Дотны харилцаан дахь хүчирхийллийн талаар ярихад заавал эрх мэдлийн тухай яригддаг. Ямар ч дотны харилцаанд эрх мэдлийн тэгш бус байдал нь сэтгэл зүйн ба бусад хүчирхийлэлд хүргэх бодит эрсдлийг агуулдаг учир хайр дурлалын харилцаан дахь эрх мэдлийн талаар сэтгэл зүйн үүднээс задласан мэдээллийг орчуулж хүргэж байна. Мэдээж энэхүү нийтлэлд ихэнхдээ эсрэг хүйсийн хосын жишээ явж байгаа ч ижил хүйсийн хосууд ч үүнээс ойлгууштай зүйл олон бий.
Эрх мэдэл гэдэг зөвхөн байгууллагуудын дарга, удирдагчдад байдаг зүйл биш. Энэ нь заавал ноёрхлыг тогтоох зорилготой үйлдлээр илэрдэг ч зүйл биш. Эрх мэдэл гэдэг нийгмийн бүх харилцаанд байдаг үндсэн хүчин зүйл ба хүмүүс бие биетэйгээ хэрхэн харилцдагийг тодорхойлдог. Таныг сонсч байгаа эсэх, таны хэрэгцээг олж харж байгаа эсэхийг энэ л зүйл тодорхойлж байдаг.
Хайр дурлалын харилцаанд эрх мэдлийг дотно байдал үүсгэх, зогсоох хүчин зүйлээр ашигладаг. Ийн эрх мэдлийг ашигласнаар дотны хамтрагчдаа мэдрэмжгүй хандаж, сэтгэл зүйн хувьд дотны байдлыг үгүй хийдэг. Гэтэл үнэндээ хайртай хүнтэйгээ сэтгэл зүйн хувьд дотно байхыг хүн бүр хүсдэг нь дотно байдал нь хүний анхдагч сэтгэл зүйн хэрэгцээ байдагтай холбоотой.
Дотно байдалд хүрэх ганц л зам байдаг. Энэ нь харилцаандаа эрх мэдлийг хуваалцах явдал. Тэгш байдал гэдэг зөвхөн үзэл суртлын үүднээс хүсүүштэй зүйлээр зогсохгүй, амьдралд шууд нөлөөлөх үр дагавартай. Тэгш байна гэдэг хосын болон харилцааны эрүүл мэндэд шууд нөлөөлдөг. Тэгш байх нь бие биеийнхээ хэрэгцээг олж харах, сонсох, түүнд нь хариу үйлдэл үзүүлэхийг хангах үндсэн суурь ба харилцаандаа сэтгэл ханамжтай байх, эсвэл харилцаанаасаа үүдсэн уур гомдол, сэтгэл гутралтай амьдрахыг тодорхойлдог. Лоома-Лийнда Их сургуулийн Каармэн Наадсон-Маартины хэлснээр “Хосуудын стрессийг тэсвэрлэх, өөрчлөлтөд зохицох, бие биенийхээ сайн сайхан, эрүүл мэндийг дэмжих нь эрх мэдлийг хэр тэнцвэртэй хуваалцдгаас шалтгаалдаг.”
ДОТНО БАЙДЛЫН ЭРИН
Дотно байх гэдэг шинэ зүйл биш. Хайрттайгаа сэтгэл мэдрэмжийн бат бөх холбоог үүсгэх, түүнтэйгээ дотно байх, түүнээс дэмжлэг эрэх, хайр, мэдрэмжээ илэрхийлэх нь бүгд л хүн оршихуйн чухал, анхдагч зүйлс. Ингэж чадах эсэх нь бие ба сэтгэцийн эрүүл мэндэд ч шууд нөлөөлдөг.
