ЛГБТ Төв нь 2007 онд үүсгэн байгуулагдсан, 2009 оны 12 сарын 16-наас албан ёсоор үйл ажиллагаа явуулж буй бэлгийн цөөнхийн хүний эрхийг ханган хамгаалах асуудлаар дагнан ажилладаг, дотоодын болон гадаадын хэд хэдэн хүний эрхийн шагналтай, нийгэмд үйлчилдэг, гишүүнчлэлгүй, ашгийн бус, Монголын анхны ЛГБТ эрхийн төрийн бус байгууллага мөн. Байгууллагын алсын хараа нь бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа гэх мэт ямарваа үндэслэлээр үл ялгаварладаг, жинхэнэ ардчилсан, хүнлэг, хүний эрхийг бүрэн хүндэтгэдэг нийгмийг бий болгох. Энэхүү төвийн үйл ажиллагаа, нөлөөллийн ачаар Монгол дахь ЛГБТ эрхийн нөхцөл байдалд олон эерэг өөрчлөлт гарсаар байна.

ЛГБТ Төв нь өөрийгөө тодорхойлон оршихуй (identity)-д үндэслэсэн улстөр, иргэний эрхийн хөдөлгөөнүүдийг ойлгодог, энэ чиглэлээр ажилласан тодорхой туршлагатай, эсвэл суралцах мэрийлттэй, бүх бэлгийн цөөнх хүмүүсийн эрх, ашиг сонирхлыг гүн гүнзгий хүндэтгэдэг трансжендэр хүнийг Удирдах зөвлөл (УЗ)-д нэгдэн, Монгол дахь бэлгийн цөөнхийн хүний эрхийг сайжруулахад хувь нэмрээ оруулахыг урьж байна. Хэрэв та трансжендэр хүмүүсийн бодит байдлыг байгууллагын удирдлагын дээд түвшинд төлөөлөн ажиллах сонирхолтой бол УЗ-д элсэхийг хүссэн шалтгаанаа тайлбарласан захиа, өөрийн CV-гээ 2017 оны 12-р сарын 31-ний дотор info@lgbtcentre.mn хаягаар ирүүлнэ үү. Одоогийн УЗ ба Гүйцэтгэх багийн бүрэлдэхүүнийг эндээс харах боломжтой.

ЛГБТ Төвийн УЗ-ийн гишүүн доор жагсаасан үүрэгт ажлаа хийхдээ ямарваа урамшуулал авдаггүй, сайн дурын үндсэн дээр ажилладаг болохыг анхаарна уу. ЛГБТ Төвийн дүрмээс байгууллагын бүтэц, зохион байгуулалт, УЗ-ийн гишүүний чиг үүргийн талаар уншина уу.

Дөрөв. “ЛГБТ Төв” ТББ-ын бүтэц, албан тушаалтны нэр томьёо

4.1 Удирдах зөвлөл гэдэгт “ЛГБТ Төв” ТББ-ын эрх барих дээд байгууллагыг;

4.2 Удирдах зөвлөлийн дарга гэдэгт удирдах зөвлөлийн үйл ажиллагааг манлайлж, хурлыг удирдан явуулах эрхтэй даргыг;

4.3 Удирдах зөвлөлийн гишүүн гэдэгт удирдах зөвлөлийн хуралд таслах эрхтэй оролцох сонгуульт гишүүнийг;

4.4 Гүйцэтгэх захирал гэдэгт гүйцэтгэх захиргааг удирдан ажиллаж байгаа орон тооны захирлыг;

4.5 Гүйцэтгэх захиргаа гэдэгт тус төвийн үйл ажиллагааг гардан хэрэгжүүлж байгаа ажлын албыг тус тус ойлгоно.

Тав. Удирдах зөвлөл

5.1 Удирдах зөвлөл нь “ЛГБТ Төв” ТББ-ыг бодлогын удирдлагаар ханган ажиллах сайн дурын сонгуульт гишүүдээс бүрдсэн эрх барих зөвлөл мөн.

5.2 Удирдах зөвлөлийн гишүүд хамтын шийдвэр гаргах эрхээ хурлаараа хэрэгжүүлнэ.

5.3 Удирдах зөвлөлийн хурал нь ээлжит ба ээлжит бус хурал байна.

5.4 Удирдах зөвлөл нь өөрийгөө удирдах, үнэлэх, нөхөн сонгох, чөлөөлөх зэрэг өөрийн удирдлагаар ажиллах зарчмыг баримтална.

