Сайн байна уу? Та бүхэнд захидал очих өдрийн мэндийг хүргэе!
Энэ захидлыг бичиж чадах эсэхтээ маш их эргэлзсэний эцэст бүх түүхээ ярьж чадахгүй ч өөрийн түүхийн бяцхан хэсгээс ярихаар шийдлээ. Намайг Э гэдэг. Би 18 настай. Эмэгтэй. Анх эмэгтэй сайн найздаа хайртай болсоноо мэдэхгүй, дассан сэтгэл гэж бодож явдаг байсан. Нэг л өдөр найз маань надтай харьцахаа больчихсон. Өчигдөрхөн л зүгээр харьцаж байсан найз маань маргааш нь л харьцахаа больчихсон. Тэр үед найздаа гомдож бас маш их санадаг байсан. Магадгүй найзыгаа хэтэрхий их анхаарч халамжлан эвгүй мэдрэмж төрүүлсэн байх. Эмэгтэй хүн халамжлаад байхаар нь эвгүй л байсан биз. Юу ч хэлээгүй байхад найз минь орхиод л явчихсан. Тэр үед л анх мэдсэн, түүнд хайртай байснаа. Бас эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг хайрладгаа мэдээд “Яагаад заавал би гэж??”, “Миний эргэн тойронд, манай удамд ч ийм хүн байхгүй” гэж бодож, амьдрах хүсэлгүй болж байсан удаатай. Өөрийнхөө эмэгтэй хүнд татагдах мэдрэмжээ их үзэн яддаг байлаа. Тэгсэн ч сүүлд нь мэдэж чадсан, төрөлхийн байдаг гэдгийг. Энэ сэтгэлийг барихыг хичээсэн ч хэзээ ч миний хүссэнээр хүнийг хайрлахгүй, хэнийг хайрлахыг бидний тархи биш, бидний сэтгэл л шийддэг гэдгийг. Би удаан хугацааны дараа найзтайгаа буцаад нийлсэн ч тэр үеийг хэзээ ч түүнээс асууж чадаагүй, бас өөрийгөө хэзээ ч түүнд хэлэхгүй гэдэгтээ итгэдэг байлаа. Одоо ч хүртэл өөрөөс минь өөр энэ нууцыг хэн ч мэдэхгүй. Би уулзсан болгон, хамт байсан болгондоо дасаад байхаа больчихсон хүн л дээ. Гэвч үүнээс хойш удаан хугацааны дараа би анх харсан охиндоо бүр маш ихээр дурлачихсан.
Анх түүнийг хараад би сэтгэлдээ “Үгүй шүү, үгүй” гэж эсэргүүцэн байж түүнийг удаан ширтсэн. Түүний дараа тэр миний бодлоос, сэтгэлээс салахаа байчихсан. Хэзээ ч бүтэхгүй хайр гэж бодсон ч түүнийг үргэлж бодож, өдөр бүр ‘day’, ‘facebook’, ‘instagram’-ыг нь цаг тутамд шалгадаг болчихсон. Надад түүнийг эндээс өөр харах боломжгүй учраас. Өдөрт түүнийг би 6 цаг л боддогүй, унтаж байхдаа, үүнийг бичиж байхдаа хүртэл түүнийг бодон бодон бичиж байна. Энэ бол анх удаа нэг хүнийг ингэж ихээр бодож, санаж байгаа минь. Би түүнийг 5 дахид л нэг клуб дээр хардаг, бусад үед дандаа боддог. Би түүнийг нээлттэй бисексуал гэдгийг мэдсэн болохоор, бас магадгүй би түүнээс өөртэйгээ адилхан сэтгэлийг харсан болохоор анх хараад л дурлачихсан байх. Энэ миний амьдралд тохиолдсон хамгийн азтай үйл явдал ч би түүнд хэзээ ч сэтгэлээ илчилж чадахгүй. Түүнд надаас илүү халамжлах найз нөхөд, магадгүй түүнд хайртай хүн ч байгаа байх гэж айсандаа. Бид нар шиг хүмүүсийн хайр заримдаа ийм азгүй юм уу, эсвэл миний хайрлах хайр ийм азгүй юм ууу хха????
Тэр охиныг анх харсан өдөр өмссөн хувцасыг нь одоо ч би санаж байна. Улаан хүрэн converse, сул усан цэнхэр жинс, хөндлөн шар, цагаан судалтай футболк, бас түүний инээд. Тэр охин миний нэрийг ч сайн мэдэхгүй, намайг ч сайн танихгүй, хэзээ ч хоорондоо харьцаж байгаагүй. Ганцхан би л түүнийг ямар их хайрладгаа мэдэж байна. Одоо ч энэ мэдрэмжээ үзэн ядах үү, бахархах уу гэдгээ мэдэхгүй л байна. Яагаад гэвэл бид нарт ихэнхдээ өнчин хайр л тохиолддог болохоор.
Хамгийн гол нь би түүнд магадгүй насан туршдаа баярлаж явах болно гэдгийг л хэлэх гэсэн юм. Хэзээ ч coming out хийхгүй гэж бодож байсан би түүний coming out хийснээс нь урам авч, нээлтэй байх нь зөв гэдгийг ойлгосон. Би түүнд сэтгэлээ хэзээ ч илчилж хэлэхгүй ээ, харин энд бичиж, түүнд баярласан сэтгэл болон өөр над шиг нэгэн байвал чи өөртөө coming out хийж чадвал дэндүү гүн ганцаардмал, харанхуй сэтгэл, өөрийгөө үзэн ядах чинь бага ч болтугай, магадгүй бүр маш их гэрэл гээгээ орно гэдэгт би итгэж байна. Бусдаас онцгой бид ганц л амьдрахдаа өөрсдийгөө хүлээн зөвшөөрч, ядаж сэтгэлээсээ нэг зовлонгоо хаяж амьдрах хэрэгтэй байх. Бидэнд чинь одоо 7 тэрбум сонголт байгаа шүү дээ. Би дахиж өөрийгөө үзэн ядахгүй ээ. Үүнээс хойш өөрийгөө хүлээн зөвшөөрч, амьдралд минь таарах өөртэй минь адил гайхалтай хүнийг хүлээнэ. ЛГБТИ болж төрсөн, цаашид төрөх хүмүүсийг үүнээсээ болж шаналаж зовдоггүй нийгэм удахгүй бий болно гэдэгт итгэж байна. БАЯРЛАЛАА, Мөнхтуяа!
Хүндэтгэсэн бисексуал охин Э.