“The Voice” (АНУ) шоуны 14 дэх улирлын шоу эхэлсэн ба энэ жил анх удаа трансжендэр оролцогч орж буй тохиолдол боллоо. 31 настай Angel Bonilla гэх бүсгүй Sam Smith-ын Lay Me Down дууг дуулсан нь шүүгчдийн сэтгэлийг хөдөлгөсөн бөгөөд шүүгч Adam Levine-ий багт орсон байна.

Тэрбээр өөрийн түүхээ тайзан дээрээс шүүгчид болон үзэгчидтэй хуваалцсан байна. “Би Филипин Улсад Карлос нэртэйгээр төрсөн. 5 настайгаасаа л би өөрийгөө эрэгтэй хүүхдийн биед төрсөн охин гэдгээ мэдэрдэг байсан.”

Түүний аав нь охиноо тайзны араас бахархан дэмжиж байсан ба тэрбээр гэр бүлийнхээ талаар ч үзэгчидтэй хуваалцсан байна.

“Ямар ч мэдээлэлгүй гэр бүлд төрж өссөн аавын маань хувьд миний трансжендэр гэдэг нь их хэцүү байсан. Аав минь намайг эмэгтэйгээр минь хамгийн анх хараад үнэхээр самгардсан. Тэр намайг өөрийнх нь хүүхэд мөн эсэхэд эргэлзэж байсан ч би түүнд бүгдийг ойлгуулсан. Би түүнд хамгийн гайхалтай зүйлсийг хийж амьдарна хэмээн амласан. Би аавыгаа надаар бахархаасай гэж хүссэн. Тиймдээ ч би түүний төлөө үүнийг хийж байна.” хэмээжээ.