Өдрийн цагаар юм идэж чадахгүй, шөнийн цагаар унтаж чадахгүй, интернэтээс “Би үхэж байна уу?” гэх мэт үгсийн ямар нэг хувилбарыг хайж, салалтын дараа хэрхэх тухай сэтгэл зүйн зөвлөгөө уншиж сууна уу? Тэгвэл салалттай холбоотой хоёр цуврал эрүүл мэндийн мэдээг бид бэлтгэлээ. Эхний мэдээ нь салалтын дараахь бие эрхтэний тухай бол хоёр дахь нь сэтгэл зүйн зөвлөгөө байх болно.
Хайртай хүнээсээ салах нь уураг тархинаас эхлэн арьс, хөл, зүрх, ходоод, нүд гэх мэт бүх хүний эд эрхтэнд нөлөөлдөг болохыг анагаахын шинжлэх ухаан тогтоожээ.
ХАЙР БОЛ ХАР ТАМХИ
Хайр бол нэгэн төрлийн хар тамхи гэдэг нь зүгээр ч нэг үг биш. Хайртаасаа салсан хүмүүст кокаин гэх мэт хар тамхины хамааралтай ч түүнийгээ хэрэглэхгүй байгаа хүмүүст илэрдэг шинж тэмдэг илэрдгийг судлаачид тогтоожээ. Салалтаас болж шаналж байгаа хүмүүсийн тархины зураг хар тамхинаас хамааралтай хүмүүсийн тархины зурагтай ижил байсан нь салалт ч, хар тамхины хамаарал ч тархины ижил хэсгийг өдөөдөг хэмээн Стөүни Брүүк Их сургуулийн судлаачид харжээ.
СЭТГЭЛ
Салалтын дараа хүмүүс сэтгэлээр гутрах, айдас түгшүүрт автах, түүнээсээ болж нойргүйдэх ба нойргүйдэх нь эргээд сэтгэл гутрал, айдас түгшүүрийг сэдрээдэг аж. Хайртай хүнээсээ салсан шаналал нь хүн бүрийн багадаа орхигдож байсан мэдрэмжийг сэдрээдэг хэмээн сэтгэл зүйч, шинжлэх ухааны доктор Сюүзан Куилльям ярьж байна. “Нялх хүүхэд бие даан амьдрах чадваргүй. Түүнд хоол, дулаан байхгүй бол тэр үхэх ч аюултай учир хүнтэй харьцахгүй бол шаналахаар програмчлагдсан байдаг. Тиймээс ээжтэйгээ байнга харьцаж байх ёстой байдаг. Гэхдээ хүн бүр багадаа ямар нэг тохиолдолд “Бурхан минь, би ганцаарханаа байна, би үхэх юм байна” гэсэн мэдрэмж авдаг. Харин салалт энэ мэдрэмжийг сэдрээснээр өөртөө итгэлгүй байх, уурлах, гуниглах мэдрэмжийг төрүүлдэг.”
Салалтын үед хүмүүс мөн гашуудлын үеийн мэдрэмж мэдэрдгийг тэр цохсон юм. “Хайртаасаа салсан хүмүүс шоконд орох, үгүйсгэх, уурлах, бусдыг буруутгах, өөрийгөө буруутгах, хүчгүйдэх, ирээдүйгээс айх, сэтгэлээр гутрах ба хүлээн зөвшөөрөх гэсэн бүх гашуудлын үе шатыг туулдаг гэсэн үг. Орхигдсон гэж мэдэрч байгаа ч уурлахгүй байвал хүн сэтгэл гутралд автаж, ирээдүйд ямарваа харилцаанд байж чадах эсэхтээ итгэлгүй болдог. Салалтад хүргэсэн үг, үйлдлийг дахин дахин бодсоор айдас түгшүүрт автдаг. Нойргүйдэх нь үүнийг улам сэдрээдэг.”
