“ЛГБТ Төв” ТББ-аас Нийслэлийн цагдаагийн газартай хамтран нийслэлийн 9 дүүргийн цагдаагийн хэлтэс, Эрүүлжүүлэх байрны ажилтан албан хаагчид, Албадан саатуулах төвийн албан хаагчдад ЛГБТИ хүний эрх, бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа, илэрхийллийн талаар цуврал сургалтуудыг зохион байгуулахаар боллоо. Энэхүү сургалтанд хөдөлгөөнт эргүүлийн алба хаагчид, эргүүлийн офицер, цагдаа, эрүүлжүүлэх байрны албан хаагчид гээд анхан шатны нэгжийн алба хаагчдыг оролцуулах болсноороо онцлог юм. Нийслэлийн цагдаагийн газраас мэдэгдсэнээр сургалтын үндсэн зорилго нь хүний эрх, тэр дундаа ЛГБТИ хүний эрхийг хангах, хамгаалахад ахиц, дэвшил гаргах, цаашид цагдаагийн албан хаагчдын зүгээс ЛГБТИ хүмүүсийн эсрэг ялгаварлан гадуурхалт үйлдэхгүй байхад анхаарах хэмээн мэдэгдсэн юм.
Сургалтын агуулгад ялгаварлан гадуурхалтын суурь шалтгаан, бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа, илэрхийлэл, ЛГБТИ хүмүүсийн ялгаатай байдал, сэтгэлзүйн нөхцөл байдал, цагдаагийн хаагчдын ЛГБТИ хүмүүстэй харилцахад үүсч буй нөхцөл, зөрчлийг арилгахад анхаарах зүйлсийг хөндөх нь зүйтэй хэмээн харилцан тохиролцлоо.
Одоогийн байдлаар 2017 оны 07-р сарын 01-нээс хүчин төгөлдөр үйлчилж буй Эрүүгийн хуулиар “Ялгаварлан гадуурхах” нь гэмт хэрэг болсон. Трансжендэр хүмүүс ямарваа гэмт үйлдэлд сэжиглэгдэн эсвэл бусад шалтгаанаар албадан саатуулагдсан тохиолдолд нийтлэг журмаар зохицуулах нь хүний эрхэд нь халдсан хүндрэл үүсгэж байгаа бөгөөд эрүүлжүүлэх байр, албадан саатуулах байранд трансжендэр хүний биед үзлэг хийхдээ эдгээр хүмүүсийн онцлог байдлыг харгалзан үзэх, хорих байранд байрлуулах, бие засуулах зэрэгт тухайн хүний өөрийгөө тодорхойлдог хүйсийн дагуу байрлуулах зэргээр трансжендэр хүмүүсийн хүйсийн баримжааг хүндэтгэх шаардлага үүсч байгаа юм.