Захиа очих өдрийн мэнд!
Би нэг нөхөрлөлийнхөө тухай та бүхэнтэй хуваалцъя. Бага ангидаа л цуг сурч байсан ангийн нөхөр маань байдаг юм. Дунд, ахлах ангиуддаа өөр сургуульд сурсныг ч хэлэх үү, тийм ч дотно байгаагүй. Гэхдээ хоёр жилийн өмнөөс бид дахин уулзаж, хөөрөлддөг болоод хувийн нууцуудаа хуваалцаж эхлэв. Би ч найз залуугийнхаа тухай яриад л, харин тэр сонсдог л байлаа. Найз маань нэг өдөр маш нухацтайгаар “Намайг битгий үзэн ядаарай, чамд хэлэхгүй бол болохгүй нэг зүйл байна…” гэв. Ийм үгэнд хүн их цочирддог юм байна билээ. Сонсоод л “Найзыгаа үзэн ядахаар юу байж болох вэ?” гэж эргэцүүлсэн.
“Их л болохгүй зүйл хийж дээ” гэж бодоод, сэтгэлээ чангалаад, яриаг нь үргэлжлүүлж сонстол “Би эрэгтэй хүнд татагддаг” гэж сандран хэлэв. Би ч тайвшраад л явчихлаа. Түүнийг би хэдийнээс л мэддэг байсан юм. Харин хэзээ хэлэх бол гэж боддог байлаа.
Хүний бэлгийн чиг баримжаа хэзээ ч нөхөрлөлд нөлөөлөх ёсгүй. Миний найз гей, гэхдээ энэ асуудал биш. Би найздаа хайртай.