Дэлхийн ихэнх орнуудад 6-р сараас 10-р сарын хооронд улс тус бүрт өөр өөр саруудад явагддаг ЛГБТИ Бахархлын улирал эхэлснийг тохиолдуулан Billboard-оос амжилттай яваа уран бүтээлчдээс ЛГБТИК олон нийтэд чин сэтгэлийн үгээ илэрхийлэх боломжийг олгодог энэхүү компанит ажил өнгөрсөн жилээс эхэлсэн билээ. Үүний дагуу маш олон уран бүтээлчид ЛГБТИК олон нийтэд чин сэтгэлийн мэндчилгээ болон тэгш эрхийн төлөөх захидлыг илгээж байсан юм. Тэгвэл АНУ-д энэ жилийн Бахархлын сар эхэлсэнтэй холбогдуулан Billboard тус мэндчилгээг 2 дахь жилдээ үргэлжлүүлж байна. Энэ жилийн хамгийн эхний захидал дуучин Ариана Граанди байлаа. (Монгол дахь “Тэгш эрх, бахархлын өдрүүд”-ийн талаар унших.)
ЛГБТИК олон нийтээс ирж буй хайр, баяр баяслаас илүү хүчтэй зүйл гэж миний хувьд байхгүй. Алхам бүрийг нь бишрэн, дагаж үлгэрлэдэг гей ахтайгаа би цуг өссөн. Ах минь миний шүтээн. Фрэнки (миний ах) юу л хийнэ би түүнийг нь дагаж хийдэг байсан. Надад өөрийгөө гей гэдгийг хэлэхээс нь өмнөх болон хэлсний дараах Фрэнкигийн хооронд ялгаа байгаа гэж би боддоггүй. Тэр үргэлж миний ах Фрэнки хэвээрээ л байсан. Бэлгийн мөн чанар болон жендэрийн асуудлаар гэр бүлийнхэн маань хоорондоо нээлттэй ярилцахаас хэзээ ч айдаг байгаагүй. Фрэнки анх гэрийнхэнд өөрийгөө гей гэдгийг хэлэхэд өвөө маань “Баяр хүргэе! Хэдүүлээ оройн хоолоо гадуур идэхүү? Би өлсөж үхэх нь.” гэж хүлээж авсан юм даа.
Би өөрийн нүүрийг хэрхэн будахаа Нью-Ёоркийн гей барнуудад дрэгкүийнүүдээр анх заалгаж байлаа. Анхны Броадвэйн шоугаа 14 насандаа хийж байсан ба 7 хоногтоо 8 шоу тоглодог байсан ч унтахаасаа өмнө гей баранд очиж Витний Хьюстоны дууг дуулахаасаа ядарч байсан шөнө гэж надад байгаагүй шүү.
Хөгжмийн карьер маань дөнгөж эхэлж байх үедээ уран бүтээл маань ЛГБТИК олон нийтэд таалагдаж, тэднийг үргэлж дэмжиж байх ёстой шүү гэдгийг үргэлж өөртөө сануулдаг байлаа. 7 фут өндөр, 4 фут урт үстэй дрэгкүийн миний фэнүүдтэйгээ уулзаж танилцах хэсэгт ирж “сайн уу охин минь” гэж мэндчилэх эсвэл Старбакст залуухан күийр хүнтэй дайралдаж миний хөгжим тэдэнд хэрхэн өөрөөрөө байх урам зориг өгсөн талаар сонсохоос илүү зүрх сэтгэлийг минь дүүргэж чадах шагнал, алдар хүнд гэж үгүй.
Хайр бол яг л хөгжимтэй адил. Ямар нэг хязгаарлалт байхгүйгээс гадна хэнийг ч хүйс, бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа, арьс өнгө, шашин шүтлэг, нас эсвэл итгэл үнэмшлээс нь болж ялгаварладаггүй. Энэ бол хүний мэдэрч болох хамгийн амттай жаргал бөгөөд бүх хүн хайранд живж түүнийхээ хором бүрийг таалан мэдрэх эрх чөлөө юм.
Миний хувьд ЛГБТИК олон нийтээс урам зориг авдаг бөгөөд тэдэнд үүнийхээ төлөө маш том өртэй хүн юм. Амьд яваа хугацаандаа та бүхний амьдралд урам зориг өгч, өнгө нэмэх дуу хөгжим илүү ихийг бүтээх болно. Та бүхнийг хайрлан биширдэгтэй адил намайг ч бас хайрлан биширдэг та нартаа маш их баярлалаа.
Хайртай шүү. ҮҮРД!