Хүн бүр гайхалтай хайрыг хүртэх эрхтэй. Гэвч 17 настай Саймон Спайр хүүгийн хувьд илүү төвөгтэй. Тэрээр өөрийн найзууд болон гэрийнхэндээ гей гэдгээ хэлээгүй бөгөөд онлайнаар танилцаж дурласан залуугаа ч хэн гэдгийг мэдэхгүй. Өөрийгөө хүлээн зөвшөөрч (кам аут) илэрхийлэх болон анхны хайр гэх өсвөр үеийн гей хүүгийн хувьд тулгарах эдгээр асуудлыг сэтгэл хөдлөм, хөгжилтэй дүрслэлээр дэлгэцнээ илэрхийлсэн энэхүү бүрэн хэмжээний уран сайхны кино өнгөрсөн долоо хоногт буюу 3 сарын 16нд АНУ-д нээлтээ хийлээ. Оскар-2018 нэр дэвшин шагнал хүртсэн “Call me by your name” киноноос илүү өөр өнгө аястай орчин үеийн ЛГБТ өсвөр үеийнхний амьдралыг харуулсан гайхалтай бүтээл болж чаджээ. 2018 онд бидний тэсэн ядан хүлээж буй ЛГБТ сэдэвтэй киноны жагсаалтыг энд дарж үзнэ үү.
Тус кино Холливуд буюу шоу бизнесийн зах зээлд ЛГБТ хүмүүсийн амьдралыг харуулсан цөөхөн хэдэн бүтээлүүдийн нэг бөгөөд нээлтээ хийсэн цагаасаа олны анхаарлыг маш их татаж байна. Учир нь тус кино ЛГБТ өсвөр үе залуучуудын дүр, амьдралыг зөв зүйтэй, эерэгээр илэрхийлсэн маш чанартай бүтээл болж чадсан юм. Дэлхийн ЛГБТ болон бусад хэвлэл мэдээллүүд тус киног онцолж байгаа бөгөөд энэ мэт ЛГБТ хүмүүсийн бодит амьдралыг эерэг байдлаар дэлгэцэнд буулгасан илүү олон уран бүтээл гарах ёстой гэдгийг хүлээн зөвшөөрч байна.
Love, Simon кино өнгөрсөн Баасан гаригт нээлтээ хийсэн бөгөөд 3хан хоногийн дотор өнгөрсөн долоо хоногийн Box Office-ын ашиг орлогоороо тэргүүлсэн 10 киноны жагсаалтад 11,7 сая долларын ашиг олж 4т жагссан байна. IMDB сайтаас 7.9 оноо, Rotten Tomatoes сайтаас 92% буюу 7.4 оноо авсан байна. Мөн тус бүтээлийн талаар дэлхийн маш олон алдартай сэтгүүл болон вебсайтууд эерэг шүүмж бичсэн зэрэг нь энэхүү киног сайн бүтээл болсны баталгаа юм.
Тус киноны гол дүрүүдэд шинэ залуухан жүжигчид болон туршлагатай жүжигчид хамтран тоглосон бөгөөд гол дүр болох Саймоны дүрд жүжигчин Nick Robinson тоглосон бол түүний эцэг эхийн дүрийг Jennifer Garner, Josh Duhamel нар бүтээсэн байна.
Мөн тус киноны туслах дүрд нээлттэй залуухан гей жүжигчин болох Keiynan Lonsdale тоглосон бөгөөд тэрбээр өнгөрсөн жил өөрийгөө бисексуал гэдгийг инстаграм хуудсаараа илэрхийлсэн ба тухайн үед жүжигчин маань Love, Simon киноны зураг авалтад оролцоу байсан байна. Энэхүү кинонд дүр бүтээж байхдаа тэрээр өөрийнхөө бэлгийн чиг баримжааг нээлттэй илэрхийлэхээр шийдсэн байна.
https://www.instagram.com/p/BcYH2z1Abg3/?hl=en&taken-by=keiynanlonsdale
Youtube хуудасны хамгийн алдартай сувгуудын нэг болох FBE-ийн реакц үзүүлдэг цуврал бичлэгүүдийн нэг Love, Simon киног тухайн дугаартаа сонгож авсныг үзээрэй.
Эцэст нь тус кино 2018 онд нээлтээ хийж буй 2 дахь ЛГБТ сэдэвтэй кино бөгөөд анхны кино нь Saturday Church гэх өнгөт арьст трансжендэр охины талаар өгүүлдэг кино байсан билээ.
“Love, Simon” бол зохиолч Becky Albertalli-ийн Simon vs. the Homo Sapiens Agenda зохиолоос сэдэвлэн бүтээсэн кино бөгөөд түүний номыг англи хэл дээр уншихыг хүссэн хүмүүс энд дарж үнэгүй татаж уншаарай.