Яагаад салах болсон шалтгаануудыг санах нь хүн сэтгэл гутралд живэхгүй байх нэгэн бодит арга болдог талаар тэр үргэлжлүүллээ. “Тодорхой шалтгаануудаас болж салах нь зөв шийдвэр байсан бол салалтын дараа хүмүүс сэтгэлээр нэлээд хатуужиж босч ирдэг. Тэдэнд салалт нь хэрхэн хайрлаж сурах талаар сануулсан дохио ч болдог. Японы кицүки аягыг хамгийн үзэсгэлэнтэйд тооцдог ч тэр аяга нь хагарсан аягыг эргүүлж нааж, алтаар гагнасан байдаг шүү дээ.”
СЭТГЭЛ БА БИЕИЙН ӨВДӨЛТ ИЖИЛ
Сэтгэлээр тун их шаналах нь биеийн өвдөлт мэдрэх мэдрэлийн тогтолцоонуудыг идэвхжүүлдэг болохыг Колаамбия Их сургуулийн сэтгэл зүйчид тогтоожээ. Тиймээс хариугүй хайр мэдрэх, эсвэл хайртай хүнээсээ салах нь цохиулж байгаа мэт өвдөлтийг мэдрүүлдэг гэнэ. Судлаач Эдуард Смит хүмүүст хуучин хайртуудынх нь зургийг үзүүлэнгээ тархины соронзон бичлэг хийхэд сэтгэл зүй болон бие махбодын өвдөлтийн мэдрэлийн замууд ижил байсныг тэр харсан юм. Хариугүй хайр мэдрэх нь хүн өөр дээрээ халуун цай асгах, эсвэл хөлийн хуруугаа өшиглөхтэй адил өвчинг мэдрүүлдэг аж.
БЯЦАРСАН ЗҮРХ
Салалтын дараа хүний биед кортизол, адреналин гэх мэт стрессийн дааврууд ихээр ялгардаг нь зүрхэнд ачаалал өгч, хэм алдалтыг үүсгэдэг. Зүрхний эмч Граам Жааксон салалтын дараахь эхний хоёр долоо хоногийн дотор олон хүн зүрхээр нас барж байгааг ажиглажээ. Ихэнхдээ энэ нь салалтын маргаашаас эхлэн нэгээс хоёр долоо хоногийн дотор явагдаж байв.
“Хүмүүс түгшиж эхлэхэд адреналин ихэсч, бие организм ч байлдааны бэлэн байдалд ордог ба энэ стресс нь гэнэтийн зүрхний инфаркт, үхэлд хүргэж болдог. Хувхай цайх, зүрх нь хэт цохилох гэх мэт шинж тэмдгийг мэдэрч эхэлдэг. Энэ нь артерийн судасны нарийсалд хүргэх ба энгийн үед ач холбогдол багатай ч стресс их үед тун болгоомжлох ёстой хүчин зүйл. Артерийн судас нарийсах нь зүрхийг хаахгүй байлаа ч хэм алдагдах, хэм хэт түргэсэхэд хүргэдэг. Ийм төрлийн стресс мэдэрч байгаа хүмүүс зүрхээ кокаинаар хооллож байна л гэсэн үг. Артерийн судасны нарийсалгүй ч стресс зүрх хаагдаж буй мэт шинж тэмдэг өгөх нь бий. Эмэгтэйчүүд ихэнхдээ салалтын дараа богино хугацаанд гэнэт нас барах магадлал өндөр байдаг ч эрэгтэйчүүд урт хугацаанд зүрх нь хаагдах магадлалтай байдаг’ гэлээ.
АРЬС
Салалтын дараахь стрессийн даавар нь арьсны асуудлыг сэдрээж болдог. Дерматологич эмч Сюүкэрман хэлэхдээ “Хүний амьдралд тохиож болох, гашуудалтай зүйрлүүлэхүйц хамгийн том зүйлсийн нэг нь хайртай хүнээсээ салах явдал. Стрессийн дааврууд биед их хэмжээгээр ялгарснаар биед тун их сөрөг нөлөө үзүүлж байдаг. Тиймээс хамтрагчаасаа салж буй хүний арьсны асуудал хурцаддаг гэдгийг арьсны эмч бид мэддэг.”