5.5 Удирдах зөвлөлийн гишүүний тоо Гүйцэтгэх захирлыг оруулан доод тал нь тав, дээд тал нь есөн гишүүний бүрэлдэхүүнтэй байна.

5.6 “ЛГБТ Төв” ТББ-ын Тэргүүнийг удирдах зөвлөлийн гишүүд сонгох ба Тэргүүн дахин нэг удаа улиран сонгогдож болно. Тэргүүн ажил үүргээ хамгийн дээд хэмжээнд гүйцэтгэсэн ба удирдах зөвлөлийн гишүүд гурав дахь удаа түүнийг улираан сонгох хүсэлтэй бол онцгой тохиолдолд гурав дахь удаа сонгож болно.

5.7 Удирдах зөвлөлийн гишүүд гурван жилийн хугацаатайгаар сонгогдон ажиллах ба улиран сонгогдож болно.

5.8 Гадаадад түр болон байнга оршин суухаар Монгол Улсын гадна амьдрах болсон, эрүүл мэндийн учир удирдах зөвлөлийн гишүүний үүргийг гүйцэтгэх боломжгүй болсон, эсвэл гурваас дээш удаа удирдах зөвлөлийн улирлын ээлжит хуралд хүндэтгэх шалтгаангүйгээр ирээгүй тохиолдолд Удирдах зөвлөлийн гишүүнийг үүргээс нь чөлөөлж, шинээр удирдах зөвлөлийн гишүүнийг сонгоно. Гишүүний үүргээс нь чөлөөлөх тохиолдолд гишүүнд тухайн шийдвэр гаргасан хурлын протокол, захидлын хамт явуулж мэдэгдэнэ.

5.9 Удирдах зөвлөлийн гишүүдийн сонгуулийн хугацаа дуусч Удирдах зөвлөлийн гишүүдийг сонгохдоо гишүүдийн санал болгосон хүмүүсийн нэр дээр нээлттэй санал хураалтаар сонгон шалгаруулж зөвшилцсөний үндсэн дээр удирдах зөвлөлийн гишүүнээр сонгох эсхүл дахин сонгох ба мөн удирдах зөвлөлд өөрсдийн нэрийг дэвшүүлэх хүсэлтэй хүмүүсээс өргөдөл хүлээн авч, нээлттэй санал хураалт явуулан зөвшилцсөний үндсэн дээр удирдах зөвлөлийн гишүүнээр сонгоно.

5.10 Удирдах зөвлөл нь дараахь ажил үүргийг гүйцэтгэнэ:

  • Зорилго, зорилтыг тодорхойлох;
  • Стратеги төлөвлөгөөг хөгжүүлэх;
  • Бодлогын манлайллаар хангах;
  • Гүйцэтгэх захирлыг томилох, халах, үнэлэх;
  • Гүйцэтгэх захирлын үйл ажиллагааг дэмжин туслах;
  • Санхүүгийн бодлого боловсруулах;
  • Байгууллагын бүхий л үйл ажиллагаанд хяналт тавих;
  • Байгууллагыг олон улсын болон дотоодын төрийн болон төрийн бус байгууллагууд, Засгийн газартай холбох;
  • Дүрэмд нэмэлт, нэмэлт өөрчлөлт оруулах;
  • Гүйцэтгэх захиргааны журмыг батлах болон бусад ажиллагаанууд байна.

5.11 Удирдах зөвлөл нь жилдээ дөрвөөс доошгүй удаа буюу улиралд нэг удаа хуралдана. Удирдах зөвлөлийн гишүүдийн далан таван хувь ирснээр хурлын ирц бүрдсэнд тооцно. Удирдах зөвлөлийн шийдвэр гаргах үйл явц нь нээлттэй санал хураалт байх ба шийдвэр гаргахдаа ирсэн гишүүдийн далан таван хувийн саналыг авснаар шийдвэрийг хүчинтэйд тооцно. Хүндэтгэх шалтгаанаар ирэх боломжгүй гишүүний саналыг урдьчилан авч болно.

5.12 Ээлжит хурлын хугацаа байгууллагын жилийн үйл ажиллагааны ажлын төлөвлөгөөнд тусгагдсан байна.

5.13 Ээлжит бус хурлыг удирдах зөвлөлийн даргын шийдвэрээр буюу удирдах зөвлөлийн гишүүдийн 1/3-ийн хүсэлтээр хэзээ ч зарлан хуралдуулж болно.

