛГБТИ харилцаанд хүчирхийлэгч хохирогчийг лесбиян, гей, трансжендэр эсвэл ХДХВ-тэй гэдгийг нь хүмүүст илчилнэ хэмээн нээнтэглэдэг.
ДОТНЫ ХАРИЛЦААН ДАХЬ ХҮЧИРХИЙЛЛИЙН ШУУД БА УРТ ХУГАЦААНЫ ҮР ДАГАВАР
Дотны харилцааны хүчирхийлэл нь хохирогч/даван туулсан хүний хувьд шууд ба урт хугацааны төрөл бүрийн үр дагавартай байдаг. Дараахь үр дагаврууд дотны харилцааны хүчирхийлэлд өртсөн хүнд үзэгддэг нийтлэг зүйлс юм.
Богино хугацааны үр дагавар
- Шок (хөшингө байдал, үгүйсгэл, цаг хугацааа, орон зайны баримжаагүй болох, даарах, уйлах, бөөлжис цутгах, дахин дахин тэр үйл явдлыг санах)
- Хяналтаа алдах, өөрийгөө хүчгүй болсон мэт мэдрэх
- Хүчирхийлэл дахин гарах боломж, хайраа өгөх ба бэлгийн харилцаанд орохоос айх
- Өөрийгөө буруутгах, гэмших
- Ичих
- Уур хилэн мэдрэх
- Гуниг, ямар нэг юмаа алдсан мэт мэдрэх, гашуудах
- Хайртай хүн нь урвасан мэт мэдрэх
- Өөрийгөө үзэн ядах, жигших
- Доромжлогдсоноо мэдрэх
- Сандрах
- Нойрны хэмнэл алдагдах (нойр хулжих, хар дарах, хөлрөх)
- Дахин дахин хүчирхийллийг санах
- Өөртөө эргэлзэх, өөртөө итгэх итгэлээ алдах
- Гарах гарцгүй мэт мэдрэх
Урт хугацааны үр дагавар (эдгээр үр дагавар нь олон жилийн туршид илэрсээр байж болдог)
- Клиник сэтгэл гутрал
- Амиа хорлох тухай бодох, завдах, гүйцэлдүүлэх
- Хүн алах тухай бодох, завдах, гүйцэлдүүлэх
- Урвалтыг мэдрэх
- Дотны харилцааны асуудлууд (хүнд итгэх итгэлээ алдах, хайраа өгөх, бэлгийн харьцаанд орохоос айх)
- Галзуурч байгаа мэт мэдрэх
- Анхаарлаа төвлөрүүлэх чадвараа алдах
- Нойрны хэмнэл байнга алдагдах
- Буруу хооллох, мансууруулах бодис хэрэглэх, өөрийгөө гэмтээх, нээлттэй орон зайнаас айх, сандрах, буцаж хүчирхийллийн байдалд орсон мэт мэдрэх, байнга тэрийг санах
- Сэтгэл зүйн ганцаардал, нийгмээс тусгаарлагдсан мэт мэдрэх
- Айдас гэмшил , өөрийгөө буруутгах, үзэн ядах, хүчгүй мэт өөрийгөө бодох, уур хилэн, гуниг гашуудлыг байнга мэдрэх
- Шашны итгэл үнэмшил, нийгмийн хэм хэмжээ, гэр бүл, найзууд, хосоо үгүйсгэх
- Өөрийгөө үнэлэх үнэлэмж буурах, өөрийгөө хэнд ч хэрэггүй мэт төсөөлөх
- Бие махбодын хувьд байнга шаналах (хоол боловсруулалт муудах, толгой өвдөх, булчин ба үеэр өвдөх, нуруу өвдөх, сарын тэмдгийн өөрчлөлт, гэдэс, сав базлаж өвдөх, ядаргаа гэх мэт)
- Дотны харилцааны хүчирхийллийг даван туулсан хүмүүс болон өөртэйгөө адил байдалд байгаа хүмүүст туслахыг эрмэлзэх, дотны харилцааны хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, энэ талаар сургалт явуулах
Хэрэв та эсвэл таны таних ЛГБТИ хүн дотны хос, аав ээж, гэрийнхнийхээ зүгээс гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгааг мэдвэл та ЛГБТ Төвд долоо нохогийн 24 цагаар ажилладаг 9515 9270 утсаар хандаарай. ЛГБТ Төв нь Хүчирхийллийн эсрэг үндэсний төвтэй ажлын харилцаатай ба мэргэжлийн туслалцаа зөвлөгөө өгөхөд хэзээд бэлэн байна.