Салалт нь псориаз, экзем, халзрал, батга гэх мэтийг хүндрэхэд нөлөөлдгийг хэд хэдэн судалгаа харуулжээ. Стрессийн даавраас гадна салсан хүмүүс эмчилгээгээ байнга хийхгүй байх гэх мэтээр эрүүл мэндийнхээ асуудлыг хаядгаас арьсны асуудал улам хүндэрдэг байна.
ХӨЛ
Салалтыг даван туулсан хүмүүс шатаар өгсөх, богино зайнд алхах гэх мэт хөдөлгөөний асуудалтай байх нь 23% илүү магадлалтай байдгийг Техаасын Их сургуулийн судлаачид тогтоожээ. Физик эмчилгээний эмч Саамми Маарго хэлэхдээ “Хүмүүс ямарваа нэг осол гэмтэлд ороогүй хэрнээ бие нь хөдөлгөөний асуудалтай болсон орж ирдэг. Ухаад үзэхэд хайр дурлалын харилцаанаасаа саяхан салсан байдаг. Ихэнх эмчлүүлэгсэд хэт их хөдлөснөөс эсвэл хүнд зүйл өргөснөөс үүссэн асуудлаар биш, олон цагаар хөдөлгөөнгүй ширээн дээр суух, стресстэй холбоотой асуудлаар бидэнд ханддаг. Хүзүү нь хөшдөг хүнээс механик гэмтэл авсан эсэхийг тодруулахад тийм зүйл байхгүй ч салж буй эсвэл саяхан салснаа хэлдэг. Стрессээс үүдэн булчин зангирах, татах, хөших үзэгдлүүд харагддаг. Биеийн аль нэг суларсан хэсэгт энэ нь явагдвал булчин богиносон хөшсөнөөр өвдөлт үүсгэдэг. Салалтын дараахь мөрний булчингийн зангирал энэ хэсэг дээрээ ташуурдуулах мэт өвдөлттэй адил хэмжээтэй байдаг. Цаашлаад стресс ихтэй байх тусам хүмүүс бүдрэх, эсвэл машинаараа осолдох магадлалтай байдаг.”
ГЭДЭС ХОДООД
Салалтын дараа хүмүүс эхний хэдэн долоо хоног хоолны дуршилгүй болдог нь стрессдсэн үед өнчин тархи хоолны дуршил бууруулах даавар ялгаруулдагтай холбоотойг Хаарвардын Анагаахын сургуулийн судлаачид тогтоожээ. Уураг тархи мөн адреналиныг ялгаруулах зааврыг бөөрний булчирхайд өгдөг нь мөн л дуршлыг бууруулдаг аж. Гэхдээ урт хугацаанд стресс эсийг инсулинд тэсвэртэй болгосноор биед илүү их инсулин ялгарч, чихрийг өөх болгож задлан бүсэлхий орчмоор хуримтлуулж эхэлдэг нь жин нэмэхэд нөлөөлдгийг Йелийн Их сургуулийн судлаачид тогтоожээ. Стрессдсэн хүмүүс нойргүйдэж, биеийн тамираа хаяж, илүү их архины төрлийн ундаа хэрэглэдэг нь мөн л жин нэмэхэд нөлөөлдөг аж. Цаашлад стресс нь хоол боловсруулах тогтолцооны цусан хангамжийг бууруулснаар ходоодны өвдөлт, гүйлгэлт, өтгөн хаталтад хүргэдэг байна.
НҮД
Бид өөр өөр төрлийн нулимс ялгаруулдгийг судлаачид тогтоожээ. Үндсэн нулимс нь нүдийг чийгшүүлэх үүрэг гүйцэтгэдэг бол нөхцөлт нулимс нь орчинд хариу үйлдэл үзүүлэх байдлаар буюу сонгино хэрчих гэх мэт үед ялгардаг. Сэтгэл хөдлөлтэй холбоотой нулимс нь зовхины дээд хэсэгт байрлах нулимсны булчирхайн ялгарал байдаг. Ийм нулимс нөгөө хоёр төрлийн нулимсыг бодвол шорвог биш, усандуу байдаг байна. Ус нүдний давсархаг эдэд шингэж, нүдийг бүлцийлгэдэг.
Эх сурвалж: Daily Mail
Орчуулгын эх сурвалж: ЛГБТ Төв