Гэвч бидний амьдралд дотно байдал шинэ орон зайг эзлэх болсон. Орчин цагт индивидуализм буюу хувь хүн байх үзэл суртал ба хайр дурлалын байр суурь ижил чухал болсон. Нийгмийн түүхч Стээфани Күүнц 20-р зуун хүртэл дотно байх байдал гэр бүл, нийгмийн хүрээллүүдэд хуваарилагдсан байсан гэж үзжээ. Дотно байдал түүнээс өмнө ээжүүд охидтойгоо эсвэл ээжүүд хөвгүүдтэйгээ, эсвэл ах эгч дүүс ба үеэлүүд хоорондоо дотно байснаар үүсдэг байсан гэж тэр үзжээ. Үеэлдээ эсвэл хөршдөө “Би чамд хайртай” гэх нь энгийн л зүйл байв. Зочилж ирсэн эртний найзтайгаа юм ярьж хонохын тулд нөхрөө өөр оронд унтуулах нь мөн л энгийн зүйл байв. “Бид дотно байдлын тухай хүлээлтээ нэмсэн ч хэнтэй үүнийгээ хуваалцах ёстой гэсэн ойлголтоо хумьсан. Хувийн мэдрэмж, хүлээлтээ бусад бүх харилцаанаасаа аваад, хостойгоо байх харилцаандаа л үлдээсэн” хэмээн Күүнц ярьж байна.
Нийгмийн амьдралын хүрээ хумигдсаар эрчүүд өнөөдөр зөвхөн эхнэртэйгээ л бүх зүйлээ ярих хэмжээнд очсон. Тиймдээ ч нөхрүүд эхнэрийнхээ мэдрэмж, ялангуяа сөрөг мэдрэмжинд хэт хариу үзүүлэх хандлага бий болсон. Нөгөө талаас эхнэрүүд ч нөхрийнхөө мэдрэмжинд хариу үзүүлэх боловч илүү өргөн нийгмийн хүрээлэлтэй утгаараа мэдрэмжээ тодорхой хэмжээнд тэнцвэржүүлж чаддаг.
Дотно байдлын байр суурь өөрчлөгдөөд зогссон юм биш. Дотно байдлыг тодорхойлох нийтийн тодорхойлолт ихэнхдээ мэдрэмжээ хуваалцах гэсэн үэзл дээр тогтсон байсан. Шаардлагатай зүйл хэрнээ итгэл үзүүлж, дотроо уудлах нь нөгөө талаас бас л хязгаарлалтыг үүсгэдэг. Хувь хүний хөгжил хайр дурлалын ойлголт өргөсөхөд нөлөөлөөд зогсохгүй, харилцаандаа сэтгэл ханамжтай байхын тулд дотны харилцаандаа бэлгийн дур хүслийг заавал байх ёстой зүйл гэж үздэг.
Сэтгэл зүйч Хаарриет Лөөрнэр “Дотно байдал нь хоёр хүн аль алийгаа сонсох ба өөрийгөө илэрхийлэх, харилцаандаа өөрсдийгөө бүрэн нээх зориг зүрхтэй байх чадварт үндэслэдэг. Өөрсдийн юу хүсч байгааг, үнэхээр юу бодож, юунд итгэж байгааг тодорхойлохдоо тэгш эрх мэдэлтэй байх ёстой. Үнэхээр тухайн харилцаагүйгээр та амьд үлдэхгүй гэж итгэж байгаа бол та энэ харилцаандаа өөрөөрөө байх эрх мэдэлгүй гэсэн үг.”
Зарим тохиолдолд хосын нэг нь харилцаагаа авч үлдэхийг хүсэхдээ өөрийн гүн үнэт зүйлс, хэрэгцээгээ золиослох нь их. “Түүхэн хувьд ярихад ингэж өөрийгөө золиослогч нь эмэгтэй хүн байсаар ирсэн. Харин одоо эмэгтэйчүүд эдийн засгийн хувьд илүү бие даасан болох тусам эрчүүд ч, эмэгтэйчүүд ч ийм золиос хийж байгааг би хардаг. Өөрийнхөө өмнөөс, өөрийнхөө төлөө ямар нэг зүйл хийнэ гэдэг зоригтой алхам” хэмээн Лөөрнэр ярьж байна. Хүмүүс ихэнхдээ хосынхоо хэрэгцээнд өөрийгөө зориулж, зориулж, зориулж, эцэстээ үүндээ гутарч залхаад гэнэт л харилцаагаа орхих шийдвэр гаргадаг. Уул нь аль эрт л “Чи надад ингэж хандах ёсгүй. Надтай ингэж ярих юм бол би энэ ярианд байх шаардлагагүй” гэж хэлэх ёстой байдаг.
