2017/10/11
Сайн байна уу?
Намайг Элис гэдэг. Би одоогоор 21 настай ба өөрийгөө пансексуал ажендэр* гэж тодорхойлдог. Анх би өөрийгөө бисексуал гэж бодож байлаа. Би 14-15тай байсан. Нэг охин над руу бичээд бид хоёр найзлаж байтал тэр надад сайн гэж хэлсэн. “Чи ижил хүйстнүүдийн талаар юу гэж боддог вэ” гэж надаас асуухад нь би ердөө эсрэг биш, өөрийгөө бисексуал гэж хэлж байсан. Энэ нь миний анх өөр хүнд стрэйт биш гэдгээ хэлж байсан нь юм. Ер нь бол би багаасаа л өөртэйгээ адил хүйстэй хүнийг хайрлах буруу гэж боддоггүй байсан. Би хүн болгоныг хайрлаж болно гэж бодож, хүйсийг нь биш, харин хүнийг нь хардаг байсан. Нэг удаа би 6 настай байхдаа нэг банди бас нэг охинд зэрэг сайн болж байсан. Миний бодлоор тэр нь буруу зүйл биш байсан. Ямар ч гаж зүйл биш. Гэхдээ ээж болон гэр бүлдээ хэлж болохгүйг яагаад ч юм мэдэж байсан. Надад хэлэх ч шаардлага байгаагүй ээ. Энэ нь миний хувьд энгийн зүйл шиг санагддаг байсан. Олон жил өнгөрч, би бэлгийн чиг баримжаа болон жендэр гэж юу болохыг судалж, хангалттай мэдээлэлтэй боллоо. 11-12-р ангидаа бүрэн хэн гэдгээ, пансексуал ажендэр, гэж өөрийгөө тодорхойлсон.
За тэгээд гол асуултандаа хариулъя. Би анх албан ёсоор өөрийн ангийн охинд кам аут хийж байсан. Тэр миний бодсноос дээр хүлээж авсан. Муу нэрээр дуудаагүй, бас дэмжихгүй мөртлөө ”Чи өрөө илүү мэдэж байгаа, тиймээс би чиний сонголтыг хүндлэнэ” гэж байсан. Дараа нь аягүй хөөрхөн “Тэгээд охидууд яаж хийдэг юм” гэж баахан асууж билээ. Дараа нь би эрэгтэй найзууддаа хэлсэн. Тэр хоёр бүр тайван “Заза” гээл дууссан. Надад хандах харьцаа сайжирсан л гэхээс муудаагүй.
Ингэж хэдэн сайн найздаа хэлэхэд хэн ч надад ганц ч тавгүй байтугай муу үг хэлээгүй, муухай хараагүй, харьцаагаа таслаагүй. Би их азтай хүн гэж өөрийгөө боддог. Сайн найзуудыг бурхан надад заяаж гэж их талархаж явдаг.
Хоёр жилийн дараа 1 күрсдээ би хамгийн дотно, хамгийн сайн найздаа хэлэхээр шийдсэн. Бусдад хэлэхэд ингэтлээ сандраагүй юм байж энэ найздаа хэлэхэд ямар их сандарваа. “Би чамд нэг юм хэлэх гэсэн юм аа. Битгий намайг муугаар бодоорой, гуйж байна. Би хэвээрээ Элис учир, за?” гээд баахан түүнийг гэхээс илүү өөрийгөө бэлдлээ. Тэгсэн тэр минь их тэвчээртэй “За хэл хэл” гээд бараг мэдэж байгаа царайтай сонссон. Би пансексуал юмаа гээд шууд зад аваад хаясан. Бүр ээрээд маш их уйллаа. Миний найз намайг шууд тэврээд “Зүгээр ээ, би мэдэж байсан” гэхэд нь дахин ямар их азтай гэдгээ мэдэрсэн. “Тэгээд мэдэж байснаа хэлэхгүй яасан юм” гэхэд тэр “Чамаас сонсмоор байсан юм аа” гэлээ. Дараа нь бодоод байхад, чи хүнд “Би ийм юм аа” гэж хэлэх нь өөрийгөө хүлээж авч байгаа үйл явц гэж бодсон. Надад бол тийм байсан. Өмнө нь бол зугээр найз охинтой гэх аргаар кам аут хийдэг байсан бол одоо яг зөв үгээ ашиглаж чангаар хэлэхэд тун таатай, гэхдээ аймар байсан.
Гэр бүл гэвэл би анх ээжид бүх байдаг тойруу замаар хэлэх гэж оролдож байсан. Дараа нь зүгээр л “Би найз охинтой” гэхэд ээж минь дэмжиж сайшаагаагүй. Гэвч уурлаж уцаарлагүй. Надад эх минь хэрвээ “Чи Монголын нийгмийн хамгийн доош ормооргүй байвал энэ бүх юмаа больсон нь дээр, энэ бол зүгээр хэсэгхэн үе (just a phase)” гэж хэлсэн юм. Энэ миний бодлоор нэг талаас ээж минь намайг хүлээж авах гэж хичээж байгаа ч, нөгөө талаас охиныхоо ирээдүйг бодож санаа зовж байгаа нь юм болов уу гэж бодсон.
Одоо ээж минь их нээлттэй. Би бага багаар ЛГБТИ хүмүүсийн талаар мэдээлэл өгч, танилцуулж байсан. Өмнөхийг бодвол эх минь ийм хүмүүсийг ойлгож, илүү их хүлээж авах болсон. Тиймээс хүмүүс бидний эсрэг байна гэж битгий бодож байгаарай. Тэд зүгээр бидний тухай сайн мэдэхгүй учраас хүн гэх амьтан үл мэдэх юмнаас холдохыг хүсдэг шиг бид нарыг бас сөргөөр хүлээж авдаг юм. Тиймээс хүнд тайлбарлаж өгч, хүлээж авах цаг өгвөл хүн ялгаварлан гадуурхахаа болино гэж би боддог.
Одоогоор би нийгэмд бүрэн нээлттэй биш. Зөвхөн сайн найзууд болон гэр бүл минь л намайг мэддэг. Энэ нь миний сонголт. Би бүрэн ил биш байгаа ч Монголын ЛГБТИ хүмүүсийг их дэмжиж байх болно.
За тэгээд энэ миний кам аут хийсэн түүх байлаа. Баярлалаа, энэхүү Төвийг нээж Монгол дахь ийм хүмүүсийг дэмжиж байгаад.
*Ажендэр гэдэг нь хүйсгүй, аль нэг хүйст өөрийгөө хамаатуулдаггүйг нэрлэх нэр томьёо.