Монголын ЛГБТИ эрхийн хөдөлгөөний түүхэн хуудсуудаас өөр нэг томоохон хуудсыг сөхвөл ЛГБТИ хүмүүс ба хэвлэл мэдээлэл. Томоохон сэтгүүл ЛГБТИ эрхийн хөдөлгөөний төлөөлөгчтэй ярилцлага хийсэн нь 2010 оны зун ба тухайн үед Нөлөөллийн хөтөлбөрийн менежерээр ажиллаж байсан Ц. Отгонбаатартай Гоодаль сэтгүүл ярилцсан юм. 2010 оноос өмнөх ЛГБТИ хүмүүстэй хийгдсэн ярилцлагуудыг харвал сэтгүүлчид ихэнхдээ ЛГБТИ хүмүүсийг сенсаацлах, болж бүтэхгүйг нь цохох, зөвхөн бэлгийн амьдралыг нь сонжих, ингэснээр ЛГБТИ хүмүүсийг эвэртэй туулай болгон, сонин сэтгүүлийнхээ борлуулалтыг сайжруулах зорилготой байдаг байсан бол ЛГБТ Төв байнгын үйл ажиллагаатай болсноор сэтгүүлчдэд очих мэдээлэл ба мэдээллийн чанар сайжирч, тэдний ЛГБТИ асуудалд хандах хандлага ч өөрчлөгдөж эхэлсний анхдагч илрэл нь энэхүү ярилцлага билээ. Харамсалтай нь энэ нийтлэлд Ц. Огтонбаатарыг “трансжендэр эмэгтэй’ хэмээн буруу нийтлэсэн байсан ба залруулга хэвлүүлэх хүсэлтэд маань “Манай сэтгүүл залруулга хийдэггүй’ гэж хариулсан нь бас л сонирхолтой түүхэн баримт. Монголын сэтгүүлзүйд нэгэн том дэвшил гарсан нь Монголын Хэвлэл мэдээллийн зөвлөл үүсч, үйл ажиллагаа нь жигдэрснээр бүх төрлийн хэвлэл мэдээллийн байгууллагууд ёс зүйтэй сэтгүүлзүйг эрхэмлэдэг, баримтыг гуйвуулахгүй, сенсаацлахгүй гаргадаг болсон нь Монгол Улсын хөгжлийн нэгэн баримт юм. Ингээд та бүхэнд энэхүү ярилцлагыг хүргэж байна.