Дотно байх гэдэг нь өмнө өмнөхөөс ч илүү чухал болсон учир харилцааны тэгш байдал улам бүр чухал болсон. Хүмүүс ихэвчлэн эрх мэдлийг хүчлэх чадвар гэж ойлгодог ч орчин цагийн сэтгэл зүйч ба сэтгэгчид эрх мэдлийн тухай цоо шинэ ойлголтыг бий болгосон. Эрх мэдэл гэдэг нь бусдын хувь хүний мөн чанарыг бүрэн хөгжүүлэхийн хажуугаар тэднийг зорилгодоо хүрэхэд нь нөлөөлж чадах чадвар хэмээн тэд шинээр томьёолжээ. Үйлдэл, хүчлэл энд заавал харагдах албагүй.
“Хэрэв эмэгтэй хүн эрэгтэй шигээ харилцаанд нөлөөлж чаддаг бол харилцаа урт удаан үргэлжилдэг ч эрэгтэй нь илүү эрх мэдэлтэй бол харилцаа бүтдэггүй” хэмээн Жоон Готтман ярьж байна. Эрх мэдлийн хуваарилалтын үндсэн цөм нь нөлөөллийн үйл явцын харилцан оньс буюу хосынхоо мэдрэмжинд хэр мэдрэмжтэй хандаж чадах чадвар байдаг. Хэрэв та харилцаандаа эрх мэдэлтэй бол өөрийн мэдрэмжээрээ хамтрагчийнхаа мэдрэмжинд нөлөөлж чадна. Урт хугацаанд ийм харилцан нөлөөлөлтэй харилцаа үргэлжлэх, хамтрагчид аз жаргалтай байх талтай. Гэвч нөгөө талаас зарим хүмүүсийн мэдрэмжийн ачаа хэт их байдаг ба тэднийг хөдөлгөх илүү хэцүү байдаг.
“Хамтрагчийнхаа мэдрэмжийг сонсох, түүнд хариу үзүүлэх нь харилцааг тэгш хэмээн мэдрүүлдэг” гэж Воошингтон Их сургуулийн сэтгэл зүйн гавьяат профессор Готтман ярьж байна. Харилцаанд тэгш байдлыг тогтоохын тулд заавал гэр орны эсвэл хүүхдийн арчилгааг тавь тавин хувь хуваах шаардлагагүй. “Харилцаа шударга, тэгш гэж мэдрэгдэж байх ёстой. Энэ нь хос мэдрэмжийн хувьд уян хатан, хариу үйлдэлтэй байна л гэсэн үг. Хамтрагчийнхаа сонирхдог зүйлсийг ойлгохыг хичээх, тэр талаар яриа өдөх, энхрийлэхийг хичээнэ л гэсэн үг. Хамтрагчийнхаа хэрэгцээг харах, түүнд нь хариу үйлдэл үзүүлэх нь өндөр түвшинд байх ёстой гэсэн үг.”
Воошингтон Их сургуулийн социологич Пээппэр Шваарцын хэлж байгаагаар шударга байх гэсэн зүйл нь хүндлэл хэмээх томоохон хүчин зүйлийг агуулдаг. Дэлхийн олон мянган хосуудаас ярилцлага авсан тэрээр америкчуудын “сайн харилцаа” гэдэг ойлголт бусад оронд “хамгийн сайн найз” гэсэн ойлголттой дүйцдэгийг олж тогтоожээ. Хамгийн сайн найзууд тэгш эрхтэй байдаг ба сайн найз нөхөрлөлд хүндлэл хамгийн чухал үүргийг гүйцэтгэдэг.
