Улаанбаатар хот №17/67 2017 оны 11-р сарын 21
УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН, ҮНДСЭН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН АЖЛЫН ХЭСГИЙН АХЛАГЧ Д. ЛҮНДЭЭЖАНЦАН ТАНАА
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай санал хүргүүлэх нь
Монгол Улсын Их Хурлын 2016 оны 45-р тогтоолоор баталсан “2016-2020 оны Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр”-т “…эрх мэдлийн харилцан хяналттай, тогтвортой, хариуцлагатай төрийг бий болгохын төлөө Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг өнөөгийн хэрэгцээ, шаардлагыг харгалзан ард түмнээсээ асууж шийдвэрлэнэ” хэмээн тусгасны дагуу Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд нэгэн тулгамдаж буй хэрэгцээг тодорхойлох, түүний дагуу нэмэлт оруулах асуудлаар дараах саналыг хүргүүлж байгааг хүлээн авна уу.
- Эрх мэдлийн харилцан хяналттай, тогтвортой, хариуцлагатай төрийн тухай ярихад анхдагч бүрэлдэхүүн хэсэг буюу иргэн бүрийн тэгш эрхийг бүрэн хангах ёстой.
- Харамсалтай нь өнөөг хүртэл лесбиян, гей, бисексуал, трансжендэр, интерсекс (ЛГБТИ) хүмүүс буюу бэлгийн цөөнх хүмүүсийн иргэний, нийгмийн, эдийн засгийн, соёлын эрхүүд үнэмлэхүй хэмжээнд зөрчигдсөөр байгаа ба Үндсэн хуульд бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа, илэрхийллээр үл ялгаварлах заалт багтаагүйгээс үүдэн ЛГБТИ хүмүүсийн эсрэг бүх төрлийн ялгаварлан гадуурхалт гарсаар, эрхүүд нь зөрчигдсөөр байна.
Хүний эрхийн Үндэсний комиссын захиалгаар “ЛГБТ Төв” ТББ-ын хийсэн 2013 оны судалгаагаар ЛГБТИ хүмүүсийн 77.4% нь хууль сахиулах байгууллагуудын зүгээс хүчирхийлэлд өртсөн, Төрийн албан хаагчдын 64% нь “ЛГБТ хүмүүст сөргөөр, эсвэл маш сөрөг хандана” гэж хариулсан бол бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа, илэрхийлэлд нь үндэслээд ажилд авахаас татгалзаж байсан эсэх тухай асуултад 93.3% нь ажил дээрээ бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаагаа илэрхийлэхээс айдаг, нуухаас өөр аргагүй байдалд байдаг, 6.7% нь бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаагаа илэрхийлэхэд ажил олгогчдын зүгээс ялгаварлан гадуурхалтад өртөж байсан гэж хариулжээ. “ЛГБТ Төв” ТББ-ын 2014 оны эхээр хийсэн судалгаагаар ЛГБТИ хүмүүсийн 10.4% нь ажилгүйдлийн асуудалтай тулгарч байгаа нь нийт хүн амын дунд байдаг 7.8%-ийн ажилгүйдлийн тооноос харьцангуй өндөр байна. 2016 онд ЛГБТИ өсвөр насныхны дунд хийсэн судалгааны дүнг харвал 79% нь гэр орон, сургуулийн орчинд бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаанаасаа үүдэн дарамт, дээрэлхэлт болон ялгаварлан гадуурхалтын хохирогч болж байсан, 9.4% нь ямар нэг хэлбэрийн бие махбодийн ноцтой хүчирхийлэлд өртөж байсан, 45.6% нь гэр бүлийн орчинд эдийн засаг, сэтгэл зүйн болон бие махбодийн хүчирхийлэлд өртдөг, үе тэнгийнхний зүгээс үг хэлээр доромжлох, гутаах, дээрэлхэх, зодох зэргээр байнгын хүчирхийлэлд өртдөг хэмээн хариулсан байна.
