2018 он гарснаас хойш нилээдгүй хүмүүс өөрийн үнэн мөн чанараа бусдаас нуулгүй өөрөөрөө амьдрах шийдвэр гаргасан байна. Тэгвэл энэ онд өөрийгөө илэрхийлж камин аут (өөрийгөө ЛГБТИ олон нийтийн нэг гэдгээ нээлттэй хүлээн зөвшөөрөх) хийсэн 22 алдартнуудыг сонирхуулж байна.
1. Sasha Lane – Өнгөрсөн 1 сард буюу 2018 онд хамгийн анх камин аут хийсэн алдартнаар жүжигчин Sasha Lane тодорсон юм. Тэрбээр Sundance кино наадмын үеэр өөрийн тоглосон кино болох The Miseducation of Cameron Post-ыг танилцуулах үеэр хэвлэлд ярилцлага өгөхдөө бэлгийн чиг баримжааныхаа тухай ярьсан байна. Түүний бүтээсэн дүр лесбиян охины дүр байсан ба хэрхэн өөрийнх нь амьдралтай төстэй байсан талаараа мөн дурссан байна. Sasha-н ах мөн гей бөгөөд Америкийн хамгийн хуучинсаг үзэлтэй мужуудын нэг болох Техаст өсч торних түүний хувьд нилээд хүнд байсан байна.
2. Reece King – Модел, сошиэл медиа алдартан Рийс Кинг (Reece King) өнгөрсөн 2 сард GayTimes сэтгүүл-д ярилцлага өгөхдөө өөрийн бэлгийн чиг баримжааныхаа талаар ярилцсан бөгөөд бисексуал гэдгээ илэрхийлсэн байна. Түүний талаар энд дарж уншина уу!
3. Dj Felix Jaehn – Германы DJ, хөгжмийн зохиолч залууг та бүхэн 2015 оны хит уран бүтээл болох “Cheerleader” дуугаар нь мэдэх бизээ. Тэрбээр 2 сард Германы Die Zeit сэтгүүлд ярилцлага өгөх үеэрээ охидод мөн залууст татагддаг талаараа ярьсан байна.
4. Lee Pace – Бөгжний эзэн болон Хоббит киноны Элфийн хааны дүрээрээ алдартай жүжигчин маань өөрийн бэлгийн чиг баримжааны талаарх асуултад тийм ч таатай хандаагүй ч өнгөрсөн 3 сард W сэтгүүлд өгсөн ярилцлагынхаа үеэр тус асуултад хариу өгсөн байна. Тэрбээр бүсгүйчүүдээс гадна эрчүүдтэй ч болздог бөгөөд түүний хувийн амьдрал бусдад хамаагүй гэж ууртайхан хариулсан байна.
5. Joey Pollari – 23 настай Америкийн жүжигчин маань American crime болон Love, Simon кинонд дүр бүтээснээр олны танил болсон юм. Өнгөрсөн 3 сард The Advocate сэтгүүлд ярилцлага өгөхдөө өөрийгөө нээлттэй илэрхийлсэн байна. Тэрбээр хэлэхдээ: “18 настайгаас маань хойш гэрийнхэн болон найзууд маань намайг бүгд мэднэ. Өөрийгөө илэрхийлэхэд 2 л хүн маш хэцүү байсан. Ээжид хэлэхэд их сандарсан ч тэр ойлгосон. Харин хамгийн хэцүү нь өөрөө өөрийгөө хүлээн зөвшөөрөх л байсан.” гэжээ.
6. Alyson Stoner – Жүжигчин, дуучин, бүжигчин бүсгүй маань Teen Vogue сэтгүүлийн 3 сарын дугаарт бисэн эсээндээ өөрийнхөө бэлгийн чиг баримжааг багтаасан байна. Тэрбээр Step Up болон Диснэйн сувгийн шоугаар нэрд гарсан бөгөөд хүний хүйс болон өөрийгөө хэрхэн илэрхийлж буйгаас үл шалтгаалан бусдад татагддаг талаараа бичсэн байна. Тэрээр бичихдээ ” Би эрэгтэй, эмэгтэй болон өөрөөр илэрхийлдэг бүх хүмүүст ялгаагүй татагдаж дурладаг.” гэсэн байна.