Тэрээр үргэлжлүүлэн “Гэрлэлтийн хувьд хүндлэл нь хөдөлмөрийн хуваарилалт, хамтарсан шийдвэр, үзэл бодлоо илэрхийлэх эрх гэх мэт дээр илэрч байх ёстой. Хүндлэл гэдэг нь миний хүн гэдгийг харгалзан үзэж, хүн утгаараа харилцаанд байгаа ба харилцаанд нэмэрлэж байгааг харах л явдал. Хүн учир дэлхий ертөнцөд чамтай л адил орон зайг эзлэх ёстойг харна гэсэн үг. Яагаад жорлонг би л цэвэрлэж, чи хүрэх ч ёсгүй гэж? За тэгвэл би жорлонгоо цэвэрлэе, харин чи муурны жорлонг цэвэрлэ, тэгвэл аль аль нь энэ харилцаанд хамтын сайн сайхны төлөө адил хөдлөлөө гэсэн үг.”
Шударга байдлыг хэмжих цор ганц объектив хэмжүүр байхгүй. Магад хүмүүс хөдөлмөрийн шударга бус хуваарилалтыг хүлээн зөвшөөрөх ч магадлалтай ч зөвхөн тэдний хийж буй зүйлсийг харж, талархаж байгаа тохиолдолд л шударга бус хөдөлмөрийн хуваарилалтыг зөвшөөрдөг.
Харамсалтай нь асуудалтай харилцаатай бүх стрэйт хосуудын харилцаанд эрх мэдлийн ялгаа байдаг ба АНУ-д эрх мэдлийн ялгаа нь ихэнхдээ хүйсээр зааглагдсан байдаг хэмээн Наадсон-Маартин ярьж байна. Эрх мэдлийн ялгаа нь шууд эзэрхэг үйлдлээр илэрдэггүй. Өдөр тутмын амьдралд хосууд эрэгтэйн хэрэгцээг, хүслийг илүүд тавих нийгмийн хэв маяг руу өөрийн мэдэлгүй хальтирч ордог. “Асуудалтай харилцаануудад эрх мэдэл илүү байгаа хүний ашиг сонирхлыг ухамсаргүй дээрд үзсэнээр түүний хэрэгцээг тойрон бүгдийг зохион байгуулсан байдаг” хэмээн Наадсон-Маартин ярьж байна. Эсвэл зарим хосууд нэг л асуудал дээр нөлөөлөх гэж зөрчилдсөөр байдаг эрх мэдлийн тэмцэлд баригдсан байдаг гэнэ. Нэг л асуудал дээр маргалдсаар байгаа явдал нь эрх мэдэлгүй хос өөрийн оршихуйгаа бүрэн золиослоогүйн эерэг шинж хэмээн судлаачид үздэг.
Наадсон-Маартин тэгш байдлыг үүсгэхэд чухал харилцан нөлөө нь хамтрагчийнхаа хэрэгцээг ойлгож, тэдгээрийг сонирхсоноороо энэхүү харилцаанд тэр чухал гэдгийг нь мэдрүүлдэг гэнэ. Нэг нь нөгөөгийн хүн оршихуй, үнэ цэнийг нь батласнаар нөгөө хос нь хамтрагчийнхаа хэрэгцээг хангахын тулд тэдгээрийг нь хүлээн зөвшөөрөх, өөрөө өөрчлөгдөхөд бэлэн гэдгээ илэрхийлдэг.
Харилцан эмзэг байх нь өөрийгөө харилцаандаа бүрэн зориулж байгаагийн шалгуур болдог аж. Эрх мэдэл тэгш байгаа тохиолдолд хамтрагчид шууд харилцах стратегитэй ба хүсч буй зүйлээ шууд илэрхийлж байдгийг тэрээр мөн олжээ. Шулуун ярих нь эрх мэдлийн тэнцүү хуваарилалтад онц чухал нөлөөтэй хэмээн Боостоны харилцааны сэтгэл засалч Тээрри Рийл хэлж байна.
Эрх тэгш харилцааны өөр нэгэн тодорхойлогч нь харилцааны төлөө хариуцлагыг хос эн тэнцүү хүлээх явдал. Харилцаа эрх тэгш байх тусам харилцаагаа бүрэн бүтэн байлгахын төлөө, харилцаа болохгүй бол аль аль нь хичээх хариуцлагыг тэгш мэдэрдэг гэсэн үг. Ихэнх харилцааны асуудалтай стрэйт хосуудын зөвхөн нэг нь харилцаа асуудалтай байгааг мэдэрч, үүнийг шийдэхэд анхаарч байдаг. Наадсон-Маартин “Эрчүүд харилцааг бүтээмээр байна гэж хэлдэг ч хэрхэн яаж авч үлдэх нь тэдний үүрэг бас мөн гэдгийг ойлгодоггүй” гэлээ.
