Дэлхийн өнцөг булан бүрт өөр өөр саруудад тэмдэглэгддэг Бахархлын өдрүүд Монголд Тэгш эрх, бахархлын өдрүүд нэртэйгээр 8-р сарын дундаас сан босгох партинуудаар эхлэдэг ба 8-р сарын сүүлийн Баасан гарагаас 10 хоног бүрэн үйл ажиллагаатай өнгөрдөг. Энэ жил 5 дахь жилдээ зохион байгуулагдаж буй мэдээлэл, соёлын цогц үйл ажиллагаа нь нийгэмд үл ялгаварлалын тухай мессежийг түгээж, ялгаатай байдлыг хөхиүлэн дэмждэг утгаараа зөвхөн ЛГБТИ хүмүүс гэлтгүй бүх хүмүүст нээлттэй, бүгдийн тэгш эрхийн төлөө байдаг. Ингээд та энэ жил анх удаа Бахархлын үйл ажиллагаануудын нэгт оролцохоор шийдсэн бол дараахь зөвлөгөөг хэрэгжүүлснээр өөрийн болон бусдын ая тухыг хангахыг санаарай.

  1. Үхэр цам харайсан ч нээлттэй сэтгэхүйгээ бүү гээ: ЛГБТИ хүмүүс дунд өөрсдийгөө янз янзаар илэрхийлдэг хүмүүс бий. Зарим илэрхийлэл нь урлаг, харин зарим илэрхийлэл нь тухайн хувь хүмүүсийн мөн чанар. Сануулахад үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх нь хүний анхдагч эрх.
  2. Шүүлтийг гэртээ буйдан доороо үлдээ: нээлттэй сэтгэхүйтэй шууд холбоотой зүйл нь мэдээж үл шүүх. Таны хувьд боломжгүй зүйл бусдын хувьд боломжгүй, үгүйсгүүштэй зүйл гэсэн үг биш. Ялгаатай байдлыг тэмдэглэн, түүгээрээ бахархах нь харин чухал.
  3. Сээтэгнэх үү? Сээтэгнэе! Ер нь бахархлын үйл ажиллагаанд ирж буй хүмүүсийн цөөхөн нь ЛГБТИ, ихэнх нь стрэйт, сизжендэр дэмжигчид байдаг ч хэн нэгэн өөр лүү чинь сээтэн хаяад ирмээд байвал уурлахаа хойш тавьж, сайхан залуу/эмэгтэй гэдгээрээ бахархаарай. Харин ирээд, зөвшөөрөлгүй энд тэнд чинь хүрээд байвал болихыг хэлэхэд л хангалттай.
  4. Уугаад бай, уугаад бай, усаа бас бүү март. Ер нь ямар ч үед ус гэдэг чандмань эрдэнэ ээ гэж.
  5. Зураг авахаасаа өмнө зөвшөөрөл ав. Зарим хүмүүс зураг авахуулах дургүй. Зарим хүмүүс дургүй биш ч өөрсдийн аюулгүй байдлыг бодолцон зургаа авахуулахгүй байх вий. Харин зарим нь аргагүйн эрхэд нийгмийн шахалтаар авсан эсрэг хүйсийн эхнэр/нөхөртөө баригдахаасаа айж байж ч болно. Тэгэхээр ямартаа ч ялангуяа партины үеэр хүмүүсийн зургийг авахдаа эхлээд зөвшөөрөл аваарай.
  6. ЛГБТИ найзуудаа дэмж! Нийгмийн цөөнх, бэлгийн цөөнх ЛГБТИ найзуудаа энэ гайхалтай өдрүүдээр заавал дэмжин, тэгш эрхийн тухай ойлголтыг сошиалаараа болон биетээр бусад найз, ажлынхан, ээж аав, ах дүүдээ түгээхээ бас бүү мартаарай.
  7. Ойлгохгүй бол асуу. Ихэнх ЛГБТИ хүмүүс мэдэх, ойлгохыг хүсээд тавьсан асуултад хариулахаас цааргалахгүй. Учир нь нэг ч болтугай хүнд зөв ойлголт өгөх нь бидний амьдралд шууд ба дам, ойрын ба хэтийн ирээдүйд маш тустай зүйл гэж бидний ихэнх боддог. Мэдээж тэгэж боддоггүй цөөн хүний нэгтэй таарсан бол асуултад хариулах хүн хажууд нь зогсож л байгаа. Бүү шантар!
  8. Сонс! Бахархлын өдрүүд бол гайхалтай олон хүмүүстэй уулзах, тэдний түүхийг сонсох томоохон боломж. Асууж чадсан бол бас сонсоорой, сэтгэл зүрхэнд чинь он удаан жил үлдэх түүхүүд сонсоход эргэлзэх зүйлгүй.
  9. Энэ бол баяр биш, ТЭМЦЭЛ хэвээр. Монголд ЛГБТИ хүмүүсийн тэгш эрхийн төлөөх хөдөлгөөн өрнөсөөр байгаа нь ЛГБТИ хүмүүсийн хүний эрх зөрчигдсөөр байгаа байдалтай шууд холбоотой. Эдгээрийг санаад хэрэгжүүлэхэд Тэгш эрхийн өдрүүдэд хүн бүр ҮЭЛКОМ!