Сайн байна уу?

Би жирийн л нэг их сургуулиа амжилттай дүүргээд, ажиллаад явж байгаа аав, ээжийн хайртай хүү. Гагцхүү нэг зүйлийг насан туршдаа нууж явах уу, эсвэл ил болгох уу гэдгээ шийдэж чадахгүй шаналж явдаг залуу байгаа юм. Би эрэгтэй, эмэгтэй аль алинд нь татагддаг буюу бисексуал. 24 нас хүртлээ эрэгтэй хүн сонирхдог гэдгээ өөрөөсөө хүртэл нууж явсан. Би бусад гетеросексуал хүмүүсийн л адил бэлгийн чиг баримжаагаа ил болгохыг хүсдэг. Гэхдээ би өдий 25 хүрэхдээ зориглож хэлж чадахгүй, хүн болгоноос нууж явдаг. Ингээд ч болов бусдад хэлбэл дотор онгойх юм шиг санагдаад бичиж суугаа минь энэ. Учир нь хэрвээ би бэлгийн чиг баримжаагаа ил болгосон тохиолдолд та нар, аав, ээж, ах, эгч, дүү нар, найзууд, ажлынхан, танилууд гээд бүгд урьдын намайг хардаг байсан шигээ байхгүй гэдгийг мэдэрдэг учраас би чаддаггүй юм. Өдийг хүртэл босгосон ажлын карьер, амьдралаа алдахаас айж байна. Үнэндээ эхнэр авахаас ч эмээж байна. Дур булаам хосууд хүүхдүүдээ дагуулаад явж байгаа нь хэчнээн атаархмаар харагддаг гээч. Бисексуал гэдгээ таг нуугаад би эхнэр аваад насан туршдаа сайхан амьдарч болно л доо. Гэвч мэдээж амьдрал хангалттай санагдахгүй. Та нарын хэд нь ийм харилцаанд бэлэн байгаа вэ Монголд? Жишээлбэл над шиг бисексуал залуу гетеросексуал эмэгтэйтэй хуримаа хийлээ гэж бодъё. Нөхөр нь эхнэрээсээ гадуур нэг залуутай бас харилцаатай. Гэхдээ энэ араар тавилт бол биш шүү. Яг ийм харилцаанд ороход бэлэн үү гэвэл манайхны бараг 90% нь бэлэн биш гэдэгт эргэлзэхгүй байна. Тэгэхээр үнэхээр шийдвэр гаргахад хэцүү байгаа биз! Ер нь шууд үзэн ядахыг урьтал болголгүй яагаад ойлгохыг хичээж болдоггүй юм бэ? Яг над шиг ийм асуудалтай хүн асар олон байгаа гэдэгт би итгэлтэй байна. Магадгүй та нарын нэг чинь өөрийнхөө хувийн асуудлыг өөрөө л шийдэхгүй бусдад ял болгож гоншигноод гэж бодож байж болох юм. Тийм ээ, би гоншигнож байна. Учир нь энэ нийгэм чинь бүр идээ бээрэндээ баригдаад бугшаад гоншигнохоос өөр аргагүй байдалд хүргэж байна. Насаараа ингээд нууж яваад үхнэ гэхээр даанч харамсалтай санагдаад байгаа болохоор ингээд ч болсон ил болгосон нь дээр байх. И-мейлээр сэтгэлээ уудалж ярилцдаг хүнтэй болох зорилгоор энэхүү нийтлэлийг бичив. Танилцаж ярилцахыг хүссэн хэн бүхэн надтай холбогдоно гэж найдаж байна. Баярлалаа stayfrostyjack01@gmail.com