ТЭГШ БУС БАЙДЛЫН ҮР ДАГАВАР
Харилцааны тухай экологийн ойлголтыг бий болгохын төлөө ажиллаж буй Тээрри Рийлийн хэлснээр харилцаанд эрх мэдэлтэй нэг нь тулаанд ялдаг ч дайнд ялагддаг аж. “Хэн ч тогтолцооны гадна оршдоггүй. Хэрэв агаарын бохирдлыг үүсгэх юм бол тэр нь эргээд таны л уушгинд орно. Харилцааны хувьд ч нэг хос нь ялаад, нөгөө нь ялагдвал аль аль ялагдаж байдаг, учир нь ялагдсан хос ялсан хосоороо төлүүлж байж дуусдаг.”
Байнга хүчлэх нь хайр дурлалыг тэтгэдэггүй, харин ч үзэн ядалт, уурыг бий болгосноор энхрийлэл, энэрэнгүй байдлыг устгаж, эцэстээ хайрыг ч үгүй хийдэг. “Хүмүүс хянуулах дургүй. Эрх мэдлийг ашиглах гэдэг үнэндээ л хий зүйл, хий хийдээ сөнөөгч хий зүйл.”
Харилцаагаа эрсдэлд оруулахыг хүсэхгүй л бол эрх мэдлийн тэгш бус байдлыг анзаарахгүй, цэгцлэхгүй байх нь нөгөө хос үнэнч бус байх, эсвэл харилцааг дуусгах шийдвэр гаргахад хүргэнэ. Харилцааг эрүүл саруул байлгахын тулд харилцааг дуусгах боломжтой гэдгийг хостоо харуулж байх ёстой. “Чи надад ийм хандаж байгаа тохиолдолд би чамтай секс хийхгүй. Өөрөө хувцсаа угаа.” Өөрөөр хэлбэл сэтгэл дундуур байгаагаа үйлдлээр харуулснаар нөгөө хүн анхаарах ёстойг сануулдаг.
Харилцаанд хэт их эрх мэдэлтэй байх нь тухайн хүн маш их ганцаардлыг мэдрэхэд хүрдэг гэж Рийл ярьж байна. Заримдаа эрх мэдэлтэй хүн “Энэ гэрлэлт үхээд олон жил болсон” гэх ч тэд өөрсдөө хосоо өөрөөсөө түлхсэндээ буруутайгаа олж хардаггүй.
Эрх мэдэлтэй хүмүүс харилцааныхаа гадуур харилцаа үүсгэсэн ч байх боломжтой ба үүнийгээ өөрсөддөө зөвтгөдөг. Ганцаардах тусам тэд харилцааг орхиж өөр хүн олох ёстой гэж бодох, эсвэл хажуугаар нь өөр хүмүүстэй ямарваа харилцаа эхлүүлдэг.
Эрх мэдлийн хувьд дутуу хос ч ганцаардлыг мэдэрдэг хэдий ч үйл явдал арай өөрөөр өрнөдөг. Харилцаагаа орхихыг хүсэхгүй байгаа учир хосоосоо авч чадахгүй байгаа хэрэгцээгээ хангахын тулд шинэ найз нөхөд, оюуны сонирхол гэх мэтээ хөөж эхэлдэг. Гэвч орлуулах гэсэн оролдлого үнэндээ бүтдэггүй, учир нь ганцаардсан хүн сэтгэлийн хувьд мэдрэмжтэй хүнийг л хайж байгаа учир. Ийм байдлаар эрх мэдэлгүй хос араар тавих үйлдэлд ухамсаргүй хүрэх тохиолдол бий. Хэрэв эрх мэдэлгүй байгаа хос нөхрөө араар нь тавьсан бол эрх мэдэлтэйг нь түүнд сануулах ба харилцаагаа үргэлжлүүлэх эсэхийг ч мөн тодорхойлох хүчийг өгдөг.
