21-р зууны хамгийн алдартай нээлттэй гей залуу дуучдын нэг Трооё Сиван ээлжит цомгийнхоо ажилд орсон бөгөөд 2017 оны сүүлээр тус цомгийнхоо анхны сингл болох My, My, My! дуугаа гаргасан бөгөөд тус видео маш богино хугацаанд Youtube хуудаснаа 18 сая хандалтыг аваад байна.

Трооё-н хувьд өнгөрсөн 7 хоногт Их Британид байх үеэрээ BBC радиогийн ярилцлагад орсон ба шинэ цомгийнхоо талаар нууцаа дэлгэсэн бөгөөд хамгийн том нууц нь энэхүү цомогт багтсан нэг дуугаа поп гүнж Ариана Грандитай хамтарч дуулсан гэдгээ хэлжээ. Цомгийнхоо талаар өөр дэлгэрэнгүй мэдээллийг өгөөгүй бөгөөд түүний шинэ цомог нь тун удахгүй фэнүүдийнх нь гар дээр очихоор төлөвлөгдөөд байгаа аж.

Трооё Сиваны шинэ цомог залуусын дунд хамгийн их хүлээлтийг үүсгээд байгаа бөгөөд Ариана Грандигаас гадна поп дуучин Карли Рэе Жэпсэнтэй мөн хамтран дуу бүтээсэн талаараа олон нийтэд мэдээллэж байсан билээ. Харамсалтай нь Карлитай хамтарсан уран бүтээл нь шинэ цомогт багтаагүй байна. Тэрээр энэ талаар хэлэхдээ: “Бид хамтдаа үнэхээр хөөрхөн дуу бичсэн… Гэвч чи нэг цомогт зориулаад 50 дуу бичихэд түүнээс 10-ийг нь сонгож багтаана шүү дээ. Тиймээс зарим дуу нь сүүлийн сонголтонд багтаж чаддаггүй” гэжээ.

Одоо бол бидэнд хүлээх л үлдлээ. Ариана Гранди болон Трооё Сиван нарын хамтарсан уран бүтээл гарцаагүй олон хүний сонирхлыг татаж байгаа билээ.