2017/10/20

Сайн байна уу? Энэхүү захидлыг уншиж байгаа хүн бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе!

Захиа бичиж суугаа энэ өдөр нартай, дулаахан бас сэтгэл санаа минь ч тогтуун байна. Би 21 настай, охидод илүү их татагддаг охин билээ. Өөрийнхөө бэлгийн чиг баримжаандаа хэзээ ч гутарч байгаагүй бөгөөд анх охидод татагдаж ч байхдаа гайхаж байсангүй. Тиймээс надад өөрийгөө үгүйсгэж, өөртэйгөө зөрчилдөж байсан хар бараан түүх байхгүй. Найзууд болон эргэн тойрны хүмүүс минь ч намайг байгаагаар минь хүлээж авсан. Хамгийн анх найздаа хэлэхэд “Чи угаасаа ойлгомжтой ш дээ” гэж байсан. Би их азтай, үүндээ их баяртай байдаг юм. Зарим хүмүүс эхэндээ ойлгодоггүй л дээ, гэхдээ сайн тайлбарлаад, хугацаа өгсний дараа бүгд ойлгочихсон байдаг. Харин хүмүүс ЛГБТ хүмүүсийг гадуурхаж, үзэн яддагийг анх сонсоод л үнэхээр их гайхсан. Яагаад үзэн ядаж байгаа юм бол гэж үнэхээр цочирдсон юм. Дараа нь ЛГБТ хүмүүс дунд өөрийгөө үгүйсгэж, үзэн ядаж байсан түүхүүдийг сонсоод бүр ч их гайхсан. Хамгийн энгийн байж болох зүйлийг хүмүүс буруугаар ойлгоод байгаа нь миний сэтгэлийг их өвтгөдөг. Би хулгана жилтэй, загасны орд гэдэг шиг л энгийнээс энгийн зүйл шүү дээ! Хүмүүс биднийг үзэн яддаг шалтгааны талаар ярина гэвэл их зүйл нурших байх. Гэхдээ бид хайрын л төлөө төрсөн учраас юу ч болж байсан хайрлахаа зогсоохгүй ээ. Хэзээ нэгэн өдөр бүх хүн өөрийн төрсөн орд, жилээ зарладаг шиг бэлгийн чиг баримжаа эсвэл хүйсийн баримжаагаа ч чөлөөтэй зарладаг болно гэдэгт би итгэдэг.

Би хулгана жилтэй, загасны орд, монгол, тэгээд охидод татагддаг охин. Би амьдралд хайртай.