ЭРХ МЭДЭЛ БҮГДИЙГ ӨӨРЧИЛДӨГ
Хосынхоо хүн гэдгийг үгүйсгэх нь харилцааны бат бөх байдал, аз жаргалд нөлөөлөөд зогсохгүй, эрүүл мэндэд халтай зүйл. Сэтгэл зүйч Даакэр Кээлтнэрийн хэлж байгаагаар эрх мэдэл нь биологийн өгөгдөлтэй. Түүний олон арван жилийн судалгаагаар эрх мэдэлтэй хүмүүс тархины урд хэсэгтээ гэмтэлтэй өвчтөнүүд шиг биеэ авч явдаг буюу өөрийгөө барьж чаддаггүй ба хүмүүст мэдрэмжгүй ханддаг гэнэ.
Эрх мэдэлтэй хүн өөрөө ч мэдэлгүй өөрчлөгддөг нь допаминаар дамжуулан зан үйлийн хувьд тогтолцоогоор өөрчлөгддөгтэй холбоотой. Эрх мэдэлтэй хүмүүс хоол, мөнгө, секс, талархал гэх мэт материаллаг болон нийгмийн ашигт зүйлсийн боломж байгаа эсэхийг тодорхойлох дээр хурдан үнэлгээ хийж, эдгээрийг хөөж сурдаг. Тэд сексийн тухай илүү бодож, хүмүүстэй ч илүү ил сээтэгнэдэг. Тэд бусдын мэдрэмжийг үл хайхардгаас өөрсдийн хандлага, сонирхол, хэрэгцээгээ бодит бусаар үнэлэх нь бий.
Кээлтнэрийн ярьснаар “Эрх мэдэлтэй байна гэдэг нь хүмүүс социопатууд шиг аашлах нь их гэсэн үг.” Харин эрх мэдэлгүй хүмүүсийн хувьд эсрэг үйл явц явагддаг нь тархины баруун талын нөлөөнд байдаг заналхийлэл, шийтгэлд анхаарах хэсэг идэвхждэг ба үүнээс үүдэн заналхийлэл, шийтгэлээс зугтах зан үйлийг үүсгэдэг. Тархины энэ хэсэг мөн сөрөг бодол, түгшүүр, сэтгэл гутралын хэсгийг хариуцдаг. Хүн оршихуйгаа үгүйсгүүлэх нь хангалттай шаналал үүсгэх дээр хамтрагчийн үл хайхрхалт нэмэгдээд дээрх сэтгэл зүйн асуудлууд улам сэдэрдэг.
Хаарриэт Лөөрнэрийн хэлж байгаагаар “Хэн нэгэн хүн өөрийн дуу хоолойг тавьж явуулснаар, харилцаанд өөрийгөө хэт золиослосноор эрх мэдлээ бүрэн алдаж, сэтгэл гутрал, түгшүүр мэдэрч, цаашлаад энэ нь бие эрхтний өвдөлтөөр илэрдэг.” Хүмүүс эрх мэдлээ харилцаанд алдахдаа өөр өөр цагт, өөр өөрөөр мэдэрч, илэрхийлж болдог.
Эрх мэдэлгүй байхын өөр нэг үр дагавар нь айдсаас болж зөвхөн заналхийллийг олж харах чадвар үлддэг ба эрх мэдэлтэй хүнийхээ үг, үйлдэл бүрийг нарийн ажигладаг болдог. Тэд эрх мэдэлтэй хүнийг өөрөөс нь ч илүү мэддэг нь амьд гарах нэг арга нь болдог.
Залуу хосууд эрх тэгш байдлын хүлээлттэй гэрлэдэг. Аль аль нь ажил хийнэ гэсэн бодолтой байдаг. Эхнээсээ тэд зардлуудаа хуваалцдаг. Харамсалтай нь хүүхэд төрөнгүүт энэ байдал өөрчлөгддөг. Ялангуяа зөвхөн эмэгтэй хүнд хүүхэд өсгөх ачаа ирэх нь эрх мэдлийг бүрэн нэг тийш хэвийлгэдэг.
