Дэлхийн ихэнх орнуудад 6-р сараас 10-р сарын хооронд улс тус бүрт өөр өөр саруудад явагддаг ЛГБТИК Бахархлын улирал эхэлснийг тохиолдуулан Billboard-оос амжилттай яваа уран бүтээлчдээс ЛГБТИК олон нийтэд чин сэтгэлийн үгээ илэрхийлэх боломжийг олгодог энэхүү компанит ажил өнгөрсөн жилээс эхэлсэн билээ. Үүний дагуу маш олон уран бүтээлчид ЛГБТИК олон нийтэд чин сэтгэлийн мэндчилгээ болон тэгш эрхийн төлөөх захидлыг илгээж байсан юм. Тэгвэл АНУ-д энэ жилийн Бахархлын сар эхэлсэнтэй холбогдуулан Billboard тус мэндчилгээг 2 дахь жилдээ үргэлжлүүлж байна. Энэ удаад Imagine Dragon хамтлагийн дуучин Dan Reynolds-ын захидлыг онцолж байна. (Монгол дахь “Тэгш эрх, бахархлын өдрүүд”-ийн талаар унших.)
Хуучинсаг үзэлтэй маш консерватив гэр бүлд төрж, Мормонд итгэгч болж өссөний хувьд би маш олон жилийг хувь тавилангаа хэн нэгнээр заалгах болон зүрх сэтгэл минь юуг хүсэж байгаа хоёрын хооронд үүсэх тэмцэлд зарцуулсан. Надад мөш олон ЛГБТК боловч Мормон шашинтай найзууд байдаг байсан ба тэд хүнд хэлбэрийн түгшил, гутралтай байхаас гадна гэм буруутай мэт өөрсдийгөө үргэлж буруутгадаг байсан. Учир нь тэд өөрсдийн оршихуй мөн чанар болон хүн болж төрсөн хамгийн гайхалтай мэдрэмж болох хайр дурлал болон хайрлах эрх нь нь буруу, гэм нүгэл гэж заалгаж өссөн. Мормонд итгэгч гэр бүлээсээ өөрсдийн бэлгийн чиг баримжааг нуух гэж өдөр бүр хэрхэн тэмцэж буйг нь би өөрийн нүдээр харсан. Тэд өөрсдийн мөн чанарыг өөрчлөх гэж маш их хүчлэхийг би харсан, мэдээж тэдний хэн нь ч өөрчилж чадаагүй.
Насанд хүрч өөрийн зүрх сэтгэл, оюун санаагаа дагаж чадах хангалттай зүрх зоригийг өөртөө бий болгож хайр дурлал гэж юу болохыг мэддэг болсноос хойш шашны хувьд надад заасан биш өөрийн хувьд үнэн, зөв гэсэн зүйлээ би дагасан: гей байна гэдэг буруу зүйл биш, харин ч эсрэгээрээ бусад хүмүүс нэг нэгнээ хайрлаж буйтай адил хамгийн үзэсгэлэнтэй, гайхалтай зүйл. Хүлээн зөвшөөрөгдөж, хүн бүр ойлгодог болох хэрэгтэй. ЛГБТИК хүүхдүүд, өсвөр үеийнхэн маань гэр бүлдээ хайрлагдаж, хүлээн зөвшөөрөгддөг гэдгээ мэдэрч, мэддэг байх ёстой. ЛГБТИК хүүхэд, залуусыгаа бүрэн хүлээн зөвшөөрнө гэдэг нь юу гэсэн үг вэ гэж үү? Энэ зүгээр л нэг дан ганц ХАЙРЛАХЫН нэр биш – энэ нь тэднийг үнэ цэнэтэй, бусадтай адил хүн гэдгийг хүлээн зөвшөөрч, ялгаатай бэлгийн чиг баримжааг ойлгож, дэмжихыг хэлж байгаа юм. Чи хэний ч бэлгийн мөн чанарыг гаж буруу эсвэл нүгэлтэй гэж хэлэх эрхгүй. Тэгэх юм бол хайр гэдэг чинь хоосон үгнээс өөрцгүй шүү дээ.
