Эртний Грекийн домгуудаас санаа авсан маш олон уран зураг, кино, уран зохиол гэх мэт урлагийн бүтээлүүд байдаг билээ. Тэгвэл тэрхүү Грекийн домгуудад ЛГБТ хүмүүсийн талаар тэр тусмаа ижил хүйсийн хайр дурлал болон гей бурхад дүрслэгдсэн байдаг ч урлагийн бүтээлүүдэд тэр бүр ЛГБТ бурхад болон тэдний хайр дурлалыг дүрсэлдэггүй. Тиймээс бид ЛГБТ бурхад болон эртний түүх домгуудыг та бүхэндээ хүргэдэг билээ.  Сонирхоно уу.

(John Macallan Swan, Orpheus (1896))

Орфей

Грекийн домогт  урлагийн бурхан гэгддэг Орфей нь яруу найрагч, гайхалтай хөгжимчин билээ. Эвридика Орфей хоёрын домог алдартай ба гэргийгээ алдснаасаа хойш ахин эмэгтэй хүнд дурлаагүй гэж номонд тэмдэглэжээ. Тийм хэдий ч нарны бурхан Аполлон Орфейд хайраа илэрхийлэн алтан лир хөгжим бэлэглэхэд Орфей тэр хөгжмийн гайхалтай аялгуугаар зэрлэг амьтадыг сурган, мод, чулуу болон хадыг ч хөдөлгөдөг хэмээн дүрсэлжээ.

(Francois Joseph Navez, The Nymph Salmacis and Hermaphroditus)

Эрмафродит

Хермес болон Афродита хоёрын хүү Эрмафродит гоо үзэсгэлэнтэйгээрээ алдартай нэгэн байж гэнэ. Бага залуудаа Эрмафродит нимф Салмакид хоёр бие биедээ дурлан хэзээ ч салахгүй нэгэн бие болжээ. Тийм ч учраас Эрмафродитыг урлагт хөх болон эр бэлэг эрхтэнтэйгээр дүрсэлсээр иржээ. Зарим эх сурвалжид дарсны бурхан Дионис Эрмафродитад дурласан тухай өгүүлсэн байдаг.

Каллисто

Артемисын дагуул нимф Каллисто насаараа онгон биеэ хадгалах учиртай байж гэнэ. Зэвс өөрийн биеэр  түүнийг эзэмдэх учиргүй байсанд Артемисын дүрд хувиран түүнийг эзэмдсэн гэдэг. Энэ явдлын дараа Каллисто баавгай болон хувирч, Аркад хүүгээ төрүүлэв хэмээн бичжээ. Зарим домогт өгүүлснээр Каллисто Зевст хүчиндүүлэхээсээ өмнө түүний дурлалт нимф нь байсан байх магадлалтай гэжээ.

Артемиc

Ан авлагын бурхан Артемис нь Аполло бурхны ихэр дүү нь агаад домогт өгүүлснээр асексуал онгон бурхан байсан, эсвэл  маш олон эмэгтэй амрагуудтай лесбиян байсан гэж үздэг байна. Түүний амрагууд болох нимфүүдээс дурдвал: Кирена, Атланта, Антиклея зэрэг үзэсгэлэн төгс эмэгтэйчүүд байсан аж.

Амазончууд

Хүчирхэг, дайчин эмэгтэйчүүдийн эл гүрэнд нэг ч эрэгтэй хүн амьдардаггүй байсан гэдэг. Амазончууд жилдээ нэг удаа, эсвэл  хоёр жилд нэг удаа үр удмаа үлдээх зорилгоор боол эрчүүдтэй нөгцдөг байжээ. Хэрэв хүү төрвөл шууд хөнөөж, охин төрвөл өсгөдөг байсан гээд олон домог байдаг билээ. Гэвч сайн бодож үзвэл бүхэл бүтэн лесбиян соёл энэ гүрэнд байсан биш гэж үү?

Тиресий

Аполло бурхны хараагүй зөнч Грекийн домог дахь анхны трансжендэр дүр шүү дээ. Транс эмэгтэйн амьдралаар долоон жил амьдрахдаа тэрбээр гэрлэж хоёр ч хүүхдийн ээж болсон аж. Бурхад түүнийг буцааж эрэгтэй бие рүү нь хувиргахад Зевс Гера хоёр түүнээс эр эмийн бэлгийн ажилд хэн нь илүү таашаал авдаг талаар асууж гэнэ. Тиресий эмэгтэй хүний бэлгийн таашаал 9/10-д нь гэхэд Гера эл маргаанд хорссондоо түүнийг хараагүй болгож,  Зевс түүнд зөгнөх чадвар хайрласан гэдэг.