Time сэтгүүлийн 9-р сард гаргасан шинэхэн вэбсайтыг та олж үзсэн үү? Үзээгүй бол заавал Time Firsts руу орж үзээрэй. Энэхүү төсөлд орчин цагийн дэлхийд улстөр, нийгэм, соёл, эдийн засгийн хувьд үнэтэй хувь нэмрээ оруулсан ба оруулсаар буй гайхалтай 46 эмэгтэйн түүхийг тэдний үгээр өгүүлжээ.
Дэлхийг өөрчилж буй гайхалтай эмэгтэйчүүдийн дунд күийр эмэгтэйчүүдийн төлөөлөл багтсанаас дурдвал Эллен Дежээнерис, Рэйчэл Маддоу, Каандис Кэйн нар юм. Эдгээр эмэгтэйчүүд хэн гэдгээрээ нээлттэй ажиллаж, амьдарч, амжилтанд хүрснээрээ ЛГБТ хүмүүст үлгэр дуурайл болж, нийгэмд эерэг өөрчлөлт, гэрэл гэгээ, хүлээн зөвшөөрлийг дагуулсан эмэгтэйчүүд билээ. Тэдний ярилцлагуудыг англи хэл дээр бүрэн уншихыг хүсвэл гарчиг дээр нь дарж үзээрэй. Харин монголоор хэсэгчлэн орчуулсныг доороос уншина уу.
Эллен: ‘Би юуг ч өөрчлөхгүй, хэрхэн өөрийгөө зарласнаа ч’
Амьдрал маань сайн муу зүйлээрээ, ялангуяа муу, хар бараан зүйлээрээ яг тэнцүү төгс. Хар бараан л зүйлүүд намайг хүн, илүү хүнлэг хүн болгосон учир тэр. Тэгэхээр амьдралдаа би юуг ч өөрчлөхгүй, хэрхэн өөрийгөө зарласнаа ч. Хүмүүс намайг лесбиян гэж мэдвэл би бүх зүйлээ алдана гэсэн айдастай амьдардаг байсан. Гэтэл бас нууц хадгалж явмааргүй байсан. Стрэйт хүмүүс ‘Миний хувийн асуудал бол миний хувийн л асуудал’ гэж хэлдэггүй шүү дээ. Тэд асуултад хариулах шаардлагагүй. Өөрийн бэлгийн чиг баримжаанаас болж тэр их ичгүүрийг би тээж явсан нь нэг л буруу гэж мэдрэгддэг байсан.
Өөрийгөө би нээлттэй илэрхийлнэ гэхэд телевизийн олон ангит Ellen киноны дүр ч өөрийгөө зарлах нь ойлгомжтой санагдсан. Хүмүүст их сонирхолтой түүх байх болов уу гэж би бодсон. Лоора Дөөрнийг найз охиноороо, харин Оопра Уинфрийг сэтгэл зүйчээрээ тоглуулья гэж бодсон. Тэгээд Оопра руу яриад ‘Би шоугаараа өөрийгөө зарламаар байна. Миний сэтгэл зүйч болж тоглож өгөх үү?’ гэж асуусан. Үнэхээр гайхамшигтай сайхан, яг л миний хүссэнээр тэр ангийг найруулсан. Мэдээж миний айдас ч үндэслэлтэй зүйл байсан нь би шоугаа хаалгаж, ажил амьдралгүй болно гэсэн маань биелсэн. Гэлээ ч болж болох хамгийн сайхан зүйл тэр байсан, учир нь намайг өөр чиглэлд өөрийгөө олоход тусласан ба өнөөдөр би ингээд сууж байна.
Одоогийнхоо шоуг зарах гэж их удаан үйл явц болсон доо. Телевизийнхэн намайг хараад, хэн ч нээлттэй лесбиян эмэгтэйг өдрийн цагийн ток шоугаар үзэхгүй, тэр үед хүүхдээ хараад гэртээ суудаг эмэгтэйчүүд л зурагт үздэг гэж бодсон. Гэхдээ л зарж чадсан. 14 жилийн дараа ингээд сууж байна гэж тэр үед хэн нэгэн надад хэлсэн бол би итгэхгүй л байлаа. Энэ шоугаараа би эхнээсээ тавьсан зорилго буюу хүмүүст аз жаргал өгөх ажлаа үргэлжлүүлсэн.