Шашны удирдагчид ЛГБТИК өсвөр үе, залуусыг маань хэрхэн хайрладаг талаараа бүтэн өдөржингөө ярьж чадах ч ЛГБТИК өсвөр үе, залуусыг маань бэлгийн мөн чанараас нь болж буруутгадаг, гэм нүгэлтэй амьдрагч хэмээн цоллодог аюултай сургаал номлол нь тэдний амьдрал, сэтгэл зүйд хүндээр нөлөөлж сэтгэл гутрал, дарамтыг ихэсгэхийн сацуу амиа егүүтгэх байдлыг мөн ихэсгэж байна. ЛГБТИК өсвөр үе, залуус маань гэр бүл, олон нийт нь хүлээн зөвшөөрөхгүй, буруутгадгаас болж бусад хүүхэд залуустай харьцуулахад 8 дахин илүү амиа егүүтгэдэг гэдгийг бид бүгд мэдэж байгаа. Тэд хэнийг хайрлахаа сонгож чадахгүй шүү дээ. Бусад хүмүүст нүд үзүүрлэгдэн, шүүж доромжлуулах энэ амьдралыг тэд өөрөө сонгоогүй. Тэд бусдын анхаарлыг татах гэж уйлж байгаа юм биш. Тэд өөрсдийн зүрх сэтгэлдээ мэдэрч буй хайр дурлалыг л мэдэрч аьдрахыг хүсэж байгаа. Мөн тэд бусдаар хүлцэн тэвчүүлэх биш хайрлагдах эрхтэй.
ЛГБТИК өсвөр үе, залуустаа хандаж хэлэхэд: Би та нарт хайртай. Маш их. Би та нарыг дэмжиж байна. Та нар үзэсгэлэнтэй, хайрлагдах ёстой. Өөрсдийгөө олж, аюулгүй тайван орчныг бий болгож чадна гэж итгэж байна. Та нар үүнийг хүртэх эрхтэй. Би та нарын төлөө тэмцэх болно.
Мормон хүний хувьд би маш олон жилийг эргэлзэж өнгөрүүлсэн. Цаашид би огт эргэлзэхгүй. Би одоо ч Мормоны итгэгч гэвч миний нүд, оюун минь нээгдэж, та бүхэнд туслахад бэлэн байна. Өөрчлөлт зайлшгүй шаардлагатай Мормон олон нийтийн дунд, итгэгчдийн дунд өөрчлөлтийг бий болгохын тулд өөрийн чадлаар энэ асуудлыг ярилцан, ойлгуулна гэдгээ та бүхэндээ амлаж байна.
Маш олон жилийн турш та бүхнийг буруутган, үл тэвчиж байсан хүмүүсийн үйлдлийг уучлан өршөөнө гэж найдаж байна. Шүүн цагдсан энэ олон жил. Бид хүмүүсийг буруутгасан. Үнэн алдартны шашин одоо ч ЛГБТИК өсвөр үе, залуусын хувьд аюулгүй орон зай биш. Гэсэн хэдий ч та бүхний хувьд аюулгүй эсвэл үнэн зүйл юу вэ гэдгийг ярих хүн нь би биш. Хэрвээ өөрийн үнэн мөн чанараараа амьдрахад гэр бүлийн хувьд болон өөрийн тань нөхцөл байдалд хэцүү, аюулгүй биш байвал та нар ганцаараа биш гэдгээ үргэлж санаарай.
Та нартай адил зам туулсан маш олон гайхамшигтай хүмүүс байгаа. Тэд дэлхий ертөнцийг өөрчлөж байна. Чи өөрийн аюулгүй, тайван амьдралд хүртэл чамд туслаж чадах маш олон хүмүүс, байгууллага, эх сурвалжууд байгаа шүү. Тэдний нэг Trevor Project. Тэд ганцхан утасны дуудлаганы цаана та нарт туслахаар хүлээж байгаа шүү. Өөрийн амьдралыг энэ ертөнцөөс авч одох үйлдэл хэзээ ч битгий хийгээрэй. Чи бидэнд, энэ дэлхийд хэрэгтэй. Өнгийн энэ ертөнцөд туяа нэмж чадах чи болон чиний сүнс бидэнд хэрэгтэй. Чамгүйгээр энэ дэлхий хамгийн уйтгартай газар шүү.
Та нартаа хайртай шүү мөн та нарыг чин үнэнээсээ хүлээн зөвшөөрдөг шүү.
ХАЙР БОЛ ХАЙР.
Dan Reynolds
Imagine Dragons/LiveLoud хөгжмийн фестивалын санаачлагч