НҮБ-ын Хүний эрхийн хороо нь 2017 оны 7-р сарын 6, 7-ны өдрүүдийн 3380, 3381-р хуралдаануудаараа Монгол Улс дахь Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактаар баталгаажсан эрхүүдийн хэрэгжилтийг авч үзсэн ба 2017 оны 7-р сарын 24-ний өдөр энэхүү пактын бүрэн хэрэгжилтийг хангахад шаардлагатай хэмээн үзсэн зөвлөмжүүдээ гаргалаа. ЛГБТ Төв нь Хүний эрхийн хороонд Хүний эрхийн төрийн бус байгууллагуудын форумаас явуулсан илтгэлд ЛГБТИ асуудлын бүлэг бэлтгэж явуулсан ба бичгэн тайлангаас гадна Скайпаар хорооны гишүүдтэй уулзаж, мэдээлэл өгсөн билээ. Тэгш эрх ба үл ялгаварлан гадуурхахтай холбоотой зөвлөмжүүдийг бүхэлд нь орчуулан хүргэж байна.
ТЭГШ ЭРХ БА ҮЛ ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАХ
9. Хороо нь Жендэрийн эрх тэгш байдлыг хангах хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр, стратеги батлагдсныг сайшаахын хажуугаар төрийн болон хувийн салбарт эмэгтэйчүүдийн төлөөлөл ялангуяа удирдах түвшнд бага байсаар байгаад эмзэглэж байна. Хороо нь шинэ Эрүүгийн хуулиар үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол, бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа, эрүүл мэндийн нөхцөл байдлаар ялгаварлан гадуурхахыг хориглосныг сайшаан хүлээж авч байна. Хэдий тийм ч энэхүү пактад дурдсан үл ялгаварлах “бусад үндэслэл” энд багтаагүйг онцлож байна. Түүгээр үл барам ялгаварлан гадуурхалтыг цогцод нь зохицуулсан хуульгүй байсаар байгаад, мөн пактын 2, 23, 26-р зүйлүүдэд заасан ялгаварлан гадуурхах хандлага, үйлдлийг зогсоох үүргийнхээ дагуу хангалттай арга хэмжээ авахгүй байсаар байгаад эмзэглэж байна.
10. Гэрээний оролцогч тал төрийн болон хувийн салбарт эмэгтэйчүүдийн төлөөллийг ялангуяа удирдах түвшинд нэмэх арга хэмжээгээ сайжруулах шаардлагатай. Мөн пактын 26-р зүйлд заасан үл ялгаварлах “бусад үндэслэл”-ийг энэхүү хуульд тусгах шаардлагатай. Цаашлаад гэрээний оролцогч тал нь хувийн болон нийгмийн орон зай дахь шууд болон дам ялгаварлан гадуурхалттай тэмцэх, ялгаварлан гадуурхалт үйлдэгдсэн тохиолдолд шүүхийн болон захиргааны арга хэмжээгээр эрхийг нь үр дүнтэй сэргээхэд чиглэсэн цогц хууль боловсруулах шаардлагатай.
Бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаанд үндэслэсэн ялгаварлан гадуурхалт
11. Лесбиян, гей, бисексуал, трансжендэр, интерсекс хүмүүсийн эсрэг хүчирхийлэл, дээрэлхэлт, халдлага гарсаар байгааг төрийн зүгээс шалгах, эрүүгийн хэрэг үүсгэх, шийтгэх үүргээ гэрээний оролцогч тал биелүүлэхгүй байсаар байгаад, ингэснээр бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаанд үндэслэсэн нийгмийн ташаа ойлголт, ялгаварлан гадуурхах хандлагыг дэвэргэн, гэмт хэргийг шийтгэлгүй өнгөрөөх соёлыг даамжруулж байгаад Хороо эмзэглэж байна. ЛГБТИ хүй олон нийтийн гишүүдийн эвлэлдэн нэгдэх эрхээ эдлэхэд томоохон саад бэрхшээлүүд байсаар байгаа нь Монголын нийгэм дэх ЛГБТИ хүмүүсийн эмзэг байдлыг улам сэдрээж байгааг онцлож байна. Хорооны зүгээс ижил хүйсийн хосуудыг эрх зүйн хувьд хүлээн зөвшөөрөөгүй, хамгаалаагүй байсаар байгаад мөн харамсаж байна (пактын 2, 6, 7, 19, 21, 22, 26-р зүйлүүд)
12. Гэрээний оролцогч тал нь ЛГБТИ хүмүүсийн эсрэг ялгаварлан гадуурхах үзэл, хэвшмэл ойлголтуудтай тэмцэх, ЛГБТИ хүмүүсийн эсрэг үйлдэгдсэн хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалтыг шалгах, буруутай этгээдүүдийг байцаан шийтгэх, яллагдсан тохиолдолд гэмт үйлдэлтэй нь дүйцэх шийтгэл ногдуулах, хохирогсдын эрхийг бүрэн сэргээх асуудлаар үйл ажиллагаагаа эрчимжүүлэх шаардлагатай. Гэрээний оролцогч тал нь ЛГБТИ хүмүүст өөрийгөө болон үзэл бодлоо илэрхийлэх, тайван замаар эвлэлдэн нэгдэх, жагсаал цуглаан хийх эрхийг нь ялгаварлан гадуурхалтгүйгээр баталгаажуулах, эдгээр эрхийг нь хөхиүлэн дэмжих шаардлагатай ба эдгээрийг нь хуулиас бусад үндэслэлээр хязгаарлахаас татгалзах, хуулиар хязгаарлах тохиолдолд энэхүү пактын 19, 21 ба 22-р зүйлийн хатуу шаардлагад нийцүүлэх ёстой. Гэрээний оролцогч тал нь ижил хүйсийн хосуудыг эрх зүйн хувьд хүлээн зөвшөөрөх, хамгаалах асуудлаар бодолцох шаардлагатай.
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс
13. Хороо нь сургуулийн болон сурах бичгийн хүртээмж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсролоор мэргэшсэн багшийн тоо хангалтгүй гэх мэт боловсрол, хөдөлмөр эрхлэлт болон олон нийтийн барилга, дэд бүтцийн хувьд хүртээмжгүй байсаар байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эсрэг ялгаварлан гадуурхалт гарсаар байгаад эмзэглэж байна (пактын 2, 24, 26-р зүйлүүд)
14. Гэрээний оролцогч тал нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг бүх төрлийн ялгаварлан гадуурхалтаас хамгаалах, тэдний боловсрох, хөдөлмөр эрхлэх, нийтийн барилга байшин, нийтийн тээвэр болон дэд бүтцийг ашиглах асуудлыг бүрэн хүртээмжтэй болгохыг хангах шаардлагатай.
Эх сурвалж: НҮБ-ын Хүний эрхийн хорооны дүгнэлт