ХҮЙСИЙН ҮҮРЭГ РОЛИЙГ ӨӨРЧЛӨХ НЬ
Готтманы хэлж байгаагаар 200 жилийн дараа л эсрэг хүйсийн харилцаанууд ижил хүйсийн харилцааны түвшинд очих гэнэ. Ижил хүйсийн харилцаан дахь хосын харилцаа илүү шулуун ба энэрэнгүй, эрх мэдлийн тулаан төдийлөн үүсдэггүйг тэрээр ажиглажээ.
Нийгмээс өгсөн хүйсийн хэм хэмжээ, үүрэг рольд найдахгүйгээр ижил хүйсийн хосууд хөдөлмөрийг хуваарилах, шийдвэр гаргах дээр шинэ шийдлүүдийг эрэлхийлэх ёстой болдог. Шударга, тэгш байдлыг хангахын тулд харилцаанд хэн юуг хийх ёстойг ижил хүйсийн хосууд идэвхтэй байдлаар шийддэг ба тэгш байдлыг тогтоож чаддагийг лесбиян гэр бүлүүдийн олон арван жилийн судалгаа харуулдаг.
Харилцааны тухай асуудлаа хэрхэн шийдэж байгаа арга хэлбэр нь ч өөр байдаг хэмээн тэрээр ажиглажээ. Гей эрчүүд ч, лесбиян эмэгтэйчүүд ч стрэйт хүмүүсийг бодвол үзэл бодлын ялгаатай асуудлыг шийдвэрлэхдээ шударга ёсыг баримталдаг байна. Асуудлыг илэрхийлэхдээ арай зөөлөн илэрхийлдэг ба хосыгоо зөвхөн буруутгах үүднээс биш, асуудлыг шийдэх үүднээс ханддаг байна. Түрэмгийлэл, эзэрхэг байдал, айдас, гомдол бага байдаг хэмээн Готтман ажиглажээ.
Ижил хүйсийн хосууд илүү энхрийлэлтэй бие биедээ хандаж, илүү сайн сонсч, ярихдаа ч ээлжилдэг байна. Бие биедээ асуудлыг ойлгуулах чадвар нь сайн учир яриа ч эерэг үр дүнтэй байдаг гэнэ. Маарк Маккий, урт хугацааны харилцаанд байгаа гей залуу, ярихдаа “Яг л бодож байгаагаа хэлж байдаг учир хос маань үнэхээр юу бодож байгаа бол гэж толгойгоо гашилгаж, хамаг энергиэ зориулах шаардлага байдаггүй.” Харамсалтай нь ижил хүйсийн харилцаанууд эсрэг хүйсийн харилцаануудыг бодвол бас л тийм урт хугацааных байдаггүй нь тэднийг хамт үлдэхэд нь туслах нийгмийн дэмжих тогтолцоонууд саяхан хүртэл байгаагүйтэй холбоотой. Ямартаа ч Готтманы үзэж байгаагаар эсрэг хүйсийн хосуудад ижил хүйсийн хосуудаас сурах зүйл их. Ижил хүйсийн харилцаанд тэгш ба сайн сайхан байх нь хамгийн чухал зүйл байдаг учир үүнийг хангахын тулд хос ч хүч чадлаа зориулж чаддаг.
Эрх мэдэл ба хайр дурлал нь эсрэг тэсрэг зүйлс хэмээн ойлгогдсоор ирсэн ч бие биеэ нөхцөлдүүлэгч хүчин зүйлсийг нь ойлгох цаг. “Хайрлуулахын тулд эрх мэдлээ тавьж явуулах ёстой, эрх мэдэлтэй байхын тулд хайр дурлалаа тавьж явуулах ёстой гэсэн итгэл үнэмшил байдаг” хэмээн Аадам Кахэйн ярьж байна.
