1. Сонирхол
“Хүн өөрийнхөө юуг ч өөрчилж болно. Нүүр царай, гэр бүл, үзэл бодол, шашин шүтлэг, тэнгэр шүтээнээ гээд юуг ч өөрчилж болно. Харин ганц л зүйлийг өөрчилж чаддаггүй. Хүсэл сонирхлоо л өөрчилж дийлдэггүй” гэж нэгэн кинонд хэлдэг. Үнэхээр ч тийм. Зарим хүмүүс хөл бөмбөгт дуртай байдаг. Харин зарим нь сагсан бөмбөгт ухаанаа тавьдаг. Зарим нь хоолонд дуртай бол зарим нь зүгээр л дуулах дуртай. Яагаад гэдгээ хэн нь ч мэддэггүй. Хүйсийн баримжаа ч мөн учрыг нь тайлж чадахгүй ч хүний дур сонирхол мөн билээ. Сонирхол гэдэг ердөө дуртай, дургүй гэсэн санаа бус, хувь хүний мөн чанараас шалтгаалан тухайн хүнийг тодорхойлж байдаг зүйл юм. Гэвч хүнийг зөвхөн хүйс нь тодорхойлдоггүй. Хүнийг тодорхойлох маш олон зүйл бий. Хэн нэгнийг хайрлахад хүйс угтаа тийм ч ач холбогдолтой зүйл биш. Эмэгтэй, эрэгтэй гэдэг нь, эмэгтэй хүн хайрладаг, эрэгтэй хүн хайрладаг гэдэг нь тухайн хүний талаар танд ямар ч мэдээлэл өгч чадахгүй. Хүн хүйсийг нь биш хүнийг нь л хайрладаг.
2. Өөрийгөө илэрхийлэх
Бид цаг тутамд өөрийгөө илэрхийлж байдаг. Шинэ хүнтэй танилцахад, найзуудтайгаа уулзаж суухад хувь хүний үзэл бодол, мөн чанараасаа шалтгаалан ярьсан зүйл, хийсэн үйлдэл маань биднийг тодорхойлж байдаг. Мөн чанараар нь авч үзвэл эхлээд бид өөрсдөө өөрсдийгөө тодорхойлдог. Дараа нь түүнээс үүссэн бодол, үзэл санаандаа тулгуурлан бусдад өөрийгөө илэрхийлдэг аж. Сартрын тодорхойлсноор маш олон хүн “туйлбаргүй сонголт” хийдэг ажээ. Сартрын үзлээр бид сонголтоо өөрсдөө хийдэг ба хүн ямар байхыг хүссэн түүндээ зориулж тоглодог гэсэн байна. Харин зарим хүмүүс өөрсдийн сонголтоо бусдаар хийлгэдэг ба энэ нь тухайн хүн сонголтоос ирэх үр дагавраас айж, зугтсандаа өөрийнхөө хувь тавиланг хүний гарт шилжүүлж, “туйлбаргүй сонголт” хийдэг гэжээ. Мэдээж бид олон хүнээс хараат амьдардаг. Тиймээс л тэдэнд ямар харагдахыг хүссэн тийм багаа зүүдэг бизээ. Үүнийг ойлгохын тулд үнэн гэдэг зүйлийн тухай ярих хэрэгтэй. Үнэн гэдэг нэг зүйл бий. Түүнийг тойруулаад үнэн хэмээн итгэдэг хуурмаг нэг хүрээ бий. Тэр хүрээний гадуур “үнэн” гэсэн итгэлээс үүссэн нийгмийн “тийм байх ёстой” гэсэн ёс зүйн хүрээ давхарладаг. Нэг үгээр үнэний гадуур хуурмаг хүрээнүүд бий. Магадгүй үнэнийг ойлгоно гэж байхаас үнэнд хүрнэ гэж үгүй бизээ. Харин үнэн байж болох ганц зүйл нь хувь хүн өөрөө юм. Хүн бүр үнэнийг мэдэх албагүй. Учир нь хэн нэгэнд өөрийнхөө тухай чин үнэнийг хэллээ гэхэд өнөөх хүн өөртөө нийцүүлж үнэнийг гуйвуулж байдаг. Энэ үнэнийг тойрсон тойргоос болж хүн хүнтэйгээ бодит төрхөө гаргаж уулзаж чаддаггүй ба “туйлбаргүй сонголт” хийдэг. Харин гол зүйл нь үнэнийг өөрөөсөө мэдэрсэн бол өөрийгөө хүлээн зөвшөөрөх юм. Энэ ганц ЛГБТИК хүнд ч бус бүхий л зүйл дээр, мөн бүхий л хүнд хамаатай зүйл юм.
