Жил ирэх тусам ЛГБТ хүмүүсийн амьдрал, хайр дурлал, зовлон жаргалыг дүрсэлсэн уран бүтээл кино дэлгэцийн урлагт олширсоор байгаа нь сайшаалтай. Ялангуяа шоу-бизнесийн хамгийн том зах зээл болох Холливуд энэ асуудлаар нээлттэй хандаж ЛГБТ хүмүүс бидний талаарх сонирхолтой түүхүүдийг дэлгэцнээ дүрслэх нь бидэнд өөрсдийнхөө амьдралын олон асуудал, үнэн бодит байдлыг кино уран бүтээлчдийн гайхалтай дүрслэлээр дамжуулан үзэж сонирхох боломж олгож байдаг билээ. 2018 он ч сэтгэл хөдөлгөм үйл явдал, кино түүхүүдээр дүүрэн байх нь.
2018 онд биний тэсэн ядан хүлээж буй заавал үзэх 7 ЛГБТ киног та бүхэнтэй хуваалцаж байна.
1. Love, Simon: Зохиолч Becky Albertalli-ийн Simon vs. Homo Sapiens Agenda зохиолоос сэдэвлэсэн энэхүү кино нь 17 настай өөрийгөө нууцалдаг Simon Spier гэх гей хүү хэрхэн хайр дурлалтайгаа учрах явцдаа өөрийн бэлгийн чиг баримжаагаа гэр бүл найзууддаа хэлж буй талаар өгүүлэх болно. Киноны трейлер үнэхээр өхөөрдөм бас хөгжилтэй харагдаж байгаа биз. Тус кино ирэх 3 сараас кино театруудад гарч эхлэх юм байна.
2. The Miseducation of Cameron Post: Энэ кинонд маш чухал асуудлуудыг хөндсөнөөрөө хамгийн их хүлээлттэй кинонуудын жагсаалтад ороод байгаа билээ. 1993 оны үйл явдлыг өгүүлэх бөгөөд өөрийн сургуулийн үдэшлэгийн хатан хаан болсон охинтой хамт байж байгаад гэрийнхэндээ баригдсанаас болж гол дүрийн охиныг авга ах, эгч нар нь conversion therapy-д хүчээр явуулж бэлгийн чиг баримжааг нь өөрчлөх гэж оролдох бөгөөд тус эмчилгээ нь НҮБ-ийн Эрүүдэн шүүх хорооноос эрүүдэн шүүхийн нэг хэлбэр гэж тооцогдохоос гадна ЛГБТ хүмүүсийн олон улсын эрх зүй болох Жогжакартын зарчмууд-д ч мөн эрүүдэн шүүхийн нэг хэлбэр гэж тооцогддог ЛГБТ хүмүүсийн эсрэг хийгддэг хамгийн том харгислалуудын нэг билээ.
3. Boy Erased-Бодит түүхээс сэдэвлэн бүтээсэн бөгөөд Америкийн жижиг хотод амьдардаг христын номлогч эцэгтэй нэгэн өсвөр насны гей хүүгийн талаар өгүүлэх юм. Эцэг эх нь түүнийг гей гэдгийг мэдсэний дараа түүнийг хүчээр бэлгийн чиг баримжааг нь өөрчлөх гэсэн зорилгоор conversion therapy-д явуулдаг байна. Өмнөх киноны мөн адил энэхүү харгислалын талаар дүрсэлсэн бас нэгэн кино бөгөөд тус кинонд нээлттэй гей дуучин Трооё Сиван (Трооё Сиван энэ цаг үеийн гей шүтээн гэдгийг нотлох 12 шалтгаан нийтлэлийг унших) тоглосон бөгөөд тус кино ирэх 9 сард нээлтээ хийх юм байна.
4. Vita and Virginia: Сонгодог лесбиян хайрын түүх хайж байна уу? Тэгвэл тэр чинь яалт ч үгүй энэ кино. Vita and Virginia кино бодит түүхээс сэдэвлэсэн бөгөөд зохиолч Virginia Woolf болон сэхээтэн гаралтай бүсгүй Vita Sackville-West нарын хайр дурлалыг өгүүлэх юм байна. Тус киноны гол дүрүүдэд жүжигчин Gemma Arterton, Elizabeth Debicki нар тоглосон байна.
5. Freak show: Billy Bloom бол өөрийг нь ойлгож, түүний хүйсийн илэрхийлэмж болон загварын сонголтуудыг нь дэмждэг ээжтэйгээ амьдардаг нэгэн. Гэвч ээж нь түүнийг хуучинсаг үзэлтэй аавтай нь хэсэг амьдруулах болсноор түүний амьдралд олон асуудал тулгарна. Тус кино аль хэдийнэ нээлтээ хийсэн тул та англи хэл дээр хайж үзэх боломжтой. Энэхүү кинонд Bette Midle, Laverne Cox, Abigail Breslin гэх мэт алдартнууд мөн тоглосон байна.
6. Disobedience: Холливудын хамгийн гайхалтай 2 жүжигчин эмэгтэйн хайр дурлалын түүхийг үзнэ гэхээс тэсэн ядаж байна уу? Жүжигчин Rachel McAdams, Rachel Weisz нарын хамтран тоглосон энэхүү кино энэ онд нээлтээ хийхээр зураг авалт нь явагдаж байгаа юм байна. Тус кинонд өөрийн эцгийг нас барсны дараа Лондон дахь ортодокс шашны олон нийтдээ буцаж ирж буй бүсгүй багын найзтайгаа олон жилийн дараа тааран тэдний хооронд хайрын оч гялбаж буй талаар өгүүлэх юм байна.
7. Saturday Church: Өөрийн эцгийг нас барсны дараа гэр бүлдээ эцгийн үүргийг гүйцэтгэх томоохон даваа түүний нуруун дээр тулгарна. Энэ бүх гэр бүлийн үүрэг хариуцлагаас гадна түүний хамгийн том тэмцэл нь түүний хүйсийн баримжаа байлаа. Азаар тэрбээр өөрийгөө ойлгон хүлээн зөвшөөрч трансжендэр олон нийтийнхээ дунд аз жаргалыг олох болно.
Тамирка
Таалагдлаа
admin
Баярлалаа, Тамираа
Dsahius
энэ кинонууд хадмалтайгаар долоо хоногийн лгбт кино үзвэр дээр гарах болов уу
admin
Бид гаргаж буй кинонуудынхаа албан ёсны эрхийг авдаг ба сүүлийн 2-3 жилийн кинонуудаас монгол хадмалтай гаргахдаа зөвхөн “Тэгш эрх, бахархлын өдрүүд”-ээр шигшиж, сонгож, албан ёсны эрхийг нь нэг киног нэг удаа гаргахдаа 500-700 доллар төлж гаргадаг байгаа. Тиймээс эдгээр кинонуудыг бид ойрын үед гаргахгүй гэсэн үг.