Каандис: ‘Амьдралдаа анх удаа л бүтэн амьсгал авсан мэт санагдсан’
Анхандаа би өөрийгөө гей гэж бодоод л гей гэж хүмүүст хэлсэн. Харин бид одоо бүгд мэдэж байгаа, хүйсийн баримжаа ба бэлгийн чиг баримжаа хоёр өөр зүйлс. Гэхдээ тэр үед транс байдлын тухай надад ойлголт байгаагүй учир би өөрийгөө гей л гэж бодсон хэрэг. Тав, зургаан жилийн дараа нь өөрийгөө транс гэдгийг ойлгосон. Ээж аавдаа тус тусад нь захиа бичиж, юу болж байгааг хэлсэн. Тэд миний тухайн үед амьдарч байсан Нью-Йорк хот руу тийзээ захиалан ирж, намайг дажгүйг шалгасан. Тэдний дэмжлэг жил ирэх тусам л нэмэгдсэн.
Хэзээ шилжилтээ эхлэх вэ гэж шийдэж байснаа би санадаг. Нэг л сэтгэлээр гутраад, яагаад ийм мэдрэмжтэй байгаагаа ч мэдэхгүй байсан. Ганц аз жаргалтай үе маань жижигхээн өрөөнд Нью-Йоркт амьдарсан үе байсан даа. Нэг удаа нүүрээ буддаг толины өмнө лааны гэрэлд сууж байтал намайг тойроод бүдэг нил ягаан өнгийн аура байгааг харсан. Тэр мөчид л би зөв биедээ амьдрахгүй байгаа учир ийм аз жаргалгүй байгаагаа ойлгосон. Би өөртөө бүрэн бүтэн биш байсан. Би эмэгтэйгээрээ өндөр насанд хүрмээр байсан. Өвөөгөөр хөгширнө гэдэг төсөөлөгдөхгүй байсан. Нэг л буруу. Дааврын шилжилтийн эмчилгээгээ эхлэхэд би амьдралдаа анх удаа бүтэн амьсгал авсан мэт санагдсан. Яг өөртөө үнэнч байгаагаа мэдэрсэн.
Dirty Sexy Money олон ангит кинонд тоглосон маань анх удаа транс эмэгтэй телевизийн кино түүхэнд жинхэнэ, олон удаа давтагдах дүр болсон ба жинхэнэ хүн утгаар нь дүрийг боловсруулсан явдал болсон. Эхний улирлын дунд гэхэд киноны анхны шагналын шоунд оролцохоор явтал Дооналд Саадэрлэнд бид хоёрын тоглосон сценыг гаргасан. Бүх хүн босч зогсоод алга ташсан. Тэгэхэд л үнэндээ миний жүжигчин болох мөрөөдөл ч биелсэн биш, нийгмийг өөрчилж байгаагаа би харсан.
Рэйчэл: ‘Анхдагч байна гэдэг сүүлд орохгүй байх байнгын шахалтыг үүсгэдэг’
MSNBC-ийн Ерөнхийлөгч намайг ажилд авахдаа өөрийнхөө тухай дуугүй өнгөрнө гэж байхгүйг мэдэж авсан. Нээрээ, намайг хар л даа. Би өсвөр наснаасаа хойш нээлттэй амьдарсан хүн. Хэнийг ажилд авснаа тэд мэдэж байсан ба энэ тал дээр хэзээ ч асуудал байгаагүй.
Би телевизийн сэтгүүлч болно гэж мөрөөдөж ч байсангүй, гэтэл энд л явж байна. Энэ медия группт ажилд орсондоо өөрийгөө их азтайд тооцдог нь Андрэя Мичэллээс их зүйл сурах боломжтой байсанд тэр. Тэрээр бүх зүйлийг хийж, бүх газарт очиж, хамгаалалтын албаныхантай үзэж байгаад ч болтугай хэрхэн яаж мэдээ бэлтгэдгийг надад сургасан. Энэ салбарын ялангуяа эмэгтэйчүүдэд үнэхээр үлгэр дуурайлтай хүн гэж би боддог.
Улстөрийн салбарт хувь хүмүүсээс алхам хойшлоод, нийтэд нь америк эмэгтэйчүүд улстөрийн манлайлалд гарч чадаж байгаа эсэхийг харвал үнэндээ л чамламаар. Эмэгтэйчүүдийн нийтийн төлөө хийх зүйлсийг нь хязгаарласаар, хангалттай чадварлаг нэр дэвшигч гэдгийг нь үгүйсгэсээр. Эрчүүд өөрсдийн сэтгэл хөдлөлийг илэрхийлж болоод байхад эмэгтэйчүүдэд өөрийгөө илэрхийлэх илэрхийллүүдийг нь хязгаарладаг асуудал огт урагшлаагүйд би их гайхдаг. Эмэгтэй хүн уурлавал кампанит ажлынхаа эцэст ингэж харагдаж болно, харин эрэгтэй хүн уурлавал тэр нь хүч доройн шинж биш, бүр хүч чадлын илрэл гэж үзэх нь бий.