Жэйк Грааф нь жүжигчин, найруулагч мэргэжилтэй транс, күийр англи залуу ба транс асуудлаар нэлээд хэдэн бэсрэг кино хийсэн, транс эрхийн идэвхтэн билээ. Түүний Brace бэсрэг киног 2016 оны Цэнхэр тэнгэрийн цаана ЛГБТИК кино наадмаар үзэгчдэд толилуулж байсныг та бүхэн санах биз. Жэйкийн бичсэн транс хүмүүст хэзээ ч хэлэх ёсгүй зүйлсийг Космополитан сэтгүүл нийтлэснийг орчуулан хүргэж байна.

“Чи их азтай юм аа, эмэгтэйгээр ч, эрэгтэйгээр ч амьдарчихсан”

Тийм шүү. Хэсэг сахалтай бас сүүний булчирхайтай амьдарч үзсэн, мөн даавраа тарьж байгаад гурван удаа ухаан алдсан. Би ИХ азтай хүн! Тоглоомгүй ярьвал хүйсийн шилжилтээсээ өмнө ч би эмэгтэй байгаагүй учир шилжилтэд орсныг минь ойлго.

“Урд нь ямар нэртэй байсан бэ?”

Үнэнийг хэлэхэд ээж аав маань надад өгсөн нэрийг хэлэх нь надад асуудал биш ч, нэгэнт урагш харан амьдарч байгаа хүний хувьд надад хуучныг мөхөх сонин биш. Бас миний бүх бичиг баримт дээр Жэйк л гэж байгаа учир өмнөх нэг ер нь ямар хамаатай юм бэ?

“Хэзээ транс болохоор шийдсэн бэ?”

Лесбиян гей хүмүүсийг хүлээн зөвшөөрөх нь сайжрах тусам амьдрал маань хангалттай зовлонгоор дүүрэн биш байна гэж би үзээд “Амьдралаа бүр илүү хүнд болгоод үзье” гэж шийдсэн юм. Тоглоомгүй ярьвал транс байх нь сонголт биш, гей байх нь сонголт биштэй л яг адил.

“Харамсмаар юм, урд нь ямар хөөрхөн байлаа”

Яг энэ. Ийм зүйл хэлж байгаа хүн өөрийгөө сөрөг зүйл хэлж байгаагаа ойлгохгүй ч бүх насаараа шилжилтээс өмнөх өөрийгөө жинхэнэ “би” гэж үзээгүй транс хүнд ингэж хэлэх нь зүгээр л түүний уурыг хүргэнэ. “Одоо ч сайхан залуу болжээ” гэвэл уур арилна шүү.   

“Чи хагалгаагаа хийлгэсэн үү?”

Хүмүүс асуугууштай асуулт гэж бодох ч танихгүй эмэгтэйгээс хошногоо цайруулсан эсэх тухай, танихгүй эрэгтэйгээс бэлэг эрхтэнийхээ тээрхийн арьсыг засуулсан эсэх тухай асуухтай яг адил. Ер нь хувийн орон зайд халдсан, бүдүүлэг асуулт.

“Эр бэлэг эрхтэн хийх тэгээд хэр амархан бэ?”

Эр бэлэг эрхтэн хийх нь маш хүнд, маш үнэтэй (нийт 100,000 гаруй долларын) гурван ээлжийн хагалгаа шаарддаг. Хагалгаа бүрийн дараа олон сараар тэнхрэх шаардлага гардгаас гадна бэлгийн таашаалын ямар ч мэдрэмжгүй болох эрсдэл маш өндөр. Нэмээд хүмүүс эцсийн үр дүнг харья гэж шаналгах нь ч бий.

“Би чамайг өмнөхөөр чинь харсаар байх болно”

“Чи өөрийгөө жинхэнэ эр хүн гэж мэдэрдэг үү” гэх асуултаас илүү намайг гомдоодог зүйл. Ихэвчлэн ийм зүйлийг намайг эртнээс таньдаг ч, ер сайн мэддэггүй хүмүүс хэлдэг. Тийм хүмүүс намайг бүхэлд нь үгүйсгэж байгаагаа ойлгодоггүй.

“Чи яаж секс хийдэг вэ?”

Бурхан минь гэж, ЧИ яаж секс хийдэг юм? Яг оронд орохоосоо өмнө эсвэл секс клубт л биш бол ийм асуултыг хэнд ч тавих нь хэзээ ч ок биш.

“Хөөрхий ээж аав чинь яаж хүлээж авсан?”

Эх эцэг хүүхдээ транс гэдгийг анх сонсоод эергээр хүлээж авах нь ховор. Ээж минь гэвч үнэхээр гайхалтай хүлээж авсан нь бусад транс хүмүүсийн туршлагаас бас л өөр. Хүүхдээ транс гэдгийг нь сонсоод хүүхдээ гэр орноосоо хөөх нь энгийн, тохиолддог зүйл. Транс хүн шилжилтдээ ороход ер нь гэр орныхонд нь хүнд тусах нь бий, энэ нь транс хүн шилжилтийнхээ эхэн үед маш их ганцаардахад хүргэдэг.

“Чи ханьтай юм уу? Тэр чинь их нээлттэй сэтгэхүйтэй хүн байх даа”

Бид хайр дурлалын хувьд үнэхээр сонголтгүй учир цаазын ялтай шоронд хоригдож буй хүмүүст захидлын найз олж өгдөг шиг хөтөлбөр хүртэл бидэнд байдаг. Тоглоомоо орхивол транс хүмүүс хүн л учир бидэнд дурлах хүмүүс байлгүй л яахав.

“Чи их зоригтой юм аа”

Сайныг бодож хэлж байгааг чинь ойлгож байгаа ч нэг л тохуурхалтай сонсогддогийг нуугаад яахав. Ийм зүйл хэлж байгаа нь унаж, өвдгөө шалбалсан хүүхэд уйлалгүй босч ирэхэд нь түүнийг “Сайн жаал” гээд толгойг нь илэхтэй ижил санагддаг. Шилжилт маань миний хувьд жинхэнэ өөрөөрөө амьдрах ганц л сонголт байсан. Зоригтой зүйл биш, зүгээр л 30 насныхаа төрсөн өдрийг өөрөөрөө, амьд угтах ганц боломж минь энэ байсан.

“Чи шилжилтдээ харамсдаг уу?”

2005 оны үеийн Маалия руу эргэж очихгүй шиг, наранд цохиулсандаа эргэж очихгүй шиг, эрсдэлтэй бэлгийн зан үйлдээ эргэж очихгүй шиг би шижилтийнхээ өмнөх сэтгэл гутрал, амиа хорлолтын бэлэн байдал, өөрийгөө үзэн ядахдаа эргэж очихыг хүсдэггүй учир хэзээ ч харамсдаггүй ба харамсах ч үгүй. Нэмээд хэлэхэд бүх насаараа энэ цэгт хүрэх гэж тэмцсэн учир эндээс ухарна гэж юу байхав.

 

Эх сурвалж: Космополитан

Орчуулгын эх сурвалж: ЛГБТ Төв