Сайн байна уу? Захидал минь очих тэр өдрийн мэнд хүргэе!
Намайг Н. гэдэг, би 18 настай. Би багаасаа л өөрийгөө бусдаас өөр гэдгийг мэддэг байсан. Анх цэцэрлэгт байхдаа ангийнхаа хөвгүүнд сэтгэлтэй болж байсан. Тэгээд л тэр үеэс л өөрийгөө тодорхойлсон юм шиг санагддаг. Бага байхдаа үргэлж ганцаараа, найз нөхөдгүй дээрээс өөрийгөө бусдаас өөр гэж бодохоор дэлхий дээр ганцаараа юм шиг санагддаг байсан. Тэгээд нэг өдөр хажуу байранд маань миний үеийн нэг хөвгүүн нүүж ирсэн. Тэр үед тэр ч бас найз нөхөдгүй, дандаа ганцаараа байдаг байсан. Удалгүй бид хоёр танилцаж нөхөрлөсөн юм даа. Намар ч 1-р ангид нэг ангид хамт хуваарилагдсан, ер нь байнга хамт байдаг байсан. Миний бодлоор ховор олдох нөхөрлөл гэж хэлнэ. Найз минь надаас юугаа ч нуудаггүй, би ч найзаасаа гей гэдгээс өөр юугаа ч нуудаггүй байсан. Дунд ангид байхдаа өөрийгөө хэлье гээд юм ярихдаа гей хүмүүсийн тухай хавчуулж, юу боддогийг нь асуутал “Мэдэхгүй, таалагддаггүй, муухай санагддаг” гэхэд нь миний дотор харлаад л явсан. Тэр өдрөөс хойш хамгийн дотно хүнээ, дээр нь хамгаалагчаа алдана гэхээс айсан учир өөрийгөө хэлээд ер нь хэрэггүй юм байна гэж бодсон. Сул дорой болохоор хүмүүс дээрэлхэх гээд байдаг ч найзынхаа ачаар хэзээ ч хүнд байдалд орж байгаагүй юм. Ямар ч үед, ямар ч байдалд, бүр миний буруу байсан ч миний талд зогсдог тийм хүнийг алдвал дэндүү хэцүү. Намайг гей гэдгийг мэдвэл хэдий сайхан нөхөрлөсөн ч шууд намайг орхиод явах юм шиг санагдсан учир бокс болон буудлагын дамжаанд явж, өөрийгөө хамгаалах чадвараа хөгжүүлж эхэлсэн.
Ахлах ангидаа олон ч утгагүй зодоон хийж, захирал, менежерийн өрөөнд олон ч дуудагдсан даа, тэгэх тусам бид хоёрын нөхөрлөл улам батжиж байлаа. Найзын маань хамгийн их хэлдэг үг нь “Чи найз охинтой бол” байлаа. Анхандаа ч тоглоом болгоод өнгөрөөдөг ч, удах тусмаа улам хэцүү санагдах болсон. Олон охидын зураг харуулаад, “Энэ ийм, тэр тийм, үерхээд үзээч” гэхээр нь “Таалагдахгүй байна, бүтэхгүй байх аа” гээд аргалаад өнгөрдөг байсан. Харин урьд зун ангийнхан маань амралтанд явахад манай найз надад “Чи Э-тэй унтана шүү, би чамайг Э-д хайртай гээд хэлцэн” гэхэд нь зүгээр л автобуснаасаа үсрээд буучихмаар санагдсан. Орой амралтанд найздаа хэлж, тусдаа хоёулханаа уулзсан. “Би та нар шиг биш ээ” гээд хэзээ ч, хэнд ч өмнө нь хэлж байгаагүйгээ хэлсэн дээ. Намайг ярихад бүр нэг ч үг орхилгүй сонсох найзыгаа хараад, өөрийн эрхгүй уйлаад л ярьсан. Ярьж дуусаад, доошоо хараад уйлж байтал найз минь хажууд суугаад юу ч хэлэхгүй намайг тэвэрсэн. Хэр удаан тэвэрснийг нь санахгүй байгаа ч дараа нь “Ийм байсан юм бол зүгээр л хэлчихгүй дээ, миний бодлоос болж ингэж удаан зовох гэж… Миний бодлоор чиний дотор хүн чинь ямар өөрчлөгдөх биш дээ, чи бол чи хэвээр шүү дээ. Угаасаа хүн хэнд дурлахаа захиалж төрдөг биш, чиний л амьдрал учир чи л жаргалтай байх ёстой, ингэж төрснөөрөө чи зовох ёстой биш, харин ч илүү сонирхолтой амьдралаар амьдрах юм байна” гээд инээж билээ. Хамгийн сайн найздаа өөрийгөө хэлснээс хойш бүх зүйл хамаагүй дээрдэж, сэтгэл санаагаар унахгүй, стресстэхгүй болсон. Үүний дараа гэр бүлийнхэндээ хэлэхэд найз маань намайг их дэмжиж, эцэг эхэд минь өөрөө ойлгуулж чадахаас илүү сайн намайг ойлгуулж тусласан. Эцэг эхэд маань зориулж брошуур хүртэл хэвлэж өгөөд, өөрийгөө гей гэдгээ тэдэнд хэлэхэд минь миний хажууд зогсож байсан. Одоо гэрийнхэн маань намайг хүлээн зөвшөөрдөг.
Би маш азтай хүн. Найз минь намайг гей гэдгийг мэддэггүй байхдаа хомофобик юм шиг байсан ч мэддэг болсноосоо хойш миний төлөө бараг л ЛГБТ эрхийн activist болсон. Би ийм найзтайдаа маш их бахархдаг. Хүн чамайг хүн утгаар нь үнэхээр хайрладаг л бол ЛГБТ гэдгийг чинь хүлээн зөвшөөрнө гэдгийг сайн ойлгоорой гэж үе тэнгийнхэндээ хэлмээр байна.
Tsenguun
bichsen huntei tuhtai yarij suumaar sanagdtal goy zahia bolj ee