Хүн бүрт хайрлах, хайрлуулах эрх бий, мөн хүн бүрт жаргах, зовох эрх бий. Өөрийгөө нээлээ гээд жаргалтай болчихно гэсэн үг биш л дээ. Хэн нэгэн ирдэг, буцдаг. Хэн нэгэнтэй учирдаг, мөн хагацдаг. Хэн ч намайг орхиж болно, хэнээс ч холдож болно. Энэ хорвоо дээр хэн нэгэнд зориулагдсан орон зай гэж байдаггүй. Энэ тэмдэглэлийн дэвтрийг ч мөн би аваагүй бол өөр хэн нэгэн авах л байсан. Харин хэн нэгэнд зориулагдсан ганц зүйл нь хүн өөрөө юм. Хэн ч хэний ч амьдралаар амьдардаггүй учир чамд зориулагдсан ганц зүйл чи өөрөө юм. Бусад хүмүүс чамайг хүлээн зөвшөөрөхгүй, ойлгохгүй байж болно. Доромжилж, харааж болно. Гэхдээ хамгийн гол нь хүн өөрөө өөрийгөө хүлээн зөвшөөрсөн цагт бусад хүмүүс, нийгэм юу гэж хэлэх хамаатай гэж үү? Тэд бол үнэний гадуурх хуурмаг хүрээнүүд шүү дээ. Хүн дур сонирхлоо өөрчилж дийлдэггүй. Хүн ЛГБТИК байлаа гээд энэ тэр хүний тухай юуг ч хэлэхгүй. ЛГБТИК хүмүүст дургүйцэх бол үнэний гадуурх хуурмаг хүрээ. Ямар ч хүн төрөхдөө л үзэн ядалт тээн төрдөггүй. Нийгэм, орчны нөлөөллөөс үзэн ядалт үүсдэг учир энэ бол хуурмаг хүрээ. Иймээс ч олон хүмүүс зөвхөн энэ хуурмаг хүрээнээс үүдэн өөрийгөө дэлгэдэггүй. Гэхдээ энэ нь бусдад өөрийгөө нээ гэж хэлэх гэсэн юм биш. Үнэндээ энэ нь тухайн хүний эрх учир хэнд ч тэгэж хэлэх эрх байхгүй. Харин энэ хуурмаг хүрээнээс болж өөрийгөө нууж, хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, “туйлбаргүй сонголт” хийж буй нэгэнд “хэн ч хэнээсээ өөр биш, хүйсийн ялгаатай байдал бол гадаад байдал болохоос чиний мөн чанар биш. Хүн өөрийгөө хүлээн зөвшөөрч чадахгүй бол хэнд ч өөрийгөө хүлээн зөвшөөрүүлж чадахгүй. Тиймээс өөрөө өөрийгөө хүлээн зөвшөөрөөсэй” гэж хэлэхийг хүссэндээ ийн тэрлэв.
Anaraa Nyamdorj
Хүйсийн баримжаа гэдэг сагсан бөмбөг тоглох, хоол хийх, дуулах сонирхолтой дүйцэх сонирхол эсвэл хобби төдий биш л дээ. Эдгээр хийх дуртай зүйлсээ чи ямар нэгэн шалтгаанаар хийх боломжгүй болоход эдгээргүй амьдарсаар л байна. Харин хүйсийн баримжаа чинь транс байвал, жишээ нь, чи түүнийгээ дараад дараад, хүчлээд хүчлээд хэзээ ч өөрчилж чаддаггүй ба эцсийн дүндээ шилжилтэд орж, бие эрхтнээ өөрчилснөөр, ялангуяа дааврын шилжилтэд орсноор л тайвширдаг, биологийн нарийн өгөгдөлтэй зүйл гэдгийг энд заавал дурдах ёстой.