Сайн байцгаана уу?

Намайг М. гэдэг. Би 20 настай. Би гей. Анх 5-6 настайдаа хамт тоглодог байсан хүүгийн уруул дээр нь үнсэхэд маш гоё мэдрэмж төрж байсан талаар одоо ч санадаг. Бага ангидаа их эмэгтэйлэг, охидуудтай тоглодог хүүхэд байсандаа шоолуулж, гадуурхагддаг байсан нь намайг нэлээд дотогшоогоо хүн болоход нөлөөлсөн гэж боддог. “Би яагаад ийм юм?” гэж их боддог байлаа. Гэхдээ шилжилтийн нас хүртлээ өөрийнхөө яг ямар талаар үнэхээр мэддэггүй байсан. Эмэгтэйлэг байдал ч тийм удаан үргэлжлээгүй, 12-13 настайгаасаа цаанаасаа ч юм уу, өөрөө их хичээгээд ч тэр үү, өөрчлөгдөж, эршүүд болж эхэлсэн. Анх 7-р ангидаа хамт суудаг хөвгүүнийг маш их шохоорхож, дуртай ч өөрөөсөө түлхэх, дуугаа хураах ч дотроо шаналах зэрэг ойлгомжгүй аашилдаг боллоо. Яваандаа тэр ч надаас зайгаа барьж, найзлахаа больсон. Тэрнээс хойш бусад өсвөр насны хөвгүүдийн адил охидтой үерхэх гэж үзсэн ч цаанаа нэг л хий хоосон санагддаг байлаа.

Миний бодлоор нийгмийн хэт хэвшсэн үзлээс болоод бидэн шиг хүмүүс өөрийнхөөрөө байж чадахгүй, нийгмийн тулгалтаар өөрийгөө үгүйсгэж, массыг дагах гэж хичээдэг байх. Жишээ нь би ахлах ангидаа сайн найздаа хайртай болж байсан ч тэрийгээ нууж, хэдэн сар мөн ч их шаналсан даа. Өөрийнхөө бэлгийн чиг баримжааг өөрөө хүлээн зөвшөөрдөггүй, өөрийгөө хайрладаггүй байснаас сэтгэл санаа тогтворгүй болж, амьдралд минь сөргөөр нөлөөлж байсан байх гэж боддог.

Одоо бодоход гол нь хүн өөрийгөө хүндлэж, өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрвөл асар их ачаа хөнгөрсөн юм шиг санагддаг юм байна. Өөртэйгөө эвлэрснээс хойш дотны хүмүүстээ ч хэлж эхэлсэн, зүгээр санагдсан, яагаад гэвэл би хамгийн хүнд даваагаа давчихсан байсан учир. Энэ захидлыг уншиж байгаа та ч гэсэн өөрийгөө хүлээн зөвшөөрч, хүндлэж, хайрлаж яваарай.