7. Ronan Farrow – Эрэн сурвалчлах сэтгүүлч бөгөөд #Metoo хөдөлгөөний амжилтанд өөрийн New Yorker-ын нийтлэлээрээ хамгийн их нөлөөлж кино найруулагч Harvey Weinstein-ы бэлгийн хүчирхийллийг олонд дэлгэсэн сэтгүүлч залуу маань Point Foundation-ы Эр зоригийн шагналаар шагнуулах үедээ өөрийгөө ЛГБТИ олон нийтийн нэг гэдгээ бахархалтайгаар илэрхийлсэн байна.
8. Deidre Downs Gunn -2005 оны Мисс Америк титмын эзэн өөрийн найз охинтойгоо энэ онд гэрлэсэн байна.
9. Zander Hodgson – Английн жүжигчин, модел залуу маань өнгөрсөн 4 сард өөрийн Youtube хуудсаараа камин аут видео хийсэн байна. “Би та бүхэнд өөрийгөө гей гэдгийг хэлэхийг хүссэн ба үүнийг хэлснээр миний хэн гэдэг огт өөрчлөгдөхгүй, та бүхний хувьд ч миний талаарх бодлыг өөрчлөхгүй гэж найдаж байна. Бүгдтэй нь хуваалцах маш чухал гэж бодсоны үүднээс үүнийг хийж байна.” гэжээ.
10. Kevin Mchale – Glee шоуны од жүжигчин маань 4 сард дуучин Ariana Grande-ын хит сингл No tears left to cry гарсны дараа өөрийгөө гей гэдгийг твиттер хуудсаараа зарласан байна. Тэрбээр тус дуу түүнийг камин аут хийхэд тусласан хэмээн дурьдсан байна.
11. Janelle Monae – Энэ жил өөрийн шинэ цомгийг гаргаж мөн өөрийгөө нээлттэйгээр уран бүтээл болон хувийн амьдралаараа илэрхийлж чадсан бүсгүй бол Janelle Monae. Тэрбээр өөрийн бисексуал бэлгийн чиг баримжааг шинэ цомгоороо төдийгүй Rolling Stone сэтгүүлд өгсөн ярилцлагаараа илэрхийлсэн юм. Түүний найз бүсгүйгээр жүжигчин энэхүү жагсаалтад мөн багтсан жүжигчин бүсгүй Tessa Thompson нэрлэгдээд байгаа билээ.
12. Hennesy Carolina – Залуу реппер Cardi B-ын охин дүү тэрбээр өнгөрсөн 6 сар буюу Бахархлын сараар өөрийн найз охин болон бисексуал бэлгийн чиг баримжааныхаа талаар инстаграл хуудсаараа хуваалцжээ. Тэрбээр: “Хэрвээ чи Б (бисексуал) байдлыг ЛГБТК олон нийтийн дунд хүлээн зөвшөөрч чадахгүй бол ЛГБТК олон нийтийн төлөө гэж битгий дуугар. Чи биднийг бүгдийг нь бүрэн дүүрэн ойлгож чадахгүй байна.” гэж бичсэн байна. ЛГБТИК олон нийтийн дунд ч гэсэн бисексуал бэлгийн чиг баримжааг бүрэн ойлгохгүй, ялгаварлах үзэгдэл байдаг талаар дуугарсан хэрэг.
13. Collin Martin – Мажор Лийгийн хөлбөмбөгчин залуу тоглогч өнгөрсөн 6 сард буюу Бахархлын сарын үеэр болсон тоглолтод оролцохдоо “6 сар бол Бахархлын сар, энэ үеэр тоглож байгаадаа зүгээр ч нэг тоглогч биш нээлттэй гей тоглогч гэдгээрээ бахархаж байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан байна. Спорт, ялангуяа хөлбөмбөгийн орчин маш гомофобик бөгөөд нээлттэй тоглогч байна гэдэг маш их зориг мөн тэвчээр шаардах нь гарцаагүй. <3
14. Jessie Paege – 19 настай youtuber бөгөөд мөн л Бахархлын сарын үеэр өөрийн 1.2 сая дагагчиддаа сэтгэл хөдлөм видеогоор өөрийгөө илэрхийлсэн байна. Түүний хуудасны сурталчилгааны мөнгө нь Trevor Project гэх ЛГБТИК өсвөр үеийнхний төлөө ажилладаг сайн дурын байгууллагад хандив болон очсон байна.