Дээрх судалгаануудаас харахад ЛГБТИ хүмүүсийн бүх төрлийн хүний эрхүүд үнэмлэхүй хэмжээнд зөрчигдсөөр байгаа ба энэ асуудлаар 2010 оны 11-р сараас өнөөдрийг хүртэл Монгол Улсын Засгийн газар 2010, 2015 онуудад НҮБ-ын хоёр удаагийн Тогтмол түгээмэл хэлэлцүүлэг, Хүний эрхийн хорооны 2011 болон 2017 оны хяналт, Эрүүдэн шүүхийн эсрэг хорооны 2010 болон 2016 оны хяналт, Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн хорооны 2015 оны хяналт, Хүүхдийн эрхийн хорооны 2017 оны хяналтаас ЛГБТИ хүмүүсийн эрхийг хангах, хамгаалах, хөхиүлэн дэмжих асуудлаар нийт 37 тухайлсан нарийн зөвлөмжийг давхардсан байдлаар хүлээн авсан.
Хэдий тийм ч 2017 оны 7-р сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэсэн Эрүүгийн хуульд ялгаварлан гадуурхах үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцож, дээрх олон улсын гэрээ конвенцоор хүлээсэн үүргээ биелүүлснийг эс тооцвол бусад байдлаар бүх иргэдийнхээ, тэр дундаа одоог хүртэл бүх эрхүүд нь үнэмлэхүй хэмжээнд зөрчигдсөөр байгаа бэлгийн цөөнх иргэдийнхээ хүний эрхийг бүрэн ханган хамгаалах, хууль ёсны тэгш байдлыг нь хангахад шаардлагатай арга хэмжээг аваагүй.
Хүн бүрт байгалиас өгөгдсөн байдаг бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаагаараа цөөнх болж төрснөөсөө л үүдэн тэгш бус, хоёр дугаар зэрэглэлийн, “ялгаварлаж, хүний эрхийг нь зөрчиж болохуйц” иргэдийг бий болгосон байдлыг дуусгавар болгох, ЛГБТИ хүмүүсийн хууль ёсны тэгш эрхийг хангахын тулд “ЛГБТ Төв” 2011 оны 3-р сард Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах “Хүнийг үндэс, угсаа, арьсны өнгө, нас, хүйс, бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа ба илэрхийлэл, эрүүл мэндийн байдал, хөгжлийн бэрхшээл, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна. Ялгаварлан гадуурхалт, ялгаварлан гадуурхалтын үндэстэй үзэн ядалтын гэмт хэргийг хуулиар зохицуулна” саналаа Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлж байсан ч тухайн үед сонгуулийн өмнөх жил давхацсан шалтгаанаар хойшлогдсоор өнөөг хүрсэн ба одоо ч ийм байдлаар томьёолон багтаах асуудлыг дэвшүүлж байна. Үндсэн хуульд энэ нэмэлт, өөрчлөлтийг оруулсанаар ЛГБТИ хүмүүсийн анхдагч амьд явах, халдашгүй дархан байх, сурч боловсрох, хөдөлмөрлөх эрх баталгаажиж, цаашид аливаа ялгаварлан гадуурхалтаас ангид байж, ЛГБТИ хүмүүсийн эсрэг гардаг хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөрчлийг бууруулах, ЛГБТИ хүмүүсийн эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах суурь эрх зүйн үндэс бүрэлдэн тогтох, нийгэмд бүх иргэдийн тэгш эрхийг сурталчлан таниулах чухал ач холбогдолтой юм.
“ЛГБТ Төв” ТББ нь Монгол дахь бэлгийн цөөнх лесбиян, гей, бисексуал, трансжендэр, интерсекс хүмүүсийн эрхийг хангах, хамгаалах, хөхиүлэн дэмжих зорилгоор 2007 онд үүсгэн байгуулагдаж, 2009 оноос хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй албан ёсоор үйл ажиллагаа явуулж байгаа Монголын анхны ЛГБТИ хүний эрхийн байгууллага ба ЛГБТИ хүмүүсийн хүний эрхийг ханган хамгаалах чиглэлээр Эрх зүй, Эрүүл мэнд, Залуучуудын хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг. Саналыг хүлээн авч, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд багтаасан талаар бидэнтэй 7740 0323, 9094 0002 утсуудаар холбоо барих боломжтой.
Саналыг хүлээн авч, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгаж өгнө үү.
“ЛГБТ ТӨВ” ТББ