Out сэтгүүлээс стрэйт хүмүүс анхаарвал зохих хэдэн зөвлөгөөг орчуулан хүргэж байна.

“Би нэг залууг танина, та хоёр бие биедээ яг тохирно, үерхчээч”

Гей л учир хоёр найз чинь “яг бие биедээ тохирно” гэсэн үг огт биш. Хүн бүр хувь хүн. Өөрийгөө тэнэг байдалд хийхгүйн тулд гей найзуудаа хооронд нь танилцуулж, нийлүүлэх гэдэг оролдлогуудаа болих нь дээр.

“Эмэгтэй хүнтэй байж үзээгүй байж таалагддаггүйг нь яаж мэдэж байгаа юм?”

Хүмүүс энэ утгагүй асуултыг асуусаар гэж үү дээ? Хайр дурлал, сэтгэл зүрхний хувьд татагдах гэдэг нэг шөнийн туршлагаас илүү давсан, бүр огт өөр гарагийн зүйл. Ийм асуулт тавьснаараа даруухан гей залууг ч уурлуулах учир зүгээр л ингэж бүү асуу.

“Миний хөхийг хараад ямар байгааг хэлээд өг”

Хамгийн сайн найз чинь гей ба чамд бэлгийн хувьд татагддаггүй гэдэг нь “Тийм, сайхан хөх юм” гэх мэтээр чиний өөртөө итгэх итгэлийг бий болгох үүрэг бишийг сана. Өөр хиймээр, ярьмаар мянган зүйлсийг нь өөрийнхөө хөхөөр бүү үгүйсгэ.

“Чухал ярилцлагад орох гэж байгаа учир хамт явж, шинэ хувцас надад авья”

Гей л бол загвар сонирхож, мэддэг гэсэн үг биш. Гей эрчүүд бүгд хувцас авах донтой гэсэн үг биш. Тийм байлаа ч чамтай дэлгүүр хэсэх хүсэлтэй гэж яагаад чи бодов?

“Оройн хоолны паарти хийх гээд гей хос хэрэгтэй байна. Та хоёр завтай юу?”

Ийм утга, үгтэй урилгын ганц хариу бол хариугүй байдал шүү. Гей эрчүүд чиний зочны өрөөний чимэглэл, сайхан гутал гэх мэт аксессуар биш. Ийм байдлаар гей найзтайгаа ярьдаг бол түүнийг яг хэн гэж үзэж байгаагаа та түүнд хэлсэн гэсэн үг.

“Ямар харамсмаар юм бэ, ийм сайхан залуу байж”

Бүх эрчүүд энэ дэлхий дээр зөвхөн нөхөн үржлийн машин болох гэж, эсвэл эмэгтэйчүүдийн бэлгийн дур хүслийг гүйцээх хэрэгсэл болох гэж ирдэггүй. Зарим эмэгтэйчүүд ч ялаагүй. Яг юунд нь харамсаад байгаа юм бэ дээ? Эмэгтэй хүнд татагддаггүй эр гэдэг бол “харамсмаар зүйл” биш. Тэр бол эрчүүдэд татагддаг л энгийн гей эр.

“Гей эрчүүд яагаад нүүрээ будаад байдаг юм бэ?”

Үүнийг эрх чөлөө гэдэг юм, хонгор минь. Нэмээд хэлэхэд нүүрээ будсан гей залуучууд саак харагддаг!

“Чи актив уу, пассив уу?”

Чамд падгүй.

“Та хоёрын аль нь эмэгтэй юм?”

*сууж байсан сандлаа авч чулуудав* Харилцаанд байгаа хоёр эр бол харилцаанд байгаа хоёр эр. Энд эмэгтэй хүн байхгүй. Гол учир нь л энэ. Аан, хэн нь илүү эмэгтэйлэг вэ гэж үү? Тэгвэл ч өөр хэрэг шүү, гэхдээ энэ нь бас л бөөн асуудал үүсгэх яриа.

“Гей залуу гэхэд чи эршүүд юм аа”

Бэлгийн чиг баримжаа болон өөрийн хүйсийг илэрхийлэх илэрхийлэл гэдэг хоёр өөр зүйл. Бүх гей эрчүүд “эмэгтэйлэг, гунхсан, намирсан” гэдэг хэвшмэл ойлголтод багтдаггүй, зурагт ба кинон дээр юу үзсэн чинь хамаагүй. Бүх стрэйт эрчүүд “бүдүүн баараг, хаа хүү, гүндүүгүй хөдөөний малчин” байдаггүй. Хүмүүсийг нийгмээс тогтсон өнцгийг тулгаж биш, байгаагаар нь л амьдруулчих.

“Пөөх чи спортод дуртай юм уу?”

Тийм. Хөлбөмбөг сонирхдог гей эрчүүд байдаг л үзэгдэл. Толгойгоо гашилгамаар олон зүйл байтал үүнийг цохож онцлоод, гайхах хэрэг байна уу?

“Гэхдээ өвдөнө биз дээ?”

Энэ асуулттай л адилхан өвдөнө. Өөрөө оролдож үзээд бидэнд эргэж хэлээрэй.