15. Amandla Stenberg – 19 настай жүжигчин маань Hunger Games киноны бяцхан охин Рөүгийн дүрээр олонд танигдаж байсан бөгөөд түүнээс хойш Everything Everythin болон The Darkest Mind бүтээлүүдээрээ олны анхаарлыг маш их татах болсон Холливудын хамгийн алдартай өсвөр үеийнхний нэг билээ. Тэрбээр ЛГБТИ эрхийн тууштай дэмжигч байсан бөгөөд өөрийгөө ч олон нийтийн нэг гэж илэрхийлдэг байсан ч Бахархлын сарын үеэр албан ёсоор өөрийгөө лесбиян гэдгийг инстаграм хуудсаараа фэнүүдтэйгээ хуваалцсан байна.
16. Tessa Thompson – The Creed, Thor: Ragnarok, West World зэрэг кинонд дүр бүтээсэн жүжигчин бүсгүй өнгөрсөн Бахархлын сарын үеэр мөн л өөрийгөө бисексуал хэмээн илэрхийлж нээлттэй амьдарч эхэлсэн оддын нэгээр нэрлэгдэж байна. Тэрбээр комик дүр болох нээлттэй бисексуад супер баатар Valkyrie-ын дүрийг бүтээсэн ч найруулагчид нь тус дүрийн бэлгийн чиг баримжааг илэрхийлэхийг хүсээгүй билээ. (ЛГБТК супер баатруудын талаар энд дарж уншина уу) Камин аут хийснээсээ хойш дуучин Janelle Monae-ын найз охин хэмээн интернэт хэрэглэгчдийн дунд нэрлэгдээд байгаа билээ.
17. Brendon Urie – Panic! at the disco хамтлагийн дуучин маань мөн ЛГБТИК эрхийг маш олон жил дэмжиж байгаа бөгөөд өнгөрсөн 7 сард өөрийгөө Пансексуал хэмээн тодорхойлсон байна. Тэрбээр эхнэртэй түүндээ хайртай бөгөөд өөрийгөө тодорхойлохын хувьд тэрбээр аль нэг хүйсэнд биш хүнд татагддаг хэмээжээ.
18. Bex Taylor-Klaus – Arrows, Scream болон Voltron: Legendary defender зэрэг шоунд дүр бүтээсэн 23 настай залуухан жүжигчин маань өнгөрсөн 7 сард өөрийгөө транс non-binary гэдгээ илэрхийлсэн байна.
19. Jossie Totah (JJ) – Champions шоуны жүжигчин маань өнгөрсөн 8 сард Time Magazine-д бичсэн эсээндээ трансжендэр гэдгээ илэрхийлсэн байна.
20. Cory Micahel Smith – Gotham цувралын Edward Nygma (Riddler)-ын дүрийг чадварлаг бүтээсэн жүжигчин маань өөрийн шинэ киноны талаар ярих үеэрээ өөрийгөө гей гэдгийг энэ жил мөн илэрхийлсэн байна.
21. Garrett Clayton – Teen Beach Movie болон King Cobra зэрэг киногоороо алдартай жүжигчин маань энэ 8 сард гей гэдгээ инстаграм хуудсаараа зарлажээ. Reach нэртэй шинэхэн уран бүтээлдээ гей хүүгийн дүр бүтээхээр болсон байна.
22. Jason Mraz – Америкийн дуучин 2 ч Грэммий шагналын эзэн дуучин залуу маань өнгөрсөн Бахархлын сарын үеэр өөрийгөө бисексуал гэдгийг илэрхийлсэн бөгөөд өөрийгөө 2 сүнстэн хэмээн тодорхойлсон байна.
Та бүхний мэддэг өөрийгөө илэрхийлсэн алдартнуудыг орхигдуулсан бол коммэнт хэсэгт үлдээгээрэй.
энхээ
дандаа гое харисматай хумуус байна миний хайртай жvжэгчин жим парсонс гээд залуу гэе шдээ тод гэдэг залуутай гэрэлсэн