ЛГБТ Төв нь жил бүр “Хүний эрхийн Залуу Манлайлагч” 3 сарын хөтөлбөрийг хэрэгжүүлдэг ба энэхүү сургалт нь бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа үл хамааран хүний эрхийг дэмжигч хүн бүрт нээлттэй байдаг хөтөлбөр юм. Энэ хөтөлбөрөөр залуучууд хүний эрх, нөлөөлөл, төсөл, хөтөлбөрийн менежментийн талаар суралцахаас гадна өөрсдийн манлайллын чадавхийг бэхжүүлж, өөрсдийн санаачилсан бичил төслүүдийг хэрэгжүүлдэг билээ. 2018 онд дөрөв дэх удаагаа хэрэгжүүлсэн энэхүү хөтөлбөрийн оролцогчид МОНЭС-ийн дэмжлэгтэйгээр Монголын анхны ЛГБТИ сэтгүүлийг эрхлэн гаргасан билээ.
Та бүхэн “Тэр Гараг” сэтгүүлийг ЛГБТ Төвийн оффис дээр хүрэлцэн ирж худалдан авах боломжтой.

“Тэр Гараг” сэтгүүл Н. Анараа орчуулсан “Амьдрал, Эрх чөлөө, Хайрын Магтуу” Дэлхийн Шилдэг Яруу найргийн антологи номын тэмдэглэлийн уралдаан зарласны дагуу нийт 5 бүтээл ирснээс ЛГБТ Төвийн ажилчид болон “Залуу Манлайлагчид” хөтөлбөрийн оролцогчидын саналаар 1 бүтээлийг нь “Тэр Гараг” сэтгүүлд хэвлэсэн билээ. Бид та бүхэнд бусад 4 номын тэмдэглэлийг нээлттэй хүргэх гэж байгаадаа таатай байна. Мөн номын тэмдэглэл бичсэн оролцогч нартаа талархсанаа илэрхийлж байна.


Амьдралд цөөн хэдэн байдаг хайрт найзуудынхаа эрх чөлөөг хүндэтгэн, тэдний хайрыг магтан энэхүү тэмдэглэлийг бичин сууна.

Би тэдэнтэй тухтай сууж уулзалгүй хоёр жил болж. Хааяа нэг таардаг л юм. Гэхдээ хуучных шигээ нийлж байгаад хажуугийн замын цагдаа цочтол сэтгэлээсээ, чангаар нэг удаа ч болтугай инээх юм сан. Нэг найз маань лесбиян, нөгөө найз маань харин гей. Багаасаа нөхөрлөсөн найзууд минь энэ тухайгаа надад хэлэхэд би яагаад ч юм дуугаа хураагаад, өөрийнхөө сэтгэл, зүрх бүхий л зүйлээ хаачихсан. Яг л үргэлж цоожтой байдаг эмээгийн авдар мэт. Гэхдээ тэр цоожтой авдраас хаа нэг өдөр чихэр гарч ирдэг дээ… Энэ номын цөөн шүлгийг уншаад найзуудаа ямар их санан үгүйлэв ээ. Бурхан хүн бүрийг нэг нэгэнгүй бүтээхдээ яагаад зүрх сэтгэлийг нь хамтад нь бүтээгээгүй юм бол ч гэж бодов. Эсвэл үнэхээр хамтад нь бүтээсэн нь л энэ. Тэд надад итгэсэн учраас өөрсдийн тухай хэлэхэд нь би тэднийхээ хуриманд л очихыг аминчхан байдлаар хүссэн. Найзууд минь, Монголд заавал хуримаа хийгээрэй. Өөр хэний ч биш, та хэдийнхээ л хуриманд ханатлаа уулзаж, ханатлаа инээмээр байна. Чамайг бүтээсэн бурханд чиний хайрт залуу, чиний хайрт бүсгүй гүүр нь байж, харин би тэр гүүрийг нь барилцахад бэлэн байх болно.

Хайр ялна.