Үнэндээ энэ хоёр зүйлс тус тусдаа илэрхийлэгдвэл аль аль устаж үгүй болдог гэж тэр үздэг юм. Хайргүй эрх мэдэл нь үл хязгаарлагдсан амин хувийн ашиг сонирхлоо бодох зүйл болдог бол эрх мэдэлгүй хайр нь хэт сентиментал, хэт романтик, өөрийгөө алдах золиослоход хүрдэг зүйл болж хувирдаг. Эрүүл харилцаа нь аль алийг агуулсан байх ёстой буюу хайр нь хоёр хувь хүн бүрэн өөрсдийгөө нээхэд хүргэх ёстой үйл явц байх ёстой. Ингэж хөгжиж байж хамтын харилцаагаа ч бат бөх болгох сэтгэлийн тэнхээг мөн үүсгэж байдаг. Эрх мэдэл нь бусдыг ноёлох ноёрхол бус, бусдыг өөрийн байж болох бүрэн “би”-дээ хүргэх боломжийг нь өгөх явдал. “Энэ дэлхий дээр эрх мэдэлгүй явагддаг зүйл гэж бахйгүй. Энэ бол амьдралын хүч. Хайр л энэ хүч, эрх мэдлийг бий болгож байдаг.”
ЭРХ МЭДЛИЙГ ХУВААХ, ТЭГШ БАЙДЛЫГ ҮҮСГЭХ БҮРЭЛДЭХҮҮНҮҮД
- Анхаарал. Аль аль хос сэтгэл мэдрэмжийн хувьд бие биеэ сонсч, дэмжиж байх. Аль аль нь харилцаандаа сэтгэлийн хөрөнгө оруулалт хийдэг, харилцаагаа хөгжүүлэх, хадгалах хариуцлагыг үүрэх.
- Нөлөө. Аль аль нь бие биенийхээ хэрэгцээг анхаардаг ба хэрэгцээг нь хангах. Аль аль нь сэтгэл мэдрэмжийн хувьд бие биетэйгээ харилцах, нөлөөлөх чадвартай байх.
- Хэрэгцээгээ ойлголцох. Зарим тохиолдолд богино хугацаагаар аль нэг хосын хэрэгцээ илүү тавигдах ч энэ талаар хамтдаа ярилцах, урт хугацаанд харилцаанд аль аль нь тэгш эрхээр оролцож байгааг харилцан ярилцах, харилцаанд тэгш нөлөөлөх, шийдвэрүүдийг тэгш эрхтэйгээр гаргах.
- Хүндлэл. Хосынхоо хүн гэдгийг ойлгох, нөгөөгөө хүндлүүштэй, сайхан сэтгэлээр хандууштай хүн, харилцаанд эрх тэгш оролцож байгааг нь бодитоор харах.
- Хувь хүн. Хосын аль аль нь шаардлагатай бол харилцаагүйгээрээ амьдарсаар байх, хувь хүний гүн үнэт зүйлстэй, халдашгүй хязгааруудтай хувь хүн гэдгийг хадгалан үлдэх.
- Тэгш байдал. Харилцаанд юу чухлыг тодорхойлох, илэрхийлэх ижил эрх, эрх чөлөөтэй байх. Өөрсдийн хэрэгцээ, зорилгоо илэрхийлэх эрхээ аль аль мэддэг ба харилцаанд өөрийгөө бүхэлд нь зориулах.
- Эмзэг байх. Аль аль хос алдаа, сул тал, итгэлгүйгээ илэрхийлэх чадалтай байх.
- Шударга ёс. Харагдаж байгаагаар ч, үйлдлээр ч аль аль хос харилцаатай холбоотой бүх үүрэг хариуцлагыг аль алиныг нь тусад нь ч, хосын хувьд ч сайн сайхныг нь дэмжсэн байдлаар хуваарилсан байх.
- Засах залруулах. Асуудал үүсч, сөрөг байдал хурдан хяналтаас гарах боломжтой ч аль аль нь ийм хэрүүлийг зогсоох дээр ухамсартай үйлдэл, зүтгэл гаргаж, бие биеэ тайвшруулах, хэт хатуу байсандаа уучлалт гуйх, бие биедээ тайвшрах цаг өгөх. Нөгөө хосын хэлж буй зүйлийг өөрийгөө хамгаалалгүй сонсох чадвартай байх.
- Сайн сайхан. Аль аль нь нөгөөгийнхөө бие, сэтгэл, санхүүгийн сайн сайхны төлөө санаа тавьдаг байх.
Эх сурвалж: Psychology Today
Орчуулгын эх сурвалж: ЛГБТ Төв