5.14 Удирдах зөвлөлийн шийдвэр бичгээр гарч зөвлөлийн дарга гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно. Санал тэнцсэн тохиолдолд удирдах зөвлөлийн дарга эцсийн шийдвэрийг гаргана.

5.15 Удирдах зөвлөлийн гишүүд Удирдах зөвлөлийн гишүүний ажил үүргийн хуваарьт ороогүй ажил үүрэг гүйцэтгэх болвол байгууллагын санхүүгээс хамааран харилцан тохиролцсоны үндсэн дээр урамшуулал авах эрхтэй.

Зургаа. “ЛГБТ Төв” төрийн бус байгууллагын Удирдах зөвлөл, зөвлөлийн гишүүдийн эрх үүрэг

6.1 “ЛГБТ Төв” ТББ-ын удирдах зөвлөл, зөвлөлийн гишүүд дараахь эрх үүргийг эдэлнэ.

6.2 Зөвлөлийн гишүүн бүр “ЛГБТ Төв” ТББ-ын эрхэм зорилгод үнэнч байж, байгууллагын өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа зохих ёсоор гүйцэтгэн, хэрэгцээтэй тохиолдолд нууцыг хадгалах;

6.3 Зөвлөлийн гишүүн бүр хувийн ба байгууллагын хоорондох ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх үүрэг хүлээх ба ашиг сонирхлын зөрчил үүсэх магадлалтай тохиолдолд аль болох эрт үүнийгээ мэдэгдэх;

6.4 “ЛГБТ Төв” ТББ-ын Тэргүүнийг сонгох;

6.5 “ЛГБТ Төв” ТББ-ыг гадаадын болон дотоодын хурал чуулган, уулзалт дээр төлөөлөх;

6.6 “ЛГБТ Төв” ТББ-ын гүйцэтгэх захирлыг сонгон шалгаруулан томилох, гүйцэтгэх захирлын үйл ажиллагааны тайланг дүгнэх;

6.7 “ЛГБТ Төв” ТББ-ын стратеги зорилго, үйл ажиллагааг тодорхойлох;

6.8 “ЛГБТ Төв” ТББ-ын дүрэмд нэмэлт, нэмэлт өөрчлөлт оруулах;

6.9 “ЛГБТ Төв” ТББ-ын улирлын ба жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан, төсөв, төлөвлөгөөг хэлэлцэх, батлах, үнэлгээ өгөх;

6.10 “ЛГБТ Төв” ТББ-ын эрхэм зорилгыг олон нийтэд таниулах, эрхэм зорилгыг гүйцэлдүүлэхтэй холбоотойгоор зохиогдож буй ЛГБТ Төвийн бүх үйл ажиллагаанд оролцох;

6.11 “ЛГБТ Төв” ТББ-ын бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт оруулах, төрийн бус байгууллагыг тараах, татан буулгах шийдвэр гаргах болон энэхүү дүрмээр хүлээсэн бусад эрх, үүрэгтэй байна.

Долоо. “ЛГБТ Төв”-ийн Тэргүүний эрх үүрэг

7.1 “ЛГБТ Төв” ТББ-ын Тэргүүн төвийн эрхэм зорилгын дагуу үйл ажиллагаа, зорилтыг тодорхойлох ба дараахь эрх үүргийг эдэлнэ. Үүнд:

7.2 Тэргүүн “ЛГБТ Төв” ТББ-ын эрхэм зорилгод үнэнч байж, байгууллагын өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа зохих ёсоор гүйцэтгэн, хэрэгцээтэй тохиолдолд нууцыг хадгалах;

7.3 Тэргүүн хувийн ба байгууллагын хоорондох ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх үүрэг хүлээх ба ашиг сонирхлын зөрчил үүсэх магадлалтай тохиолдолд аль болох эрт үүнийгээ мэдэгдэх;

7.4 “ЛГБТ Төв” ТББ-ыг дотоод болон гадаадад төлөөлөх;

7.5 “ЛГБТ Төв”-ийн удирдах зөвлөлийн ээлжит хурлыг хуралдуулах шийдвэрийг гаргах, ээлжит бус удирдах зөвлөлийн хурлыг даргалах, удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэрт гарын үсгээ зурж, шийдвэрийг хүчин төгөлдөр болгох.