Би түүхээсээ хуваалцъя. Анх 2001 онд ч билүү дээ, би дөнгөж 5 настай л байсан байх, цэцэрлэгтээ нэг охинд сайн болж билээ. Юмны ардуур орж нуугдаад үнсээд л, хамт унтаад л, энийг их тодхон санадаг юм. Багаасаа эмээ өвөө дээрээ өссөн болохоор ч тэр үү, аав ээжтэйгээ нэг их дотно биш байдаг байлаа. Эмээ маань үсийг минь гэлжийтэл нь боогоод, даашинз өмсүүлдэг байсан сан. Би тэрэнд их дургүй, зөрүүдлээд бамбарууштай цүнхэндээ футболк, шортоо чихээд л нууцаар явдаг сан. Бодохоор би багаасаа л ийм эрэгтэйлэг байсан байна билээ. Охид бамбарууш, Баарби гэх мэт тоглоомуудаар тоглож байхад би машинаар эсвэл гадаа найзуудтайгаа хөлбөмбөг тоглож өссөн дөө.
Удалгүй би сурагч болж, энэ байдал улам өөрчлөгдөв өө. Өөрийгөө ойлгохгүй явсаар, ингэх нь буруу эсвэл зөв ч гэж мэдэхгүй явсаар, доторх хүнтэйгээ тэмцэлдэж амьдрах нэг бодлын сэтгэлийн асар их дарамтанд байсан. Охидын хэрэглэдэг бүх зүйлээс татгалзаж эхэлсэн. Анх биений юм ирэхэд хамгийн муухай мэдрэмж төрж билээ. Ээжийн “Ингээд эмэгтэй хүн болдог юм байж” гэх мэтчилэн үг намайг эмзэглүүлсээр байсан. Учир нь би өөрийгөө эрэгтэй хүн хэмээн мэдэрдэгт байгаа юм. Үргэлж л доторх хүнээ нууж, гаднахтайгаа эвлэрэх хуурамч дүр эсгэн амьдрах яг л тамд байгаа юм шиг. Би яагаад бусад шиг биш байгаа юм бол гэх бодлууд орж ирээд, өөрийгөө их л үзэн яддаг сан.
Ингэж явсаар би 15 нас хүрлээ. Доод ангийнхаа охинд сайн болчихов. За ингээд л дуусаа! Намайг хэзээ ч тоохгүй гэж дотроо их санаа алдсан. Энэ үед л миний амьдрал тэр чигээрээ өөрчлөгдөж, өөрийнхөөрөө байх нэгээхэн боломж олгосон байдаг юм. Тэр охинтой үерхээд, нэлээн сайхан байлаа. Сургуулийнхандаа мэдэгдэж болохгүй гээд л хичээсэн ч, хэсэг хугацааны дараа түүний аав ээж нь мэдсэн байсан. Намайг байдаг бүх хараалаар идэж билээ, базарваань. Түүний ээж нь манай ээж рүү залгаж, намайг ховлосноор би ч аав ээждээ баригдлаа. Тиймээс бид хоёр салахаас өөр аргагүйд хүрсэн.
Сургуулийнхан маань намайг лесбиян гэж л боддог байсан биз. Үнэндээ би транс хүн гэдгээ өөрөө ойлгосон. Аав ээждээ зодуулж, загнуулж, гэрийн хорионд орж, хүний хараалыг идэж, ёстой үхмээр санагдаж билээ. Тэгсэн ч би хүчтэй байсан, тийм тулдаа өдийг хүртэл амьдраад ирсэн байх. Одоо би 19 настай. Их сургуулийн оюутан болсон бас их нээлттэй сэтгэхүйтэй хүн болохоор би өөрийгөө нуухыг хүсдэггүй. “Би транс хүн” гээд л шууд хэлчихдэг. Ойлгох нэгэн байна, ойлгодоггүй хүмүүс ч байна. Энэ бүхний дараа аав ээждээ гомдож, гэрээсээ явж, хэрэлдэж, их л таарамжгүй байсан сан. “Ийм хүүхдээр бид яах юм” гээд л “Чи зүгээр зайл” гэх мэтчилэн хатуухан үг сонссон. Гэхдээ энэ бүхний дараа ээждээ цаг хугацаа явах хэрээр ойлгуулж чадсан. Харин аав маань мэддэг ч “Тэгээд өөрийнхөө амьдралыг мэдэж байгаа байлгүй дээ” гээд л орхидог болсон. Монголд эмэгтэй транс хүмүүс илүү байдаг, над шиг транс эрэгтэй хүмүүс ховор болохоор мэдлэг бүр дутмаг байдаг шиг санагддаг юм.
Хүндэтгэсэн,
Б.
Nomin
Amjilt husii.Bitgii buuj uguurei!!!Zarim talaaraa nadtai tustei sanagdlaa.